ТОЙМ: Хятадын сэргэлт Монголын орлогыг дэмжинэ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 18

Дан ганц манайх биш Хятадтай арилжаа наймаа хийдэг дэлхийн олон орон тус улсын эдийн засгийн төлвийг чих тавьж байгаа. Энэ оны эхэнд Хятадад цар тахал дэлгэрэхтэй зэрэгцэн олон улсын шинжээчид тус улсын эдийн засгийн төлвийг ээлж дараалан бууруулсан. Ингэх нь ч аргагүй. Нэг талаар дэлхийг мөнгөөр тасалдаггүй түүхий эдийн хэрэглээ, нөгөө талаар дэлхийн хэрэгцээг хангадаг Хятадын аж үйлдвэр түүхэнд байгаагүйгээр буурсан хойно. Тухайлбал, манай Монголбанкныхан гадаад эх сурвалжуудын таамагт үндэслэн БНХАУ-ын 2020 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөхөөс эрс бууруулж 1.3 хувь хүргэсэн бол 2021 оны төсөөллийг 5.9 хувьд хүрнэ гэсэн урьдчилсан тооцоолол танилцуулсан юм.

Өөрөөр хэлбэл, Хятадын эдийн засаг 2020 онд огцом саарсан ч 2021 онд саарсан шигээ сэргэнэ гэсэн таамаг нэг талаараа түлхүү явсан. Гэвч барууны зарим судлаач Бээжингээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд удаан хугацаанд нөлөөгөө үзүүлж, тус улсын эдийн засаг “V” хэлбэрийн огцом өсөлт үзүүлэхгүй. Илүү цаг хугацаа зарцуулах “U” сэргэлт, эсвэл бүр бууралтын горимдоо удаан хадгалагдах “L”  хэлбэрийн нөхцөл байдал үргэлжлэх прогноз гаргаж байсан. Одоо ч энэ байр сууриа баталсан тоо үзүүлэлтүүд танилцуулсаар байгаа. Манайхны хувьд хоёр дахь хувилбар нь байгаа бололцоогоороо хямралд бэлэн байхын дохио. Нэгдүгээр хувилбар бол урьд жилүүдэд тохиолдож байсан түүхий эдийн ханшийн уналтын циклтэй төстэй дүр зурагтай ойролцоо үр дагавартай байх нь. Гэхдээ харьцангуй богино хугацаанд эргэн сэргэлт авчирч мэдэх юм.

Хятадын эдийн засаг “V” хэлбэрээр сэргэх  таамаг давамгайлах боллоо

Хятадын талаар мэдээлэл бэлтгэдэг экспертүүдийн мэдээллээр, Бээжин хөл хориогоо өнгөрсөн гуравдугаар сарын 10-даас эхлэн үе шаттай цуцалсан. Үйлдвэр, үйлчилгээний газруудаа үе шаттай нээснээр  Хятадын 2020 оны нэгдүгээр улирлын эдийн засгийн өсөлт  6.8 хувиар буурсан байна. Энэ нь Хятадын үйлдвэрлэл эрчимжиж, эдийн засгийн уналт  бага хурдтай байгааг харуулсан бөгөөд олон улсын шинжээчид өмнө нь 11 хувиар агшина гэдэг тооцоо дэвшүүлээд байсан юм. Улмаар цар тахлын  дараа Хятад төдийгүй дэлхийн эдийн засаг уналтын хэмжээгээ богино хугацаанд нөхөж “V” хэлбэртэй сэргэнэ. 2021 онд дэлхийн эдийн засгийн огцом өснө гэх таамаг давамгайлах боллоо. Тэр дундаа Хятадын эдийн засгийн төлөв цар тахал анх дэлгэрч байсан үеэс илүү эерэг болжээ.  Тус улсын 2020 оны эдийн засгийг өсөлтийг Дэлхийн банк, ОУВС   1.5 хувиар таамаглаж байгаа бол Шанхайн санхүүгийн хөгжлийн институтээс  хамгийн багадаа таван хувиар өсөх тооцоо гаргасан байна. Мөн Хятад дахь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх хандлагатай болж ирсэн. Хятадад бизнесийн үйл ажиллагаа явуулдаг 8,700 гадаадын компаниудын дунд явуулсан судалгаагаар 72.8 хувь нь бизнесийн үйл ажиллагаа сэргээсэн гэж хариулжээ. Японы компаниуд Хятадын зах зээлд итгэж буйгаа илэрхийлж, цаашид ч хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн. Өмнөд Хятад дахь Америкийн Худалдааны танхимаас явуулсан судалгаагаар санал асуулгад оролцсон АНУ-ын компаниудын 75 хувь нь коронавирусний халдвараас шалтгаалан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө өөрчлөхгүй гэсэн судалгааны дүн гарсан зэрэг таатай мэдээллүүд байгаа юм.

Хэдийгээр Хятадад цар тахлын дэгдэлт буурсан ч дэлхийн бусад оронд тархаад буй  цар тахлаас шалтгаалан тус улсын гадаад худалдааны экспортын хэмжээ үргэлжлүүлэн буурах хандлагатай байгаа аж. Олон улсын худалдаа аж үйлдвэрт дам нөлөөлж, түүхий эдийн ханшийг өсөх нөхцөлийг хязгаарлаж буй. Тэгвэл Хятадын Засгийн газар аж үйлдвэрийн салбараа уналтаас хамгаалах үүднээс дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа.  Энэ нь үйлдвэрлэлийн гарцыг тогтворжуулж, тус улсын эдийн засгийг өсөлтөд дэмжлэг үзүүлэх гэдгийг шинжээчид тодотгож байна. Түүнчлэн  Хятадын инфляц өсөлттэй цаг үед зээлийн  хүүг бууруулах, зээл олголтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа нь эдийн засгийг сэргээхэд хүндрэл учруулах бас нэг үзүүлэлт. Тиймээс мөнгөний шинэ бодлого хэрэгжүүлэх бөгөөд энэ нь түүхий эдийн ханшид  нөлөөлж болзошгүй аж.

Сүүлийн үед бидний найдаж байсанчлан Хятадын эдийн засаг “V” хэлбэрийн огцом өсөлт үзүүлэх давамгайлж эхэлсэн байна. Тэр үед бид түүхий эдийн төмөр зам, боомтын шинэчлэл зэрэг дэд бүтцээ бэлэн болгосон байх ёстой. Монголоос Хятадтай хийж буй худалдаанаас олох орлогыг уул уурхайн түүхий эд, ноос ноолуур, махны экспорт голлон бүрдүүлдэг. Энэ худалдаа саарснаар ноолуурын үнэ өнгөрсөн оноос 50 гаруй хувиар буурч, махны үйлдвэрүүд хүндрэл орж, уул салбараас ордог төсвийн орлого тасалдаад байгаа билээ. Орлого тасалдсан тохиолдолд 2021 оноос эхлэх бондын төлөлтүүд тасалдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top