Мэргэжлийн сүмо бөхчүүдийн зуны кимоно хувцас үнэхээр гоёмсог, маш олон янзын өнгө, загвартай, дээд зиндааны бөхчүүдийн нэртэй байдаг. Сүмочид энэ хувцасны даавууныхаа загварыг заримдаа өөрсдөө зохиож, нэг нэгэндээ бэлэглэдэг уламжлалтай.
Мэргэжлийн сүмо бөхийн Тацүнами дэвжээ Ибараки мужийн Цүкүбамирай хотод энэхүү кимоногийн даавуугаа маск хийх зорилгоор мөнгөн тусламжийн хамт хандивласан байна. Тус дэвжээ 2007 оноос Цүкүбамирай хотод байрлаж байгаа болон Ибараки мужид амны хаалт дутагдалтай байгаагаас ийм тусламж үзүүлэх болжээ.
Сүмочдын хандивын даавуугаар сайн дурын 40 оёдолчин хүүхдийн 2200, насанд хүрэгчдийн хэрэглээний 300 амны хаалт оёсноо энэ сарын 15-нд хотын захиргаанд гардуулан өглөө.
Хотын дарга Одагава Хироши “Үнэхээр хомсдоод байсан амны хаалтаар туслан дэмжсэнд баярлалаа. Зүрх сэтгэл дулаацуулсан бэлэг байлаа” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )