Монголчууд бид эрт дээр үеэс эхлэн оюун санааг дээдэлж, эрхэм дээд баялаг эрдэм номыг шүтэж ирсэн ард түмэн. Ард түмнийхээ оюун санааны хөтөч нь болж, зохиол бүтээл нь дэлхий нийтэд түгэн алдаршсан нэрт соён гэгээрүүлэгч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын Уран Зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Лодонгийн Түдэв 85 насандаа тэнгэрт дэвшиж түүний ганхашгүй үзэл баримтлал, бүтээл туурвил нь Монгол түмний хувьд эрхэмлэн шүтэх дээд оюуны санааны төгс илэрхийлэл болон түүхэнд үлдлээ.
“ЗИНДАА” сэтгүүлийн хоймор “ЭРХЭМ ЗИНДАА” булангийн 2017 оны тэргүүн дугаартаа энэхүү эгэлгүй эрхэм хүмүүнийг урин залж, ярилцлага авах албан хүсэлтээ шуудангаар хүргүүлэхэд 56 асуултаас зөвхөн нэгийг нь сонгож, есөн зүйлээр задлан хариулахыг зөвшөөрсөн юм.
ГАНЦ АСУУЛТЫН ЕСӨН ХАРИУЛТ
Асуулт:
-Монгол хүний бусдаас ялгарах язгуур мөн чанар нь юу вэ? Та нийт монголчууддаа хандаж юу хэлэх вэ? Танаас өөр хэн ч хэлэхгүй байж болох сургамжит санаа бодлоо манай сэтгүүлийн хуудсаар дамжуулан илэрхийлж болно.
Хариулт:
Онцгой монгол ухаан
-Монголчуудыг бүдүүлэг, хоцрогдсон нүүдэлчид гэж Европын цэцэрхэгчид цуурхуулснаас хойш ийм төөрөгдөл наад зах нь хорин зууныг дамжлаа. Энэ бол түмний толгойд бугшсан төөрөгдөл юм.
1. Нэг дэх төөрөгдөл
Монголчуудыг хатуу ширүүн, хуурай, үржил шимгүй Төв Азийн зулайг нутгаа болгон оновчгүй сонголт хийсэн. Нутаг сонголтын тэр бодлогоос болж говь, хээр, хангай гурван зурвас дагаж монголчууд нүүдэллэн амьдрах болсон нь онц хүндрэл гэж өрнөдийнхөн өөрсдөө төөрөгдсөн. Монголчууд сонгосон газар нутагтаа гар хүрэхгүй, ухаж төнхөлгүйгээр зохицож баян цатгалан аж төрөх аргыг бодож олоод таван хушуу мал өсгөж говьд тэмээг, хээрт хонь ямааг, хангайд үхэр, адууг өсгөж ашиг шимээр нь аж төрөх ухаан зарсан. Таван хушуу мал нь өөрөө өсөж үрждэг мөнхийн амин эх булаг болж өгсөн. Харин ган зуд, хахир хатуугаас аврахын тулд нүүдэллэн адгуулж заншсан тул монголчуудыг нүүдэлчин цолтой болгосон. Тэр нь ч муу юм биш. Нэг газар насыг элээх бус нүүж сууж хөдөлгөөнтэй амьдрах нөхцөл бүрдүүлсэн. Европчууд мал өсгөх гэтэл бэлчээрээс эхлээд олон бэрхшээлтэй тулгарч арга буюу гахай, тахиа үржүүлж, усны загасаар амь зуух болсон. Ямаа үржүүлж үзтэл тэд асар хурдан олширч гайтахад хүрч ад үзэгдсэн. Тэгээд тариа ногоо тарьж ургамлаар голчлон хооллох болсон. Тэгвэл монголчууд таван төрлийн мал өсгөж амьдрал ахуйн хэрэгцээтэй бүхнийг малаасаа үнэгүй авдаг болж зуун зууныг элээсэн. Европчууд байгаль орчноо мөлжиж, шархлуулж уурхай ухаж голомтоо нүүрс, мод тэргүүтнээр галлах болсноороо өөрийн эрхгүй л байгалийн түрэмгийлэгчид болсон. Монголчууд тэгвэл малынхаа аргал, хорголоор, хөрзөнгөөр гал түлж эрчим хүчний хэрэгцээгээ хангадгаараа байгаль орчныг шархлуулах биш цэвэрлэх арга ухаан гаргаж, байгаль орчноо хөнөөх биш дээдлэх зохицол олсон.
2. Хоёр дахь төөрөгдөл
Европчууд хүний хэрэгцээний амин сүнс нь таван хушуу малдаа байдгийг бүрэн ухаарч хүнс тэжээл, хоол унд, хувцас хунар, багаж хэрэгсэл, хөгжим, тоглоомоо хүртэл малаасаа үнэ төлбөргүйгээр жилийн дөрвөн улиралд авч аж төрдөг монгол ухааныг үл тоомсорлосоор зуун зууныг элээсэн төөрөгдөлд автагдсаар ирсэн. Гэтэл монголчууд таван хушуу малаас мах, сүү хоёрхон юм авдаг мэт боловч нэгээс нь хориос доошгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэсээр зун, намрын зургаан сард нь цагаан хоолоор /сүүн/, өвөл хаврын хүйтэн цагт нь махан хоолоор аж төрсөөр ирсэн. Цагаан идээ, улаан идээг ийнхүү улирлын нөхцөлд дагнуулдаг үндэстэн өнөө хэр дэлхийд байхгүй. Зуны халуун цагт махан хоол иддэггүйгээс монгол хэлэнд “махсах” (мах хүсэх) гэдэг нэр томьёо буй болсон. Махыг хөлдөөж хадгалах аргыг европынхон нээхээс хэдэн зуун жилийн өмнө хөлдөөж биш борцолж хадгалах ухааныг монголчууд гаргасан. Сүүг ч мөн гашилгалгүй ашиглах, тэр ч байтугай “хуурай сүү” бэлтгэх аргатай байлаа. Сүүг “хатааж” 13 төрлийн бүтээгдэхүүн бэлтгэх чадвараар европчууд одоо ч монголыг гүйцэхгүй юм.
