Д.Шагдарсүрэн: Адууны зүс мэдэхгүй "АЛДАРТ УЯАЧ"-ийн малгайтай том хөөрөгтнүүд УИХ-д сууж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 30

 

Монгол эх орны дөрвөн зүг, найман зовхист, говийн тэнгэр дор, хангайн аглагт, хээр талд, малчны гэрт, хонины бэлчээрт Монголын Радио эгшиглэж буй. Малчдын борог амьдрал, малч ухаан, байгаль дэлхийн хүйн холбоо, нүүдэлчин өв соёл, монголчуудын ёс заншлын алтан сан хөмрөг энэ л радиод хадгалагдан буй. Өв тээгч болсон малчдынхаа амьдралыг тэднээс дутахгүй мэдэх баялаг түүхтэй амьд уурхай болсон нэрт  сэтгүүлч Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Шагдарсүрэн гуайтай ярилцлаа. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Дамбын ганц хүү Шагдарсүрэн хэмээх эрхэм хөдөө аж ахуй, байгаль цаг уур, экологийн тэнцвэрт байдал, малчдынхаа төлөө энэ амьдралаа зориулж яваа билээ


-Таны цаг уурын инженерийн мэргэжлээс Радиогийн сэтгүүлч болсон түүх тань их сонирхолтой шүү?

-Арван жилдээ тоо, физик, хэл, уран зохиолын хичээлдээ гайгүй байсан болохоор тэр чиглэлээрээ л аль нэгийг нь сонгоно доо гэж бодож байлаа. Тэр үед хүссэн сургуульдаа сурч болдог цаг биш байлаа. Төрөөс тийм мэргэжлээр төдөн хүн сургана гэдэг нормтой. Их сургуулийн Цаг уурын ангид нэг хуваарь дээр дөрвөн хүүхэд өрсөлдөж би тэнцсэн. Ингэж л Цаг уурын инженер болсон түүхтэй. Энэ мэргэжлээрээ таван жил сурч төгсөөд Дорнод аймгийн Ус, цаг уурын товчоонд хоёр жил ажиллаад Энэтхэг, Номхон далай, экватор бүс орчим далайд цаг уурын судалгааны олон улсын баг бүрэлдэхүүнд Монголоо төлөөлж явсан. Баруун тийшээ Арабын тэнгис, Африкийн Кени хүртэл зүүн тийшээ Сингапур, Зүүн өмнөд Азийн далай тэнгис хүртэл явсан даа. 1979 оны намар далайгаас ирээд 1990 он болтол Цаг уурын хүрээлэнд Урьдчилан мэдээлэх инженер, эрдэм шинжилгээний ажилтан зэрэг албыг хашиж нийтдээ 17 жил цаг уурын инженерээр ажилласан байна. 1990 оны аравдугаар 1-ний өдрөөс эхэлж Монголын радио руу орж ажилласан даа. Радио руу орохын шалтгаан нь цаг агаарын урьдчилсан мэдээгээ факсаар Монголын радио руу илгээдэг байлаа. Радиогийн нэвтрүүлэгч уг мэдээг 15 цагийн мэдээний дараа уншина. Нэвтрүүлэгч цаг уурын мэдээг яруу тодоор уншиж байгаа боловч яг хөдөө байгаа аав, ээжид минь хэрэгтэй байдлаар энгийн уншиж хүргэж чаддаггүй юм шиг санагддаг байсан.

