Д.Нямхүү: Иргэд амны хаалт зүүх нь эрс багассан байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 10

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхттүвшин өчигдөр /2020.04.08/ Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажилласан. Энэ үеэр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүгээс дараах асуултад хариулт авсан юм.


-Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин ХӨСҮТ-д ажиллалаа. Энэ үеэр та бүхний зүгээс оношлуур нэмж авах асуудлыг тавьж байх шиг байна. Энэ талаараа тодорхой мэдээлэл өгнө үү?

-Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин манай ХӨСҮТ-ийн төв лабораторитой орж танилцлаа. Үндсэндээ шинэ төрлийн коронавирусний халдварыг анх илрүүлсэн лаборатори юм. Шинэ төрлийн коронавирусний халдвар илрээгүй байхад томуугийн олон төрлийн вирусийг илрүүлдэг, өндөр хүчин чадалтай, АНУ болон Англи, Япон улсад байгаа зэрэглэлийн тоног төхөөрөмжөөр хангагдсан лаборатори юм. Түүнчлэн Шадар сайд Ө.Энхтүвшин болон Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг даалгаврын дагуу шинээр нэмэлт лабораторийг нээх, хүчин чадлыг нь өргөжүүлэхээр болсон. Энэ хүрээнд манайд нэмэлтээр нэг лабораторийг нээсэн. Түүний үйл ажиллагаатай Шадар сайд танилцлаа. Манай Вирус судлалын лабораторийн тоног, төхөөрөмж нь БНСАУ-аас орж ирсэн. Тус улсын Элчин сайдын яамнаас 3000 оношлуурыг тусламжаар өгсөн. Тэр бүх оношлуурыг ашиглаж эхлээд байна. Мөн БНХАУ-ын Элчин сайдын яамнаас өгсөн 5000 оношлуурыг ашиглаж эхэллээ. Энэхүү тооны оношлуур нь хэдийгээр БНХАУ-ынх боловч манайд байгаа лабораторийн вирус илрүүлдэг багаж дээр программчилж тохируулга хийж ашиглаж байна. Шадар сайд хэлсэн. Нэмж 8000 оношлуурыг БНХАУ-ын Элчин сайдын яамнаас тусламжаар авахаар болсон гэж. Нийт 13 мянган оношлуурыг ашиглах боломжтой болж байна. Гэхдээ бид хүсэлт тавьсан. Энэ 13 мянган оношлуурыг дагалдуулж БНХАУ-ын компанийн лабораторийн машин буюу төхөөрөмжийг дагалдуулж авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Шадар сайд ч үүнийг хөөцөлдөж, авч өгөхөө мэдэгдлээ. Учир нь, бид хэдийгээр БНХАУ-ын оношлуурыг манайд байгаа вирус илрүүлэх төхөөрөмж дээр ашиглаж болж байгаа ч өөрсдийнх нь оношлуурыг, өөрийнх нь багаж дээр хийх нь зөв гэж үзсэн.

-Танай  ХӨСҮТ инэ төрлийн коронавирусний халдварыг эмчлэх гол ачааг үүрч байгаа. Та бүхэн нэн тэргүүнд шаардлагатай байгаа зүйл юу байна вэ?

-Хамгийн гол зүйл бол хувийн хамгаалах хэрэгсэл. Лаборатори, өвчтөн дээр орж байгаа эмч, сувилагч нарт N95 хамгаалалтын хувцасны хэрэглээ асар их байна. Хэрэв бид байгаа нөөц дуусвал гаднаас шуурхай татаж авч чадахгүй. Учир нь, агаарын хил хаачихсан байгаа. Үндсэн суурь, багаж төхөөрөмж нь байна. Түүнд хэрэгтэй нэмэлт тоног, төхөөрөмж л шаардлагатай байгаа юм. Үүнийг л олноор нь авахгүй бол хэрэглээ өндөр байна. Жишээ нь, долоон хүний бүрэлдэхүүнтэй эмнэлгийн ажилтан өвчтөн дээрээ хэдэн ч удаа орж болно. Өөрөөр хэлбэл, хувцсаа гамнаж байна гээд өвчтөн дээрээ өдөрт гурван удаа орно гэсэн зүйл байхгүй. Өдөрт ч хэд ч орж болно. Орох бүртээ хамгаалалтын хувцсаа шинээр өмсөх ёстой. 

-Хэд хоногийн нөөц байгаа гэсэн үг вэ?

-Уг нь, нэмж захиалсан. Гэхдээ яг хэд хоногийн нөөц гэдгийг тооцох боломжгүй. Зарим газарт хуваарилсан хамгаалах хувцсаа татаж болно. Учир нь, хамгийн гол ачааг ХӨСҮТ авч байгаа шүү дээ. Нийт хэрэглээ, нөөцийг салбар яам л хэлэх байх. Бидний зүгээс хэмнэх ямар ч боломжгүй. Энэ бол хүний эрүүл мэнд, амь настай холбоотой зүйл. 

-Шинэ төрлийн коронавирусний халдвараар өвчилсөн иргэдийн биеийн байдал ямар байна вэ?

-Өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн байна. Харин энд нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй. Иргэд амны хаалтыг зүүх нь эрс багассан. Ингэж болохгүй. Дэлхийн олон орон амны хаалт зүүх шаардлагагүй гэж үзсэнээс болж халдварт өвчнөө барьж, тогтоож чадаагүй. Маш их хохирол амссан. Ингэж алдсаныхаа дараа тэд амны хаалт зүүхийг зөвлөж байна шүү дээ. Тэгэхэд манайхан анхнаасаа амны хаалт хэрэглэж, хамгаалж өнөөг хүрсэн. Энэ эрчээ алдаж болохгүй.

Top