3. Гурав дахь төөрөгдөл
Европчууд монголчуудыг малаасаа зөвхөн сүү, махыг аваад эвэр туруу, ноос үс, ноолуур, хялгасыг нь хаядаг мэтээр ойлгосоор ирсэн. Гэтэл монголчууд малынхаа эвэр туруу, ясаар нь хөгжмийн зэмсэг, хүүхдийн тоглоом, дарсны хундага хүртэл хийсээр ирсэн билээ. “Эвэр бүрээ” гэж ерөнхийд нь нэрлэдэг хэдэн төрлийн хөгжмийн зэмсгийг монголчууд үхэр, ямааны эврээр бас хоёроос гурван төрлийн бишгүүр, лимбэ зэргийг малын чөмгийн ясаар хийж найр хурим дээр хөгжимддөг байлаа. Бог малын шагайгаар “шагай атгах”, “шагай няслах” гэхчилэн тоглоом хийж хүүхэд, хөгшидгүй л өвлийн шөнийн уртад “шагай шүүрч” тоглосоор ирсэн. Сайн шагайчин нэг шүүрэхдээ 60 шагай атган авч чаддаг нь дээд амжилт байв. Монголчууд хониныхоо арьсаар жилийн дөрвөн улиралд аль алинд нь тохирох дээл хийж өмссөөр ирсэн. Өвлийн дүн хүйтэн болоход монгол хүн сэгсүүргэн дээлийг хонины ноосыг нь бүрэн ургасан үеийн нэхийгээр хийж өмсөнө. Бас хавар, намар мөн тийм арьсны ноос бүрэн гүйцэд ургаагүй үед бэлтгэж авсан арьсаар нь үзүүрсгэн дээл хийж өмсөнө. Гоёлын дээлийг бол хурганы арьсаар (хурган дээл) хийж өмсдөг. Зуны ид халуун үед үсийг нь шалзалсан хонины арьсаар хийсэн илгэн дээл бас өмсөхөд сэрүүн байх жишээтэй. Ишигний арьсаар хүүхдэд илгэн дээл хийж өгнө. Ямааныхаар бол төдийлөн хийх нь ховор билээ.
Дээл хувцсаа оёх урлах утсыг бол хялгасаар, бас шөрмөсөөр нийтгэж бэлтгэдэг. Үхэр мэтийн бод малын хялгасаар дээс томж гэрийнхээ бүслүүр даруулгыг хийнэ. Мөн үхрийн арьсыг хатааж илдээд нарийхан зүсэж хоймсон гурамсан эрчтэй гэрийн бүрээсний суран татуурга, бүслүүр мэтийн зүйл бас чөдөр, ногт зангидна. Сайн илдсэн нь торго шиг зөөлөн, бас бөх байдаг. Ямааны ноолуурыг бол гоёлын хувцас оёх утас зэрэгт хэрэглэдэг. Хонины ноосоор эсгий хийж гэрээ бүрээс, туургатай болгохоос гадна ширдэг, олбог, дэвсгэр хийнэ.
Малынхаа сүү, мах, арьс ноосыг боловсруулахдаа өрнөдийнхнийх шиг элдэв машин, техник хэрэглэдэггүй, зөвхөн гэрийнхээ төвд байрлуулсан гурав юм уу дөрвөн тотготой төмөр тулга, дээр нь тавьж сүү хөөрүүлэх, өрөм загсаахаас эхлээд тогоо нэрж архи гаргах зэрэг олон төрлийн ажил бүтээдэг нэг ширмэн тогоо, түүнээс арай бага, хөөгүй цэвэрхэн ёроолтой жалавч зэрэг хоёр гурван тогоо ашиглан гэрийн эзэгтэй нар цагаан болон улаан идээнийхээ үйлдвэрлэлийг явуулсаар ирсэн юм. Өрх гэрийн тэрхүү энгийн мөртөө ухаалаг үйлдвэрлэлийг өрнөдийнхөн гадарлах ч үгүй ажил билээ.
Таван хушуу малынхаа гурвыг нь буюу бод малыг нь (адуу, үхэр, тэмээ) уналга, ачлага зэрэгт хэрэглэж гэр орноо нүүлгэх, ачаа бараагаа татах, түлш түлээ зэрэг хүнд жинтэй зүйлээ зөөхөд хэрэглэдэг бөгөөд бас үхэр, тэмээ, адуунд ч гэсэн модон тэрэг хөллөж одоогийн ачааны машинаас дутахгүй хөсөг тээвэр эрхэлсээр ирсэн билээ. Малаасаа бүхнийг авдаг малчны ухаан цогцолбороороо өрнөдийнхөнд дутдаг юм.
