ЭМЯ: Монгол Улсад коронавирусний 16 дахь тохиолдол илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 08

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэлээ. 2020.04.08

Хэвлэлийн бага хурлын үеэр Монгол Улсад дээрх вирусний 16 дахь тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө ОХУ-аас зорчиж ирсэн, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан таван иргэний давтан шинжилгээгээр нэг хүнд нь "Ковид-19" халдвар илэрчээ. Илэрсэн өвчтөнд анхны шинжилгээгээр вирус илрээгүй ч давтан шинжилгээгээр вирусний халдвар илэрсэн байна.

“Халдвар илэрсэн хүн хойд хилээр гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн. Орж ирмэгцээ тусгаарлалтад орсон. Тусгаарлах байранд буюу өрөөндөө ганцаараа байсан. Анхны шинжилгээг гуравдугаар сарын 28-нд хийхэд вирус илрээгүй. Харин дөрөвдүгээр сарын 7-8-нд шилжих шөнийн давтан шинжилгээгээр вирус илэрлээ” гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ярилаа.

2020 оны дөрөвдүгээр сарын 7-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсад сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Түүнчлэн Истанбул-Улаанбаатарын үүргийн онгоцоор ирсэн 192 хүн болон ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж буй 14, тандалтын зорилгоор хийсэн 25 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан гэх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал өглөө. 

Одоогоор ХӨСҮТ-д 174 хүн тусгаарлагдан, ажиглалт хяналтад байна.

Top