Я.Батхүү: Хүүхдийг дэлгэцнээс холдуулах арга бол АМЬД ХАРИЛЦАА

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 19

Сүүлийн үед цахим хэрэглээний хэт их донгоос үүдсэн бие махбодийн өвчлөл, сэтгэл зүйн өөрчлөлт, гэмт хэрэг гээд сөрөг үр дагаврууд олонтаа гарах болсон. Цар тахлын хөл хорионоос үүдэж  хүүхдүүдийн цэцэрлэг, сургууль хаагдаж гэртээ буй энэ үед олон мянган үрсэд юу хань болж байгаа бол. Тэд эцэг, эхийнхээ хараа хяналтгүй цахим хэрэглээнд автаж, дэлгэцийн донтолт үүсэж байгаа юм биш биз. Дэлгэцийн дон ба түүнээс хэрхэн сэргийлэх талаар сэтгэл судлаач Я.Батхүүтэй ярилцлаа


-Цар тахлын үед хөл хорионд байгаа хүүхдүүдэд  сэтгэл санаа болон бие махбодийн хувьд ямар өөрчлөлт гарч байгаа бол?

-Нийгэмд зайлшгүй шаардлагатай, анхаарал татсан сэдэв хөндөж байна.  Цар тахлын хөл хорио хүүхдүүдэд хамгийн хүндээр тусаж байна. Учир нь, нэгдүгээрт оюуны хувьд хангалттай мэдлэг авч чадахгүй байна, хоёрдугаарт сэтгэл зүйн хувьд нийгмийн харилцаа үүсгэж чадахгүй байна, гуравдугаарт хөдөлгөөний хомсдолд орж байна. Оюун ухаан, сэтгэл зүй, нийгэмшихүй, бие бялдрын хувьд хүүхдүүд их хохирч байна.

-Эцэг эхчүүд маань хүүхдийнхээ энэхүү өөрчлөлтийг ямар шинж тэмдгээр анзаарч мэдэх вэ?

-Эцэг эх нь ажилдаа яваад өгдөг. Хүүхдүүд гэр орондоо үлддэг. Хүүхэд ганцаардана. Ганцаардлаа нөхөх ганцхан зүйл нь цахим хэрэглээ болж таардаг. Улмаар дэлгэцэд донтоод эхэлнэ. Дэлгэцийн дон бол хүн төрөлхтөнд илрээд байгаа 400-аад донгийн нэг хэлбэр л дээ. Дэлгэцийн донг архи, тамхинд ороод гарч чаддаггүйтэй адилхан хүнд хэцүү сэтгэцийн өвчин гэж үздэг. Хүнийг тархийг түгжээд кодолчихдог бөгөөд харилцааны хувьд хаагдмал, дотоод ертөнцөө илэрхийлж чадахгүй, зожиг, сэтгэл гутралтай, уур уцаартай, амьдрах дур сонирхолгүй, идэвхгүй, тэмүүлэлгүй болгодог. Энэ нь цаашлаад хүндэрвэл галзуурах, солиорох ч тохиолдол бий. Амьдралд гоё сайхан зүйлс олон байдаг гэдгийг хүүхдэдээ хэлж ярьж ойлгуулж өөр зүйлд сонирхлыг нь өдөөж өгөх хэрэгтэй.

-Орчин үед гар утас, интернэтгүйгээр ажил амжуулах боломжгүй болсон шүү дээ. Хүүхдүүд цахимаар хичээлээ заалгаж байгаа энэ үед зайлшгүй л хэрэгцээ болчихоод байдаг?

-Өндөр хурдаар ажлаа амжуулдаг, мэдээллээ авдаг энэ үед гар утсыг хориглох тун хэцүү болоод байна л даа. Хоёр настай хүүхэд хүртэл гар утсыг төвөггүй ашиглаж байна. Эцэг, эхчүүдийг анзаараад байхад хүүхдээ сатааруулах гэж зориуд утас бариулчихдаг. Учир мэдэхгүй багаасаа утас бариад сурчихвал донтох нь бүр ч амархан. Эцэг, эхчүүд өөрсдөө утас бариулчихаад дараа нь булааж аваад уйлуулж чарлуулаад байдаг. Тиймээс хүүхдүүдээ эхнээс нь аль болохоор донтуулахгүй байх ёстой. Донтчихсон тохиолдолд хор хохирол, учир начрыг ойлгуулж хэлж өгөөд цагийн хязгаар тогтоох хэрэгтэй. Дэлгэцийн донтолт хүндрэхээрээ сэтгэцэд нөлөөлж сэтгэцийн эмнэлэгт хэвтэхэд хүргэдэг аюултай гэдгийг шинжлэх ухааны үндэстэй тайлбарлаж өгөөрэй. Хүүхдийн сэтгэл зүй бол хорих тусам улам сонирхдог. Залгуурыг нь нуугаад л, компьютерыг нь  унтраагаад л, утсыг нь хураагаад байдаг. Тас хорихгүйгээр болзол тавьж хэрэглүүлж болно. Жишээ нь, гэрийнхээ ажлыг хийчихээд, хичээл номоо давтчихаад 20-30 минут, амралтын өдрүүдэд 1-2 цаг хэрэглүүлэх зэргээр цагийн хязгаар тогтоож өгвөл үр дүнтэй. 