4. Дөрөв дэх төөрөгдөл
Мал дагахаас, нүүдэл хийхээс өөр ажилгүй тул соёлгүй, бараг бичиг үсэггүй, хоцрогдсон хүмүүс мэтээр европынхон монголчуудыг дорд үзсээр ирсэн. Гэтэл монголчууд ном хэвлэлд биш цээжиндээ соёлоо тээсээр хэдэн мянганыг элээсэн өвөрмөц үндэстэн билээ. Монгол малчин хүн хос цэцэн үгнээс эхлээд хорь гучин мянган мөр бадаг бүхий туульс цээжиндээ хадгалж үр хүүхдэдээ хэлж ярьж өгч уламжлуулдаг ховор үндэстэн юм. Монгол “цээж соёлын” төрөл гэвэл зүйр цэцэн үгс, оньсого, таавар, үлгэр домог, урт, богино дуу /үг, аятайгаа/, туульс, үг хөгжлийн хэллэгүүд /түргэн хэллэг, дуудлага нэрсийн холбоос гэхчилэн/. Эдгээрээс хамгийн богинохон нь зүйр цэцэн үгс, хамгийн том нь хэдэн зуун мянган мөртэй туульс юм. Богино хэлбэрийн монгол аман зохиол нь зан заншил, ёс суртахуун, сургамжийн агуулгатай байдаг бол туульс нь түүхэн баатарлаг үйл явдлын тухай том яруу найраглал юм. Монгол “Цээж соёлын” нэгэн түгээмэл төрөл зүйл бол “Урт, богино дуу” бөгөөд ямагт аялгуу, ая нь үгээ дагалдаж явдаг онцлогтой юм. “Уртын дууг” гагцхүү морин дэл дээр, хязгааргүй мэт уудам говь, тал нутагтаа аялан явж заншсан нэг өвөрмөц төрөл зүйл билээ. Швед эрдэмтэн Хенин Хазлунд Христенсений “Монголчуудын хөгжим” номд 90 дууны үг, ая оржээ. “Монгол цээж соёлын” том хэлбэр болсон туульс бол олон зуун мөр бадагтай тул нэг удаа дуустал “хайлах” боломжгүй, хэдэн шөнөөр хайлдаг. Туульсыг голчлон хуур хөгжим, товшуур дагалдуулан “хайлдаг” бөгөөд “Гэсэр”, “Жангар” алдарт туульсаас гадна “Маадай хар”, “Малчи-Мэргэн”, “Темир Санаа”, “Алтай буучай” гэхчилэн 16 тууль “Хан-Капчигай” (Тува), “Манас” (Казах), “Нартын туульс” (Осетин), “Нарт хээр” (Адыгей), “Ньюргун Бартр” (Якут), “Уралбатыр” (Башкир) гэхчилэн хорь гаруй туульс уламжилсан юм.
Монголчууд бас “Цээж соёлоос” гадна “Хадан соёл” бүтээсэн ховор, бараг л ганц үндэстэн юм. Үүнийг сүүлийн үе хүртэл анзаарах эрдэмтэд Европт ховор байлаа. Монголчууд газар нутгийнхаа аль нэгэн толигордуу ханан хаднууд дээр хэдэн мянгаар тоологдох зураг сийлж үлдээсэн үндэстэн билээ. Бүүр эртний Хүннү буюу Хүн улсын үеийн сийлсэн, зурсан хадны зураг бичээс олон бий. Тийм хадны зургуудын 80 хувьд нь үхрийн зураг байдагт гайхмаар боловч тэр үед үхэр бол хүннүчүүдийн шүтээн байсан тул түүнээ дээдлэх нь ёс юм. “Үхэр Монгол” гэж хочлогдохдоо хүртэл хүннү монголчууд үхрийг дээдлэн шүтдэг байжээ. Хэдхэн хадны зураг аваас: монгол хадны зурагт нэгэн зуугаас дээш дүрс гаргасан нь цөөн биш байдаг нь сонин билээ. Хадны зургаа хадны бичгээр сольсон гэж болно.
5. Тав дахь төөрөгдөл нь
Европынхноос өмнө монголчууд бичиг үсэг зохион түүгээрээ хөшөө дурсгалууддаа бичиг дурсгал цөөнгүй үлдээснийг хүлээн зөвшөөрөх хүн ч бараг байсангүй явсаар саяхнаас тэр зүг нүдээ нээсэн гэж болно. Монголчууд зангилаа бичгээр эхлээд шаантаг бичиг, руно бичиг, арамей бичиг, босоо бичиг, соёмбо бичгийг хүртэл тав зургаан бичиг үсэг зохион хэрэглэж байсныг хад чулуу, хөшөө дурсгал, хожим нь бичигдсэн ном судар гэрчлэн үлдсэн билээ. Монголоос төө хожуу бичиг үсэгтэй болсон өрнөдийнхөн нүүдэлчин малчин монголчууд бичиг үсэгтэй байсныг хүлээн зөвшөөрч ядахдаа ихэнх ололтыг “Түрэг” нарын бүтээл гэж таамаг тавьсан нь өөр судлаач үгүйгээс үнэн дүгнэлт болон олон хүний толгойг эргүүлэх болсон ажээ. Баримт гэхэд: “руно бичгийг” түрэг нар зохиосон гэж улаан цайм гүтгээд Монголын Орхон голын хөндий дэх хөшөө, Налайхын бичигт хөшөөн дэх руниэр бичсэн дурсгалын үгийг гэрч болгоцгоодог. Гэтэл түрэг нар тэр бичгийг бүүр хожуу өнөөгийн тооллын дунд үед монголчуудаа ээлж, ээлжээр захирах хаант улсыг нэгэн цагт толгойлж явсан үедээ хөшөөндөө рунигээр үгс сийлж үлдээжээ.