Хөдөөгийн амьдралыг мэддэг байж л хүний чихэнд наалдахуйц, бодит амьдралд ойр зүйл хэлнэ шүү дээ. Тэд цаг уурын мэдээг мэргэжлийн яруу тод хоолойгоор уншаад байхаас биш ярьж өгдөггүй. Энэ тухай анхлан 1985 онд Ц.Чимэддоржид хэллээ. Чимээ маань намайг Радиогийн Хөдөө аж ахуйн редакцын дарга М.Цагаан дарга дээр дагуулаад орлоо доо. М.Цагаан тун нааштай хүлээж авч, найруулагч П.Цагаан руу явууллаа. Тэгж л студи гэдэг юмыг анх нүдээр харав. Мэдээгээ уншлаа, ярилаа, найруулагч Цагаан ах болмоор юм байна гэж байна шүү. Тухайн үед радио Төв шуудангийн байранд байсан. Цаг уурын хүрээлэнтэй ойрхон гэж жигтэйхэн. Цаг уурын прогнозоо гаргачхаад л хоёр ажлын хооронд таван жил гүйсэн дээ. Тэр хооронд би ч радиогийнхонд дасаад, радиогийнхон ч надад дасаад л. Хоёр Цагаан, Чимээ нар ч чи радиод байх хүн шүү, наашаа хүрээд ир гээд л  байдаг. 1986-1988 онд гурван жил Төв аймгийн урд тал, Дундговь аймгийн хойд хэсгээс авхуулаад Хэнтий аймгийн урд тал хүртэл зудтай хатуухан хавар боллоо. М.Цагаан дарга тэр гурван жилд гурван өөр хүнтэй дээрх нутгуудаар намайг томилолт өгч явуулсан юм. Эхний жил нь Д.Амбасэлмаатай, дараагийн жил нь Д.Галсантай, гурав дахь жилд нь Б.Цэдэндамбаатай хөдөө явууллаа. Энэ бол үндсэндээ сэтгүүлчийн том их сургуулийг гурван жил л төгсөх дадлага болсон.

-Хөдөө аж ахуйн редакц гэдэг том айлын халуун тогоонд нэг ёсондоо чанагдаж эхэлж дээ?

Тэгэлгүй яах вэ. Гурван өөр арга барил, гурван өөр ертөнцөөс маш их зүйл суралцсан даа. Радио руу урвах өөр нэг шалтгаан нь залуу боловсон хүчин мань мэтэд орон сууц байхгүй. Улаанбаатарын дөрвөн районы гурваар нь дамжиж нүүсэн, хамгийн сүүлд  16 дугаар хороололд орос байранд нойлгүй, халуун ус байхгүй хэцүүхэн газар амьдардаг байлаа. Радиогийн захирал М.Шийрав ах “Чамд хоёр жилийн дотор байр өгнө, чи хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд Цаг уурын хүрээлэнгийнхээ захирал Л.Нацагдорж гуайд ч хэллээ. “Чамайг алийн болгон хоргоож, торгоох вэ, байр өгч чадахгүй юм чинь, яв даа л” гэсэн. Тэр үед докторын зэргийнхээ диссертацаа биччихсэн байсан үе. Орон байргүй хоосон докторын зэргээр ч яах вэ гээд радио руугаа ирсэн дээ. Ажилдаа ороод эхэлсэн чинь 1990 онд зах зээл эхэлчихдэг байгаа.

-Яг Ардчилал эхэлдэг үе?

