Онцгой нөхцөлд парламент цахим дэгийн хуультай болох шаардлагатай

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 07

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны ээлжит хуралдаан болж байна.

Хуралдаанаар онцгой нөхцөл байдлын үед цахим дэгийн тухай хуультай болох эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Одоогоор хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Онцгой нөхцөл байдлын үед парламент тасралтгүй үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ үед цахимаар хуралддаг дэгтэй болох асуудлыг дэмжиж байна. Онцгой нөхцөлд маш хурдан шийдвэр гаргаж байх ёстой. Гэхдээ өнөөдөр процедур нь удаан байна. Тиймээс өргөн барих процессыг хялбаршуулах боломж байгаа юу" гэх асуултыг тавилаа.

Үүнд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Цахим дэгтэй холбоотой асуудлаа л ярих хэрэгтэй. Дэгийн хууль дээр маш их өөрчлөлт орж байна. Удахгүй өргөн барина. Энэ цахим дэгийг суулгаж өгнө" гэх хариултыг өглөө.

Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт "Онцгой нөхцөл байдал үүссэн гэдгийг хэн тодорхойлох вэ. Өнөөдөр Монгол Улсад зөөвөрлөгдөж л ирж байна. Гаднын орон шиг үхэл хагацал болоогүй байна. Энэ нөхцөлд цахимаар хуралдах шаардлага байна уу" гэв. Хариуд нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Онцгой нөхцөл байдалд байгаа болохоор л цахимаар хуралдаж байна. Цар тахлын үеийн онцгой нөхцөл байдал гэдгийг олон улсын эрүүл мэндийн хуульд заасан зүйлийг хэлнэ гэж заасан байдаг. Энэ цар тахал бол тэр хуульд орсон, зөвлөмж нь ирсэн" хэмээн ярилаа.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top