Одоогоос 28 жилийн өмнө буюу 1992 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр “Таван хуруу” баг унадаг дугуйгаар дэлхийг тойрохоор эх орноосоо мордож билээ. Таван хуруу шиг үе тэнгийн таван залуу дугуйгаар далай тэнгис, даваа нугачааг туулсаар дэлхийн 21 орны нутаг дэвсгэрийг дамжин 28 мянган километр замаар 294 хоног аялсан юм. 1993 оны нэгдүгээр 31-ний өдөр Сүхбаатарын талбайд эргэн ирсэн. Багийнхаа хамгийн ахмад нь гэгдэх Ш.Ёндондаш өдгөө 72 насыг зооглож байгаа бөгөөд өөрийнхөө сонирхлоор унадаг дугуй засварын газар ажиллуулж, ануухан, даруухан аж төрж байна
ДУГУЙН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭСНЭЭР АМЬДРАЛЫНХАА ТӨЛӨӨ ӨӨРӨӨ Л ЗҮТГЭНЭ ГЭДГИЙГ УХААРСАН
Тэрбээр 2014 оноос эхэлж унадаг дугуй засварын ажил эхлүүлсэн бөгөөд гурваас аравдугаар сар хүртэл түүний ажил ид ундарна даа. Баянгол дүүргийн зургаадугаар хороонд байрлах түүний засварын газар байнгын үйлчлүүлэгчтэй. Өглөө есөн цагаас орой 23 цаг хүртэл ажиллах үе ч бий. Өдөрт 15, 16 дугуй засдаг бөгөөд амралтын өдөр гэж түүнд үгүй. Бороотой, шуургатай өдөр л амарна даа. Буурал халимаг үстэй, нуруу цэх, толиотой, өндөр хүн бол Ш.Ёндондаш гуай байлаа. Эгээ л арван насаар залуу харагдах түүний нууц нь дугуйн спорт юм. “Дугуй гэдэг машинаас нарийн технологитой бөгөөд эдийн засаг, цаг хугацааны хэмнэлттэй. Би хүүхэд байхаасаа л дугуйнд хорхойсож, 56 жил дугуйн спортоор хичээллэж байна. 1974 улсад Иран улсаас Монголын дугуйн спортын анхны олон улсын медалийг авчирч байлаа. Дугуйн спорт бол миний амьдралын утга учир” гэснээр бидний яриа эхэлсэн юм.
Барилгын мэргэжилтэй тэрбээр Орос, Иран,Герман, Польш улсад дугуйгаар уралдаж байсан бөгөөд Олон улсын спортын мастер цолыг хүртсэн. “Дугуйн спортоор хичээллэснээрээ амьдралын төлөө өөрөө зүтгэнэ шүү гэсэн ухамсрыг авсан. Өөрөө л хөдөлмөрлөвөл амьдрал сайхан болно, бие эрүүлжинэ, зорьсон газартаа хүрнэ. Дугуйн спортод дурлагчид бүхий л амьдралаа зориулдаг бол дугуй унах бол хэрэглээ маягийн зүйл” гэж Ёндондаш гуай өгүүлээд засаж байсан дугуйгаа нямбай гэгч нь эргүүлж тойруулж харав.
БИ “ТАВАН ХУРУУ” БАГИЙНХАА ЯДАМ ХУРУУ НЬ БАЙВ
“Таван хуруу” багийн залуус эх орноо сурталчлах, Монгол хүний тэвчээрийг гайхуулах, хэр холыг туулах чадвартайгаа харуулах зорилготой аяллаа эхэлсэн бөгөөд тэр зорилгоо ч биелүүлж чаджээ. Анх “Таван хуруу” багийнхныг аяны дөрөөгөө жийхэд Сүх жанжны талбайд үдэгсэд битүү цугларсан байсан бол буцаж эх орондоо ирэхэд нь түүнээс ч олон хүн тэднийг угтахаар цугларсан байлаа. Г.Жаргалсайхан Дугуйн холбооны удирдах зөвлөлийн гишүүн байсан бөгөөд А.Ганболд, Б.Лхагвасүрэн, Г.Дэлгэрсайхан, Ш.Ёндондаш нарын гишүүдийг багтаа элсүүлсэн. Ёндондаш гуай тэднээс есөн насаар ах учир арай хашир туршлагатай гэсэндээ замын туршид багийнхныхаа дугуй засвар, эрүүл мэнд, хувцас хэрэглэл, хоол хүнсэнд анхаарч, хариуцдаг байв. “Жаргалсайхан маань англи, орос хэлээр чөлөөтэй ярьдаг мэдлэг боловсролтой залуу байсан. Ямар ч дарга даамал дээр орсон ажлаа бүтээгээд л гардаг чадвартай хүн. Бид чинь нэг, нэг хочтой. Эрхий хуруу нь Жаргалсайхан, долоовор нь Дэлгэрсайхан, дунд нь Лхагвасүрэн, ядам нь би, чигчий нь Ганболд шүү дээ” гээд хөхиүн баясаж инээв. Тэрбээр залуу насаа дурсаж байгаадаа тун сэтгэл хангалуун, баяр хөөртэй байлаа. Тухайн үед гадаадын улс орноор галт тэрэг, ганган онгоцоор л нисээд хүрдэг болохоос тэдэн шиг газраар ган дөрөө жийсэн нь байгаагүй. Хүн бүхэн тэднийг гайхан сонирхож байсан гэдэг. Хамгийн эхлээд Орос улсаар дайрч гарсан бол буцаж ирэхдээ Хятад улсаар дамнан эх орондоо ирсэн. “Биднийг явахад хивсний үйлдвэрээс 10 гаруй “Чингис” хивс, “Апу” компаниас 10 гаруй хайрцаг “Чингис” архи бэлэглэж байсан бол Нэхмэлийн үйлдвэрээс бидний хувцасыг урлаж өгч байсан. Замд тааралдсан малчин ард, нутгийн түмэн хамаг өвөр түрийгээ уудлаад л байгаа мөнгөө шавхаж өгдөг байсан. Зам зуурт хивсээ хүмүүст бэлэглэнэ ээ. Харин архиа айлд өгсөн түүх байхгүй, алжаалаа тайлсан л түүх бий гээд инээв. Тавын таван эр хүн хээр гадаа хоноглон явж байгаа юм чинь үдэш орой орчлон хорвоогийн элдэв сониныг дэлгэн алжаалаа тайлж амардаг байсан биз ээ. Ийнхүү явсаар Оросоос цааш Польш улсыг дамнан европын орнуудаар аяллаа үргэлжлүүлсэн юм.
СОЛОНГОС ЦЭРГЭЭР ХАМГААЛУУЛАН ХОНОГЛОСОН ТҮҮХ
Ёндондаш гуайн нүд нь сэргээд нэгэн түүх санав бололтой тэгш цагаан шүдээ яралзуулан инээмсэглэв. “Голландад явж байхад Жагаа маань бидний урд газрын зургаа хараад явж байсан юм. Зам хоёр салсан чинь баруун гар тийш салсан замаар нь ороод явснаа гэнэт хажуу тийш дараад замын тэмдгийн хоёр шонгийн завсарт дугуй нь хавчуулагдаад өөрөө дугуйнаасаа суга үсрээд уруу газар руу өнхрөөд өглөө. Ард нь явж байсан бид нарын инээд хүрч байх гэж жигтэйхэн. Толгой дээрх хиймэл үс нь /Түүнийг Парик Жагаа гэж хочилдог байв/ хажуу дээрээ гарчихсан. Мань хүн буруу замаар салснаа гэнэт ойлгоод хажуу тийшээ дарахдаа замын шонгийн голоор орчихсон юм байна л даа” гээд баахан инээв. Бас нэгэн хөгжилтэй дурсамж сөхвөл “Өмнөд Солонгост дөнгөж хөл тавиад хоноглох газраа хайж яваад нэг аятайхан мод, бут болсон газар олоод майхнаа барьж, ачаа бараагаа буулгаад, ор дэрээ засаад тухлах гэж байтал гэнэтхэн өндөр дуугаар захирсан өнгөтэй хашхирах харь хүний дуу чих дэлсдэг юм байна. Бүгд л айж ширвээдэн бие биеэ харснаа, майхнаасаа цуван гарцгаав. Тэгсэн чинь бөөн буу шийдэм болсон цэрэг бүччихсэн учир нь олдохгүй хэлээр зандарч байна. Өөрийн эрхгүй хоёр гараа өргөцгөөгөөд гэмгүй гэсэн санаагаа харуулсан чинь нөгөө цэргүүдийн дарга бололтой нэг нөхөр хүрч ирээд баахан л юм хэлээд байдаг. Тэгээд Жагаа маань , -Англиар ярьдаг уу гэсэн чинь харин овоо тийм гэж байдаг байгаа. Овоо санаа амсхийж учир явдлыг асуусан чинь бид нар цэргийн хориотой бүсэд майхнаа барьж тухлаад байсан юм байна лээ. Нөгөөх цэргийн дарга биднийг дэлхий тойрч байгааг ойлгож хүндэлсэн үү, яасан санаа зоволгүй эндээ хоногло гэдэг байгаа. Бид ч ёстой нэг санаа зоволтгүй цэргүүдээр хамгаалуулсан шигээ амар тайван амарцгааж билээ. Уг нь замд тааралдсан нэг жижигхэн самбар дээр Солонгос хэлээрээ орж болохгүйг анхааруулж бичсэн л байсан юм билээ. Даанч тэр бичиг, хэл яриаг нь мэдэхгүй юм болохоор зөрчил гаргаж орхисон байж билээ” хэмээн шимтэн хуучлав.
