“Оюу толгой” компани нэгдүгээр улирлын үйл ажиллагааныхаа гүйцэтгэлийн голлох үзүүлэлтийг гүний уурхайн төслийн мэдээлэл болон коронавирусний халдвараас сэргийлэхээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийнхээ хамт танилцууллаа.
Тус компани баяжмал дахь зэс, алтны үйлдвэрлэлийн 2020 оны төлөвлөгөөндөө хүрэх төлөвөө хадгалж буй аж.
Хүдрийн агуулга буурсан тул ил уурхайгаас олборлосон баяжмал дахь зэс 2019 оны мөн улирлынхаас 23 хувиар буурчээ.
Ангилан дараалалд оруулах болон бага агууламжтай овоолготой холих зэрэг ажиллагааны улмаас өмнөх оны мөн үеэс хүдэр дахь зэсийн дундаж агуулга 26 хувиар багасжээ.
КОВИД-19-ээс үүдэлтэй хязгаарлалтын оргил үед Хятад дахь бизнесүүдийн үйл ажиллагаа хумигдсан тул хэрэглэгчид агуулахаас бүтээгдэхүүн татах явц удааширсан болон хил дээрх таталт буурсан нь нэгдүгээр улирлын борлуулалтад нөлөөлсөн байна.
35,203 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн нь 2019 оны нэгдүгээр улирлынхаас 23 хувиар буурсан үзүүлэлт бол 26,154 унц баяжмал дахь алт үйлдвэрлэсэн нь 2019 оны нэгдүгээр улирлынхаас 78 хувиар буурсан үзүүлэлт аж.
Ерөнхийдөө хатуулаг багатай, тээрэмдэхэд бэлэн хүдэр байсан болон бүтээмж сайжруулахаар авсан арга хэмжээний үр дүнд баяжуулах үйлдвэрийн гарц 2019 оны нэгдүгээр улирлынхаас 17 хувиар ахиу байсан байна.
Компанийн зүгээс өгч буй мэдээлэлд “КОВИД 19" буюу дэлхийг хамарсан цар тахлаас үүдэлтэйгээр 2020 оны нэгдүгээр улиралд тодорхой сорилтуудтай тулгарлаа. "КОВИД 19"-ийн улмаас нөхцөл байдал нэгдүгээр сард хүндэрч эхэлснээс хойш бид ажилтнууд, ханган нийлүүлэгчид болон орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг үргэлжлүүлэн эн тэргүүнд тавин ажиллаж байна. Иймд бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглахын зэрэгцээ уурхайн цогцолбор болон Улаанбаатар хот дахь оффисуудад шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Бидний хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс, Өмнөговь болон Ханбогд сумын орон нутгийн удирдлагуудын гаргасан заавар, шийдвэрүүдтэй бүрэн нийцсэн бөгөөд тэдгээрийг чанд мөрдөж байна. Сорилтын хажуугаар ажилтнууд, уурхайн үйл ажиллагаа явагдаж буй орон нутгийн иргэдээ хамгаалахын зэрэгцээ бид бизнесийн үйл ажиллагаагаа таслахгүйн тулд чармайн ажиллаж байна. Хэдий тийм ч хил хаасан, бараа бүтээгдэхүүн, ажиллах хүчээ татахтай холбоотой хязгаарлалтууд байгаа нь гүний уурхайн бүтээн байгуулалт болон зэсийн баяжмалын тээврийг оролцуулан компанийн ерөнхий үйл ажиллагаанд нөлөөлж байгаа.
"КОВИД 19"-ээс үүдэлтэй ид хязгаарлалтын үед Хятад улс дахь бизнесүүдийн үйл ажиллагаа хумигдсан нь нэг болон хоёрдугаар сарын борлуулалтад нөлөөлсөн ч гуравдугаар сард худалдан авагч талаас бүтээгдэхүүнээ эрчимтэй татаж, улирлын эцэст төлөвлөгөөгөө давуулсан борлуулалт хийлээ. Энэ цаг үед баяжмалын тээвэрлэлтэд бэрхшээл тулгарч байгаа хэдий ч цаашид борлуулалтад учирч болзошгүй нөлөөллийг бууруулахаар Монголын болон Хятадын засгийн газруудтай хамтран ажиллаж байна” гэжээ.
