Д.Даваасүрэн: Лимбэний битүү амьсгаагаар ГЕННИСИЙН амжилтыг эвдэх зорилготой

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 06

Монголынхоо үндэсний язгуур урлагийн өв тээгч болсон Соёлын тэргүүний ажилтан хөгжимчин, хөөмийч Дамжингийн Даваасүрэнтэй уран бүтээлийн яриа өрнүүллээ. Тэрбээр “Түмэн эх” чуулгад 16 жил ажилласан бөгөөд өдгөө язгуур урлагаа аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлж, “Монгол хэл хуур” холбооны тэргүүн, “Монгол нүүдэл урлаг” компанийн захирлаар ажиллаж байна. Бүтээн туурвих  хүсэл эрмэлзлээр жигүүрлэн, уран бүтээлийн онгод хөгөөр бялхаж яваа эрч хүчтэй уран бүтээлчийн ертөнцөөр хамтдаа аялцгаая


-Увс нутгийн харгиа боргиотой усны хөвөөнд тоглож,  халгиа долгиотой уулсын өвөрт өссөн хүү уран бүтээлч болох учир шалтгаан байсан л байх даа?

-Манай нутаг тэр дундаа Өмнөговь сум өвөг дээдсийнхээ өв уламжлалыг үеийн үед тээж ирсэн өмөг түшигтэй нутаг. Хүний хувь заяа гэдэг сонин юм. Багаасаа урлагт дуртай хүүхэд байсан боловч яг урлагийн хүн болно гэж зорьж чиглэсэн юмгүй л давхиж явлаа. Жил бүр баруун таван аймгаар Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийн багш нар явж хүүхдүүдийг элсүүлдэг л дээ. 1995 онд сургуулийн завсарлагаар тэвэг өшиглөж яваад иртэл баахан багш нар ангиас зөрж гарахтай нь таарчихсан. Тэгээд л энэ юун хүүхэд шалгуулахгүй үлдчихэв энээ тэрээ л болов. Тэгж шалгуулаад л урлагийн хүн болох замналд санамсаргүй байдлаар орчихсон доо. Завхан аймагт суралцахын хажуугаар Завханы театрт ажиллаад зуны амралтаараа Увс аймагт очихоороо аймгийнхаа театрт ажиллаад л ажлын дөр суусан даа. 1995 онд Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежид суралцаад 2002 онд төгсөөд Соёл урлагийн их сургуульд лимбэ, хөөмийний ангид суралцсан. Одоо Хөдөө аж ахуйн их сургуульд байгалийн аялал жуулчлалын магистрантурт сурч байгаа.

-Та “Түмэн эх” чуулгаар олон жил овоглож явсан хүн. Энэ чуулга дэлхийн олон орноор язгуур урлагтай нь аялуулсан болов уу?

-Соёл урлагийн их сургуульд сурахын зэрэгцээ “Түмэн эх” чуулгад 2015 он хүртэл ажилласан. Чуулгад ажиллаж байхдаа 10 гаруй орноор аялан тоглолт хийсэн. Япон улсыг гурвантаа, Солонгос улсыг таван удаа тойрчээ. Арабын Шахын гэрт нь хүртэл очиж тоглолт хийж байсан. Арабын Шах намайг хөөмийлж байхад амандаа юу хийсэн юм бэ гэж шалгаад дан амаараа ийм олон өнгө дуу гаргаж байгаад маш их гайхаж энэ гайхамшгийг гэрийнхэндээ харуулмаар байна гээд улмаар эх орондоо урьсан юм л даа. Соёл урлагийн их сургуульд сурч байхад Шанхайд 10 орны Ерөнхийлөгчийн уулзалт болж “Түмэн эх” чуулга хамт эх орноо төлөөлж явсан. Улс орны Ерөнхийлөгч бүр үндэсний урлагийн баг бүрэлдэхүүнтэйгээ ирсэн бөгөөд манай улсаас 40 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, уртын дуу, хөөмий, уран нугаралт, бүжиг бий биелгээний гайхамшгийг таниулсан. Монгол орны урлагийн үзүүлбэрт маш их алга ташилт ирсэн шүү. Гээд ярихаар дуусашгүй. Энэ чуулгаасаа урлагийн хүнд эзэмшвэл зохих бүхий л чадвар, соёл, боловсролыг эзэмшсэн гэж бодож, үргэлж талархаж явдаг даа.

-Язгуур урлагийн төрлөөрөө ямар, ямар тэмцээн уралдаанд оролцож байв даа?

