Эрсдэлийг зөв тооцохгүй бол ХЯМРАЛ ЦААШЛАХГҮЙ

2020 оны 04 сарын 17

Дэлхийн улс орнууд цар тахалтай холбоотойгоор нэг удаагийн хууль баталж буй жишгийг Монгол Улс дагана гэж спикер мэдэгдсэн. Коронавирусний тархалтад гүн нэрвэгдэхгүйн тулд улс орнуудын төр засаг эрсдэлээ зөв үнэлж, тооцож, цагаа олсон шийдвэр гаргах нь тун чухал байгааг хаа хаанаа харж байгаа. Манай тухайд халдварыг тараахгүйн тулд төр, засгийн зүгээс хичээн, шаргуу ажиллаж байгааг бүгд л харж байна. Харин эдийн засгаа, иргэдийн амьжиргааг дэмжсэн шийдвэр, арга хэмжээнүүдийн тухайд дагаж яригдах асуудлууд бий. УИХ-аас онцгой нөхцөл байдалд үйлчлэх, төрийн байгууллагын эрх хэмжээг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулах зорилготой хуулийг  батлахгүй гээд ч яахав. Тэгж гэмээнэ төсвийн хөрөнгө оруулалтуудыг эрэмбэлж, тэвчиж болох зардлуудаа танаж, нэн чухал арга хэмжээнүүдийнхээ зардалд шингээх асуудал бодитой ажил болох юм шиг байгаа юм.

Уг нь  ийм онцгой нөхцөл байдлын үед нэг хэсэг нь төсвөө тодотго гээд, нөгөө хэсэг нь үгүй гээд талцаад, улстөржүүлээд байх нь чухал биш л дээ. Ерөөсөө л зардлуудаа зөв эрэмбэлэх, өнөөдөр, яг одоо гаргаж буй зардал мөнгө эдийн засгийн, нийгмийн маргаашийн суурь үзүүлэлтүүдийг унагахгүй байхад чиглэх ёстой гэдэг дээр л ойлголцол, онч хараагаа нэгтгэх ёстой юм.

Гэвч сонгууль тулсан энэ үед манай гандан буурдаггүй улстөрчид тодотгол гэдэг үгтэй зууралдан, бархиралдсан чигээрээ байгаа юм.  Бүгд л тус тусын эрх ашигтаа ээрэгдээд, улс оронд тулгарсан эрсдэлийг бодитоор үнэлж, тооцсон шийдвэр гаргах чадамжаа алдсан байр байдал ноёлж буйг хэлэхэд илүүдэхгүй байх.

Гол нь коронавируснээс хамаарсан бэрхшээл эдийн засагт хэдийг хүртэл төвөг учруулах нь тодорхойгүй байна. ОУВС дэлхийн эдийн засгийн шинэ төлөвийг тооцоолохдоо энэ онд гурван хувиар уруудаж магадгүй гэж үзсэн. Гэхдээ  коронавирусний тархалтыг оны сүүлийн хагас гэхэд аргамжиж чадсан нөхцөлд л ийм хэмжээний уналтын тухай ярьж болно. Хэрэв дэлхийн улс орнууд өвчний тархалтад дарамтлуулсан хэвээрээ байх юм бол тэргүүлэгч томоохон эдийн засгуудыг хэд хэдийг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний ДНБ тооцооллоос арчигдан алга болох эрсдэл байгааг ОУВС-гаас сануулсан билээ. Энэ бол болзошгүй төлөвөөс бодит болж биежих боломж бүхий ЭРСДЭЛ гэдгийг тодотгоё.

