КОВИД-19 | Коронавирусний халдвар томуугаас 10 дахин өндөр байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 13

Коронавирусний халдвараар дэлхий дахинд 1.8 сая хүн өвчлөөд байна. Халдварын тоогоор Итали улс тэргүүлж байгаа бол нас баралтаар Франц улс нэгдүгээрт явж байгаа юм. Бельги улс халдварын тоо өндөр байгаа улсууд дээр шинээр нэмэгджээ.

Азийн орнуудаас Япон анхаарал татаж байна. Тус улсын нийслэлд хоногт 100 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа аж. Токио хот халдвараараа тэргүүлж, Осака, Канагава, Чиба хотууд удаалж байна.

Японд гар утасны байршлаар нь хүмүүсийн хөдөлгөөн, бөөгнөрлийг хянаж байгаа аж. Тус улсын хэд хэдэн мужид онц байдал зарласан ч иргэд томоохон худалдааны төвүүдээр үйлчлүүлсэн хэвээр байгаа гэнэ.

ОХУ-д өвчлөл ихээр нэмэгдэж байна. Хойд хөршид залуучуудын дунд халдварын тархалт өндөр байгаа юм. Буриадын Улаан-Үд хотод өвчилсөн хүмүүсийн 13 нь бага насны хүүхэд аж. Москва хотын ерөнхий эрүүл ахуйч эмчийн мэдээлснээр ОХУ-д 24 цагийн эмнэлэг, гал команд зэрэг үйл ажиллагааг нь тасалдуулж болохгүй байгууллагаас бусад газрын үйл ажиллагааг зогсоожээ. Ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийг сайн хийхийг үүрэг болгосон байна.

Коронавирусний тархалт томуугийн тархалтаас 10 дахин өндөр байгааг ДЭМБ-аас мэдэгджээ. Энэхүү цар тахал нь нийгмийн бүхий л давхаргын хамтын ажиллагааг шаардаж байгаа юм.

Хөл хориог цуцлах шийдвэр гаргаж байгаа улс орнуудын тухайд, тархалтыг бүрэн хяналтдаа авсан, зөөвөрлөгдөн орж ирэх  эрсдэлийг хяналтдаа авч чадаж байгаа, ард иргэд нь мэдээлэл сайтай, урьдчилан сэргийлэх дэглэм, хөл хориог дагаж мөрдөж байгаа бол хөл хориог цуцлах арга хэмжээ авч болохыг ДЭМБ зөвлөж байна.

 

Top