КОВИД-19 | Хөл хориог цуцлах нь халдвар эргээд тархах эрсдэлтэй

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 12

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өчигдрийн /2020.04.11/ хурлаар зарим оронд халдварын тархалт буурах хандлага ажиглагдаж байгаа ч хөл хориог цуцлах нь халдвар эргээд тархах эрсдэлтэйг анхааруулжээ.

ОХУ-д коронавирусний халдвар эрчимтэй тархаж байгаа талаар ЭМЯ-ны 11:00 цагийн хэвлэлийн бага хурлын үеэр ДЭМБ-ын мэргэжилтэн дурдсан. Хойд хөршид 24 цагийн дотор 1667 хүн шинээр өвчилсөн бол 250 хүн эдгэрч, нийт 1045 хүн эмнэлгээс гарсан байна. Нийт 106 нас баралтын 12 нь өнгөрсөн бямба гарагт бүртгэгджээ.

Улаан-Үдэд 61 тохиолдол, нэг нас баралт бүртгэгдээд байгаа бол Тувад шинээр нэг тохиолдол бүртгэгдсэн байна.

ОХУ-д шинээр барьж байгаа эмнэлгийн орны тоог нэмэх, анагаах ухааны чиглэлээр сурч байгаа оюутан, мэргэжилтнүүдийг бэлэн байдалд оруулах, амьсгалын аппаратын хэрэглээг сайжруулах зэргээр коронавирусний эсрэг тэмцэх арга хэмжээг авч байна. Мөн хөл хорио, хязгаарлалтын дэглэмийг хэвээр нь мөрдөх, мэдээллийг нэг эх үүсвэртэй болгох зэрэг журмыг баримталж байгаа аж.

Түүнчлэн хойд хөршид коронавирусний халдвараар өвчилсөн хүмүүсийн 56-60 хувь нь 40-өөс доош насны залуучууд байгааг ДЭМБ анхааруулжээ.

Өмнөд Солонгост мөн 40-өөс доош насныхан хөл хорионы дэглэмийг үл тоож, маск зүүхгүй, гадуур явах нь ихэссэний улмаас коронавирусний халдвараар өвчлөх болсон байна.

 

Top