Тэгвэл түүнээс 500 байтугай мянгаад жилийн тэртээд “руно” бичгээр Монгол аймгийн умард хэсгийнхэн хад чулуунд бодол санаагаа илэрхийлэн руно үсгээр өдий төдий дурсгал бичиж үлдээжээ. Зөвхөн Скандинавын гэгдсэн орнууд ялангуяа Голланд, Дани, Исланд, Финляндад хүртэл “руно” бичигтэй хад чулуу зарим улсад нь хэдэн зуугаараа (Шведед гэхэд л 2500 гаруй руни бичигт хад) үлджээ. Саяхнаас л харин нэгэн эрдэмтэн тэрийг анх судалсан нь сонин. Жич: Тэртээ өмнө зүгт Номхон далайн урд хөвөөнөө Пасхийн арлын хүн чулуунуудын заримын нуруунд “руно” үсэг сийлээстэй үлдсэн нь бас бүүр ч сонин билээ. “Руно” гэдэг үгийг тайлбарлаж мэдэхгүйн харгайгаар тэр хэвээр нь олон улсад хэрэглэх болчихсон юм.
Уул нь хойт туйл мөстөх үед урагшлан тарсан Монгол олон аймгуудын нэг нь “Руно” нэртэй байжээ. Руночууд зохиосон бичиг соёлтойгоо хойт туйлын мөстлөгөөс зайлсхийн скандинавын гэгдсэн газар нутагт тархан аж төрж, нутагшин үлдэж, өнөө үед бараг бүрэн европжсон ажээ. Гэвч финчүүд хойт туйлыг өнөө хэр “Сарай ос” (Хойт гэр) гэж нэрлэсээр буй нь учиртай үг юм. Монголчуудаас “үлдсэн зүйл” Скандинавын орнуудад цөөнгүй бий ч гэсэн судлаачаа хүлээсээр байна. Хорьдугаар зууны эхээр Оросын эрдэмтэд Монголын Орхон голын хөндий дэх эртний хөшөө дурсгалыг судлахдаа “руно” бичгийг уншиж чадаагүй юм. Тэгтэл түүнийг нь Данийн эрдэмтэн уншаад өгсөн билээ. (”Олон бичигт монгол мину” гэсэн номдоо дэлгэрэнгүй бичсэн буй).
6. Зургаа дахь төөрөгдөл
Одоогийн том гэгдсэн гүрнүүд дэлхий дахиныг глобальчлах (дэлхийжүүлэх) тухай уриалаад зогсохгүй тэр уриагаа хэрэгжүүлэхээр завдавч санасандаа хүрэх аргаа олохгүй тэвдэцгээж байна. Гэтэл мянга гаруй жилийн тэртээ ийм үзэл санааг монголчууд хэрэгжүүлэхээр хоёр ч удаагийн их аяныг дэлхийн хэмжээнд өрнүүлснийг түүх гэрчлэн үлдсэн юм. Хүн улс буюу “Хүннү гүрний” үед үүнийг сэдсэн боловч тухайн цаг үеийн үл ойлголцлоос болж Хүннү гүрэн хоёр хуваагдаж нэг гол хэсэг нь дорноддоо үлдэж, нөгөө хэсэг нь Европыг байлдан дагуулахаар барууншилж тэр үеийн өрнөдийн бараг бүх улсыг нэгэн захиргаанд оруулж Итали хүртэл “дэлхийчлэн” Атиль Хүннү хаан эзэн суусан бөгөөд
“Хүннүгийн хаан Атиль
Хүндэт янзаар морилно” гэх үгтэй итали ардын дуу хүртэл буй болж үлдсэн юм.
Гэвч Атиль хаан хорлогдон тэнгэрт хальсан тул мөнхүү “Глобальчлал” гэдэг мөрөөдөл гээгдээд нэлээд хугацаа өнгөртөл Чингис хаан Тэмүүжин уул мөрөөдлийг хэрэгжүүлэх урт хугацааны, өргөн цар хүрээтэй үйл явдлыг үнэхээр дэлхийн хэмжээнд өрнүүлж насан туршийнхаа үйл хэрэг болгосон нь харин түүхэнд нэлээн томруун, тод үлдсэн билээ. Чингис хаан, түүний хамтран зүтгэгчид мөрөөдөж “дэлхийжсэн нэгдэл” байгуулахаар зүтгэснийг нь гол төлөв өрнөдийнхөн “байлдан дагуулалт”, “түрэмгийлэл” гэж үзэн ядах тооны “төөрөгдөлд” автагдаж олон зууныг өнгөрөөв.
Дэлхийн олон үндэстнүүд нэгэн том өрх айл шиг найрсаг бөгөөд эвсэг зохилдон аж төрөх нь аль эрт манай дэлхийн бөмбөрцөг тэнхлэгээрээ 23 хэм хазайгаагүй байх цагт хойт туйл мөсгүйгээр барахгүй өвөлгүй зунаараа, бараг шөнө болдоггүй “диваажингийн орон” гэгдэж “наран авгай” эгц дээрээс ээж байсан үлгэр домгийн мэт цаг үед хойт туйлын гурван километр өндөр уулыг тойрон хар, шар, цагаан арьстан хүмүүс нэг гэр бүл мэт жаргалтай аж төрж агсан мартагдашгүй зохилдлогот амьдралын тухай дуртгалаас үүдэлтэй буй за. Учир нь тэрхүү өндөр уулыг бараг бүх хэлнээ Сүмэр, Сүмбэр, Сүмэрү гэж нэрлэж үлдсэнээр барахгүй хорьдугаар зууны эцсээр Америкийн хиймэл дагуулаас ахин харахад мөсөн дор /хойт туйлын/ асар өндөр уул байгааг олж үзсэн байна. Түүгээр ч барахгүй 2016 онд тэрхүү мөсөн ууланд ан цав гарч дотроосоо гэсэж буй мэт ноцтой үзэгдэл ажиглагдлаа.
