Энэтхэгийн Ришикеш хотод хорио цээрийн дэглэмийг зөрчсөн гаднын 10 жуулчныг “Хорио цээрийн дэглэмийг зөрчсөнд уучлаарай” гэдэг үгийг 500 удаа бичүүлж, шийтгэжээ.
Тус улсын хэмжээнд өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр хөл хорио тогтоож, хүмүүст зөвхөн шаардлагатай хүнс, эм худалдан авахын тулд гэрээсээ гарахыг нь зөвшөөрч байгаа юм. Орон нутгийн цагдаагийн албанаас мэдээлснээр, шийтгүүлсэн жуулчид Израиль, Мексик, Австрали, Австрийн иргэд гэнэ. Одоогоор тус бүсэд АНУ, Австрали, Мексик, Израил зэрэг улсаас ирсэн 700 гаруй жуулчин карантинд ороод байгаа бөгөөд хорио цээрийн дэглэмийг зөрчсөн жуулчдад сургамж болгох үүднээс ийм шийтгэл ногдуулсан байна. Түүнчлэн, хууль хүчнийхэн гаднын жуулчдыг зөвхөн орон нутгийн хөтөчтэй гадагш гаргахыг зочид буудлуудад чиглэл өгсөн байна.
Шинэ төрлийн коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс хэрэгжүүлж буй бүх нийтийн хөл хориог дэмжих үүднээс Энэтхэгийн цагдаа нар коронавирусний хэлбэр бүхий хамгаалалтын малгай өмсөх зэрэг хачирхалтай санаа гаргажээ. Зарим мужид цагдаа нар хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэдийг суниалгах, мэлхий үсрэлт хийлгэх зэрэг шийтгэл ногдуулж буйг харуулсан дүрс бичлэг цацагдсан байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 14-нд дуусаж буй бүх нийтийн хөл хориог хоёр долоо хоногоор сунгах шийдвэр гаргана гэсэн хүлээлттэй байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, тус улсад халдвар авсан хүний тоо 9152-д хүрч, 308 хүн нас баржээ.
Сэтгэгдэл ( 0 )