Түүнд гар хүрээд зөвхөн хөхрөлт үлддэг болоход бүх зүйл хэдийн дууссан байх болно. Шархлахаа больсон үед уучлахыг мэддэггүй, шаналахаа больсон цагт өвдөлтийг мэдэрдэггүй юм шиг. Тэвчээр эцэстээ тулахад аргагүй хамгаалалт хэтэрч, тэсвэр хатуужлаас давж хүний амиа хороогдоно. Хууль нь зовлонгоос хамгаалдаггүй, хуульч нь шударга ёсыг баримталдаггүй. Үнэн хүртэл худалд хууртсан энэ цагт үхэл бий болгочихоод үхсэн нэгэн нь үнэнг хүртэж ялна. Эрх чөлөөгүй газраас эрх чөлөөгүй газарт ирчихээд инээмсэглэн "Амьдрал шударга гэж хэн нэгэн хэлсэн үү" гэдэг асуулттай аавын гэх тодотголтой хаалганы цаана үлдэнэ. "Там гэдэг зөвхөн тамд байдаг гэж үү" гэсэн бодол түүнд тохиолдсон бүхнийг сонсоод төрнө. Нулимс хүртэл өрөвдөж уйлахаар энэ зовлонг нийгэм хүртэл яаж даадаг юм бэ гэмээр тарчлаанд байсан түүнд шорон жаргалын орон мэт санагдаж эхлээ биз. Жаргалыг төсөөлж болдог шиг зовлонг ч төсөөлж болно.
Тав эсвэл арван жилийг тамаас зугтсаныхаа төлөө төлөөс болгон төлнө. Амьдрал дээр гараад ирэхэд "алдсан хүн" гэдэг тодорхойлолт түүний нэрнээс хэзээ ч салахгүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд нэг газар ороход нийгмийн бүрэлдэхүүн хэсэг түүний гадуурхана. Эрх чөлөөний төлөө юуг туулж, юу төлснийг нь мэдэхгүй хуулийн цоорхойгоор унаж, нийгмийн давхаргад хавчуулагдсан хэдэн зуун хүний зовлонг би төсөөлж үзлээ. Амьдрал тэдний хувьд яг л хажуу өрөө шиг санагдана. Олсон бүх жаргалынхаа хамгийг нь төлөөд байхад, орой болгон эрх нь шивнэх чимээнээр хязгаарлагдсаар л байна. Жагсаж хамгаалахыг хязгаарласан эрх чөлөөг яавал хамгаалж болох юм бол.
"Өглөөний сонин"
О.Ганжаргал
Сэтгэгдэл ( 0 )