СУРВАЛЖИЛГА: 17 жилийн түүхтэй англи номын дэлгүүрт зочилсон нь

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 20

Одоогоос есөн жилийн өмнө “Их дэлгүүр”-ийн урд байдаг англи номын дэлгүүрт анх орж үзэж билээ. Тухайн үедээ л сонин содон хүүхдийн болон танин мэдэхүйн ном голдуу зарагддаг байсан уг дэлгүүр Их дэлгүүрээс баруун тийш жаахан яваад замынхаа урд талд нэгэн подьволд байрладаг. Яг эндээ нүүж ирээд 10 жил, нүүж ирэхээсээ өмнө номын дэлгүүр нь нээгдээд 17 жил болж байгаа аж. Анх 2003 онд “ТБД-Андууд” төвд байрлаж байгаад хорооллын “Номин” их дэлгүүр, Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо гээд нэгээс хоёр жилээр байраа сэлгэн явсаар байнгын уншигчдынхаа мэддэг болсон одоогийн байршилдаа иржээ. Ингэхдээ эхлээд зөвхөн өрөөний ханан хэсгийг түрээсэлж, дараа нь хувцас зардаг хүнтэй хамтарч подьволоо түрээсэлж яваандаа тэр буйдхан газраа дангаараа түрээсэлсээр өдийг хүрчээ. Нам гүмхэн ч гүн бат оршсоор ирсэн 17 жилийн хугацаанд 10 жилийнхний бас оюутан цагийн нөхөрлөлийн дурсамж, хамтдаа уншдаг байсан ном, хамтдаа очих дуртай байсан номын дэлгүүр гээд олон хүний ой дурдатгалд тохирох байр суурийг эзлэн үлдсэн энэ дэлгүүрээс бяцхан сурвалжилга бэлдлээ.

Америкт амьдардаг дүүгийнхээ аман ярианаас санаа авч, анх дүүдээ захин англи ном авчруулснаар тухайн үед зах зээлдээ анхдагч гэхээр англи номын худалдааг хийж эхэлсэн Пүрэвдоржийн Цогзолмаа эгчээс “Ном зарах ямар вэ” гэж асуухад “Ном зарна гэдэг бол сайхан ажил. Номтой нөхөрлөснөөр эерэг зүйл бодож, эерэг уур амьсгалыг номын дэлгүүрт ирж буй хүмүүст төрүүлэх гэж хичээдэг. Заримдаа надаас эмийн санч, эмчээс жор асууж байгаа мэтээр номын үйл явдлыг асууна. Тэр номыг уншвал тэр хүнд ямар сэтгэгдэл төрж, яаж нөлөөлөх вэ зэрэг олон асуултыг хүмүүс асуудаг. Энэ үед би аль болох мэдэх бүхнээ хэлж өгөөд, мэдэхгүй бол мэдэхгүй гэдгээ шуудхан хэлдэг. Манай номын дэлгүүрээр ихэвчлэн ахлах ангийн хүүхдүүд, оюутнууд, 30 гаруй насныхан, заримдаа ээж, ааваа дагуулсан бяцхан уншигчид орж ирж үйлчлүүлдэг. Ялангуяа охид, хүүхдүүд их сэтгэлийн хөдөлгөөнтэй орж ирэнгүүтээ “Хөөх” гэж гайхна. “Болдог сон бол бүх номыг авах сан” гээд баярлахад нь надад хамгийн сайхан мэдрэмж төрдөг. Хүнд хэрэгтэй юм хийж байгаа юм шиг санагддаг” хэмээн П.Цогцолмаа эгч хариуллаа.

“Ном бол хүн төрөлхтний бодож олсон хамгийн том үнэт зүйл” гэж зохиолч Г.Аюурзана бичсэн байдаг. Тогтмол ном уншсанаар тархины холбоосууд идэвхжиж тархины дасгал болдог. Харин уншихгүй бол тархи унтаа байдалд ордог гэдэг. Миний нэрлэж байгаагаар “Англи номын дэлгүүр”, дэлгүүрийн хаягаар бол “Books in English” номын дэлгүүрт 500 төгрөгийн сэтгүүлээс 45 мянган төгрөгийн үнэтэй сонгодог зохиолууд худалдаалагдаж байна. “Sapiens”, “Homo deus”, “The Alchemist” гэх мэт сүүлийн үед борлуулалт сайтай байгаа номууд болон “life of Pi”, “The Da Vinci code”, “Steve Jobs”, “A Game of Thrones”, “Twilight”, “Anna Karenina”, “The Sherlock Holmes mysteries” гээд хэдэн зуун номууд байгаа гэнэ. “Шадар гурван цэрэг”, “Дэлхийн төв рүү аялсан нь” зэрэг сонгодог зохиолуудыг хялбаршуулсан байдлаар бичсэн 5000 төгрөгийн үнэтэй номыг англиар эхлэн уншиж байгаа хүмүүст худалдагч эгч санал болгодог байна. Америкаас авчирсан оригинал тодотголтой сонгодог зохиолууд байна. Ховор, хуучин номууд, танин мэдэхүй, хувь хүний хөгжилд чиглэсэн номууд, хүүхдэд зориулсан үлгэр, зохиол, зурагт номууд ч тавиурууд дээр өрөөстэй.

Сонин содон номноос сонирхуулахад, Монгол Улсыг НҮБ-д элссэнийг тохиолдуулаад “Natoinal Geographic” сэтгүүлийн баг хоёр сар гаруй хугацаанд манай улсаар аялж, сурвалжилжээ. Улмаар 1962 оны гуравдугаар сарын дугаарынхаа 56 нүүрт нь Монголын талаар бичиж, гайхалтай гэрэл зургуудыг дэлгэсэн байдаг аж. Энэ тухай бичсэн “Natoinal Geographic” сэтгүүлийг Америкаас цөөн тоогоор захиж авчруулсан нь анхаарал татлаа. Бөгжний эзний цувралууд, Харри Поттерийн цувралууд, хүүхдийн багц номууд, Өлсгөлөн тулаан цувралууд, Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл гээд цуврал номууд 39 мянган төгрөгөөс үнэ нь эхэлнэ. “Харри Поттер” номын долоон боть нь гэхэд англи, америк хоёр хэвлэлээр худалдаалагдаж байна. Уран зохиолын номууд 13900-14900 төгрөгийн дундаж үнэтэй. Англи хэлний түвшинд нь тохируулаад зохиолуудыг хялбарчилж бичсэн ном болон уншсан СD хамтаараа цөөхөн тоогоор зарагдаж байна. Дулааны улиралд энэ дэлгүүрийн гол үйлчлүүлэгчдийн нэг болдог жуулчдад зориулсан номууд өөр нэг тавиур дээр харагдана. Энд Монголоос Англи хэл рүү хөрвүүлсэн “Монголын нууц товчоо”-ноос эхлээд монголын зохиолчдын зарим нэг бүтээлүүд байсныг онцлууштай. Ийнхүү англи номын дэлгүүрийн номнуудтай нэлээд танилцлаа. Сүүлийн үед томоохон номын дэлгүүрүүд хуучин ном авч тавихаа больсон учраас эдний дэлгүүр үйлчлүүлэгчийн заруулахыг хүссэн хуучин ном, сэтгүүл, кино гэх мэтийг зарагдсан бараанаас хувь авах байдлаар тохирч худалдаалдаг байна. Жишээлбэл, хувь хүний заруулахаар тавиулсан 3000, 5000 төгрөгийн үнэтэй хоёр хэл дээр орчуулгатай кинонууд сонголттойгоор байлаа. Бас л “оригинал” тодотголтой юм байна. Эхэн үедээ усан замын тээврээр хоёроос гурван сар хүлээгдэж байж захиалсан номууд ирдэг байсан бол одоо харьцангуй богино хугацаанд хэрэглэгчийн хүлээлттэй байгаа шинэ номуудыг оруулж ирдэг болжээ.

Хүүхдийн номын хэсэг

Өнгөрсөн гуравдугаар сар болон энэ дөрөвдүгээр сард үйлчлүүлэгчдийн тоо харьцангуй багассан байна. Цар тахлын үеийн нөхцөл байдлаас өмнө өдөрт 20 гаруй ном зарагддаг байсан бол одоо дунджаар дөрөв, тав, ихдээ 10 ном зарагдаж байгаа аж. Номын худалдаа эрхэлснээр өөрөө англи ном сонирхож, үг хэллэгийн харж сонгож байгаад уншдаг болж яваандаа бага сага англи хэлтэй болсон гэж худалдагч эгч хэллээ. Номыг онлайнаар сонгуулж хүргэж өгч байхаар авахыг хүссэн хүмүүс өөрсдөө орчинд нь ирээд мэдэрч, харж сонгоод аваасай гэж хүссэндээ энэ дэлгүүрээ тасралтгүй ажиллуулсаар байгаа бөгөөд амралтгүйгээр өдөр болгон дэлгүүрээ нээдэг байна. 17 жил номын худалдаа эрхэлсэн туршлага дээрээ үндэслээд хүүхдийг ном уншуулахын тулд яах ёстой талаар худалдагч эгч зөвлөлөө.

Түүний хэлж буйгаар нэгдүгээрт, хүүхдүүдээ ном уншуулдаг болгохын тулд эцэг, эх өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй гэнэ. Эцэг, эх нь ном уншдаг бол хүүхдүүд аяндаа дуурайж номонд сонирхолтой болно. Хоёрдугаарт, хүүхдийг өөрийг нь номын дэлгүүрт аваачиж байх хэрэгтэй гэнэ. “Өөрөө сонгож авч уншсан ном, өөр хүнээр сонгуулж авч уншсан ном өөр шүү дээ” хэмээн инээмсэглэн ярих номын худалдагч эгчийг хараад “Нээрээ ч тийм шүү” гэсэн бодол төрөв. П.Цогзолмаа эгч ихэнхдээ дэлгүүртээ өөрөө сууна. Хааяа нөхөр нь, хааяа охин нь ээлжлэн сууж түүнд тусалдаг. Тэднийх гэр бүлээрээ номонд дуртай. Ном гэдэг дурлахгүй байхын аргагүй зүйл ажээ. Жил бүрийн тавдугаар сард Улаанбаатар хотын төв талбай дээр номын баяр болдог. Номын баяраар номыг 10-50 хувийн хямдралтай үнээр худалдаалж, зарим газарт зохиогчийн гарын үсэгтэй номыг бэлэглэж, зарим газарт номын сугалаа хүртэл зохиогдож хүсэн хүлээсэн иргэд зорьж очдог билээ. Гэтэл энэ жил шинэ төрлийн коронвирусний халдварын улмаас номын баяр болохгүй нь нэгэнт тодорхой болж байна. Энэ бол номыг худалдагч, зохиогч, уншигчийн хувьд сайнгүй мэдээ. Гэхдээ л бид цаг хугацааны аясаар дасан зохицож амьдарсаар байгаа. Хуучин “Урт цагааны гудамж” дахь номын худалдааны асруудаар хүмүүс их үйлчлүүлдэг байлаа. Асруудыг нүд үзүүрлэн худалдааг хажуугийн подьволд оруулснаар эрж сурсан л хүн олдог номын худалдаа болж хувирсан.

Уран зохиолын номууд 13900-14900 төгрөгийн дундаж үнэтэй.

Нэгэн цагт номын баяр гэж зохион байгуулахын тулд талбайг ганц, хоёр өдрөөр чөлөөлөхийг асуудал мэтээр ярьдаг байсан. Гэвч асуудал шийдэгдэж, талбайг чөлөөлж, “Номын баяр” гэх өдөртэй болсноор ямар нэг нэмэгдэлгүй үнээр зохиогчид номоо зарж, ховор ном, англи ном гээд бүх төрлийн номыг нэг дороос иргэд сонгох боломж бүрдсэн. Ном уншдаг, номыг дээдэлдэг хүмүүсийг аль болох олноор төлөвшүүлэхийн төлөө хийж бүтээж, бага ч гэсэн мөрөө үлдээж яваа номын сан, номын дэлгүүрийг байгуулж яваа хүмүүс П.Цогзолмаа эгчээр тогтохгүй олон байгаа. Цаашдаа өөрийн гэсэн номын дэлгүүрийн салбараа нээж, уншигчийн хүсдэг сайхан орчинг дэлгүүртээ бий болгохын төлөө өдөр бүр хичээж, алхам алхмаар урагшилсаар байгаа энэ эмэгтэй шиг хүмүүс олон байгаасай гэж хүснэ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Vincur(103.10.23.232) 2020 оны 12 сарын 28

их дэлгүүрийн замын эсрэг талд ажиллаж байгаа.

1  |  0
Иргэн (103.57.94.233) 2020 оны 12 сарын 28

Ирээдуйн залуучуудадаа оюуны хоронго оруулалт хийж буй бусгуйд амжилт хусэн энэ уйл ажил нь улам дэлгэруулэхийг хусье!

1  |  0
books in english (202.126.89.87) 2020 оны 12 сарын 28

Сэтгэлд дотно, Маш сайхан ярилцлага болжээ. Сэтгүүлч Үүрийнтуяа болон Өглөөний сонин, zindaa сайтын хамт олонд улам их амжилт хүсье

4  |  0
enkhe(202.126.89.150) 2020 оны 12 сарын 28

odoogiin hayag ni yg haana ve?

2  |  0
bb(202.55.183.178) 2020 оны 12 сарын 28

Eendees bainga ochij nom avch unshdag. une ni bolomjiin zardag shuu. bayarlalaa

2  |  0
Top