КОВИД-19 | Зайнаас харилцах дэглэм нь тархалтыг 70-80 хувиар бууруулна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 09

Дэлхий дахинд коронавирусний халдвараар өвчлөгсдийн тоо 1.5 саяд хүрээд байгаа билээ. АНУ, Итали, Иран, Франц, Герман, Турк, Швед улсад халдвар эрчимтэй тархсан хэвээр байна.

БНХАУ-д халдварын тоо буурсан бөгөөд сүүлийн 24 цагт зөөвөрлөгдөж орж ирсэн 61 тохиолдол шинээр бүртгэгджээ.

ДЭМБ-ын ээлжит хэвлэлийн хурлаар коронавирусний халдварын тархалт дэгдээд 100 хонож байгааг сануулж, коронавирус нь шинэ вирус учраас цаашид хэрхэн арга хэмжээ авах, нөхцөл байдал ямар болох талаар таамаглахад хэцүү байна гэжээ.

Улс орнууд эв нэгдэлтэй байх хэрэгтэйг ДЭМБ онцолсон байна. Энэ цаг үед улс орнуудын эв нэгдлээс гадна иргэд өөрсдөө эв нэгдэлтэй байх хэрэгтэй, эв нэгдэл алдагдвал аймшигт тахал тэрхүү цоорхойгоор орж ирнэ гэж ДЭМБ анхааруулжээ.

Их Британид нас баралтын нийт тоо 7000-ыг давсан бол нас баралт 11 мянгад хүрээд байгаа Франц улс энэ сарын 15-ныг хүртэл тогтоосон хөл хориогоо үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэв.

Туркт 4117 тохиолдол бүртгэгдэж, нэг хоногт нас барсан тохиолдол 87 байжээ. Нас барсан нийт хүний тоо 812 болсон байна.

Японд өвчний тархалт ихтэй байгаа мужуудад онц байдал зарлах үеэрээ тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ "Хүмүүс хоорондын хавьтлыг багасгаж, зайнаас харьцсанаар халдварын тархалтыг 70-80 хувиар бууруулж эхэлнэ. Ингэснээр хоёр долоо хоногийн дотор тохиолдлын тоо буурна гэж мэргэжилтнүүд хэлж байгаа" гэдгийг онцолжээ. Японы мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар хүн олноор цугладаг газраар явахгүй, агаарын солилцоо муу орчинд байхгүй, хүнтэй ойрын зайнаас харилцахгүй байх нь коронавирусний халдвараас сэргийлэх гол арга зам гэгдэж байна. Тус улс лабораторийн хүчин чадлаа нэмж, өдөрт 20 мянган хүнд шинжилгээ хийх төлөвлөгөөтэй байна.

Хонконгт зайнаас харилцах дэглэм мөрдөхийг энэ сарын 23-ныг хүртэл сунгажээ. Мөн дөрвөөс дээш насны хүмүүс цугларахыг хориглосон байна.

Перуд хөл хориог дахин хоёр долоо хоногоор сунгасан бол Этиопт шинээр хөл хорио зарлажээ. Тус улсад нас баралт хоёр, халдварын тоо 55 байгаа юм.

Европын зарим улс оронд халдварын тархалтад өөрчлөлт орох эерэг шинж тэмдэг илэрч байгаа ч тайвшрах цаг болоогүйг анхааруулжээ. Европ тивийн улсуудын нэгдсэн хүчин чармайлт хоёр, гурав дахин нэмэгдэж байж цар тахлыг давж гарна гэв.

ДЭМБ шинэ вирусний халдвартай дайн зарлаж байгаагаа мэдэгдээд, "Анхаарлаа хэзээ ч сулруулж болохгүй, өчүүхэн л сулруулах юм бол энэ дайнд ялагдах болно" гэдгийг анхаарууллаа.

Top