XXI зууны кристал, индиго хүүхдийг уламжлалт аргаар хүмүүжүүлэх зохимжгүй гээд байгаа. Кибэр ертөнцөөс хараат өссөн энэ эриний хүүхдүүдийг зөв чиглүүлээд, харж хянаад, өөрийгөө нээх, өөрийгөө илэрхийлэх харилцааны чадвар суулгах нь чухал гээд байгаа юм.  Эцэг, эхчүүд гар утас бариулахаасаа илүүтэй ном уншиж өгөх, чин сэтгэлээсээ найзууд шиг ярилцах, сэтгэн бодох тоглоом хамтдаа тоглох, байгальд зугаалах, бүжиг, дасгал хөдөлгөөн хийх гээд амьд харилцааны үй түмэн арга бий.

 

-Хүн болохын үндэс суурь нь гэр бүлийн хүмүүжил төлөвшлөөс ихээхэн шалтгаалдаг. Гэтэл эцэг, эхчүүд маань өөрсдөө цахим донтогчид болчихоод байна шүү дээ. Хүүхдүүдтэйгээ амьд харилцаа үүсгэж найзалж нөхөрлөж, тоглож нааддаг эцэг, эх тун ховор л харагдах юм?

-XXI зууны кристал, индиго хүүхдийг уламжлалт аргаар хүмүүжүүлэх зохимжгүй гээд байгаа. Кибэр ертөнцөөс хараат өссөн энэ эриний хүүхдүүдийг зөв чиглүүлээд, харж хянаад, өөрийгөө нээх, өөрийгөө илэрхийлэх харилцааны чадвар суулгах нь чухал гээд байгаа юм.  Эцэг, эхчүүд гар утас бариулахаасаа илүүтэй ном уншиж өгөх, чин сэтгэлээсээ найзууд шиг ярилцах, сэтгэн бодох тоглоом хамтдаа тоглох, байгальд зугаалах, бүжиг, дасгал хөдөлгөөн хийх гээд амьд харилцааны үй түмэн арга бий. Эцэг, эхчүүд төвөгшөөх, залхуурах, ажилдаа ядарсан зэргээр шалтаг тоочоод аль болох өөрөөсөө холдуулаад байдаг. Энэ байдал нь эргээд хүүхдээ өсвөр насанд ирсэн хойноо хүндрэл гардаг. Хүүхдүүд том болох тусам бие физиологи болон сэтгэл санаанд нь өөрчлөлт явагдаж уур уцаартай, эмзэг мэдрэмхий, зожиг хаагдмал болж хувирдаг. Та хүссэн үед нь нээлттэй байж чадаагүй бол хүүхэд ч хаалттай ханаа өөрийн эрхгүй босгосоор байдаг. Тиймээс хүүхэдтэйгээ илэн далангүй, эв зүйтэй, зөв боловсон харилцаж суралцмаар байгаа юм. Мөн ижил сонирхолтой найз нөхдийнхөөр нь зочлуулах, хамт тоглуулах зэргээр хүүхдээ ганцаардахаас сэргийлэх нь чухал. Амьд харилцаа бол дэлгэцийн донгоос хамгаалах хамгийн шилдэг арга. Эцэг, эхчүүд өөрсдөө цахим хэрэглээгээ багасгаж, өөрөөрөө үлгэрлэж байж үр хүүхдээ утас бага барь гэж шаардах эрхтэй. Хүүхдээ унтаж амарсны дараа ч юм уу, байхгүй үед нь бага цагаар ордог ч юм уу, аль болох хүүхдийнхээ нүдэнд утаснаас зүүгдээтэй харагдмааргүй л байгаа юм.

-Миний ажиглаж байгаагаар энэ хөл хорио өсвөр насны хүүхдүүдэд илүү хүнд тусаж байх шиг?

