Японы сүмо бөхийн холбооноос тавдугаар сарын 10-нд эхлэх ёстой байсан Зуны тэмцээнээ хоёр долоо хоног хойшлуулан, 24-нд Токиод эхлүүлэх шийдвэр гаргасан билээ. Өнөөдөр холбооноос тус тэмцээний банцүкэг зарлалаа. Уг нь энэ өдрийн өглөө залуу бөхчүүд хэвлэгдсэн банцүкэг хүлээн авч, тараадаг бол энэ удаад коронавирусний халдвараас сэргийлэн, шуудангаар тараах болжээ.
Банцүкэ гарсан ч Зуны тэмцээн явагдах эсэх нь эргэлзээтэй байгаа. Өнгөрсөн Бямба гарагт Сүмо бөхийн холбооноос халдварын шинэ тохиолдол илэрсэн талаар мэдээлсэн.
Энэ сарын 10-нд макүшитагаас доод зиндааны нэгэн бөх халдвар авсан нь тогтоогдсон бол энэ удаад зургаан тохиолдол нэгэн зэрэг илэрчээ.
Такадагава ояката буюу сэкивакэ асан Акиношима, жюүрёогийн бөх Хакүёозан нар коронавирусний халдвар авчээ. Мөн тэднээс гадна жюүрёогоос доош зиндааны дөрвөн бөхийн онош эерэг гарсан байна.
Холбооны хэвлэл мэдээлэл хариуцсан Шибатаяма ояката “Спортс Хочи” сонинд утсаар ярилцлага өгөхдөө “Бид Зуны тэмцээнээ зохион байгуулах төлөвлөгөөтэй хэвээр байгаа. Эрдэмтэн судлаачдын санаа бодлыг сонсож, ямар ч гэсэн тавдугаар сарын 6 хүртэл байдлыг харна. Мөн дэлхий нийтэд халдварын байдал ямар байгааг харах болно. Халдвартай бөхчүүд, оякатагийн биеийн байдлын талаар мэдээлэл алга. Хэд хэдэн дэвжээнд халдвар гарсан байх магадлалтай гэж сонинд бичиж байгаа ч бид халдвар авсан бөхчүүдийн нэр, дэвжээг зарлахгүй” гэж хариулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )