Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх хугацаагүй гэрээ 25 нас хүрлээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 13

Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ анх 1968 онд НҮБ-ын Зэвсэг хураах хорооны дэмжлэгтэй байгуулагдаж, 1970 онд хүчин төгөлдөр болжээ. Эхэндээ 25 жилийн хугацаагаар сунгах нөхцөлтэй байгуулж байсан гэрээ 1995 онд хугацаагүй болсны 25 жилийн ой өнгөрсөн мягмар гарагт тохиов.

Энэхүү гэрээ ОХУ, Их Британи, БНХАУ, АНУ, Франц улсын цөмийн зэвсгийг хуульчилж, эдгээр улсын цөмийн гүрэн гэсэн статусыг баталгаажуулжээ. Баримт бичгийн дагуу эл клубын гишүүд бусад талд цөмийн технологи дамжуулахгүй байх үүрэг хүлээсэн бол оролцогч бус талууд үй олноор хөнөөх зэвсэг бүтээхгүй, худалдаж авахгүй байх тохиролцоотой. Ингэхдээ бүх талууд энхийн зорилгоор цөмийн эрчим хүч үйлдвэрлэх, ашиглах эрхтэй. Цөмийн зэвсэггүй улс орнууд үүргээ биелүүлж буй эсэхийг Олон улсын атомын энергийн агентлаг хянадаг. Гэрээнд Израиль, Энэтхэг, Пакистнаас бусад бүх тусгаар улс /өдгөө 191 улс/ гарын үсэг зурсан. Гэрээнд гарын үсэг зурсны дараа БНАСАУ гарсан бөгөөд эдгээр дөрвөн улсыг цөмийн зэвсэгтэй гэж үздэг.

Нууц биш нууц

Цөмийн зэвсгийн тал дээр Израил хамгийн тунгалаг бус улсад тооцогддог. Израил өөрөө үй олноор хөнөөх зэвсэгтэй гэх баримтыг баталдаг ч үгүй, үгүйсгэдэг ч үгүй. Америкийн эрдэмтдийн холбооны шинжээч Ханс Кристенсен, Роберт Норрисоны явуулсан судалгаанаас үзвэл, тус улс 2004 оноос өмнө үйлдвэрлэсэн 80 цэнэгт хошуу бүхий цөмийн зэвсгийн нөөцтэй. Эдгээрээс 30 нь онгоцоор, 50 нь дунд зайн тусгалтай "Иерихон II" пуужингаар тээвэрлэх зориулалттай аж. Израил Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд /ЦЗҮДГ/ нэгдээгүй учир түүний цөмийн зэвсгийн талаар баттай мэдээлэл бараг үгүй.

Израил цэргийн зориулалтаар цөмийн зэвсэг боловсруулж буй тухай нууц биш мэдээлэл анх 1986 онд гарч ирсэн. Израилийн Димон дахь маш нууц цөмийн төвд ажиллаж байсан цөмийн мэргэжилтэн Мордехай Вануну Лондонгийн “Sunday Times” сонинд дамжуулсан 60 гаруй гэрэл зургийн ачаар мэргэжилтнүүд Израил цөмийн зэвсэгтэй гэдэг дүгнэлт хийсэн. Шинжээчид Израил улс өнгөрсөн зууны дунд үеэс эхлэн цөмийн зэвсэг боловсруулж эхэлсэн гэж таамагладаг. Энэ нь Арабын улс орнуудаас ирж буй заналхийлэл, түрэмгий бодлогоос үүдэлтэй. Янз бүрийн эх сурвалжийн мэдээллээр, тус улсад АНУ, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, ялангуяа Франц улс үй олноор хөнөөх зэвсэг бүтээхэд нь тусламж үзүүлж байжээ. “Guardian” сонинд бичсэнээр, Герман, Их Британи, Норвеги хүртэл Израилд цэнэгт хошуу бүтээхэд нь зориулж түүхий эд нууцаар нийлүүлдэг байсан аж. Вашингтон Израилийн цөмийн гүрэн гэх статусыг 1969 оноос хойш хүлээн зөвшөөрч ирсэн бөгөөд ЦЗҮДГ-нд нэгдэхийг ятгасаар ирсэн. Стокхолмын энх тайвны асуудал судлалын олон улсын хүрээлэнгийн /SIPRI/ мэдээллээр, Израил улсад зэвсгийн плутонийг үйлдвэрлэсээр байгаа тул Израил Ойрх Дорнод бүс нутагт цөмийн зэвсэгтэй цорын ганц улс гэж үздэг.