-Яг тэр эгзэгтэй үе таарчихсан. М.Шийрав дарга дуудаж байна. “За баларсаан хоёулаа. Хотын Захиргааны дарга, Л.Энэбишид бичиг өгчихсөн. Тэгсэн чинь байрыг хуваарилдаг биш мөнгөтэй нь авдаг болж. Мөнгө олох л арга сэднэ дээ” гэлээ. Би бодоод байсан чинь Монголд ганцхан мөнгөтэй хүн чинь “Эрдэнэт”-ийн Ш.Отгонбилэг л байна. Отгонбилэг бид хоёр оюутан цагийн найзууд байлаа. Түүнийг Эрхүүд сурч байхад нь цуг сурдаг найзаараа дамжуулж эчнээ танилцан захидлаар харилцдаг байж байгаад 1973 онд 45 хоногийн дадлагаа Эрхүүд хийхээр очихдоо илүү дотносож нөхөрлөсөн. Отгонбилэг том дарга болчихсон. Түүн дээр орж уулзана гэдэг бол Ерөнхийлөгч дээр орохоос ч бэрх байлаа. 20-иод хоног өглөө бүр үүдэн дээр нь очиж суусан даа. Сүүлдээ нарийн бичгийн дарга Наташа гэдэг орос хүүхэнтэй нь танилцаад буу халдаг болсон байв. Нэг өглөө Наташа намайг дарга дээрээ орууллаа даа. Отгонбилэг сүйд болж байна, би ч үүдийг нь сахисан 20 хоногийн түүхээ ч ярилаа. Үгүй ээ, чи шууд манай гэрт яваад ирэхгүй дээ л гэж байна. Би түүнд зорьсон зорилгоо хэллээ. Компанитай нь гэрээ хийж, 20 нэвтрүүлэг хийх гэрээний төслөө танилцууллаа. Отгонбилэг ч зөвшөөрсөн. “Эрдэнэтийн эрдэнэ” гэдэг хөрөг нэвтрүүлэг хийлээ. Отгонбилэгээс бусад удирдлагаас эхлээд үүдний цэвэрлэгчийг нь хүртэл оруулж зэс, молибдин биш хүн гэдэг чинь эрдэнэ гэсэн утгатай нэвтрүүлэг хийлээ. Уурхайчин, үйлдвэрийн ажилчид, үйлдвэр заводоор нь орж 20 нэвтрүүлэг хийж өгсөн. Отгонбилэг намайг хэдэн өрөө байр авах уу гэхэд нь би хоёр өрөө байр авъя аа л гэсэн. Надад илүү шунал байгаагүй. Тэр үед хоёр өрөө байр 300 мянган төгрөг л байлаа шүү дээ. Дөрөвдүгээр хороололд ханаар нь дүүрэн цэцэг жимс алагласан орос цэцэрлэг байсан байранд орж байлаа. Хүүхэд байсан гэхээр бэлгэшээлтэй ч санагдсан. Чамд нэг онигоо шиг юм ярьж өгье. 16 дугаар хороололд халуун усгүй байранд амьдарч байхдаа гурван хүүхдийнхээ хиртэй хувцсыг угаах гэж том асуудал байлаа. ажлаасаа ирээд л хоёр арвын бидон бариад л зам хөндлөн гараад байрны айлуудын хаалгыг тогшоод ус гуйдаг байлаа шүү дээ. Зарим нь өгнө, зарим нь өгөхгүй. Нэг айл нэг л удаа өгнө. Дахиж өгөхгүй. Усны гачаал гэдгийг мэддэг улс чинь шинэхэн байрандаа орчихоод эхнэр бид хоёр хүнд ус өгч үзэх юм сан гэж ярилцдаг байлаа. Манайх нэгдүгээрт давхрынх. Улсын начин Х.Амараа гэж хээ шаагүй нөхөр 69 машиндаа ус хийх гээд цонхоор шагайж Шаагаа ахаа ус өгөөч гэв ээ. Ус гуйхын зовлонг амссан хоёр чинь бөөн баяр болж  ус өгөхийн жаргалыг эдэлж билээ /инээв/.

-Орон гэртэй болж төвхнөөд авсан юм чинь жинхэнэ ажилдаа шуударсан биз дээ. Хамгийн анхны нэвтрүүлэг нь ямар нэвтрүүлэг байсан бэ?

-Тэр их гоё оо. Ажилд орсны маргааш л анхны томилолтоо авлаа. Төв аймгийн Алтанбулаг сум руу мордлоо. Алтанбулаг сумын нэгдлийн дарга Хад нэгдэлдээ эсгий хийхээр болжээ. Тэр үед нэгдэлд эсгий хийх байтугай аминдаа ч эсгий хийх аргагүй үе байлаа шүү дээ. Мал сүрэг амины өмч гэж байхгүй юм чинь. Эсгийний бул цавчдаг эр ч байхгүй болж, зулхай тавьдаг эм ч байхгүй, шир боочих хөм байхгүй, эсгий татдаг адуу мал ч байхгүй. Монгол ахуйгаас төсөөрчихсөн” гээд л Хад дарга зовлонгоо ярьж байсан л даа.  Тэндээс буцах замд хөдөөгийн айл унагаа тамгалж байна шүү. Тамганы найран дээрээс нэг нэвтрүүлэг гаргаж аваад богц дүүрэн харьсан даа. Монголын Радио намайг цагаан эсгий дэвсэж, тамганы найр хийж, айргаар мялааж угтсан.

-Монголын Радио хэмээх өнөр өтгөн, өгөөжтэй сайхан айлд хэчнээн төрлийн нэвтрүүлэг хийсэн бэ?

