КОВИД-19 | “Авиган” эм үр дүнтэй нь батлагдсан

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 08

Японоос оруулж ирсэн “Авиган” гэх эм нь коронавирусийг дарангуйлж, хүчийг нь сулруулдаг болохыг эрдэмтэд баталжээ.

Албан ёсны нэршил нь “Фавипиравир” буюу худалдааны нэр нь “Авиган” гэх энэхүү эмийг коронавирусний эсрэг тэмцэхэд үр дүнтэй талаар өнгөрсөн нэгдүгээр сараас хойш яригдаж эхэлсэн юм.

Японы эл эмийг олон орон захиалж авчээ. Коронавирусний халдварын улмаас үүссэн уушгины үрэвслийг эмчлэх зорилгоор улс орнууд худалдаж авч байгаа “Авиган” нь Японы “Fujifilm Toyama Chemical” компанийн вирусний эсрэг бэлдмэл юм.

Коронавирусний халдварын голомт Хятад улс үр дүнтэйг нь батлаад байгаа “Авиган” эмийг бусад орон ч коронавирусний улмаас уушгины үрэвсэл нь хүндэрсэн, хүнд байдалтай байгаа өвчтөнүүдэд уулгаж байна.

Хятадын Засгийн газар “Авиган”-ыг албан ёсоор “Ковид-19” вирусний өвчлөлд хэрэглэхээр болсноо мэдэгдсэн. Бусад вирустэй харьцуулахад маш хурдацтай хувирч чаддаг RNA агуулсан коронавирусний эсрэг энэхүү эмийг анх удаа Хятадын Уханьд 300 гаруй хүнд туршиж үзсэн юм.

Эмийг хэрэглэсний дараа өвчтөнүүдийн 91 хувьд нь рентген шинжилгээгээр хатгааны сүүдэр арилсан байжээ. Мөн гаж нөлөө багатай аж. Хятадын компани “Авиган” эмийн эрхийг худалдаж авсан гэгдэж байгаа ч мэдээлэл батлагдаагүй байна. 

“Авиган”-ыг анх зургаан жилийн өмнө гаргаж авсан, Эбола вирус болон чичрэг өвчний үед хэрэглэж байсан гэх мэдээлэл байгаа юм. 



Монгол Улс мөн өвчтөнүүддээ “Авиган”-ыг хэрэглэж байгаа.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дөрөвдүгээр сарын 5-нд "Улс орон бүрийн мөрөөсөл болоод байгаа коронавирусний эсрэг "Авиган" эмийг Японоос авчирсан.  Эмч нар маань энэ мэдээнд их баярласан. Эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлыг боломжтой бүх хэлбэрээр Засгийн газар шийдвэрлэж байгаагийн нэг үр дүн энэ эмийг авчирсан явдал. Үнэ өндөр шинэ брэнд эм" гэсэн мэдээлэл өгсөн.

Харин ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдөр өгсөн мэдээллийнхээ үеэр "Японд үйлдвэрлэсэн, коронавирусний эсрэг "Авиган" эмийг маш яаралтай худалдан авалт, захиалга хийж авчирсан. Өвчтөнүүдийн эмчилгээнд хэрэглэж байгаа. Монгол Улс хамгийн сүүлийн үеийн, яг энэ коронавирусний эсрэг үр дүнтэй байгаа энэ эмийг хэрэглэж байгаа" гэсэн юм. 

Top