Түүнчлэн Монгол Улсын төр засаг, холбогдох байгууллагууд, тооцоолол, судалгаанд тулгуурлан шийдвэр гаргах үүрэгтэй этгээдүүд бүгд  бодитоор аюул учруулах эрсдэлийг эрэмбэлэхэд анхаарлаа хандуулах ёстой. ОУВС-гийн сүүлийн тооцооллоор манай улсын эдийн засаг энэ онд нэг хувиар уруудах таамаглал байна. Нөхцөл байдал үүнээс ч муудах эрсдэл бий. Ер нь бол эдийн засгийн аливаа   хямралын дараа нөхцөл байдал зөөлөрч, эдийн засагт шинэ боломжууд бий болж, сэргэлт ирдэг ч энэ удаагийн коронавируснээс хамаарсан дэлхийн эдийн засгийн хямралт байдал хэзээ илаарших вэ гэдэг асуултын хариу нь төсөв болон мөнгөний  бодлогын зохицуулалтууд биш байгаа юм.  Дэлхийн улс орнууд энэ хүнд нөхцөл байдлыг даван туулахын тулд цар тахлыг харьцангуй эрсдэл багатай даван туулахад чиглэсэн, үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалсан арга хэмжээнүүдийг цагаа олж авах хэрэгтэйг ОУВС онцолсон. Цагаа олсон, үр дүнтэй бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь эдийн засагт урт хугацааны хамгийн чухал хөрөнгө оруулалт болно гэж судлаачид үзэж байна. Коронавируснээс хамаарч худалдаа, аялал жуулчлал гэхчилэн  эдийн засгийн тодорхой салбарууд эрчтэй уруудаж байгаа тул бодлого боловсруулж, шийдвэр гаргагчид дотоодынхоо бизнесүүдийг дэмжсэн мөнгө, санхүүгийн дорвитой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. БНХАУ-д  халдварын тархалт идэвхжиж байсан эхний үед дэлхийн эдийн засаг V хэлбэрийн буюу түр агшаад эргээд хурдан сэргэх байх гэсэн таамаглал давамгайлж байсан. Харин одоо бол яг л ийм байна, тийм байна гэсэн таамаглал хэлэхээс эдийн засагчид, судлаачид татгалзаж байна. Коронавирусний улмаас салбар бүр шоктой нүүр тулж байгаа учраас олон асуудлыг зэрэг шийдвэрлэх боломж бололцоо хумигдмал байна. Эдийн засагч Б.Түмэнцэнгэл “Мөнгөний бодлогын арга хэрэгслүүдээр вирусний  тархалтыг зогсоох аргагүй ч эдийн засагт үзүүлэх зарим сөрөг нөлөөллийг зөөллөх боломжтой. Коронавируст үзүүлэх хариу үйлдлийг шийдэхийн тулд эхлээд тулгарсан эрсдэл, нөхцөл байдал нь эдийн засагт ямар сувгаар нөлөөлөх вэ гэдгийг тодорхойлох ёстой болно. Тэгж байж, аливаа бодлогын шийдвэрийг гаргахад илүү үндэслэлтэй, хэрэгжилт илүү үр дүнтэй болж чадна. Коронавирус нь үндсэн гурван гол сувгаар эдийн засагт нөлөөлөх эрсдэлтэй. Эхнийх нь дотоодод тогтоосон хөлийн хорио, бизнесийн үйл ажиллагаанд хийсэн зарим хязгаарлалтуудтай холбоотойгоор хэрэглэгчдийн үйл хөдлөл, зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж, улмаар эдийн засгийн эрэлт болон нийлүүлэлт талд хязгаарлалт үүсгэж буй. Энэ нь богино хугацаанд иргэд, компаниудад хүнд тусч болох ч вирусээс урьдчилан сэргийлэх нь цаашдын эдийн засгийн тогтвортой байдалд зайлшгүй чухал. Дараагийн нэг гол нөлөөлөх суваг нь олон улсад вирус тархаж буйтай холбоотой гадаад улс орнуудтай холбогддог эдийн засгийн харилцааны суваг юм. Өөрөөр хэлбэл, гадаад худалдаа, гаднаас авдаг бизнесийн үйлчилгээнүүд, санхүүжилтүүдэд ямар эрсдэл тулгарах вэ гэдэг асуудал гэсэн үг. Экспорт, импорт, бизнесийн үйлчилгээ, аялал жуулчлал дээр сааралт бий болох дүр зураг байгаа ч том төслүүдийн үйл ажиллагаа хэвийн явж, санхүүжилт нь үргэлжилж байгаа нөхцөлд санхүүгийн урсгал дээр том сөрөг шок орж ирэхгүй болов уу гэсэн хүлээлт бий. Эцэст нь хэрэглэгчид, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн цаашдын хүлээлт эдийн засгийн үйл ажиллагааны идэвхжилд чухал нөлөөтэй байх болно. Тэгэхээр эндээс эдийн засгаа тогтвортой байлгахад дан ганц мөнгөний бодлого биш, сангийн бодлого, хувийн хэвшлийн идэвх санаачилга, иргэдийн оролцоо ч маш чухал гэдэг нь харагдаж байна. Энэ үед ‘бүгд нэг завин дээр сууж яваа’ гэдгийг эдийн засагт оролцогчид бүгд ойлгож, хамтарч ажиллах нь эрсдэлийг хохирол багатай даван туулах гол арга зам болов уу” гэснийг сануулан, тодотгоё.

Яг энэ цаг үед үүсээд буй давхар давхар  шокийн өмнө дэлхий нийтээрээ л хүчгүйдэж, арга эвээ олохгүй үймж буй нь үнэн. Хэдий тийм ч  тулж ирсэн асуудлуудын араас өндийх, нөхцөл байдалд дасан зохицсон маягийн буюу цохилтын хүчийг сулруулсан бодлого барих шаардлага бодитоор тулаад байгааг хаа хаанаа санах ёстой. Цохилт илүү хүчтэй тусах хэсэг рүү чиглэсэн ямар бодлогууд авах ёстой вэ гэдэг чухал байгаа. Коронавируснээс хамаарсан хямрал  цаашид илүү удаан хугацаанд үргэлжлэх тохиолдолд эдийн засагт авч хэрэгжүүлэх бодлого, шийдвэрийн нөөцтэй байх хэрэгтэй байна. Цаашлаад өөдрөгөөр харахад, хямралт байдал илааршсан үед эдийн засаг уламжлалт зохицуулалтуудаа дагаж мөрдөх хэрэгтэй болно. Тэр үед эдийн засаг хэвийн голдиролоор урагшлах уу, үгүй юу гэдэг нь өнөөдрийн бодлого, шийдвэрүүдээс хамаарна гэдгийг бас хаа хаанаа санах ёстой биз ээ. Коронавирусний “буян”-аар дэлхийн улс орнууд эдийн засагтаа шинэ боломж, гарцуудыг нээнэ гэсэн өөдрөг төсөөллүүд бийг дашрамд дурдъя. Өнгөрсөн гучин жилд зургаан удаа ОУВС-гаас амь тариа гуйж, сэхээний тасгаас гарсан намтартай  Монголын эдийн засаг коронавирусний хүндрэлийг даван туулах зуураа, шинэ гарцыг олж харах уу, бахь байдагтайгаа зууралдсан чигээрээ байх уу гэдэг нь анхаарал татах л асуудал юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 04 сарын 17

Manaih chadna l daa daanch songyylia geedele soliorood mungu hayad ihellee .Turiin alabn haagchidiin naad tsah ni gar ytas mashin Hoolnii zardal bas ayalal jyylchilal bayar uun zardal bas gadaad dotoodiin yylzalt syrgalt tyydiig tsuuluh uym bol mash ih dollor hemneh uym baigaa uym daa naad tsahi ni .Mongoloo boddog olgiarhyydaas hycheer handiv avah heregtei .

0  |  0
Top