-Ц.Чимэддорж бид хоёр “Малчин” нэвтрүүл­гийг хийнэ. Хавар болохоор “Таван эрдэнэ" нэртэй нэвтрүүлэг болчихдог. Б.Цэдэндамбаа ах “Газар, хүн хоёр” гэдэг нэвтрүүлэг хийдэг байсан. Газрын үр шимийг хүн яаж хүртэх вэ гэдэг тухай нэвтрүүлэг юм. Би “Газар, тэнгэр” гэж экологийн нэвтрүүлэг хийдэг болсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлаар “Хөшгөө татсан цонх” гэдэг нэвтрүүлэг 10-аад жил хийсэн. “Монголоороо аялахуй” гэдэг нэвтрүүлэг хийдэг байлаа. Редакцаараа “Төвөр­гөөн” гэдэг уран сайхны дугаар хийж байсан.

-Радиогийн онцлог гэдэг хүний нүдээр үзээгүй зүйлийг үзсэн юм шиг дүрсэлж, үнэртэж, амтагдтал нь хэлж ярихын гайхамшгийг эзэмших юм даа?

-Радиод байсан хүмүүс маш их ярьдаг болчихдог. Тэтгэвэртээ гараад 2012 онд “Малчин” телевизэд ажилд орсон. Телевизийн дүрс нь гараад байдаг. Би дүрсэлж ярих гээд бай­даг. Зураглаач залуус маань наад өвгөн чинь нүдэндээ харагдсан болгоноо биччихдэг шүү, дүрсийг нь сайн аваарай гэдэг гэсэн /инээв/.

-Таныг хөдөөгүүр явж байгаад харанхуйд төөрөөд нэг айлд ортол дуу хоолойгоор чинь таньсан гэдэг?

-Хоёр ч удаа тийм явдал тохиолдсон. Тэр ч байтугай нохой нь хүртэл танина гээч. Эхнийх нь Өмнөговь аймгийн Онгийн Улаан нуур ширгэсэн гэдэг сургаар хөдөө явж байгаад нуур нь хаа байгаа юм бэ гэж асуухад минь бид нар нуурынхаа голд явж байна гэж байсан. Нуур нь ширгээд цемент шиг болчихсон. Мандал овоо сумын Улаан нуур багийн малчныд шөнө дөлөөр буугаад “За сайн байна уу, гэрэл хийгээрэй” гэхэд минь нэг хүн  Шагдарсүрэн гуай юу даа гэдэг байгаа. Дараагийнх нь Биологийн хүрээлэнгийн доктор Б.Мөнхцогтой Гурван тэс рүү явж байгаад Нэмэгтийн хоолойд төөрөв. Нэг айлд ороход залуухан малчин бас дуугаар минь таньсан. Ер нь хөдөөгийн айлд буугаад нохойг нь би хорино шүү дээ.  Малчны нохой андашгүй, хэрэв нохойны сүүл нь дээшээ байвал дайрахгүй, сүүл нь  паасганаад л эрхлээд унана шүү дээ. Хэрэв сүүл нь доошоо байвал дайрна, хулмаганаад биеэ хурааж байгаад хап гээд л зууна даа.  Мөнхцогийн зохиосон онигоо л байхгүй юу. Малчин гэртээ хэвтэж байдаг, нохой нь гэрийн сүүдэрт хэвтэж байдаг. Голд нь Шагдарсүрэн радиогоор яриад байж байдаг гэж /инээв/.

-Малчид өөрсдөө байгаль цаг агаараа шинжиж улирлын байдлаа мэдчихдэг ард түмэн шүү дээ. Энэ жил баруун аймгаар цас их унаж, мал их хорогдлоо шүү дээ?

-Үндсэндээ төр засаг малчдаа их эрхлүүлээд байгаа юм. НҮБ, Улаан загалмай зэрэг тусламжийн байгууллагаас зуд болоогүй байхад чинь зуд болох гэж байна, өвс өгөөч ээ, тусламж явуулаач ээ гээд л бадар барина. Амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Малчид хадлан тэжээлээ бэлдье гэх нь ээ олигтой юм гарахаа байсан. Дорнод, Хэнтийгээс л өвсөө зөөдөг болсон. Мал аж ахуйн салбарыг удирдахад хамгийн энгийнээр бодоход жишээ нь, хулгана жилийн хаврын урь хэдний өдөр, ямар өдөр эхлэх вэ гэдгийг одон орон судлал,  зурхайгаар гарчихсан байдаг. Хэрвээ энэ жил улаагчин үхэр өдөр эхэлнэ гэж мэдсэн бол энэ зун ган болно гэдгээ мэднэ. Мэдсэн хүн бол мал сүргээ уулаа дагаж бэлчээж, усаа даган нүүдэллэнэ шүү дээ. Хөдөө аж ахуйн яам үүнийг мэдэж төлөвлөсөн байх ёстой. Яах гэж цаг уурын байгууллагыг ажиллуулж байгаа юм бэ. Бүхэл бүтэн цаг уурын алба ажиллуулж 2000-аад хүн цалинжуулж байж энэ мэдээг төлөвлөлтөд ашиглахгүй байна. Зөвхөн прогноз биш цаг уурын нөөцийг ашиглаж эдийн засгийн асар их хэмнэлт гаргах боломж бий. Жишээ нь, Өмнөговь, Хөвсгөл хоёрт яг адилхан байшин барья гэж бодъё. Байшингийн хананы зузааныг хүйтний ачаалал ихтэй газар зузаан, халуун газар нимгэн ханатай хийх ёстой. Гэтэл адилхан 64-ийн ханатай хийгээд байна. Хэрэглээний уур амьсгал гэж бүхэл бүтэн шинжлэх ухаан юм байгаа юм шүү дээ. Тэрийг мэдэж ашигладаг удирдлага алга. Үнэхээр харамсалтай.

 

Аймшигтай. Уул уурхай хяналтаас гарсан.  Энэ тухай ярьсаар ч ирсэн, ярьж ч байгаа. “Малчин” телевизэд ирээд радиод хийж байсан нэвтрүүлгүүдээ л тэр чигээр нь үргэлжлүүлж байгаа.  “Монгол малчин”, “Газар шороо – мөнхийн сэдэв”, “Дэлгэр хууч”  гээд нэвтрүүлгүүд хийж байна. Урт нэртэй хууль маш чухал хууль байсан. Их хурлын гишүүдийн ихэнх нь уурхайтай болохоор ад үзсээр байгаад чухал заалтыг нь өөрчилж өөрсдөдөө ашигтайгаар эргүүлчихсэн. Алт хөтөлбөр гарч ирснээс хойш Монгол орныг сүйдлээд хаячихлаа. Нэг л өдөр баялаг дуусаж, үгүйрч хоосорно. Үүц, нөөц гэдэг зүйлийг нарийн төлөвлөгөөтэй хуваарилалттай, хүртээмжтэй байдлаар зохицуулах ёстой шүү дээ.

 

-Таны “Тэнгэр унших эрдэм” гэдэг номд гардаг шиг өвгөчүүд хэр олон байна вэ?

-Нутаг нутагт бий ч өв уламжлан тэн­гэр унших эрдмийг залгаж яваа хүмүүс бол Дундговьд олон бий. Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдаар л хэдэн хүн бий. С.Дашдорж, М.Баасанжав гуай байна. тэднээс өвлөж яваа залуус гэвэл Өндөршилийн Ц.Баяр, Говь-Угтаалын А.Лхагва, Д.Таванжин, Ш.Эрдэнэбулган гээд амыг нь харах хүмүүс энэ хэд л байна даа. Өвгөдийнхөө ухаан гэдэг агуу шинжлэх ухаан байна. Түвд, хятадаас монгол хэл рүү буулгасан хуучны ном сударт жишээ нь “Элдэв хэрэгт хаш хайрцаг” сударт ардын ухааны арвин баялаг сан бий. Ардын дуунд хүртэл цаг агаарын шинжлэх ухаанаа шингээчихсэн байна. “Зүүн урдаас урьсан зүс бороо” гэдэг чинь удаан хугацааны бороо байхгүй юу. Манай өвгөчүүд хэлдэг дээ “Олон хоног урдаасаа, зүүн урдаасаа, баруун урдаасаа салхилаад байвал ар дээр нь тэнгэр заавал муудна” гэж. Өмнө зовхисын гурван зовхис байна шүү дээ. Энэ гурван зовхисоос салхилаад байвал цаг уурын мэргэжлийн хэлээр бол өндрийн хотос гэдэг агаарын урсгал орж ирж байгаа юм. Энэ их хөгжих юм бол агаарын циклон болж тогтдог. Урд гурван зовхисоос салхины урсгал дайрч өнгөрөөд салхи дахин эргээд баруунаасаа, баруун хойд талаасаа, хойд талаасаа болоод процесс дуусна гэсэн үг. Яг тэр салхин чиглэлийн уулзвар дээр цаг уурын бидний хэлдгээр агаар мандлын фронт гэж дулаан, хүйтэн хоёр агаарын массын уулзвар нийлдэг. Энэ уулзвар дээр л бороо, цас, хур тунадас орж, шуурга тавьдаг. Өмнө зовхисоос салхилахыг малчид маань салхи урих гэдэг дээ. Араас ирж байгаа цас, бороогоо нэг ёсондоо урьж байхгүй юу. Агаар тэнгэрийн муудах үзэгдлийн гурваас долоо хоногийн үелэл байдаг. Газрын мандлаас таван километр өндөр дэх агаарын урсгал газрын гадарга дээрх цаг агаарын байдлыг үндсэнд нь жолоодож явдаг байхгүй юу. Долгион л яваад байгаа юм. Тэр долгилсон юм тухайн газар нутагт дайран өнгөрөх хугацаа бол дунджаар тав, зургаан хоног байгаа юм. Тэгэхээр “Бямбадаа орсон бороо нямдаа зогсохгүй нь” гэдэг чинь долоо хоног орно, цааш үргэлжилбэл цаг агаар муудна гэсэн үг болно. Нөгөө өндрийн хотос чинь гүнзгийрээд өндрийн циклон болоод тогтчихоор шилжилтийн хурд нь багасаад орох хур тунадас нэмэгдээд тухайн газар нутагт цаг агаар удаан хугацаагаар муудаж байгаа юм.

-Тэнгэр хангайнхаа байдлыг шинжихэд тодорхой сар өдрийг сонгодог юм болов уу, хэдийд тохиромжтой байдаг юм бол?

-Өвгөчүүд хүүхдүүдээ долоо, наймтайгаас нь дагуулаад л хээр хоноод, байгальтай ойр өсгөдөг. Малчин хүн хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс өвлийн адаг сарын битүүн хүртэл үргэлж байгаль дэлхийгээ ажиглаж байх ёстой гэж үздэг. Ганцхан л намрын дунд сарын 15-ны шөнө довцог дээр гарч суугаад л бүхнийг мэддэг юм гэж байхгүй. Таамаглал дэвшүүлж байгаа арга нь цаг уурын прогноз гаргахтай төстэй. Цаг уурын прогноз гаргадаг аргын үндэс нь шүүхийн аргатай төстэй. Шүүх яадаг гэхээр энэ хэргийг хэн, хэзээ, хэдэн онд хийж байсан бэ, тэр хэргийг хэрхэн шийдэж байсан бэ гэдгийг архив ухаж төстэй байдлаар шийддэг.  Түүн шиг өнөөдрийн найман цагийн байдлаар Хойд Америкт цаг агаар ийм байсан байна, Баруун европт тийм байсан байна гээд газрын зураг дээр зурчихна. Тэрийг хараад иймэрхүү цаг агаар хэдэн оны хэдэн сарын хэдэнд болж байсныг харж адилхныг нь олно. Адилханыг нь олоод маргааш нь цаг агаар хэрхэн өөрчлөгдөж вэ гэдгийг одоогийнх дээрээ авчирч тавиад агаар мандлын термодинамик тэгшитгэлээр бодно. Цаг агаарын хэчнээн олон төрлийн нөлөөллийг тооцож чадна нарийвчлал нь төдий чинээ сайжирсаар л байдаг.

-Та бол малчдын амьдралыг төдийгөөс өдий хүртэл ойроос харж, олон  ч нэвтрүүлэг хийж явсан. Тэр үеийн малчдын амьдрал болоод мөн чанар өөрчлөгдсөн зүйл мэдрэгдэж байх юм уу?

-Мэдрэгдэнэ ээ. Говь-Алтай аймгийн аварга малчин таны хэлсэн үгийг бодоод нойргүй хонолоо гэж байсан. Тэр юу гэхээр Баянхонгор аймагт Голланд бяслагийг Монгол хонины сүүгээр хийгээд л бэлчээрийн цэвэр сүүгээр хийс эн экологийн цэвэр бүтээгдэхүүн гээд л байсан чинь Лондон руу явуулсан микробиологийн шинжилгээгээр бензин гарчээ. Тэгтэл малчид мотоциклоор хонио хариулснаас болж мотоциклийн яндангийн утаа тогтсон өвс идсэн хонины цусанд нь, сүүнд нь шингэдэг байна. Малчид нүүдэлчдийн соёл иргэншлийг авч явна гэж яриад байгаа боловч яг үнэндээ тийм биш болж байна. Уул уурхай цэцэглэн хөгжиж бэлчээргүйдэж байгаа энэ цагт малчид бэлчээрээ булаацалдахаас наагуур юм болж байна.

-Уул уурхай гэснээс ураны олборлол­тоос болж  ус мөрөн ширгэлээ л гэнэ, ургийн гажигтай генийн өөрчлөлттэй төл мал төрж байна л гэнэ. Энэ талаар та олон нэвтрүүлэг хийсэн дээ?

-Аймшигтай. Уул уурхай хяналтаас гарсан.  Энэ тухай ярьсаар ч ирсэн, ярьж ч байгаа. “Малчин” телевизэд ирээд радиод хийж байсан нэвтрүүлгүүдээ л тэр чигээр нь үргэлжлүүлж байгаа.  “Монгол малчин”, “Газар шороо – мөнхийн сэдэв”, “Дэлгэр хууч”  гээд нэвтрүүлгүүд хийж байна. Урт нэртэй хууль маш чухал хууль байсан. Их хурлын гишүүдийн ихэнх нь уурхайтай болохоор ад үзсээр байгаад чухал заалтыг нь өөрчилж өөрсдөдөө ашигтайгаар эргүүлчихсэн. Алт хөтөлбөр гарч ирснээс хойш Монгол орныг сүйдлээд хаячихлаа. Нэг л өдөр баялаг дуусаж, үгүйрч хоосорно. Үүц, нөөц гэдэг зүйлийг нарийн төлөвлөгөөтэй хуваарилалттай, хүртээмжтэй байдлаар зохицуулах ёстой шүү дээ. Нөхөн сэргээж ч чадахгүй байна. Дорноговийн Улаанбадрахын ураны асуудлаар нэвтрүүлэг хийхэд сэтгэл эмтэрсэн.  1994 оны үед Өмнөговь аймгийн Улаан нуураас Өвөрхангайн Уянгын Цагаан чулуутын гол хүртэл 437 километрт явган алхаж экологийн эсэргүүцлийн марш хийсэн. Дөрвөн аймгийн 17 сум дамжиж явахдаа Онгийн голоо өгсөөд буусан нутгийн малчидтай яриа таниулга хийдэг байлаа. Малчид Онги голыг минь авчраад өгөөч л гэдэг байлаа. Түүний хүчинд уурхайг хааж, Онги гол маань урсаж, Улаан нуур дүүрч, зэгс хулс нь ургасан даа, хөөрхий. Харин сүүлийн үед Х.Мандахбаярын  бэлтгэн хүргэдэг “ТВ 8” телевизээр гардаг  “Экологийн цаг” нэвтрүүлгийг нь тогтмол үздэг болсон. Энэ мэт  эх оронч залуус олон байгаасай. Түүний хийж байгаа ажил хамгийн зөв зүйл. Аймаг бүрд ийм зовлон байгаа. Бүр уул уурхайн орд, ураны үйлдвэрүүд цэцэглэчихсэн. Мандахбаяр надтай гар нийлэх хүүхэд байна гэж бодсон шүү. Би 1993 оноос байгаль, экологийн тухай нэвтрүүлэг хийж, Онги голоос эхлээд байгаль экологио хамгаалах иргэний хөдөлгөөний анхдагч хүн. Цэвцэгдарниагийн ам руу алт цутгаад алчихсан юм гэнэ лээ гэдэг шиг уурхайн эзэд нутгийн иргэдэд мөнгө өгөөд хоёр талцуулчихдаг. Мандахбаяр их юмтай тулгарч байгаа, дандаа улс төрийн ашиг сонирхолтой хүмүүс тал талаас нь нохой шиг боорлож байгаа. Битгий шантраасай л гэж бодох юм.

-Та сая бэлчээрийн асуудал хөндлөө. Ахмад хүний хувьд, сэтгүүлч хүний хувьд ярианыхаа төгсгөлд төр засагтаа хандаж юу гэж хэлэх вэ?