МОНГОЛЧУУД ТАЛАРХАЖ МЭДДЭГГҮЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ АЯЛЖ ЯВАХДАА ОЙЛГОСОН
Тэд замынхаа талд ороод мөнгөө барж дуусгажээ. Бельги улсад санхүүгийн улмаас гацсан тэдний зарим нь буцъя гэдэг санал гаргасан боловч Ёндондаш буцахгүй гэж эрс эсэргүүцжээ. Өдий болтол явж, энд хүрчхээд зорилгоосоо няцаж буцах гэж байгаа бол намайг энд үлдээ гэж уурлажээ. Энэ нь тэднийг хурцалсан санаа л даа. Арай хэл устай, яриа хөөрөөтэйгөөрөө Жаргалсайхан, Дэлгэрсайхан хоёр нутаг буцав. “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ш.Отгонбилэг, Ерөнхий сайд П.Жасрай хоёртой уулзаж нөхцөл байдлаа танилцуулж, тусламж хүсэхэд тэд тус бүр 20 мянган ам доллар өгсөн гэдэг. Ийнхүү тэд аяллаа цааш үргэлжлүүлэх боломжтой болсон юм. “Лхагвасүрэн, Ганболд бид гурав нэгэн бельги нөхөртэй танилцаж хашаанд нь чингэлэг тэргэнд байрлаж нутаг буцсан хоёроо хүлээх болов. Тэр үед Ганболд зураг зурж хоолныхоо мөнгийг олж, би хар бор ажил хийж хувь нэмрээ оруулж, Лхагвасүрэн маань хэл усаа ашиглан холбоо хэлхээгээ сайжруулж амь зангидан хүлээж байлаа. Нэг орой тамхи дуусаж Лхагвасүрэн, Ганболд хоёр тамхи олж ирэхээр гадагш гарав. Жижигхэн ресторанд орж тамхиа аваад гараад иртэл дугуйг нь хоёр хар нөхөр аваад яг хөдлөх гэж байдаг юм байна. Санд мэнд дугуйнаасаа шүүрч аваад, харуудыг түлхээд унагаадахаж. Тэгсэн чинь босож ирээд өөдөөс нь учиргүй зодолдсон гэж байгаа. Хэрэв хүний нутагт хөл дүүжлэх унаанаасаа салчихвал баларлаа л гэсэн үг” хэмээн Ёндондаш гуай өгүүлэв. Харь газар их л ядарч, зүдэрсэн. Оросуудад дээрэмдүүлж, италичуудад зодуулж ч явлаа. Хэчнээн өндөр соёлтой оронд ч гэсэн муу муухай зүйл үүрлэсэн байдаг юм байна лээ. Сүүлдээ яван явсаар санаа сууж, хашир болдог юм байна. Монголчууд ер нь хэнэггүй, зөнгөөрөө, залхуу улс юм байна гэдгээ гүнээ ухаарсан. Хүн юм өгвөл идчихээд л, юм гуйвал өгчхөөд явж байдаг. Гэтэл хүн бусдын төлөө амьдраагүй, өөрөө л хөдөлмөрлөж байж бусдын хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгоно гэдгийг алхам тутамдаа мэдэрсэн. Ямар ч хүнд баярлалаа гэж хэлж сурсан. Манайхан хүнд талархаж мэддэггүй, хүндэтгэж чаддаггүй, авах албатай юм шиг зантай улс юм байна гэдгээ ч тэр нуусангүй.