7. Долоо дахь төөрөгдөл
Монголчууд 376 улсыг нэг нэгдэлд оруулж дэлхийн хагасыг хамарсан томоохон хамтлаг байгуулсан түүхэн үйл явдлыг зэвсгийн хүчээр, түрэмгийлэл, аллага хядлагын аргаар хийсэн мэтээр өрнөдийн эрдэмтэд олон оны турш ам давтан ярьсаар ирсэн нь “долоо дахь төөрөгдөл” гэхээр үзэгдэл билээ. Тэр үеийн монголчууд нум сумнаас өөр зэвсэг гэх юмгүй, сайндаа л богино сэлэм, хутга мэтээс өөр юмгүй байлаа. Бас эзэлсэн улс орныхоо иргэдийг аль болох тайван найрсаг амьдрахад чиглүүлж байжээ. Харин эсэргүүцэл үзүүлэгчдийг бол намнаж номхруулсан нь цөөнгүй юм. Өөр арга ч юусан билээ. Гэхдээ Европыг бүтэнд нь шахам нэгэн гэр бүлийн хэмжээнд анх нэгтгэсэн Хүннүгийн хаан Атиллийн үеэс зэр зэвсгээс гадна оюун ухаан, харилцан ойлголт, зохилдлогын арга ухаан сайтай жанжингууд их үүрэг гүйцэтгэжээ. Зөвхөн Атиль хаан гэхэд л ямархуу ухаанаар жолоо барьдаг байсныг АНУ-д хэвлэгдсэн “Атиллийн жолоодохуйн урлан” гэдэг “бестселлер” (шилдэг бүтээл) болон шалгарсан номдоо Уэртс Роберт бичсэнийг товч жагсаавал манлайлах чадвар, чин шударга, зоригтой, хүсэл тэмүүлэлтэй, сэтгэлийн тэнхээтэй, биеийн тэнхээтэй, бусдад таалагдах биш тоогддог, өрөөл бусдыг ойлгож мэдэрдэг, шийдэмгий, урьдчилан харах чадвартай, цагийн үнэ цэнийг мэдэрдэг, өрсөлдөх чадвартай, өөртөө итгэлтэй, тооцоотой, хариуцлагатай байх, түшигтэй байх. Ийм чанар хожим Чингис хаан Тэмүүжинд ч байжээ. (Харин одоогийн төр засгийн удирдагч, улстөрчдөд юу л бол?)
Энэ тухай ярихад 800 жилийн тэртээд Чингис хааны үе залгамжлагчид, удам угсаа, үр хүүхдэд нь тухайн үеийн олон үндэстний эв нэгдэл, үл ойлголцох байдал гүнзгийрэх чиглэлтэй болж мэдэхийг ухаарч олон үндэстний нэгдмэл их гэр бүлийн харилцааны гол хуулийг боловсруулан дэвшүүлсэн нь найм байтугай долоон зуун өнгөрөхөд АНУ, Оросын холбоо, Франц, Англи зэрэг том гүрнүүдийн дэвшүүлээд хэрэгжүүлэх гэж тэвдэцгээж байгаа “глобальчлал” буюу “дэлхийшил” гэдэг уриа болсон нь сонин. Тэртээ 800 жилийн эрт цаг Чингис хааны үр удмын хаад хамтран энэхүү үзэл санааг “зохилдохуй” гэсэн үгээр илэрхийлж хамтын илгээлт бичиж Европын оюун санааны төвлөрөл болж байсан Францын хаадад нэг бус удаа хүргүүлсэн нь Парис, Ромын (Ватикан) хотуудын архивт өнөөг хүртэл хадгалаастай үлджээ. Монгол хаадын илгээлтүүдийг цөмийг нь Чингис хааны үр сад, монгол нэртэй, монгол хэлтэй Чингисийн хүү Тулуй, Тулуйн хүү Хүлэг (Хулагуу), Хулагуугийн хүү Абага, Абагын хүү Аригуун, Аригууны хүү Хасан (Газан), Газаны хүү Өлзийт нар илгээсэн байх бөгөөд гол дэвшүүлсэн санаа нь “Зохилдохуйгаас өөр сайн юм юун билээ?” гэсэн үгээр илэрдэг. Энэ нь дайтах бус, зохицохын чухлыг л өгүүлснээрээ одоогийн хэллэгээр “тандем” гэж болно. Саяхан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Одоогийн удирдагчид тандемгүй нь харамсалтай” гэж хэвлэлээр мэдэгдсэн нь “зохилдохуй” гэдэг монгол үзлийн санаа юм. Энэ чухал санааг “глобальчлал” гэж олон улсад цацагсад бол АНУ тэргүүтэй том гүрнүүд юм. Хамгийн түрүүнд Холбоот Орос улсын тэргүүн Горби гэгдсэн Горбачёв улсаа (16 томхон улсын холбоо байсан) Зөвлөлт холбоот Орос улсаа “глобальчлах” нэрээр тарааж орхисон нь бусдад “олз” мэт болж Европын холбоо байгуулагдсан байна. Африк тивийг “глобальчлах” гэж АНУ хориод жил хөгөө тарьж буй (Энэ тухай дараагийн хэсэгт үз.)