-Засгийн маань алсын хараа мууджээ. Саяхан Монгол Улсын засгийн газар 2050 он хүртэлх хөгжлийн бодлогоо тодорхойлж АЛСЫН ХАРАА 2050 нэртэй А-4 цаасан дээр хэвлэсэн 480 нүүр бүхий бандгар ном гаргажээ. Үнэнийг хэлэхэд би 2020-2030 оных буюу ойрын арван жилийн хөгжлийн төлөвийг л уншлаа. Түүнээс цаашхыг нь би үзээ ч үү, үгүй ч үү. Тэгтэл улс орны хөгжлийн тулгуур салбар нь уул уурхай байх гэнэ. Өнөөх уламжлалт мал аж ахуй хэрэггүй бололтой. Хүнээ хөгжүүлнэ, дундаж давхаргаа дээшлүүлнэ гэж байгаагийн чинь цаана малчид гэж хэсэг хүн байхгүй юм уу. Нүүдлийн соёл иргэншил гэж ярьж, бичиж байгаа юм бол түүний чинь ул суурь нь бэлчээрийн мал аж ахуй гэж ойлгохгүй байна уу, ойлгохыг хүсэхгүй байна уу. Бэлчээрийн асуудлыг иж бүрэн шийдэж байж нүүдлийн соёл иргэншил гэж ярих учиртай. Тэгвэл АЛТ-2 хөтөлбөрийг эрчимжүүлнэ гэж яаран дайрч байгаа хүмүүст бэлчээр огт хамаагүй болохоор хөгжлийн чиг хандлагаа тэгж харж байгаа юм байна гэж ойлгогдож байна. Үгүй дээ, дүү нар минь. Эрүүл, тэнүүн бэлчээртэй байж гэмээ нь түүн дээр чинь мал сүрэг нь идээшилж, түүнийг дагаад өнөөх нүүдлийн соёл иргэншил чинь тогтож, хөгждөг юм. Бэлчээр гэдэг чинь зөвхөн өвс ургамал биш худаг ус, хужир мараа бүгд багтдаг том ойлголт. Улс төрийнхөн наадмаар уралддаг эрлийз голдуу хэдэн морь, найраа, хуйвалдаантай хэдэн бөхийн барилдаанаа нүүдлийн соёл иргэншил гэж ойлгоод байх шиг байна. Энэ номыг бичсэн Хорвардчуудын дунд “тооно тушчих” хүүхэд байна уу үгүй юү. Адууны зүс мэдэхгүй “алдарт уяач”-ийн малгайтай том хөөрөгтнүүд УИХ-ын танхимд сууж төрийн бодлогыг хөмөрч байгаагаас том алдаанд хүрч байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Heh(172.58.188.207) 2020 оны 05 сарын 10

Tiim shuu maliin zus medehgui ulsaar tor bariulna ch gej yu bhav

0  |  0
Шагдарсү(64.119.18.90) 2020 оны 05 сарын 09

Шагдарсүрэн танд баярлалаа. МАА бэлчэар малчдынхаа талаар нөлөө бүхий том ажил хийхийг ерөөе

0  |  0
Зочин(103.57.92.143) 2020 оны 05 сарын 03

Содбилэг зэрэг гишүүд шинэ бизнес сэдмээр (ориг тахиа ?), ХАА-н яам даяараа шинжлэх, малчид сэхээрэх, монгол хүн бүр (уул уурхайн мегачид!) толгой дараалан ядаж сонирхууштай, олон гадаад хэлтэнгүүд баруун солгойгүй хөрвүүлэх, сонгуульч намууд ишлэл татах ..., гээд мөн ч тансаг, ховордож бгаа эрдэнэ мэт эд бна. Дойлуур, бренд, шүтэж, дотроосоо идэгдэгсэд яадаг бол. Тогтвортой хөгжихийг лоозогнож, минималист бхыг сурталдаж, элон маскаас өгсүүлэн материаллаг баялаг шүтэхээс дөлж эхэлж буй зэрэгтэй нэг хэлээр, сонгодог агуулгын хүрээнд хөөрөлдсан Танд талархаад баршгүй.

0  |  0
Zochin(192.82.75.15) 2020 оны 05 сарын 01

малчин хүнийг байгал орчны сайдаар

0  |  0
Ард(202.9.46.20) 2020 оны 04 сарын 30

МУНДАГ НУРУУТАЙ САЙХАН ХҮН БИЛЭЭ

0  |  0
Top