Оюутолгойн Гүний уурхайн барилгын ажил 16-30 сараар хойшилж, 1.2-1.9 тэрбум ам.доллароор капитал зардал өсөх урьдчилсан тооцооллыг хөрөнгө оруулагчдын зүгээс 2019 оны долоодугаар сард зарласан.
Тэгвэл “КОВИД 19”-тэй холбоотой хязгаарлалтууд хэр удаан үргэлжлэхээс шалтгаалан хуваарьт нөлөө үзүүлэх магадлалтай гэсэн мэдээллийг “Оюу толгой” компанийн зүгээс өгч байна.
Компанийн мэдээлэлд: Хувьцаа эзэмшигчдийн зүгээс 2020 оны гуравдугаар сарын 16-нд мэдээлснээр гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, онцгой ахиц гарган ажиллаж байна. Гуравдугаар сард 1939 метр малталт хийжээ.
“КОВИД 19”-ийн тархалтыг зогсоох ажлын хүрээнд хөдөлгөөн хязгаарласнаас үүдэн мэргэжилтнүүдийг уурхайн талбарт авчрах, бараа бүтээгдэхүүн татан авахад асуудал тулгарсан зэргээс үүдэн бүтээн байгуулалтын явц саарсан.
Агааржуулалтын урд болон хойд амын тусгай төхөөрөмжүүдийг (техникийн) ашиглалтад хүлээн авах болон эдгээр амын нэвтрэлт, малталтыг эхлүүлэх мэргэжилтнүүд уурхайн талбарт ирэх хүртэл тухайн амнуудад засвар үйлчилгээ, арчилгааны ажлууд түр хийхээр болсон. Түүнчлэн гүний уурхайн материал зөөвөрлөх чухал дэд бүтцийн ажлууд тэр дундаа нэгдүгээр анхдагч бутлуурын барилгын ажил удааширч, зөвхөн өдрийн ээлжийнхэн ажил гүйцэтгэж байгаа.
Шинээр ашиглалтад оруулсан троссны ердийн суналт нь Үйлдвэрлэлийн амны өргүүрийн бүтээмжид нөлөөлж болох ба “КОВИД 19”-өөс болж гадаад мэргэжилтнүүдийн Оюу толгойн уурхайн талбар руу ирэх аялал хязгаарлагдсанаас шалтгаалан гүний уурхайн өргөтгөл малталт 30 хувиар удаашрах магадлалтай.
Мэргэжлийн ажилтнууд уурхайн талбарт ирж тохиргооны ажлыг хийх хүртэл өргүүрийг ашиглах хугацааг уртасгах зорилгоор өргүүрийн даац болон хурдыг сааруулсан. Уурхайн удирдлагууд нөхцөл байдал хяналтад байгаа гэж үзэж байгаа хэдий ч шаардлагатай байгаа мэргэжилтнүүд хоёрдугаар улирлын эцэс гэхэд уурхайд ирэх боломжгүй болбол энэ нь төслийн бүтээн байгуулалтын ажилд нөлөөлөхөөр байна. Үйлчилгээний өргүүрээр хүн болон материал тээвэрлэх ажил хэвийн үргэлжилж байна.
Уурхайн шинэчилсэн зураг төслийг энэ оны эхний хагаст дуусгаж, хоёрдугаар хагаст зардал, хуваарийн Нарийвчилсан үнэлгээг гаргах төсөөлөлтэйгөөр ажиллаж байна. Үүнд олборлолтын эхний панел буюу “Панел 0”-ийн шинэчилсэн зураг төсөл дээр суурилж гаргах гүний уурхайн төслийн капитал зардал болон хуваарийн тооцоолол багтана гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )