ТВ8 телевизийн “Экологийн цаг” нэвтрүүлгээр "Страто" ХХК-ийн хууль бус үйлдлүүдийг холбогдох баримттай нь танилцуулж, орон нутгийн иргэдийн байр суурийг хүргэж байгаа. "Страто" ХХК говийн гурван аймгийн долоон сумын 13 багийн нутгаар дамжин 430 км шороон замаар хүнд даацын машинаар нүүрсний тээвэр хийж, байгаль орчинд хор хохирол учруулж буй. Говийн малчид болон орон нутгийн удирдлагуудын зүгээс холбогдох яам, агентлагийн чиг үүргийн дагуу тус компанийн хууль бус үйлдлийг шалгаж тогтоох, таслан зогсоох шаардлагатай байгааг шаардах болсон. Тэдний төлөөлөл болох Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн Засаг дарга Х.Шархүүтэй ярилцлаа. Цогтцэций сумын Билгэх багийн малчид "Страто" ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохирлыг тооцож нөхөн төлүүлэх, нөхөн сэргээлт хийлгэх асуудлаар үргэлжлүүлэн хатуу тэмцэнэ гэдгээ үүгээр дайж байна.
-Цогтцэций сумын Билгэх багийн хүн ам хэд вэ. Хэдэн малчин өрх мал маллаж амьжиргаагаа залгуулж байна?
-Манай баг 536 өрхийн 1500 хүн амтай. Үүнээс 135 малчин өрхийн 360 гаруй хүн байдаг юм. Улсад 53 мянган толгой мал тоолуулсан. Нүүрс тээврийн дан болон давхар нөлөөлөлд иргэдийн 70 хувь нь өртөж байгаа. Манай баг Цогтцэций сумын бэлчээрийн гол бүс нутаг учраас “Страто” компанийн нүүрс тээврийн нөлөөллөөр малчид гол амьжиргаанаасаа салахад хүрээд байна.
-Билгэх багийн газар нутаг “Страто” компанийн нүүрс тээвэрлэлтэд өртөж буй гол бүс гэж ойлгосон. Яг газар дээрээ нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Энэ компанийн нүүрс тээвэрлэлт өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхэлсэн. Газар дээрээ нөхцөл байдал маш хүнд байгаа шүү дээ. Аргагүйн эрхэнд өнгөрсөн сарын 25, 26-ний өдөр малчид нутаг усаа хамгаалахаар нэгдэн тайван жагсаал хийсэн. Тэмцлийн эцсийн хэлбэр рүү шилжиж нүүрс тээврийн хүнд даацын машинуудын замыг биеэрээ хааж зогсоцгоосон. Иргэд маань багийн асуудал хариуцсан биднийг ир гэсэн. Очиход 30 гаруй малчин нэгдсэн байсан. Малчид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө төр, засгийнхаа онцгой нөхцөл байдлыг арга буюу зөрчлөө дөө. Тоосжилтын нөлөөллөөр малын төл дутуу гарч байна. Малын жилбэ нь байхгүй. Мал хүнсэндээ хэрэглэхэд гэдэс дотор нь янз бүр болсон, уушгинд нь өөрчлөлт орсон, нүд нь өвдөх болсон. Мал өвдсөн маш хүндрэлтэй бэрхшээл тулгарч байгаа учраас манай багийн малчид арга тасарсандаа л нэгдсэн. Энэ мэтээр хүн, малын эрүүл мэнд хаягдаад байна даа. Одоо ноолуурын цаг эхэлж байна. Ченжүүд шороотой ноолуур худалдаж авахгүй гээд байгаа. Худалдаж авсан ч маш бага үнэ хэлдэг болсон. Малчид хорио цээр тавигдах үед хүчээ зузаатган тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсэн.
-Малчдыг зам хаах үед “Страто" компанийн удирдлагуудын зүгээс ямар тайлбар хэлж байх юм?
-Компанийн удирдлагуудаас нэг ч хүн ирээгүй. Зөвхөн жолооч нар л байсан. Энэ байдал эцэс сүүлдээ тээвэрчид болон малчдын хоорон дахь зөрчил мэтээр харагдаад байгаа юм. Ийм байдалд хүргэсэн нууц ноёд ил гарахгүй шүү дээ.
-Цогтцэций суманд нүүрсний гурван ч том төсөл хэрэгжиж байгаа. Билгэх баг ганц үлдсэн бэлчээрийн бүс нутаг болж үлдсэн гэж ойлголоо, зөв үү?
-Сумын баруун талыг Тавантолгойн төсөл эзэлж байгаа. Зүүн талд л мал аж ахуйн эрхлэх боломжтой бэлчээрийн бүс үлдээд байсан юм. Гэтэл 60 гаруй километр үргэлжилдэг Их Шанхын нурууны араар Ханги-Мандалын боомт хүрэх нүүрс тээврийн зам явж байгаа. Мөн ялгаагүй “Страто” компанийн тээвэр шиг шороон замаар. “Страто” компанийн нүүрс тээврийн хувьд арав гаруй салаа зам бий болгосон. Өргөн нь зарим газраа километр ч хүрсэн тохиолдол бий. Яг хуссан гэсэн тодотголтой замаараа огт явдаггүй. Энэ байдал малчид, тээвэрчдийн хооронд зөрчил үүсэх шалтгаан болсон. Аймаг орон нутгийн удирдлага, цагдаа, авто тээврээс ирж учир байдалтай танилцсан. Жил гаруй үргэлжилсэн “Страто” компанийн нүүрс тээврийн талаар малчид хамгийн анх багийн даргад мэдэгдэж эхэлсэн. Миний бие сумын Засаг дарга, цаашлаад аймгийн удирдлага гэх мэтээр асуудал хөвөрсөн. Гэвч ямар нэг үр дүнд хүрээгүй. Асуудал тэгсхийгээд л намждаг. Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийг зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа “Страто” компанийн тухай мэдээлэл тухайн үед “Хил хязгааргүй алхам” ТББ байгууллагынханд ирсэн байна лээ. Шороон замын тээвэр үндсээрээ буруу. “Страто” компани үнэхээр тээвэр хийх гэж байгаа бол хатуу хучилттай зам тавих шаардлагатай гэж яригдаж байсан. Хэрэв шороон замаар тээвэр хийх л юм бол байгалийн тэнцвэр алдагдана. Яг одоо Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт энэ компани гурван эгнээ шороон зам тавьчихсан байгаа. Говийн хөрс эмзэг тул олон салаа сайжруулсан гэж хэлж байгаа шороон зам тоос шороо босгож хүн, малын эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байна.
-Анх тээвэр хийж эхлэхдээ танай багийн иргэдтэй зөвшилцсөн үү. Яг хэдэн километр тээвэр үргэлжилж байгаа вэ?
-Бидэнд ямар ч мэдээлэл өгдөггүй. Уг нь багийн Иргэдийн нийтийн хурлаар оруулж, танилцуулах ёстой. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ хийлгэж, орон нутгийн иргэд дэмжсэн тохиолдолд тээвэр хийх ёстой. Сумын хилийн цэс давтал 80 гаруй километр үргэлжилдэг юм. Манай багийн нутгаар 50 орчим километр нүүрс ачсан хүнд даацын машинууд шороо бужигнуулан давхиж байгаа. Нүүрс ачсан тээврээс гадна ачаагаа буулгаад эргэхдээ мөн түйрэн үүсгэдэг. Говийн хөрс сийрэг болохоор энэ болгонд нь байгаль орчны нөхцөл хүндэрч байгаа юм.
-Орон нутгийн чанартай замыг улсын чанартай болгон өөрчилсөн нь ямар учиртай юм бэ?
-Өнгөрсөн оны тавдугаар сард дөрвөн багийн өргөтгөсөн хурал гэж хийхэд, малчид “Страто” компанийнхныг эрс эсэргүүцэж явуулсан. Зам хусаж сайжруулсан нэртэй, нэгдсэн хяналт дор явуулна гэж малчдын тархийг угаасан л даа. Малчдын хүсэж буй зүйл бол нүүрс тээврийн олон салаа замыг бүр мөсөн байхгүй болгох. Зам, тээврийн хөгжлийн яамны улсын чанартай зам болгосон шийдвэрийг цуцлуулах юм. Төмөр замаа тавьж байгаа бол төмөр замаараа нүүрсээ тээвэрлэ гэдгийг хэлж байна. Багахан үлдсэн энэ бэлчээр нутаг ганц бидний үеэр дуусахгүй. Хагас дутуу ч гэсэн дараагийн үедээ юм үлдээе дээ.
-Компанийн зүгээс малчдын өвөлжөө бууцанд учруулсан хохиролдоо нөхөн төлбөр олгох талаар мэдээлэл байна уу. Тээвэр хийж буй автомашинууд айлын өвөлжөө бууцаар дайрсан гэж үнэн үү?
-Өвөлжөө бууц, хутаг ус дайрах тохиолдол энүүхэнд. Айл саахалтын замаар давхилдаж байгаа. Өдөртөө л ачаатай 50-60 машин явж байгаа шүү дээ. Нөхөн төлбөрийн талаар яригдсан зүйл огт байхгүй. Хөндлөнгийн байгууллагаас 20 гаруй километрийн байгаль орчны хохирлыг тодорхойлсон явдал бий.
-“Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүгээс “Страто” компанийн нүүрс ачилтыг зогсоосон гэж мэдэгдсэн. Гэвч өөр компаниудын нэр дээр нүүрс тээвэрлээд байна гэдэг мэдээлэл гарч байна. Зогсоосон гэснээс хойш нүүрс ачсан машин явж байгаа юу?
-Явалгүй яадаг юм. Сүүлдээ “Эрдэнэс Майнинг” гэдэг компаниас ачилтаа хийсэн гэдэг үг яриа байгаа.
-Цогтцэций сумын иргэд баялгаа ухуулна. Дээр нь хүн, малгүй нүүрс тээврийн нөлөөлөлд өртөж байна. Бас л гомдолтой юм даа?
-Малчид нэг зүйлийг маш тодорхой хэлдэг. Төрөөс нэг мөсөн уул уурхайн эрчимжсэн бүс болгоод зарлачих гэдэг. Түүндээ таарсан нийгмийн бодлого явуулах санал гардаг шүү. Агаар хөрсний бохирдол дээд цэгтээ хүрч, уурхайн нөлөөлөлд төв, хөдөөгүй бүгд өртөж байгаа нь үнэн.
-Та бүхний зүгээс аймаг, сумын удирдлагуудаас гадна Засгийн газрын гишүүдэд хандсан. Тэд юу гэж байх юм?
-Монгол Улсад мөрдөгдөж буй зарим хууль тогтоомжийг зөрчсөн нь харагдсан. Засгийн газрын 2018 оны 379 тогтоолд “Хүнд даацын машинаар тээвэрлэлт хийхдээ хатуу хатуу хучилттай зам тавьсан байх шаардлагатай” гэдгийг зөрчсөн байдаг юм. Энэ мэтчилэн хууль зөрчсөн үйлдэл байсан учраас 13 яам, агентлагийн газарт албан бичиг өгсөн. “Страто” компанид ч албан бичиг өгсөн юм. Эхнээсээ хариу өгч байна. Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн сайдтай уулзахад, хулгайгаар нүүрс тээвэрлэсэн гэж харж байгаа талаараа хэлнэ лээ. Тэгэхээр бүх юм нь хууль бус гэж ойлгож байгаа.
Ийнхүү говийн иргэд хууль ёсны төлөө, байгаль эхийнхээ төлөө тэмцэж байна. Улсын хууль зөрчиж, хүн малын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулан хууль бус тээвэр хийж буйг ч эсэргүүцэж байгаа. Гэвч “Страто” компанийн зүгээс үүнийг улстөржилт гэж тайлбарлаж буй.
Сэтгэгдэл ( 3 )
Zamaa tavih heregtei
хүн чанаргүй хүн дээ...
ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ.МАЛ СҮРЭГ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАНД ГЭЖ Ү.Х. ЗААСАН БАЙДАГ