-Л.Мөрдоржийн нэрэмжит мэргэжлийн хөгжимчдийн улсын уралдаанд 2012 онд лимбэ хөгжмөөрөө тусгай байр, 2016 онд Оросын холбооны улсын Сахад олон улсын тууль хайлагчдын уралдаанд Баруун Монгол Алтайн баатарлаг туульсаар лимбэ, хэл хуураараа гуравдугаар байрт шалгарч байсан.

-Та бол хөөмий, хэл хуур, лимбэ хөгжмийн эрдмийг хослуулан эзэмшсэн. Юун түрүүнд хөөмийн урлаг эзэмшихэд амьсгааны багтаамж, өгүүлэх эрхтний үүрэг маш чухал байдаг байх?

-Хөөмий бол амьсгааны хамгийн нарийн урлаг. Ямар ч хөгжмийн зэмсэг хэрэглэхгүйгээр хүн өөрөө хөгжмийн зэмсэг болдог. Шахаа, исгэрээ, харгиа, хамрын, нармайн хөөмий зэрэг олон төрөл байдаг. Байгалийн дуу чимээ, мал аж ахуйн соёлоос бий болгосон дуу чимээ гээд хорвоо ертөнцийн дуу чимээг гаргаж байдаг. Хөөмийн урлагаараа  гавьяат жүжигчин , Н.Сэнгэдорж , Д.Сундуй, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Одсүрэн  гээд гайхамшигтай хүмүүс нэрлэвэл олон байна. Хөөмий бол биет бус өв бөгөөд хөөмийч нь өөрөө соёлын өв болж байдаг учраас гарын шавь нараа сайн бэлтгэж байх хэрэгтэй. Танхимд онолын хичээл заахаас гадна хээрийн дадлагад гаргаж  уул өөд өгсөх, уруудах зэргээр амьсгаа задлах дасгал хийнэ шүү дээ. Б.Одсүрэн багш “Хөөмий бол хүн, байгаль, амьтан гурвын шүтэлцээ” хэлсэн байдаг.

-Залуус язгуур урлагаа хэрхэн өвлөж хөгжүүлж байна вэ?

-Залуус төрөл бүрийг хослуулан сурч байгаа нь тун сайшаалтай. Язгуур урлагаараа дэлхийд нэрээ мандуулж байгаа “The Hu”, “Алтай”, “Бөртэ” гээд олон хамтлаг байна. Бид язгуур урлагийг монгол ахуй орчинд нь нүдээр үзэж, биеэр мэдэрч байж сурвал илүү сайн сурна. Жишээ нь, орчин үеийн залуус цомбон туурайтай морь хэрхэн хатирч, ергүүлэхийг мэдэхгүй шүү дээ. “Цомбон туурайтай хүрэн”-ийг хөөмийлөхийн тулд цомбон туурайтай морь унаж үзэж байж сэтгэлээсээ мэдэж, мэдэрч хөөмийлнө. Сурахад хүртэл учир бий.

-“Монгол нүүдэл урлаг” компани нь үүсгэн байгуулагдаад хэр удаж байна вэ?

-“Монгол нүүдэл урлаг” компани маань урлаг соёл, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад гурван жил болж байна. Монголд зочилж ирсэн гадаадын жуулчдад зориулсан язгуур урлагийн тоглолтууд хийдэг. Мөн ресторан, жуулчны бааз, байгальд тоглоно оо. Зуун ламын агуй, Болорын агуй зэрэг олон агуйд тоглож байсан.

-Жуулчид ямар уран бүтээл түлхүү сонирхож байна вэ?

-Жуулчид хөөмий, уран нугаралт, уртын дуу гээд бүхий л төрлийг сонирхож ирдэг. Ялангуяа байгалийн сайханд тоглоно гэдэг хамгийн сайхан. Гурван жилийн хугацаанд 60 гаруй хайрхны оргил дээр тоглолт хийжээ.

-Тайзан дээр дуулах, байгаль дээр тоглох хоёр их ялгаатай сонсогддог. Өөрт чинь тэгж мэдрэгддэг үү?

-Мэдрэгдэлгүй яах вэ. Өндөр уулын оройд модон дотор маш гоё сонсогддог. Байгальд тоглоход эхлээд орчноо зөв сонгож, тэнгэр, цаг агаарын байдлыг шинжих хэрэгтэй л дээ. Дараа нь үзэгчдийнхээ бие болон сэтгэлийг бэлдэхийн тулд өв уламжлалынхаа талаар ярьж, тайлбарлаж өгдөг.  Эцэст нь хүмүүсийнхээ чихийг амрааж, хотын чимээ шуугианаас ангижруулахын тулд нэг минут чив чимээгүй суухыг хүсдэг. Бүгд нам гүм болмогц чих дүнгэнээд л. Чих амармагц байгалийн чимээг ялгаж сонсож эхэлдэг. Тэнд ч шувуу жиргээд, энд ч мод шуугиад, салхины чимээг хүртэл сонсогдоно гээч. Яг тэр үед нь хөөмийлөөд хөгжим эгшиглээд эхлэхэд хүмүүс транст орно шүү дээ. Хүмүүс ч тайвшраад бүх дэлхий амгалан болоод ирэнгүүт амьтад хүртэл цуглараад сонсдог гээд бод доо. Хэрэм дэргэдүүр гүйлдээд, шувууд мөчир дээр суугаад сонсоно шүү дээ.