Буддагийн инээмсгэлэл

Энэтхэг улс анхны цөмийн туршилтаа 1974 оны тавдугаар сарын 18-нд Тар цөл дэх Покхаран талбайд хийж байсан түүхтэй. Газар доор 10-15 килотонн тротилын хүчин чадалтай цөмийн туршилт “Инээмсэглэж буй Будда” нэр авсан. 1948 онд тус улс цөмийн хөтөлбөр хөгжүүлж эхэлжээ. Гол зорилго нь тухайн үед цөмийн технологийн цогцолборыг идэвхтэй хөгжүүлж байсан Хятад улсыг эсэргүүцэн зогсох явдал байв. Энэтхэгийн анхны 1тВт хүчин чадалтай цөмийн реакторыг Их Британийн туслалцаатай 1957 онд барьж байгуулсан бол Канадын мэргэжилтнүүд 40 мВт хүчин чадалтай реактор ашиглалтад оруулахад нь мөн тусалж байжээ. ЗХУ, АНУ Энэтхэгт атомын цахилгаан станц барьж, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад нь тусалж байв. Гэсэн ч энэтхэг мэргэжилтнүүд нууцаар цэргийн зориулалтаар цөмийн эрчим хүч боловсруулж буйг 1972 онд тухайн үеийн ерөнхий сайд Индира Ганди цөмийн туршилт хийх зөвшөөрөл олгосноор дэлхий нийт мэдсэн түүхтэй. 1998 онд тус улс 45 килотонн хүчин чадалтай “Шакти-1” устөрөгч бөмбөг, 12 килотоннын “Шакти-2” цөмийн цэнэг, 0.2 килотоннын “Шакти-3”, нийт нэг килотоннын “Шакти-4” ихэр цөмийн цэнэг зэрэг нийт таван цөмийн зэвсэг туршсан байдаг. Үүний дараа АНУ Энэтхэгийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан ч 2011 оны есдүгээр сарын 11-ний үйл явдлаас хойш Энэтхэгийг терроризмын эсрэг олон улсын үйл хэрэгт татан оролцуулах зорилгоор хориг арга хэмжээгээ цуцалжээ. SIPRI мэдээллээр, өдгөө Энэтхэг улс ойролцоогоор 120-130 цэнэгт хошуутайгаас гадна зэвсэгт хүчин нь дунд зайн тусгалтай тактикийн пуужингаар зэвсэглэсэн.

Дайны цуурай

Энэтхэгийн цэргийн хүч чадал өөр нэгэн улсад үй олноор хөнөөх зэвсэгтэй болох шалтгаан болсон. Энэ нь Пакистан улс. 1970-аад он хүртэл тус улсад цөмийн туршилтууд энхийн зорилготой байсан бол 1971 онд Энэтхэгтэй хийсэн дайнд ялагдал хүлээсний дараа Пакистанд цөмийн эрчим хүчийг цэргийн зориулалтаар ашиглах шаардлага гарсан байна. Тухайн үеийн Ерөнхийлөгч Зульфикар Али Бхутто Пакистаныг цөмийн гүрэн болгох зорилт тавьж, энэ хүрээнд 1986 онд Бээжинтэй цөмийн судалгааны салбарт хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэ дагуу БНХАУ тус улсад уран баяжуулах центрифугийг ажиллуулах, цөмийн цэнэгийн технологи дамжуулах зорилгоор мэргэжилтнүүдээ илгээж  байжээ. Өдгөө Пакистанд 130-140 цэнэгт хошуу бий гэж олон улсын шинжээчид үздэг. Тус улсын эрх баригчид ЦЗҮДГ-нд нэгдэхэд бэлэн гэдгээ нэг бус удаа мэдэгдсэн. Гэхдээ Энэтхэгтэй хамт нэгдэнэ гэсэн нөхцөл тавьдаг. Зарим шинжээчид 2025 он гэхэд Пакистан 220-250 цэнэгт хошуутай болох боломжтой гэж үздэг бөгөөд ингэснээр тус улс цөмийн зэвсгийн нөөцөөр тавд жагсах юм.

