Хав дарсан ноолуур хага баяжуулахыг харах үлдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 30

Монгол Улсын Засгийн газар олон улсад тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байрыг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 101 дүгээр тогтоолыг өнгөрөгч сард батлан гаргасан.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас шууд болон арилжааны банкаар дамжуулан олгох үндсэн зээлийн хүү нь 12 хувь байсныг ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид жилийн гурван хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай 300 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн. Ноос, ноолуур бэлтгэх гүн боловсруулалт хийдэг 20 гаруй үйлдвэр, Ноос ноолуурын холбооноос Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яаманд дунджаар 100 мянган төгрөгөөр ноолуур бэлдэнэ ингэхийн тулд хөнгөлөлттэй зээл шаардлагатай хэмээн хүсэлт ирүүлсэн.

Тухайлбал, “Говь”, “Кашмер холдинг”, “Богд кашмер”, “Сор кашмер”, “Монгол микра”, “Хатад интернэйшнл”, “Монгол нэхмэл”, “Сувд”, “Гоёл”, “Влю скай”, “Буян”, “Эрдэнэт ноолуур”, “Өгөөж шим” ХХК, “Баялаг-Өлзий” ХХК, жижиг сүлжих үйлдвэрүүд дээрх саналыг ирүүлжээ.

Энэхүү зээлд хамрагдах аж ахуйн нэгж нь тус яамтай “Бодлогын гэрээ” байгуулсны үндсэн дээр Хөгжлийн банк болон арилжааны банкнаас ноолуур бэлтгэлд зориулсан  хөнгөлөлттэй зээлийг авна. Бодлогын гэрээгээр ноолуур бэлтгэх хөнгөлөлттэй зээлд хамрагдах аж ахуйн нэгж нь Малчдын орлогыг бууруулахгүй, стандартын шаардлага хангасан, сайн чанарын ноолуур бэлтгэх, ноолуурын чанараас хамааран ноолуур худалдан авах доод үнээс доош худалдан авалт хийхгүй байх учиртай.  Малчин, малчны хоршоо бусад бэлтгэн нийлүүлэгчдээс ноолуур худалдан авсан баримт, малчдын жагсаалтаа сумын Хөдөө аж ахуйн тасгаар баталгаажуулж банканд хүргүүлэх, банк нь сумын Хөдөө аж ахуйн тасгаас баталгаажуулсан малчдын жагсаалт болон холбогдох баримт бичгийг үндэслэн ноолуур худалдан авсан төлбөрийг зөвхөн малчны дансанд шилжүүлэх зэрэг үүргийг хүлээх юм.

Иймд Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны сайд Ч.Улаан малчдад хандан ноолуураа хямд үнээр яаран худалдахгүй байх, ноолуурынхаа чанарт анхаарч, хадгалж байхыг хүссэн билээ.

Малчид амьжиргааныхаа гол эх үүсвэр болсон ноолуураа аль хэдийн үүцлээд хав дарчихсан дээрх шийдвэрийн биелэлтийг хүлээж суугаа. Мөнгө төгрөг хэрэг болсон ч нүдээ аниад гүрийчихсэн сурагтай. Сэлэнгэ аймгийн малчин М.Эрдэнэ-Од  “Манай нутгаар ноолуурын үнэ 50 мянга байж байгаад зургаахан хоногийн өмнө 40 мянга болоод буурчихсан. Буурахыг нь мэдсэн бол тушаачихдаг л байж. Эмнэлэг домлог гээд мөнгө төгрөгийн хэрэг байна санж. Улаан сайд 100 мянгаар үнэлнэ гэсэн болохоор нь хүлээгээд л байна” гэж учирласан бол Дундговь аймгийн малчин Б.Банзрагч “Ноолуурын үнэ унаж 35 мянган төгрөг болсон. Засгийн газрын шийдвэрийн дагуу нэгдсэн журмаар судалгаа авсан. Энэ долоо хоногт  ноолуурыг маань 85 мянган төгрөгөөр авна гэсэн сураг сонссон” гэв.

Баянхонгор аймагт ноолуурын ханш мөн л 35 мянган төгрөг байгаа бөгөөд малчид сонгуулиар үнэ нь өсөх байх гэж хараад байгаа ажээ.

Сайн чанарын нарийн ноолууртай Хэнтий, Дорнод, Хөвсгөл, Завхан, Сүхбаатар аймгийн ноолуурын үнэ 56-60 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа ажээ. Хөвсгөл аймгийн Галт суманд албаны хүмүүс үнэ тогтоохоор нь мөнгийг нь өгнө гээд малчдаас ноолуурыг нь зээлээр авч, зарим нь мотоциклоор сольж авч байгаа мэдээ чих дэлсэв.

Тэгвэл Улсын Их Хур­лын гишүүн Ж.Мөнхбат, Ш.Рад­наасэд, А.Сүхбат, Б.Жавхлан, Ж.Бат-Эрдэнэ нар өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийж малчдын тушаасан нэг килограмм ноолуур тутамд 20 мянган төгрөгийг дэмжлэг үзүүлэх төслийг санаачилжээ. Тэрхүү төслийг нь Засгийн газраас дэмжихээ илэрхийлсэн байна. Гишүүн Ш.Раднаасэд "Та бүхэн бодит нөхцөл байдлыг мэдэж байгаа байх. Салбар яам нь нэг килограмм ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэж зарласан. Үйлдвэрлэгчид болон малчдын дунд ойлгомж­гүй байдал үүссэн. Малчид хүлээлтийн байдалтай байна. Тиймээс энэ бүхнийг ойлгомжтой болгох хэрэгтэй. Түүнчлэн 300 тэрбум төгрөгөөр ноолуур худалдан авч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжлээ гэхэд 30 хувийг нь авч байна. Үлдсэн 70 хувь нь яах вэ гэдэг нь бас тодорхойгүй. Тэгэхээр малчдын тушаасан нэг килограмм ноолуур тутамд 20 мянган төгрөг олгоно. Энэ нь малчдын орлогыг нэмэгдүүлнэ. Энэ бол аль аль талдаа амьдралд ойрхон, малчдын орлогыг дэмжих зөв хувилбар гэж гаргаж ирлээ" хэмээн тодотголоо. Ноднингийн өдийд ноолуурын үнэ 120-140 мянган төгрөг болж өсөж байсан.  Одоогийн байдлаар энэ тогтоол ноолуурын ченжүүдэд “чөдөр тушаа” болж, малчдын амьжиргаанд “нэмэр тус”-аа өгөөгүй л байна. Юутай ч дээрээ төртэй, дэргэдээ даргатай улс хойно аль шийдвэр нь хэрэгжиж хав дарсан ноолуур хага баяжуулахыг харах л үлдлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unshigch(31.164.60.21) 2020 оны 04 сарын 30

Coronavirus-ees bolood delhiin ediin zasag saataj hynd baidald orood nooluur hereglegch ornuudad nooluur avah shaardlaga odoohondoo alga

0  |  0
Unshigch(31.164.60.21) 2020 оны 04 сарын 30

Coronavirus-ees bolood delhiin ediin zasag saataj hynd baidald orood nooluur hereglegch ornuudad nooluur avah shaardlaga odoohondoo alga

0  |  0
R(66.181.161.83) 2020 оны 04 сарын 30

Hhhaax

0  |  0
Top