АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Баатархүү сонгогджээ. АН хэдийгээр генсекээ оройтон сольж байгаа ч арай өөр чигт харах, ядахад АН-ын өвгөдийн армийг сарниах найдвар төрж байна. Илүү ч зүйл харагдах аж. Ардчилсан хувьсгалтайгаа нас чацуу намын уруу дорой байдал, удаа дараагийн ялагдал нь 20, 30 жилийн өмнө намын удирдлагын багт байсан, тэднийг тойрон хүрээлж байсан нөхөд өнөөдөр ч сэгэн дээр цугласан хэрээ шиг бахиралдаж байгаад оршино. Цадаж ханадаггүй хөгшид дундаа зодолдохыг нь яана.
Хамгийн сүүлд гэхэд ардчиллыг байгуулалцаж явлаа гэх С.Эрдэнэ АН-ын дарга болох гэж улайрч байхаар залуусаа дэмжсэн бол өдийд АН арай ч ийм явахгүй байв. Ардчилсан хувьсгалын анхдагч болж, намын суурийг тавьсан нөхөд бүгд л тэр үр шимийг хангалттай хүртсэн болохоос биш ардчиллын үнэт зүйлд анхаарал хандуулаагүйг өнөөдрийн нийгмийн уур амьсгал харуулж байна.
Анхдагчдаас Ц.Элбэгдорж гэхэд Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр тус бүр хоёр удаа сонгогдож, УИХ-ын дэд дарга, АН-ын даргаар ажиллав. Сүүлийн гучаад жил өндөрт заларсан Ц.Элбэгдорж улс төрд өрсөлдөхөөр ирж байгаагаа зарлаад бууж байна. Энэ нь өнөөх л намаа самрах гэсэн дохио.
Н.Алтанхуяг салбарын сайд, Шадар сайд, АН-ын дарга, Ерөнхий сайдаар ажилласан ч “Намаа аварна” хэмээн өөр нам байгуулж байгаа нь аанай л АН-ыг самрах гэсэн санаа. Э.Бат-Үүл АИХ-ын депутатаас эхлээд УИХ-ын гишүүн, намын Ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж, “Улсын баатар” цол хүртэл хүртэв. Гэтэл Ц.Элбэгдоржийг Монголд газардах үед “1990 оны Элбэг хэвээрээ байна, тэр ардчиллаа аврах гэж ирлээ” хэмээн цахим хуудсаар хөөргөж суугаагийн цаана тэс өөр зүйл бий.
Өдгөө АН-ын дэд даргаар ажиллаж байгаа Р.Амаржаргал УИХ-д дөрвөн удаа сонгогдохдоо, Гадаад хэргийн сайд, Ерөнхий сайдаар ажиллаж байв. 30 жил хөгжүүлж, аварч чадаагүй байж одоо чухам яах гээд байгаа юм. Залуустаа зайгаа тавьж өгч болдоггүй хэрэг үү. Зааж зөвлөөд явж болно шүү дээ.
Х.Баттулга гэхэд УИХ-д гурван удаа сонгогдохдоо салбарын сайдаар хоёр удаа, өдгөө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа ч нам, улс төр рүү анхаарал хандуулсаар. Тэр зөвхөн өндөр дээд алба ч бус улсын өнгөтэй, өөдтэй үйлдвэр объектыг өөрийн болгосон ч ханасангүй. З.Энхболд гэхэд Төрийн өмчийн хорооны даргаас эхлээд УИХ-д гурван удаа сонгогдож, УИХ-ын дарга, АН-ын даргаар ажиллалаа. Д.Дорлигжав УИХ-д ялалт байгуулдаггүй болохоос биш АИХ-ын депутатаас эхлээд Шадар сайд, гурван удаа салбарын сайдаар, хамгийн үнэ цэнтэй "Эрдэнэт" үйлдвэрийн захирал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхий прокурор, АН-ын дарга, генсек гээд ерээд оноос хойш ардчилал нэрийн дор Монгол төрийн бүхий л өндөр дээд албыг хашиж, түүний үр шимийг хүртсэн хүмүүс. Энд би тоймтой хэдээс л дурдлаа. Түүнээс бус ахмадууд шат шатанд л үр шимээ хүртсэн.
Үүнээс гадна өмч хувьчлал нэрийн дор улсын аль өнгөтэй өөдтэй бүхнийг авсан нөхөд гагцхүү АН-д л олон бий. Өдгөөгийн Ерөнхийлөгчөөс эхлээд АН-ын зөвлөлийн дарга, нэрт жүжигчин гээд бүгд л хувааж авсан. Гэтэл яасан цадаж ханадаггүй хүмүүс байдаг юм гэж гайхмаар. Ерээд онд итгэл үнэмшлээрээ АН-ыг сонгож байсан залуус наад зах нь 40 насны босго давж, цаад тал нь 50 нас шүүрэн явна. Энэ их итгэл үнэмшлийг 20,30 жил дэвсэлж, тэдний үзэл баримтлал дээр ийм олон жил заларна гэдэг аймшигтай хэрэг. Улс төрийн хүчин л болсон хойно дарга цэргээ сольж, удирдах багаа өөрчилж л байдаг. Тэд өөрчлөхдөө өнөөх л 20, 30 жилийн өмнө албан тушаалын төлөө зодолдож байсан хэдээсээ сонголт хийдэг. Түүхэндээ хоёрхон удаа ялалт байгуулж, Засгийн газраа томилоход өнөөх л хэд. Засгийн газарт хамтарна, өнөөх л хэд гээд тэдний хувьд ямар ч цусны эргэлтгүй орчинд ажиллаж иржээ.