-Хэл хуур хөгжмийн сургалт болон түгээн дэлгэрүүлэх бодлого хэр хэрэгжиж байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд хэл хуурын ганцхан холбоо байдаг. 2019 онд “Монгол хэл хуур”-ын холбоог байгуулж ганцаарчилсан сургалтаар 200 гаруй шавьтай болсон. Мэргэжлийн сургуулиудад хэл хуурын тэнхимийн сургалт ордоггүй. 2018 онд Чингэлтэй дүүрэгт  төсөл боловсруулж, тэнхимийн сургалтыг анх хэрэгжүүлсэн. Удахгүй мэргэжлийн сургуулиудад ордог болох байх гэж найдаж байна. Монголд зохион явуулсан анхны хэл хуурын уралдаанд 60 гаруй хүүхэд оролцсоноос  миний шавь Б.Отгонбат тэргүүн байранд орсон. Дараа нь Оросын холбооны улсын Якутад болсон хэл хуурын уралдаанд Отгонбат маань оролцож, 200 гаруй хүүхдээс дэд байр эзэлсэн.

-Хэл хуурын урлаг хэдэн оронд хөгжсөн байдаг вэ?

-Дэлхийн 160 гаруй оронд хэл хуурын урлаг хөгжсөн байдаг. Хэдэн мянганы түүхтэй атал анхны хэв шинжээ алдаагүй хөгжмийн зэмсэг. Хэл хуурыг хамгийн өндөр хэмжээнд хөгжүүлсэн орон бол Оросын Якут. Би Якут руу судалгааны ажлаар хэд хэдэн удаа явсан. Алтай хийцийн хэл хуур, европ хийцийн хэл хуур, хулсан, хуур, ясан хуур, төмөр хуур гээд олон төрөл байдаг. Ямартай ч манай улсад Хүннүгийн үед хэрэглэж байсан ясан хуур Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаас Хүннүгийн үеийн булшнаас олдсон шүү дээ. Тэгэхээр маш эртний хөгжмийн зэмсэг байгаа биз.

-Монголчууд хэл хуураа тэнгэрийн цэнхэр хүлэг хэмээн бөөгийн онгод тэнгэрээ дууддаг шүү дээ. Байгальтайгаа харьцаад хэл хуураа татаад эхлэхээр танд ямар нэг дохио дуудлага мэдрэгддэг үү?

-Хүн өөрөө байгалийн амьтан болохоор бидний шүтэх зүйл бол байгаль. Хэл хуур татахад өөрийн мэдэлгүй огт мэдэхгүй аялгуунууд аяндаа орж ирдэг шүү.  Бөө нар хэл хуурыг дээд тэнгэртэй холбох хүч бөгөөд онгодын цэнхэр аялгуу нь хүчирхэг байх тусмаа онгод тэнгэр нь хүчтэй бууж ирнэ гэж үздэг. Эрт дээр үеэс дархад, цаатан, хотгойд, халх, маажраг, урианхай бөө нар хэл хуурыг хэрэглэж онгодтойгоо холбогдсоор ирсэн. Хуурыг дархадууд хэл хуур, халхууд аман хуур, урианхайчууд гонс гэх зэргээр нэрлэдэг. Хэл хуураа татаад  ямар нэгэн транст орчихсон үед огт мэдэхгүй аялгуу урсан орж ирдэг шүү. Бид байгальд авдар алт, боодол мөнгө өгөөд ч тоож авахгүй шүү дээ. Харин бид байгальдаа уянга хөг, хайр халамжаа л өгвөл угтаж тосоод, ургаж дэлгэрээд ирнэ.

-Хэл хуурыг төгс эзэмшсэн ахмад уран бүтээлчдээс нэрлэвэл?

-Өмнөговь аймгийн Даланзадгад хотод суугаа өндөр настан Б.Хүүхэндүү гэж эмээ хэл хуурыг маш сайхан татдаг.  Түүний тэмээний жонжоо, ингэ хөөслөх аялгууг залуу хойч үе сурч, өвлөн авууштай.

-Лимбэ хөгжмийн төрөл болоод тоглох арга техникийн талаар ярина уу?

-Монголд их, дунд, жижиг гээд лимбэний гурван төрөл байдаг. Хэмжээнээсээ шалтгаалаад том басс буюу өтгөн дуугардаг. Монгол лимбэний битүү амьсгааг дэлхийн соёлын өв ЮНЕСКО-д бүртгүүлсэн. Лимбэ хөгжмийг тоглоход хамраар уушги руу амьсгаа орж байхад амаар лимбэ рүү үлээ рүүгээ үлээж байдаг цагариган эргэлт хийдэг. Би монгол лимбэний битүү амьсгаагаар  Геннисийн амжилтыг эвдэх зорилготой. Уртын дууг эрт дээр үед лимбэ хөгжимтэй дуулдаг байсан. Уртын дуу дуулахад хамгийн багадаа 4-5 минут дуулдаг бол лимбэчин хүн дуулахаас нь өмнө эхлээд дуусан дуустал нь үлээлтээ нэг ч зогсоохгүйгээр тоглодог.

-Уран бүтээлийн цомог бэлдэж байна уу?

-Дэлхийн хит болсон орчин үеийн дуунуудыг хөөмий, лимбэ, хэл хууртайгаа хоршуулан хийж дүрсжүүлсэн. Хос цомог гарах ажил 90 хувьтай явж байна. Хоёр талдаа нүүртэй цомог гаргана. Нэг цомог нь орчин үеийн ковер бүтээл, нөгөө цомогт нь үндэсний язгуур урлагийн бүтээл тэр чигтээ орно. Лимбэний битүү амьсгаа, хэл хуур, хөөмий, хархираа, исгэрээг бит бокстой хослуулж “Жалам хар” бүтээл, Дижи Маагий гэдэг залуутай хамтарч “Салхин сүлбээ” гэдэг уран бүтээл хийсэн. Өмнөд Солонгосоос ирсэн хамтлагтай хамтарч орчин үеийн урлагийг үндэсний урлагтай хослуулан “On and off” продакшны театр дээр  “Салхийг мэдэр” гэдэг тоглолт хийсэн.  Тэр хамтлагийнхантай хамтарч бүтээл хийсэн. Язгуур урлагийн цомогт  “Алтайн магтаал”, “Дөрвөн цаг”, үндэсний хөгжмийн цөөхүүлтэй хамтарч тоглосон бүтээлүүд багтсан.

-Цаашид үндэсний урлагаа аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэхийн тулд ямар, ямар ажлууд төлөвлөж байна вэ?

-Хамгийн ойрын том зорилго бол бүтэн сарын хугацаанд 700 километр аялна. Энэ сарын 10 гаргаад  Өмнөговь, Өвөрхангай, Архангай гэсэн маршрутаар тэмээний аялал хийж, уран бүтээлээ дүрсжүүлнэ.  Дэлхийн орчин үеийн шилдэг бүтээлүүдийг үндэсний урлагтайгаа хослуулж хийнэ гэдэг өөрөө аялал жуулчлалыг татах маш том бодлого. Залуустаа байгальдаа хог хаяхгүй, цэвэрхэн аялж, байгалиа хайрлахыг ямагт уриалахын сацуу биеэрээ үлгэрлэн язгуур урлагаа дэлхийд сурталчлан таниулж байгальд амьд тоглолтоо хийсээр байх болно. Байгалийн аялал жуулчлалын чиглэлээр суралцаж байгаа минь магистрын ажилтай минь ч холбоотой.

-Хэл хуурын дэг сургалтыг тэнхимд нэвтрүүлэх судалгааны ажлаа хийж байгаа гэсэн. Сүүлийн үед хөл хорио тогтоож тэнхимийн сургалтуудыг хаачихсан. Онлайн байдлаар сургалт явуулж байгаа юу?

-Хөл хорионы үеэр сургалтын төвүүд хаагдаж, онлайн сургалт хийж эхэлсэн. Онлайн сургалтын нэг давуу тал нь хил хязгааргүй. Орон нутгаас гэхэд Эрдэнэт, Ховд,  Хөвсгөл зэрэг аймгуудаас, гадаад улсаас гэхэд Сингапур, Франц, Польш, Америкаас монголчууд холбогдож сурч байна. Сургалт маань ганцаарчилсан байдлаар, төлбөртэй явагддаг бөгөөд “Mongolian art” цахим хуудсаар холбогдох боломжтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.55.188.34) 2021 оны 02 сарын 04

Амжилт хүсье

0  |  0
Top