8. Найм дахь төөрөгдөл
Монголын их удирдагч Чингис хаан Тэмүүжинг түрэмгийлэн эзлэгч харгислагч байсан мэтээр өрнөдийнхөн гол төлөв муушаах чиглэлтэй үгсээр тодорхойлсоор ирсэн нэгэн ер бусын “төөрөгдлөөс” зарим улстөрчид өнөөдөр ч гарч салаагүй яваа нь харамсалтай. Гэтэл Чингис хаан шиг том жанжин том удирдагч өнөө хэр гараагүй л байна. Хэдийгээр англичууд дэлхийг эзэгнэн колоничлохоор завдаж багагүй амжилт олсон ч “колони” гэдэг нэр томьёо хэрэглэсний гол балгаар “колоничлолоос” чөлөөлөгдөх хөдөлгөөн удалгүй гарч бараг бүх колони орноосоо салсан болно. Гэхдээ тэдгээр орнуудад, тэр ч байтугай эртний соёлт Энэтхэгийг хүртэл эх хэлийг нь бараг мартуулж англи хэлтэй болгосон нь бас ч хоосонгүй. Харин эзэгнэх мөрөөдөл нь англичуудад хэвээр үлдсэн мэт болжээ. Гэтэл хорьдугаар зууны бараг эхнээс нь германчууд удирдлагаа Адольф Гитлерт өгч тэр нь дэлхийг эзэгнэхийн тулд хэдэн жилийн турш ард түмнийхээ хүч хөрөнгө, амь насыг хөнөөсөн гайтай түрэмгийлэл үйлдээд эцэст өөрөө өөрийнхөө аминд хүрч төгссөн билээ. Тэрээр зөвхөн дайны аргаар, цэрэг зэвсгийн хүчээр дэлхийг эзэгнэхийг зорьсон нь өмнөх түүхээс сургамж аваагүй, хамгийн явцгүй арга хэрэглэснээсээ болжээ. Харин түүнтэй дайтахаас аргагүй болж дэлхийн хоёрдугаар дайнд их хохирол үзсэн ч АНУ, Их Британи зэрэг холбоотонтой болж Монгол улс мэтийн үнэнч ар талтай байсан зэрэг учир шалтгаанаар бас дэлхийг зэвсгийн хүчээр биш хувьсгалжуулах аргаар глобальчлах бодлого барьж байсан Иосиф Сталин ялалтад их үнээр ч гэсэн хүрч чадсан билээ. Тийнхүү бүхэл дэлхийг биш ч гэсэн Европын нэлээд улс орныг холбоотноо болгож “социалист лагерь” гэдэг бүлэг улсын нэгдэл байгуулсан байна. Сталин уул нь Чингис хааныг нэг их өөлөөгүй ч гэсэн Гитлер хас тэмдгийг авсанд нь гайхсан биз. Уул нь хас тэмдэг бол Монголын эртний нэгэн бэлгэдэл тэмдэг байсан хэрэг. Гэтэл түвд судлаач нэгэн дээр үед Гитлерийн зөвлөгч байж элдвээр номлох үедээ хас тэмдгийг их учиртай зүйл гэж ойлгуулснаас шүүрэн авсан байдаг.
Гэхдээ тэмдэгтэй, тэмдэггүй Чингис хаанаар нь монголчуудыг Сталин буюу жинхэнэ нэр нь Жугашвили гэдэг энэ гүрж хүн дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд монголчуудыг ар тал нь болтлоо Орост тусалсныг мартаж чадахааргүй байв. Ер нь бол Европын улс орнуудын төрийн тэргүүнүүдийн амнаас Чингис хааныг магтах үг унаж байсангүй. Гэтэл хорин нэгдүгээр зууны АНУ-ын шинэ ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдоод тангаргаа өргөж амжаагүй байхдаа “Чингис хаанаас юу суралцаж болох вэ” гэсэн ярилцлагыг The Daily West гэдэг америк цахим сонинд өгчээ. Тэрээр хэлэхдээ “Монголын нэрт удирдагчийн тухай өдгөө ердөө л хэрцгий хүн байсан гэж цухас дурдах болжээ...”, “...Гэвч тэрээр бидний гойд бүтэлгүйтсэн Ойрхи Дорнодод чухам яаж амжилтад хүрсэн юм бол? Дэлхий даяар олон бичил дайнд оролцсон АНУ-аас эрс ялгаатай нь Чингис хаан ямагт ялалт байгуулах гэсэн ганц маш тодорхой зорилтын төлөө тэмцэж байжээ. Хязгаарлагдмал, хэсэгчилсэн, хэлэлцэгдсэн, эсвэл тасалсан ялалт бус бүрэн ялалтын төлөө шүү” гээд “Монголын эрс шийдэмгий түрэмгийллийн дараа Ойрхи Дорнодод урьд хожид үзэгдээгүй амгалан тайван цэцэглэж хөгжлийн зуун тогтсон билээ...” гэж Дональд Трамп хэлжээ. Тэгээд цааш нь үргэлжлүүлэн “Гэтэл одоо тэр нутагт Америк цэргийн хүчээ оруулсан ч хүүхэд алаагүй, эмнэлэг бөмбөгдөөгүй, энгийн иргэдийн эсрэг хорт хий хэрэглээгүй нэг ч өдөр алга” гэж ярьжээ. Үүн шиг үнэлэлтийг өрнөдийн нэг ч Ерөнхийлөгч өнөө хэр хэлээгүй нь сонин. Тэгээд зогссонгүй “Бүрэн итгэл, тодорхой байдал, үр дагаврын мэдрэмж болон хувиршгүй тууштай чанар зэрэг нь түүний (Чингисийн) хамгийн чухал зэвсэг байжээ” гэж их хааны онцгой чанарыг тодорхойлсон байна. Ингэж дүгнэсэн нь өрнөдийн улстөрчдийн, ялангуяа удирдах албаны түшмэдийн төөрөгдлийг хийсгэн сарниулах ер нь “глобальчлах” хөдөлгөөний тухайд “нүдний шилээ” арчилж цэвэрлэхэд туслах биз ээ гэмээр юм.