БНАСАУ гарсан нь

БНАСАУ үндэсний болон стратегийн эрх ашгийн төлөө ЦЗҮДГ-г үл тоомсорлосны бодит жишээ. Тус улс өнгөрсөн зууны 50-иад оны үеэр ЗХУ-ын идэвхтэй дэмжлэгтэй цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн гэж шинжээчид үздэг. Ким Жон Илийн үед буюу 1970-аад оны эхээр Пёньян цөмийн зэвсэг бүтээх зорилгоо хэрэгжүүлж эхэлсэн байна. 1985 онд БНАСАУ тус гэрээнд нэгдсэн нь цөмийн эрчим хүчний салбарт цаашид хамтран ажиллах ЗХУ-ын зүгээс тавьсан болзол байв. 1992 оны хоёрдугаар сард Хойд болон Өмнөд Солонгос Солонгосын хойгийн цөмийн зэвсэггүй статусын тухай тохиролцоонд хүрсний дагуу Пёньян, Сөүл хоёр цөмийн туршилт, цөмийн зэвсэг үйлдвэрлэх, хадгалах, байрлуулахаас татгалзсан. Гэвч 1992 онп Олон улсын атомын энергийн агентлаг Пёньяныг хэрэгцээнээс илүү хэмжээгээр плутони үйлдвэрлэж байна гэж сэжиглэжээ. Шинжээчид нэмэлт шалгалт хийлгэхийг шаардсан ч Пёньян 1993 онд тус гэрээнээс гарах тухай мэдэгдсэн. 1994 онд Хойд Солонгос Олон улсын атомын энергийн агентлагаас гарсан юм. Гэхдээ мөн онд АНУ-тай байгуулсан хэлэлцээрийн дагуу тухайн үед цорын ганц цөмийн реактораа царцааж, тус ЦЗҮДГ-нээс гарахаа зогсоосон байна. Гэвч талуудын хүчин чармайлт талаар болж 2002 онд Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө сэргээж буйгаа зарлаж, 2003 онд тус гэрээнээс бүр мөсөн гарчээ. 2006 оны аравдугаар сарын 9-нд Пёньян анхны цөмийн туршилтыг гүйцэтгэж, 2012 онд цөмийн гүрэн гэх статусаа Үндсэн хуульдаа баталгаажуулжээ.

АНУ-ын судлаачдын мэдээллээр, 2018 оны эхээр Пёньян 10-20 цэнэгт хошуутай байжээ. Гэсэн ч тус улсад 30-60 цэнэгт хошуу үйлдвэрлэх нөөц бололцоотой гэж үздэг.

Иран хаалга руу дөхсөөр

Гэрээнээс гарахаар зэхэж буй дараагийн нэр дэвшигч бол Иран. 2020 оны хоёрдугаар сард тус улсын парламентад ЦЗҮДГ-ээс гарах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Барууны улс орнууд Ираны эсрэг олон улсын хориг арга хэмжээ дахин авах тохиолдолд Тегеран энэ алхмыг хийхээр зэхэж буй.

Дэлхийн хамтын нийгэмлэг Иран улсыг үй олноор хөнөөх зэвсэг бүтээж байна гэж аль эртнээс сэжиглэж байгаа. 2000 оны эхээр барууны ертөнц болон Олон улсын атомын энергийн агентлаг Ираны эрх баригчдыг нууц цэргийн цөмийн хөтөлбөрийг хөгжүүлж байна гэж буруутгасан ч бэлэн зэвсэг олдоогүй. Гэсэн ч тус улсад бүтээж буй технологи цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглагдсаныг үгүйсгэх аргагүй. Албан ёсны Тегеран үүнийг үгүйсгэж, уранаа баяжуулсан хэвээр байв. Үүний хариуд АНУ, Европын Холбоо, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ираны эсрэг хориг арга хэмжээ авсан билээ. Иран энэ гэрээнээс гарвал цөмийн гэрээний төгсгөл ирнэ гэсэн үг юм.

Мянга мянган цэнэгт хошуу

Цөмийн цэнэгт хошууны тоо 2018 онд буурсан ч цөмийн зэвсэгтэй улс гүрнүүд цөмийн зэвсгээ төгөлдөржүүлсэн хэвээр байна гэж SIPRI агентлагийн Удирдах зөвлөлийн дарга Ян Элиассон мэдэгджээ.

SIPRI агентлагийн мэдээллээр, 2019 оны эхээр АНУ, ОХУ, Их Британи, Франц, БНХАУ, Энэтхэг, Пакистан, Израил, БНАСАУ зэрэг есөн улс нийт 13865 цөмийн цэнэгт хошуутай байсан бол өмнөх онд 14465 цэнэгт хошуу байжээ. Үүнээс 3750 цөмийн зэвсгийг шуурхай хүчнийхэн ашиглаж байгаа ба хоёр мянга нь байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байдаг аж.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
99999(103.20.152.50) 2020 оны 05 сарын 13

” гэрээ 25 нас ”ГЭРЭЭНД ИНГЭЖ БИЧИЖ БОЛХГҮЙ ШҮҮ ДЭЭ...аМЬТАЙ АМЬТАН БИШ

0  |  0
Top