Шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдэхэд мах, гурил, будаа, талх, ургамлын тос цаашлаад хувцас барааны үнэ хүртэл нэмэгддэг. Өнөөдөр 1200 байсан талх, маргааш 1300 болж, өнөөдөр 20 мянга байсан цамц маргааш 25 мянган төгрөг болоход нөгөө л шатахууны үнэ, валютын ханшийн өсөлтийг буруутгана. ШӨХТГ-аас энэ сарын 14-нд хийсэн хяналт, шалгалтаар А-80 автобензин 195 төгрөг, АИ-92 автобензин 200-290 төгрөг, дизель түлш 290-310 төгрөгөөр үнээ бууруулсан болохыг тогтоогоод байна. Тэгвэл өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ буураагүй, эсрэгээрээ бага хэмжээнд нэмэгдсэн гэдгийг бид сурвалжиллаа.
Бууз, хуушуурын гуанз ажиллуулдаг нэгэн эмэгтэй үхрийн мах авахаар “Дэнжийн 1000”-ыг зориход хямдраад хямдраад 12 мянган төгрөгийн үнэтэй байжээ. Тиймээс 10 мянган төгрөгийн үнэтэй хонины цул махыг 7500 төгрөгөөр танил ченжээсээ худалдаж авсан байна. Түүний хэлж байгаагаар “Ойрд мах үнэтэй. Нөөцийн мах худалдаанд гарсан боловч үнэ буусан юмгүй. Ер нь махаа хятад руу гаргаад байгааг дуулсан. Нөөцийн мах бол зах, худалдааны төвд бараг байхгүй шүү. Дэлгүүрүүдээр зарж байгаа. Хонь, ямааны мах элбэг байхаас үхрийн мах нь ховор байна. Учир нь нөөцийн махны хамгийн гайгүй чанартай нь үхрийн мах юм” хэмээн хэллээ. “Бөмбөгөр” худалдааны төвд лав нөөцийн мах зардаггүй. Нөөцийн үхрийн ястай мах 7700, хонины ястай мах 6700, ямааны ястай мах 6200 төгрөгөөр зах, худалдааны төвийн ойролцоох дэлгүүрүүдэд зарж байна. Зориулалтын уут, савлагаа, шошготой хэдий ч чанар яривал хэцүүхэн. Тэгээд үхрийн мах дэлгүүрт ирэнгүүтээ хамгийн түрүүнд зарагддаг, урьдчилаад хүмүүс авах гээд захидаг гэнэ.
Үхрийн махны үнэ өнгөрсөн долоо хоногоос 100-150 төгрөгөөр өслөө
“Бөмбөгөр” худалдааны төвд үхрийн цул мах 14 мянган төгрөг, үхрийн ястай мах 12 мянган төгрөг, хонины цул болон ястай мах адилхан 10500 төгрөг адууны мах 11 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Ямааны мах дууссан, хүмүүс бараг авахгүй байгаа гэж худалдагчид хэлж байна. Нэг килограмм тахианы мөч, гуя аль аль нь 9000 төгрөгөөр зарагдана. Гараар хэрчиж татсан хонины мах нэг килограмм нь 10500 төгрөг гээд цул болон ястай хонины махтайгаа адилхан үнээр зарж байгаатай таарлаа. Энэ бол худалдан авагч цөөрсөн одоо цагт хэрэглэгчээ татах гэсэн хөдөлмөрч худалдагчийн нэгэн арга аж. Зах, худалдааны төвийн худалдагчид “Шинэ мах шүү, нөөцийн махнаас илүү чанартай” гэх үгсээр гол сурталчилгаагаа хийдэг бололтой. Нийслэлийн статистикийн газраас энэ долоо хоногт хийсэн үнийн судалгаагаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9748 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11932 төгрөгийн үнэтэй байгааг тогтоожээ. Ингэснээр өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн цул болон ястай махны үнэ 100-150 төгрөгөөр өсөөд байгаа аж. Мэргэжлийн байгууллагын судалгаагаар үхрийн ястай мах 9500, хонины ястай мах 8300 төгрөгөөр “Хархорин”, “Хүчит шонхор” захад худалдаалж байгаа нь хамгийн хямд үнэ гэнэ. Харин биднийг сурвалжлахаар очиход махны үнэ статистикийн газрын мэдээллээс хамаагүй илүү үнэтэй байлаа. Дэлхийн зах зээл газрын тосны үнэ буурснаар сайндаа 20, 30 төгрөгөөр хямдардаг шатахуун 200-300 төгрөгөөр буучихсан гэдгийг бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, компани, үндэсний үйлдвэрлэгчид, зах, худалдааны төвүүд аль аль нь анхаарна биз ээ. Анхаарах ч ёстой гэдгийг Шударга, өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас уриалсаар байна.
Гурил, будааны үнэ хэвэндээ
Махны үнэ буурах биш өслөө. Гурил, будааны үнэ хэвэндээ байна. Энэ сарын 14-нд “Сонгдо” эмнэлгээс шинэ төрлийн коронавирусний тохиолдол илэрч магадгүй гэсэн мэдээ цацагдангуут гурил, будааг дугаарлан барин хүмүүс авсан гэдгийг “Бөмбөгөр”-ийн худалдагч хэллээ. Будааны үнийн хувьд “Ковид 19” вирус манай улсад бүртгэгдсэнээс хойш бага зэрэг нэмэгдсэн. Шуудай будаа 5000 төгрөгөөр нэмэгдсэн гэнэ. Сүүлийн үед Оросоор дамжиж орж ирдэг Вьетнам будааг хүмүүс их авах болжээ. Нэг килограмм нь 3000 төгрөг гэдэг боловч яриад 2600 төгрөгт өгч болно. Орос будаа 2500 төгрөг, бөөнөдөж авбал 2200 төгрөгт өгнө. Шуудай будаа 55-60 мянган төгрөг гэнэ. Тэгвэл ОХУ нь будаа, гурил, сонгино, сармисыг ирэх долдугаар сар хүртэл экспортлохоо больчихлоо. Манай улсад орж ирдэг байсан будаа, элсэн чихэр нь удахгүй хомсдож эсвэл үнэд орох юм байх даа гэж надад бодогдов. Гурилын хувьд ч яах вэ дотооддоо үйлдвэрлээд үнэ буугаагүй бас нэмэгдээгүй байна. “Алтан тариа” нэгдүгээр гурил 25 кг нь 27 мянган төгрөг, “Улаанбаатар” нэгдүгээр гурил 26 мянган төгрөг, “Өег” гурил 25 мянга төгрөгийн үнэтэй байлаа. 10 кг гурил дунджаар 11500 төгрөг юм. Үндэсний үйлдвэрлэгчийн гурилнуудад үнийн зөрүү бага буюу шуудай нь 500-1000 төгрөгийн ялгаатай гэж анзаарагдлаа.
Талхны үнэ хэвэндээ л. Атар дугуй талх 1200, атар зүссэн талх 1300, мишээл цагаан болон хөх тарианы талх 1650 төгрөгийн үнэтэй. Өнгөрсөн намар дотоодоос улаанбуудайгаа бүрэн боловсруулж чадаагүй гээд талхны үнэ 100 төгрөгөөр лав нэмэгдсэн санагдана. Хувьсан өөрчлөгдөж байдаг хаврын улирал шиг ээ манайд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ хувьсан өөрчлөгдөж л байдаг. Албатай юм шиг үнээ нэмдэг боловч буулгахдаа тун харам юм. Ганцхан жил үнийн өсөлтгүй бараа, бүтээгдэхүүн хэрэглэж үзэх сэн. Манай улсад энэ нь зүүд зэрэглээ мэт. Төрийн байгууллагууд цар тахлын үед өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг нэмж болохгүй гэж хэлсэн. Нэмсэнгүй. Гэхдээ үнийг буулгах хэрэгтэй байна. Дотоодын үйлдвэрлэгч “Өгөөж”-ийн зарим бүтээгдэхүүн хямдарчээ. Жишээлбэл, “Монгол боорцог” 1950 төгрөгөөс 1650 төгрөг болж, “Нийслэл боорцог” 2250 төгрөгөөс 1750 төгрөг болжээ. Зарим гурилан бүтээгдэхүүн хямдарсан ч гэсэн хүмүүсийн хамгийн их худалдан авдаг бүтээгдэхүүнийх нь үнэ буураагүй.
1500 төгрөгийн үнэтэй даавуун бээлийг шууран авч байна
Дараа нь бид “Бөмбөгөр” худалдааны төвийн гэр ахуйн тасагт ирлээ. Тэтгэврийн 50 мянган төгрөгөө гартаа атгасан өвөө нэг ширхэг анита саван, 650 төгрөгөөр, шампунь 8300 төгрөгөөр, угаалгын нунтаг 7500 төгрөгөөр, “Ариун"-ы 236 мл савлагаатай гар ариутгагч 5900 төгрөгөөр, хлорамин 2500 төгрөгөөр авахад 25 мянган төгрөг нь дуусчихлаа. Тэр өвөө худалдагч эмэгтэйгээс “Бензины үнэ буусан. Барааны үнэ чинь буугаагүй юм уу” гэж асуулаа. Худалдагч эмэгтэй “Одоо буусан юм алга. Үнээ буулгахыг би ч мэддэг юм биш. Удирдлагууд мэднэ” гэж хариулав. Ямар удирдлагууд мэдэх үү гэж хажуугаас нь оролцож үгэнд дурласан би тал талын худалдагчдынх нь хэл аманд өртөв. Бараа авч байсан гурав, дөрвөн хүнээс ганц нэг нь өвөө бид хоёрын талд орж үзэв. Шийдэлд хүрэхгүйгээ мэдээд удалгүй өвөөг ногооны тасагт дөхүүлж өглөө. Ногооны тасгийн худалдагчаас Ховдын Жаргалантын төмс 900 төгрөг, лууван 1300 төгрөг, орос сонгино 1500 төгрөг, байцаа 2500 төгрөг, манжин 4000 төгрөгөөр бүр үнийг “супер” буулгаад нэг хүн худалдаж авч байх юм. Та бод доо. Лангуун дээрээ 1200 төгрөг гээд бичигдчихсэн төмсний үнэ 900 болтлоо, 1800 гээд бичигдсэн луувангийн үнэ 1300 болтлоо, 2500 гээд бичсэн орос сонгино 1500 болтлоо нэг килограмм нь 500-1000 төгрөгөөр бууна чинээ санасангүй. Энэ бол хүүхдийн үсний найр хийх гэж байгаа танил эрхэмдээ худалдагчийн санал болгосон үнэ юм. Бүр 45 кг буюу шуудай төмсөө 30 мянган төгрөгөөр өгнө гэхээр нэг килограммаар бодвол 670 орчим төгрөг болж байх юм. Яахаараа лангууны үнэ, танилын үнэ ийм өөр байдаг юм бол доо. Ингээд нөгөө өвөө үлдсэн 25 мянган төгрөгийнхөө 15 мянгаар нь 1.4 кг хонины мах, 10 мянгаар нь жаал жуул ногоо аваад гэрийн зүг явлаа.
Статистикийн газрын тоо баримтаас харахад, хүнсний ногооны үнэ энэ долоо хоногт өмнөх долоо хоногоосоо нэгээс 11 хувиар өссөн байна. Зарим худалдааны төвүүд бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг ил тод байршуулдаг болсон сайн тал ажиглагдлаа. Гурил, будаа, ургамлын тос, хүнсний ногоо, талх гурилан боов гээд бүтээгдэхүүн тус бүрийн үнийг нэг бүрчлэн бичдэг болсон нь иргэд, хэрэглэгчдийн сонголтод таатай нөлөө үзүүлэх юм. Түүнчлэн зах, худалдааны төвийн гадаа ил задгай худалдаа эрхлэгчид цар тахлын нөхцөл байдалд өмнөхөөс харьцангуй буурчээ. Шинэ төрлийн коронавирусний халдварын тархалт зогсоогүй байгаа учраас гар ариутгагч, амны хаалт, цэвэрлэгээний бодис эрэлттэй хэвээр. Нэг удаагийн эмнэлгийн гэх тодотголтой амны хаалт ширхэг нь 1000 төгрөг, таван ширхэг нь 900 төгрөг, “Чийг татахгүй, гар хөлөргөхгүй” хэмээн магтсан даавуун бээлий 1500 төгрөгөөр худалдаалагдаж байлаа.
Сэтгэгдэл ( 3 )
Махны үнэ арай л хэтэрлээ шүү
Хужаа нарт махаа зараад байгаа болхоор ингэж байгаа юм. Хужаа нарийн хийж байгаа ажил биз
Iim shunaliin tulamnuudad arga hemjee avch boldoggvi yum uu.bvvr neg setgelgvi,hogiin amitad bdgii