СЭДЭВ: Коронавирус манайханд БОЛОМЖ олгов

2020 оны 05 сарын 15

ОУВС-гийн хөтөлбөр дууссаны маргааш бид хаачих вэ. Энэ асуулт коронавирусний  харанга дэлдэхээс өмнө хариулт нэхэж байв. Харин өнөөдрийн тухайд Монгол Улс ОУВС-гийн Rapid Finance Instrument буюу “Шуурхай санхүүжилт” хөтөлбөрт хамрагдах талаар талууд ярилцаж байна. Нэг ёсондоо хөтөлбөр тавдугаар сарын 24-нд дуусгавар болсны дараа бид хаачих нь тодорхой боллоо. Коронавирус бидэнд зам заалаа  гэсэн үг.

Цар тахал дэлхийн эдийн засгийг агшааж буй энэ хүнд үед ОУВС гишүүн орнууддаа хямралыг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “шуурхай” хөтөлбөр хэрэгжүүлэн, дэмжлэг үзүүлэхээр болсон юм. Манай улсын тухайд цар тахлын улмаас хүндрэлд орох эрсдэлтэй улс орнуудын жагсаалтад багтсаныг The Economist мэдээлсэн. Коронавирусний тархалт улс орнуудыг хэрэн тархах зуураа эдийн засгуудын дотоод нөөц чадавх, дархлааг шалгаж буй.

Монгол Улсын тухайд цөөн нэр төрлийн ашигт малтмалын экспорт хийж ам.доллар олдог. Олсон хэдэн ногооноо дотоодын хэрэглээгээ шийдэхийн тулд импортын төлбөрт зориулдаг хэвийн бус бүтэцтэй. Тийм ч  учраас цар тахлын улмаас хөл хорио тогтоох, хязгаарлалт хийхэд дагаад эдийн засаг  агших өндөр эрсдэлтэй учраас олон улсын шинжээчид Монголыг өндөр эрсдэлтэй ангилалд багтааж буй юм. Энэ нь нэг талаас бидэнд “боломж” олгож байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 100 гаруй орон ОУВС-гаас эдийн засгийн яаралтай дэмжлэг хүсээд байгаа юм билээ. Монгол Улс ч тэдний нэг. Тэгвэл Монгол Улс эрсдэлтэй бүлэгт багтаж буй нь дэмжлэг авах улс орнуудын дараалалд дээгүүр бичигдэх боломжийг олгож байна л даа.

Өчигдөр Сангийн сайд болоод холбогдох албан тушаалтнууд  Жеофф Готтлиб тэргүүтэй ОУВС-гийн ажлын хэсэгтэй цахим уулзалт хийсэн. Тэд коронавирусний цар тахлын эдийн засагт үзүүлж буй нөлөө, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн багц арга хэмжээний талаар санал солилцож, дээр дурдсан “Шуурхай санхүүжилт” хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх, авах арга хэмжээний талаар тодорхой ярилцсаныг Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн. Тэрбээр “Амаргүй цаг үед байнга дэмжиж байдаг ОУВС-д, Монголыг хариуцсан багийнхандаа талархлаа илэрхийлье” гэсэн байна лээ. Ерөнхийдөө талуудын яриа хэлэлцээ, ойлголцол сайтай байгаа юм байна гэсэн ойлголтыг өгч байгаа юм. 2017 оны тавдугаар сараас эхлэн хэрэгжсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр ес хоногийн дараа дуусна. Хөтөлбөрийн хэрэгжилт 80-85 хувьтай гэсэн дүгнэлтийг манай тал хийгээд буй юм. Коронавирустэй холбоотойгоор хөтөлбөрийг дүгнэх талуудын уулзалт хойшлоод байна гэгдэж байсан ч шинэ хөтөлбөрийн талаар талууд яадаг ч байсан ярилцаад эхэлчихлээ. Хэрэв коронавируснээс шалтгаалсан эрсдэл эдийн засагт үүсээгүй байсан бол Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай үнэн нүүрээрээ тулах байсныг сануулахад илүүдэхгүй байх.

Коронавирусний тархалт дэлхийг цочоохоос өмнө буюу 2020 оны нэгдүгээр сард эрх баригчид 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг гаргасан. Тэгвэл УИХ-аар уг шийдвэрийг хуульчлан баталгаажуулсны дөнгөж дараахан ОУВС-гийн манай улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиб Reuters агентлагаар дамжуулан байр сууриа илэрхийлэхдээ  “Монгол Улс ОУВС-тай байгуулсан гэрээгээ зөрчлөө. Тэтгэврийн зээлийг тэглэж, цуцлах энэхүү шийдвэр нь 2017 онд гэрээ байгуулан, хэрэгжүүлж эхэлсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртэй нийцэхгүй байна” хэмээн мэдэгдсэн юм.  Энгийнээр хэлэхэд ОУВС манай эрх баригчдын үйлдэл үгнээсээ зөрсөнд дургүйцэж байв. Үүнээс өмнө Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн шийдвэрээсээ буцсан гэхчлэн тэдний үгнээс зөрсөн юмнууд бий л дээ. Тэгээд ч энэ жил 2020 оны сонгуулийн жил учраас өөр бусад үйлдлүүдийг хийж ч ОУВС-гийнхны уурыг нэмж хүргэх магадлал өндөр байлаа. Харин коронавирус гэдэг огтоос тооцоогүй эрсдэл гарч ирсэн нь манай эрх баригчдын ээлжит  алдаануудын хүчийг сулруулж, эргээд тэднээс мөнгө гуйх нүүртэй болголоо. Тиймээс коронавирусийг эрсдэл гэж харахаас илүүтэй боломж дагуулсан гэдэг талаас нь ч харах ёстой болж таарч байна, манай эрх баригчид.

Дашрамд сануулахад, Монгол Улс өнгөрсөн гучин жилийн хугацаанд ОУВС-гийн 1-3 жилийн хугацаатай, ЗУРГААН удаагийн хөтөлбөрт хамрагдсан намтартай. Хэрэгжих хугацаа нь төгсөх гэж буй зургаа дахь хөтөлбөрийн  тухайд 2016 оны сонгуулийн дараа нам хүчнүүд байраа сэлгэж, эдийн засгийн тоон үзүүлэлтүүд дараалан уруудсан нь өмнөх жилүүдийн оновчгүй бодлогуудын уршиг байв. Үүний өмнөх хөтөлбөрүүд ч ялгаагүй, тийм л шалтгаантай. Тэгвэл долоо дахь хөтөлбөр болох “Шуурхай санхүүжилт” хөтөлбөр нэг талаас коронавирус гэсэн давагдашгүй хүчин зүйлээс хамаарч байгаа мэт боловч угтаа бол Монгол Улсын эдийн засгийн бүтэц эмзэг, тэр хэрээрээ дархлаагүй байгаатай холбоотой гэдгийг хэлэхэд илүүдэхгүй байх.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochon (202.126.89.84) 2020 оны 05 сарын 15

Hamgiin shudarga chadvartai said nar bol hvrelsvh.baatarbileg .hvrelbaatar nar shvv

0  |  1
Зочин(202.126.89.225) 2020 оны 05 сарын 15

Хотгор шанагын уурхайг төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн гадныханд Ч. Хүрэлбаатар гэгч хулгайч Сангийн сайд байхад хар жагсаалт баараггүй шдээ.

0  |  0
Бат(66.181.178.168) 2020 оны 05 сарын 15

ОУВС г хараагаад л байдаг биздээ түүнгүйгээр яваад үзээч тэнгэр заяат ард түмэн болохоор тэнгэр туслах нь баараггүй

0  |  0
kkk(139.5.219.180) 2020 оны 05 сарын 15

Байгалийн баялгаар баян гэхдээ туйлын ядуу, гуйлгаар амьдардаг орон. Одоо шинэ хүмүүсийг сонгуулиар гаргаж ирэх хэрэгтэй.

0  |  1
Top