9. Төгсгөлд
Монголчуудаа онцгой ухаан тээгчид гэж магтах гэхдээ санаан зоргоор магтав гэж энэ өгүүллийг бичигчийг зэмлэх хүн цөөнгүй гарна. Тэр бол бас нэгэн төрлийн “төөрөгдөл” гэж үзүүштэй. Учрыг нь энэ өгүүллийн эцэст тайлбарлав.
Монголчуудын ухаан бодлыг шалгасан хорьдугаар зууны хамгийн том сорилт бол дэлхийн хоёрдугаар дайн юм. Энэ дайн бүх дэлхийг хамарч олон сая хүний амь нас, өдий төдий хөрөнгө хогшлыг хөнөөсөн нь тодорхой. Монголчуудын хувьд найрамдалт ганц гүрнийхээ төлөө санаа тавьж, хүч гаргах цаг тулгарсан хэрэг. Цэрэг дайчлан илгээхэд тэр үеийн Монгол ард улсын хүн ам долоон зуу гаруйхан мянга буюу одоогийн Улаанбаатар хотын хүн амын тал хувьтай тэнцэхүйц цөөхөн байлаа. Тэр цөөхний талаас илүү хувь нь хүүхэд хөгшид байсан юм. Тэгэхээр эр цэрэг дайчлах боломж тун хомс байв. Монголын тэр үеийн удирдагчид Чойбалсан, Цэдэнбал, Самбуу нар ухаан зарж Зөвлөлтийн улаан армийг, ялангуяа морин цэргийг нь унаа мориор хангахад туслахаар шийдээд хамгийн сайн морьдоо Зөвлөлтийн фронтод бэлэг болгон илгээхээр айл өрх бүр нэгээс долоо хүртэл сайн хөлөг морьдоо фронтод бэлэг болгон илгээсэн юм. Тэдгээр морьд нь /дөчөөд мянга/ Зөвлөлтийн дайчдад үнэнч, тэсвэр хатуужилтай, баатарлаг хүмүүнлэг чанараараа хайрлагдаж “Монголка” гэсэн дотнын нэр авсан байдаг юм. “Монголка” морьдоо унасан зөвлөлтийн цэргүүд өдий төдий гавьяа байгуулсан байдаг. Хөлөг морьдоос гадна Монгол улс цэргүүдийнхээ дулаан хувцас /шинель/ хийхэд нь зориулж 64 мянган тонн ноос, арьс нэхий, мөн хагас сая тонн мах бэлтгэн дайны жилүүдэд фронтод илгээжээ. “Үгүй ээ та нар ядаж ганц хороо цэрэг дайчлан гаргаж өөрснөө удирдан дайнд оролц гэж Их Сталин тушааж болох л байсан. Учир нь Монголын энэ хоёр удирдагчдад ЗХУКН-ын гишүүний бат илэрхийллүүдийг өвөртлүүлчихсэн байсан цаг юм. Гэвч Монголын удирдагч нар хүнээр биш агт морьдоороо, таван хушуу малынхаа ашиг шимээр зөвлөлтийн фронтод тус хүргэх нь аль аль талдаа илүүтэйг тооцож ухаан сийлээд улсынхаа төсвийн 50 хувийг фронтод туслахад зориулж “Хувьсгалт Монгол”, “Монголын пионер” гэхчилэн танкийн гурван бригадыг хөрөнгөөрөө байгуулж фронтод Чойбалсан, Цэдэнбал нар гардуулж өгөөд зогсоогүй Монголдоо ажлын цагийг 8 биш 10 болгон сунгаж дөрвөн жилийн турш илүү цагаар хөдөлмөрлөсөн билээ.
Монголчууд дэлхийн хоёрдугаар дайны баруун фронтод ийм хүч туслалцаа үзүүлж, улмаар зүүн фронт буюу японы “түрэмгийллийн” эсрэг дайнд цэргээ биечлэн оролцуулж их хятадын Цагаан хэрэм хүртэл тулалдаж Өвөр монголоо чөлөөлж билээ.
“Дорнодоос бид маршилж
Дотоод Монголоо чөлөөлөв” гэсэн дуу үлдэж Аюуш зэрэг олон монгол эрс эрэлхэг тулалдаанд амь эрсдэн оролцож Жанчхүүгийн даваанд хөшөө нь үлдсэн билээ.
