Ц.Минжин: Хууль бол төрийн бодлогын ТОЛЬ байдаг

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 14

Эрх зүйч, түүхч Ц.Минжинтэй ярилцлаа


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Цэрэнбалтавын Минжин гэдэг. Манай аав Сүхбаатар аймгийн Халзан сумынх, ээж маань Архангай аймгийн харьяат хүн байдаг. Би бол Улаанбаатар хотын унаган иргэн. Хүүхэд насаа 40 мянгат Гачуурт хоёрын хооронд өнгөрөөсөн. Нийслэлийн 85-р сургуулийг төгсөөд Шихихутаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн. Мөн МУИС-ийн түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

-Та төр, эрх зүйн чиглэлээр судалгаа хийдэг юм билээ. Энэ талаараа жаахан тодруулаач?

-Нэг ёсондоо хуулийн түүхийг судалдаг юм. Монголд хэдий үеэс хууль хэрэгжиж эхэлсэн, түүний үүрэг гэх мэтийг судалдаг гэсэн үг. Би өөрөө Их засаг хуулиар докторын зэргээ хамгаалсан. Хууль бол үндсэндээ төрийн бодлогын толь байдаг. Төр бол хуулийг баталдаг, хууль эргээд төрийг бэхжүүлдэг. Төр ямар байхаас шалтгаалаад хууль ямар байх нь шалтгаалдаг.

-Тэгвэл Монгол төрийн хууль, эрх зүйн тухай жаахан дэлгэрүүлээч?

-Бидний бичигдмэл хууль Их засаг хуулиас эхтэй. Гэвч хүмүүс тэр хууль чинь хаана байна гэж асуудаг. Цаас хэлбэрээр бидэнд үлдээгүй ч эх сурвалжуудаар бид нар нотолж ийм хууль байсан гэж гаргаж ирсэн. “Монголын нууц товчоо”-д “Шихихутагийн зарга заргалсныг цагаан цаасан дээр хөх бичгээр бичсэнийг үеийн үед бүү өөрчил” гэсэн байдаг. Чингис хаан засаг засаглав, Цагаадай хаан бага засгийг тогтоов гэхчилэн түүхэн сурвалжуудад бичсэн байдаг. Монголчууд энэ мэтчилэн бичмэл хуультай байжээ гэдгийг бага хаадын үеийн бүрэн эхээрээ олдсон эх сурвалжууд нотолдог. Монголын төр хүчирхэг байсны гол шинж нь Их засаг хууль хүчтэй байсанд оршдог. Төр нь мундаг байснаараа ийм гайхалтай хуулийг баталж гаргасан. Төр, хууль хоёр бол зоосны хоёр тал. Үүнээс хойш төр улс доройтсон ч “Халх журам” гээд өөрсдийн хуультайгаа явж ирсэн улс. Энэ хуулиуд тухайн төр ямар байсныг гэрчилдэг. Одоо бид нар 700 гаруй хуультай. Үүний хэдийг нь жирийн иргэн мэддэг, амьдрал тутамд нь хэрэгждэг вэ гээд бодохоор сонин. Би хэдийгээр хууль, эрх зүйн хүн боловч хэд нь миний амьдралд өдөр тутам хэрэглэгддэг гэдгийг мэдэхгүй. Ийм их учир замбараагүй хуультай байгаагаас манай төр хүчгүй байна гэж би хардаг.

-Улс оронд ийм олон хууль байх нь зөв үү?

-Их засаг хуулийг судлаад байхаар хүмүүсийн өдөр тутмын ахуй амьдралын хэм хэмжээг хуульчлах тусам хүмүүс тэр хуулийг зөрчдөг гэж боддог болоод байгаа. Их засаг хууль бол оршихуйн амь буюу байгаль орчныг дээд зэргээр хамгаалж байсан хууль. Гэвч энэ хууль дээр архи ууж, тамхи татаж болохгүй гэх мэт аар шаархан заалт байхгүй. Үүнээс юу гэж хэлэх гээд байна гэхээр хүний өдөр тутмын амьдралыг хуульчлах тусам тэр хуулийн хэрэглээ багасдаг юм байна. Өнөөдөр манайд байгаа 700 гаруй хуулийн хэм хэмжээний давхардал маш их байгаа. Нэг нь нөгөөгөө үгүйсгэдэг, сулруулдаг байдал их байна. Манайхны гол чиг баримжаагаа болгож явах зүйл бол “Монгол Улсын аюулгүй байдлын үзэл баримтлал” гэж бодлогын баримт бичиг байдаг. Энэ бол Үндсэн хуулийн дараа хоёрдугаарт орох бичиг баримт мөн.

-Та Стратеги судалгааны хүрээлэнд ажиллаж байсан хүн. Энэ маань яг ямар чиг баримжаатай байгууллага вэ?       

-Үндэсний аюулгүй байдлын үндсэн суурь судалгааг гаргаж өгч байдаг газар гэж болно. Өөрөөр хэлбэл Монгол Уосын аюулгүй байдалд хамаарах бүхий л зүйлийг судалдаг.

-Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулаад энэ сарын 25-аас дагаж мөрдөх гэж байна. Нэмэлт, өөрчлөлт нь үнэхээр сайн болгож чадсан болов уу?

-Нийгэмд олон л зүйлийг ярьж байна. Гэхдээ энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөд ойлгоход төвөгтэй, олон улсад хэрэглэж чадахгүй нэр томъёо бий. Тэр нь 6.2 гэсэн заалтад “Газар, газрын хэвлий, усны эх бол төрийн нийтийн өмч” гээд заачихсан. Төрийн нийтийн гэдэг нь ямар өмч вэ гээд бодохоор тайлбарлахад хэцүү. Энэ тухай тайлбар өнөөдөр Дээд шүүх дээр ч байхгүй. Хууль тайлбарлах эрхтэй ганц газар нь манайд Дээд шүүх байдаг. Олон улсын шүүх дээр хуулийн англи эхийг баримтална гэсэн зарчим үйлчилдэг. Хэрвээ бид олон улсад “Төрийн нийтийн өмч” гэдгээ тайлбарлах хэрэг үүсвэл чадахгүй байдалд л орчихоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top