Тэрэг техник, үйлдвэр машинаар бол 30 жил нэг ч засвар үйлчилгээ хийсэнгүй. Сэлбэг сольж, засвар үйлчилгээ хийхдээ Н.Алтанхуягийг З.Энхболдоор, З.Энхболдыг С.Эрдэнээр солино. Марк нь ялимгүй өөр болохоос ажилласан хугацаа, чанарын хувьд яг адил сэлбэгнүүд. Дүрэм, журамдаа өөрчлөлт оруулж засвар хийхдээ байнга өөрсдийн талд зассан болж, “будаг” түрхэнэ. Ингэхээр яаж нам шинэчлэгдэх юм бэ. Нөгөө талаас С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг залуу хүмүүс хэмээн харж ярьж байгаа ч тэд аанай л ахмадуудынхаа замаар явж ирсэн. Тэднээс ялгарах юмгүй албан тушаал, нэр төрийн хойноос явсаар байгаад улс төрийнхөө замд цэг хатгаж байх шиг. Цэл залуу хорин хэдхэн настай сайдын суудалд заларч байсан энэ эрхмүүд хэзээ ч АН, ардчиллын төлөө явахгүй адилхан хүмүүс учраас хойш тавьсан нь дээр байх. Энэ хоёрыг “Биологийн нас нь залуу ч улс төрийн хувьд хөгшин төгцөг, үхдэл” хэмээн нэгэн судлаач хэлсэн байдагтай санал нийлнэ.
Гэтэл “Муу нэртэй, луу данстай” ч МАН-д ерээд оноос хойш хэчнээн өөрчлөлт гарав. Г.Очирбатаас эхлээд Н.Багабанди, Б.Даш-Ёндон нарын дөчөөд оны дарга нар дараа үе болох тавиад оны Н.Энхбаяр, С.Баяр нарт халаагаа өгчээ. Тэд ч жараад он руу орж, М.Энхболд, У.Хүрэлсүх гээд хойч үедээ ямар нэгэн хэлбэрээр удирдлагаа шилжүүлж явна. Намын ерөнхий нарийн бичгийн дарга гэхэд л сүүлийн үед байнга залуужиж, цусаа шингэлж ирсэн. Тухайн үед 30 насны босго давсан далаад оны Г.Занданшатар, Ж.Мөнхбат нараас эхлээд өдгөө наяад оны залуу энэ албыг залгуулж явна. Энэ намд уугуул чанар байна, намд цус сэлбэхгүй ноёрхол үзүүлэх гээд байгаа нөхдийг шахах үедээ шахаад гаргачихаж байна. Тухайлбал, үүний сонгодог жишээ нь Н.Энхбаяр байна.
Энд МАН-ыг магтаж, АН-ыг муучлах гэсэн хэрэг алга. Гагцхүү ардчилсан Монгол Улсын АН мөхөж байгаад л харамсаад байгаа юм. МАН ийнхүү цаг үеэ мэдэрч залуустаа зай тавьж, тэднийг зөв залж чадсан учраас долоон удаа сонгууль өгөхөд таван удаа ялалт байгуулж, ихэнхэд нь үнэмлэхүй олонхи болжээ. Харин АН хоёр удаа ялахдаа хүчтэй ч байж чадсангүй, нэгд нь Засгийн газраа дангаараа байгуулах хэмжээнд ч суудал авч чадсангүй. Үнэн хэрэгтээ АН Н.Энхбаярт баярлах хэрэгтэй. 2012 онд МАХН МАН-ын саналыг хуваасан учраас л тэд арай илүү суудал авсан хэрэг. 1996 онд бол ардчилал хэмээх нийгэмд төөрөлдсөн түмэн цэнхэр өнгө сонгоод үзье л гэж бодсон.
Айсуй сонгуульд ч өвдөг шороодох хандлага илэрхий. Тэгэхээр 2020 оны сонгуулийн ялагдлын дараа намын удирдлагуудад хариуцлага тооцож таарна. Ингэхдээ залуус сэгэн дээр тойрсон хэрээ шиг өвгөдөөсөө нэг мөр салж, цоо шинээр эхлүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Одоо л АН-ын залуус намаа аврах, улмаар ардчиллаа аврахгүй бол цадаж ханадаггүй хэдэн нөхөд намаа, ардчиллаа нэг мөр устгаж санаа нь амрахаар харагдаж байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
erni MANAN n ahndaghcyyd bvgd avigachid. eh ornoo zaragsad,dalan hudalchuud,,
AH erdniin huviin nam bolson odoo ongorson. Uunees hoish Erdeniin shuud hamaaral bvhii hun l AH iin darga bolon busad namiin udirdah alban tushaald devshij bh bolno.
Sefgegdel bitgii ustgaad baigaachee lalariin sait ve
AN iin 60 nas hursen uvgudiig buu songo.tedniig ach zeegee harah ajliig ni khiilge.davraad uls turuus garahgui bgaagiin idsen uusniig ni sain uhaj shalgaad shorond ni yavuul...tegj bj tednees salna.tehgui bol dahij ideh geed khanaj tsadahgui novshnuud shuu.zaluusdaa zaigaa tafij ug avilgachidaa