ОЛОН НЯЛХ ХҮҮХДЭЭ ОРХИОД ЯВЖ БАЙДАГ ОЙГҮЙ ТЭНЭГ ХҮН ЭЭ ГЭЖ ОДОО БОДОГДДОГ
Англи улсад явж байгаад тэд Шинэ Зеландын дугуйтай аялагчтай зам нийлжээ. Дэлхий тойрсон аялал хийхээр гэрээсээ гараад гурван жил хагас болж байгаа юм байна. Аялал чинь хэзээ дуусах вэ гэсэн чинь сайхь эр бараг хорин жил болох байх гэжээ. Биднийг хамгийн богино хугацаанд дэлхийг тойрох зорилготой явааг сонсоод та нар дэндүү хурдан яваад, би их ядарч байна. Уучлаарай би ийм хурдан явж чадахгүй баяртай гээд зам дээр харанхуй шөнө ганцаараа торойтол хоцорч байжээ. Тэгэхээр тэд чамгүй их хөдөлмөр, тэвчээр гаргасан нь үүгээр харагдаж байгаа биз. Картын системд шилжсэн тэр үед лангуун дээр давснаас өөр бараагүй байлаа. Бүгд л эхнэр хүүхэдтэй болчихсон залуус тийм тарчиг, хүнд үед гэр бүлээ орхиод явна гэдэг бөх зүрх ээ. Ингээд бодохоор тэднийг даллан дуудсан дугуйн спорт тийм л их хүчтэй байсан юм. “Одоо эргээд харах нь ээ тийм хэцүү үед эхнэр, хүүхдээ орхиод хэзээ ирэх нь тодорхойгүй үл мэдэх газар руу явж байдаг тийм тэнэг хүн байх уу даа” гээд Ёндондаш гуай уулга алдан, шогширч байв. Түүний эхнэр дугуйн спортын мастер хүн тулдаа л ханийнхаа хүсэл зорилгыг ойлгож, хүлээж авсан биз ээ. Хань нь цэцэрлэгийн багш байсан тулдаа л хэдэн хүүхдээ болгоод байсан байх гэсэн шүү юм бодогдож байв. Тэр аян замын турш эхнэр, дөрвөн охиноо л маш их санаж байжээ. Хамгийн том нь 20 нас ч хүрээгүй, бага нь 12 настай байв. Тэднийх дан охин хүүхэдтэй тул түүний сонирхлыг өвлөсөн хүн үгүй. Орчуулагч, дизайнер, санхүүч, үйлчин гээд тус тусын мэргэжлийг эзэмшин ажиллаж амьдарч байна. Зээ нар нь техник, технологийн дэвшилттэй зүйл сонирхоод байх юм гэж тэрбээр учирлаж байв.
ЗОРИУЛАЛТЫН ДУГУЙН ЗАМТАЙ БОЛГОЖ ӨГӨХИЙГ ТӨР ЗАСГААСАА ХҮСЬЕ
Аяллаасаа буцаж ирээд багаараа спортын салбарын тэргүүнүүд болсон бол Ёндондаш гуай багаасаа Алтангадас одонгоор энгэрээ мялаалгасан нь багийнхных нь сэтгэлийн хүндэтгэл, талархал байлаа. Барилгын цэрэгт жолоочоор ажиллаж байгаад зах зээлд шилжсэнээр ажлаасаа гарч, амьдралаа хөл дээрээ босгохын тулд 20-иод жил газар шороо ухах, наймаа худалдаа хийх зэргээр янз бүрийн ажил хийж байв. Өдгөө ажиллуулж байгаа унадаг дугуйн худалдаа, засварын газар нь “Авто стандарт” засварын хашаанд буй. Тус газрын эзэн Ганболд нь бартаат замын машины уралдаанд сонирхолтой. Адилхан спортын хүн гэдэг утгаараа Ёндондаш гуайг дэмжиж өөрийнхөө засварын газрын хашаанд түрээс төлөхгүйгээр унадаг дугуй завсар ажиллуулахыг зөвшөөрчээ. “Таван хуруу” багийн гишүүн Ганболд нь өдгөө Амгаланд тавилгын үйлдвэр ажиллуулж байгаа бол Дэлгэрсайхан хувиараа бизнес эрхэлж байна. Жаргалсайхан олон жилийн өмнө хорвоог орхисон бол Лхагвасүрэн нь ноднин бурхан болжээ. Ёндондаш гуай ахмад тамирчдын уралдаанд оролцох дуртай. Дугуйнаасаа хэзээ ч урваагүй. 13 дугаар хороололд байдаг гэрээсээ Модны хоёрт байрлах ажил руугаа дугуйгаараа л жирийлгэчихдэг. Монгол Улсад дугуйн спортоор Гавьяат багш хоёр, Гавьяат тамирчин нэг байдаг. Гавьяат багш Ж.Өлзий-Орших маш олон шавьтай. Түүний дүү Ж.Бат-Оршихтой өдгөө түүнтэй хамт унадаг дугуй засаж байгаа юм.
Ёндондаш гуайн хань нь түүнийг ядарлаа, наад ажлаа боль гэж үргэлж үглэдэг боловч харин ч ажлаа аз жаргалтай хийдэг. “Залуучууд дугуйн спортоор хичээллэж хөгжүүлээсэй, сүүлийн үед хүүхдүүд их дугуй унадаг болж байгаад баяртай байна. Дугуй унахдаа зорилготой уна. Өөртөө чөлөөтэй, цэвэр агаартай газар сонгож очоод унах хэрэгтэй. Ялангуяа Цэцэрлэгт хүрээлэн тохиромжтой боловч хүүхэд дайрчих гээд их хүнтэй болсон байна лээ. Нисэхийн Хөшигтийн хөндийн шинэ зам дээр дугуй унадаг болсон. Төр засаг дугуйчдад дугуйн замыг нь тавьж өгөөч ээ гэж хүсмээр байна” гэж олон хүсэлтийг уламжлахыг хүсэв. “Таван хуруу” баг баруун дөрвөн замаас улсын их дэлгүүр хүртэл явган хүний зам болгож байсан боловч явган хүмүүс дугуйн зам руу хальж яваад ухамсаргүй үйлдэл их гаргадаг. Тийм учраас тусгай зориулалтын дугуйн зам шаардлагатай байна гэдгийг нэмж хэлэв. Дугуйн тусгай зориулалтын зам нь наад зах нь хотын замын түгжрэл, агаарын бохирдлыг багасна. Нөгөөтэйгүүр дасгал хөдөлгөөн, эрүүл мэндэд тустай. “Сүүлийн үед техник технологи хөгжөөд хүүхдүүд цахилгаан скүүтер гээд олон төрлийн техник хэрэглэдэг болжээ. Нэг хүүхэд ийм юм авчраад орхичихсон, миний мэдлэгээс давсан л эд байна, яажшуухан засдаг байгаа юм. Энэ ч эрүүл мэндэд нөлөөлөхөөсөө илүүтэй тансаг хэрэглээний л эд юм байна” гэсээр хоцров. Ёндондаш гуай гурван жилийн өмнө 68 настайдаа Хөвсгөл аймаг руу унадаг дугуйгаар долоо хоногийн дотор 900 киломерт замыг туулан хүрч байсан. Нас явлаа гэж гомдоллож суухаасаа илүүтэй хүн дуртай зүйлээ амьдралынхаа зорилго болгоод явбал аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарна. Эрүүл, эрч хүчтэй байхын нууц бол дугуйн спорт шүү гэдгийг дахин дахин хэлж байлаа. Биднийг ярилцах зуур ягаан, ногоон, том, жижиг “төмөр хүлгээ” засуулахаар охид, хөвгүүд ахыг сураглан ирсээр байв. Нүдэндээ оч гэрэлтүүлсэн тэдгээр үрс ирээдүйд дэлхийг дугуйгаар тойрох спортын мастер болох ч юм билүү хэн мэдлээ.
Сэтгэгдэл ( 5 )
Энэ хүнтэй холбогдох утасны дугаар юмуу хаягыг нь хэлж өгнө үү
Ёндон ахдаа баяр хүргэе. Та бол жинхэнэ монгол эр хүн шүү.
Gemteliin dund zamaar orood Standart gd mashin zasvariin tuviin hashaand zuun buland ni bga.
Зээ хүүгийнхээ дугуйг засуулж байсан чин сэтгэлээсээ сайн засдаг бас их хямдхан . Зээ хүү минь жигтэйхэн их баярлаж байсан. Таньд сайн сайхныг хүсьe
Hayagig n nariin zaagaad uguuch pls