Дэлхийн хоёрдугаар дайн ЗХУ-ын болон түүний холбоотнуудын ялалтаар төгсөж Оросын Крым, Ялтад Сталин, Франклин Рузвельт, Уинстон Черчилль нар хоёр удаа уулзаж дэлхийн байдлын тухай хэлэлцэхдээ “Монгол ард улсын асуудлыг яаж шийдэх вэ?” гэсэн асуудалд И.В.Сталин огт эргэлзэхгүйгээр “Статус Квог” /Одоогийн эрхт байдал/ хэвээр үлдээе гэж санал тавьснаар “Бүгд найрамдах Монгол ард улс” тэр үеийн Японы байгуулсан “Манжго” улсын бүрэлдэхүүнд ч ороогүй, ирээдүйн Хятад ард улсын бүрэлдэхүүнд авах Чанкай Шийн санаархал хүсэлд ч автагдалгүй бүрэн эрхтэй улс хэвээр үлдэж улмаар НҮБ-ын гишүүн болж нийгэм журмын замаар бие даан хөгжих замд орж, удалгүй сансрын нисэгч бүхий цөөн орны нэг болсон билээ. Энэ бол монгол ухааны ачаар дэлхийн хэмжээний дайнаас хохирлоосоо хожоо нь илүүтэй гарсан орон гэхээр болно. Тэрнээс ч илүү хожоог дайны эцэст монголчууд олж авсан гэж болно. Дэлхийн хоёрдугаар дайнд зөвхөн Пирл Харборт Японы бөмбөгдөлтөд Америкийн 23 мянган цэрэг амь алдсаныг дурдахад Монгол нутаг дээр тийм бөмбөгдөлт болоогүйгээс гадна хоёрдугаар дайнд Зөвлөлтийн голдуу цэрэгт олзлогдсон Японы цэргүүдийн олонхи нь Монголд хэдэн жилийн турш хар ажил хийж манай нийслэлийн төвийн гол хэдэн барилгыг барилцсан юм. Олзлогдогсдын хөдөлмөр оролцож улсын төв номын сан, төв театр, гадаад явдлын яам, төв шуудан, Элдэв-Очир кино театр, “Алтай” зочид буудал зэрэг гол гол барилга боссон нь үнэн хэрэг дээрээ Улаанбаатар хотын “хойморын” хэсэг шинэчлэгдсэн хэрэг юм. Тэрнээс хойших жилүүдэд нийслэлд олон барилга боссон боловч ихэнх нь орон сууц байв. Улсын их сургуулийн баганат ордон босож үүдэн дээр нь маршал Чойбалсангийн хөшөө боссон цагаас хойш нэлээн жил өнгөрөхөд үйл хэргийг нь шинэ нөхцөлд үргэлжлүүлэгч Юмжаагийн Цэдэнбал Япон улсаас дайны хохирол нэхэмжилсээр байсан бөгөөд Япончууд Монголд ноолуурын үйлдвэр барьж өгөхөөр болж одоогийн “Говь” комбинат боссон нь шинэ зуунд малынхаа ашиг шимийг дэлхийд гаргаж улс орныхоо хөгжилд “Бренд” /сор/ хэмжээнд үйлдвэрлэхийн түрүүч нь болон өргөжиж байна.
Дайнаас голчлон хохирол үздэг боловч хонжоо олох талаас нь ухаан зарсан монгол зүтгэлтнүүдийн ухааны хүчинд бахдууштай. Эцэст нь монголчууд онцгой ухаан сийлж чадах тухай хоосон магтаал цувуулсангүйгээ учирлая. Хүний оюун ухааны хэмжүүрийг аль эрт тогтоосон бөгөөд монгол хүний тархи нь 1382 грамм байдаг ажээ. Тэр нь цагаан арьстных 1330 грамм, хар арьстных 1280 грамм байдгаас 52 граммаар илүү (IQ) гэсэн үг юм.
“Хэрвээ ирэх зуунд байгалийн онцгой үзэгдэл болохгүй бол хүн төрөлхтөн оюун ухаанаа шүтнэ. Тэгвэл Монголчууд гарцаагүй түрүүлнэ. Тэдний тархи хамгийн том” нь гэж Герман эрдэмтэн О.Форте бичжээ. Тэр ерөөл бат орштугай.
Л.Түдэв, “Зиндаа” сэтгүүл, №02/502, 2017 он
Сэтгэгдэл ( 4 )
бас л дутуу сэтгэж бна даа. ухаан бгаад мөнгөгүй бол юу ч хийж чадахгүй. уул уурхай бол манай Монголын хувьд богино хугацаанд мөнгө олох хамгийн бодитой хувилбар. жишээ нь, шинжлэх ухаан технологи гэдэг бол мөнгөтэй хүний хийдэг ажил, яагаад гэвэл, ш/у-ны бүх туршилтын 50-60 хувь нь ямар ч үр дүнгүй болдог. ийм их эрсдэлийг мөнгөтэй улс орнууд үүрч чадна. багш нартаа өндөр цалин өгч, боловсролтой хүүхдүүд өсгөхийг хүсвэл, ш/у-наа хөгжүүлэхийг хүсвэл мөнгө зайлшгүй хэрэгтэй. Түдэв гуай арай л гэнэн бж дээ
яаг үнэн манайхан ухаантай шударга үнэнч эмх цэгцтэй хүнд дургүй болохоороо агуу хүнээ ашиглаж чадаагүй санал нийлж байна олон жилийн өмнө ерөнхийлөгчид нэр дэвшиж байхдаа д” д хөтөлбөр гэнгүүт л за бид нарыг дэглэх нь гээд л бичиж байсан юмдаг үнэндээ бол дэг журам тай байж дэвшил хагжилд хүрнээ л гэсэн утгатайг янзтай тайлбарласан гэтэл өөө бид нар ямар сонголт ...хэдийнээ галт тэрэг хөдөлсөн байлаа
агуу хүн байсан даа хөөрхий. их сэтгэгч гэвэл энэ хүнийг л хэлэх байсан. монголчууд ашиглаж чадаагүй
aguu hvn shvv.um maani badmi hum