-Тийм ээ. Бага балчир насны хүүхдүүд тоглож наадаад, гүйж харайгаад өөрийгөө сатааруулчихдаг. Харин өсвөр насныхан бол маш эмзэг үе дээрээ яваа. Ээж, аавууд маань үүнийг нь ойлгохгүй загнаж зандрах нь их. Дээр дурдсанчлан бие физиологид олон өөрчлөлт гарч байгаа. Бэлгийн бойжилт явагдана. Сэтгэл санаа тогтворгүй болно.  Амьдралыг өөрийнхөө хэмжээнд ухаарч таньж эхэлж буй хувь хүн гэдэг утгаараа бие даах хүсэл эрмэлзэлтэй болно. Энэ нь өөрөөрөө байх,  өөрийнхөө эрх ашгийг хамгаалах тал дээр хурцаар илэрдэг. Жишээ нь, эцэг, эхийнхээ үгэнд орохгүй байх, зөрүүдлэх, хэл яриа, хэлбэр дүрсээрээ үл тоосон шинж гаргах гэх мэт. Энэ үед аав, ээжүүд ач мэддэггүй амьтан, буруу ишилсэн сүх шиг боллоо гэх зэргээр муу муухай үгээр хэлж улам байдлыг хүндрүүлдэг. Над дээр иймэрхүү асуудалтай эцэг, эхчүүд хүүхдүүдээ дагуулаад ирдэг л дээ. Гэтэл хүүхдэд биш эцэг, эхчүүдэд асуудал байдаг. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ дотоод сэтгэлд юу болж байгааг ойлгох гэж хичээхээсээ өмнө хүүхдээ тушаана, загнана, зандарна, бүр зодно, ад үзнэ. Энэ бол нэг төрлийн хүчирхийлэл. Одоо үеийн хүүхдүүд цахимаар асар их мэдээлэл авчихсан, огт өөр хүүхдүүд байхгүй юу. Тэгэхээр бид энэ хүүхдүүдийг найз нөхдийн зүгээс харилцах, дотоод сэтгэлийг нь ойлгох, чиглүүлэх амьд харилцаан дээр тулгуурлаж хүмүүжүүлэх үүрэгтэй.

-Хүүхдийнхээ ирээдүйн мэргэжлийг сонгоход эцэг эхчүүд өөрийнхөө үзэл бодлыг тулгах зэргээр оролцдог л доо. Чухам ирээдүйд ямар төрлийн мэргэжил эрэлттэй гэдгээр сонгох нь чухал байдаг юм уу, хүүхдийнхээ хүссэн зүйлийг нь дэмжих нь үнэ цэнэтэй байдаг юм уу?

-Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал буюу технологийн эрин зуунд эцэг эхчүүд уламжлалт сэтгэлгээгээр хүүхдээ хүмүүжүүлэх боломжгүй болчихоод байна. 2030 он гэхэд мэдлэг, мэдээлэлд суурилсан бүх мэргэжил устана гэж үзэж байна шүү дээ. Жишээ нь, хуульч, сэтгэл зүйч шаардлагагүй болох нь байна. Холбогдох мэдээллийг цахимаар шууд уншчихна. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн, гоо зүйн мэдрэмжтэй,  сониуч зантай, аливаа асуудлыг харах өнцөг өөр тийм хүмүүсийг эртнээс бэлдэж ирээдүйн зорилгыг нь тодорхойлох хэрэгтэй гэж үзэж байна. 21 дүгээр зуун бол хүн хүний ур чадварт суурилсан эрин. Сонсгол хэмнэлийн чадвартай хүүхэд, хөдөлгөөний эвсэлтэй хүүхэд, харилцах талын авьяастай хүүхэд, логик сэтгэлгээтэй хүүхэд гээд хүн, хүний ур чадварт суурилж мэргэжлийг нь сонгодог болно. Тиймээс эцэг, эхчүүд багаас нь хүүхдийнхээ байгалиас өгсөн өгөгдөл, чадварыг нээх талаас нь ажиллах хэрэгтэй. Өөрөө анзаарахаас гадна хүүхдээсээ харилцан ярилцаж асуух, эсвэл багш болон анги хамт олноос нь тандах зэргээр ямар зүйлд дуртай, чадмаг байгааг нь мэдэх олон арга бий. Эцсийн бүлэгт юу гэж хэлэх гээд байна гэхээр донтолтоос сэргийлэх шилдэг арга бол хүүхдийнхээ бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, дуртай зүйлийг нь дэмжих юм шүү дээ.

-Амьд харилцаа гэдэг үнэ цэнэтэй зүйл гэдгийг цар тахал хүн төрөлхтөнд мэдрүүлээд байгаа. Мөн амьд байгаль ямар ч эм тангаас илүү анагаагч гэдэг дээ?

-Чи биднийг хүүхэд байхад цахим тоглоом гэж байдаггүй байлаа. Бид үеийн хүүхдүүдтэйгээ өдөржин гадаа тоглож, чулуугаар наадаж, голд шумбаж, амьтан тэжээж, агаар, нар салхиар тэжээгдэж өссөн. Орчин үеийн хүүхдэд тэр орчин хязгаарлагдмал болчихоод байна. Дөрвөн ханан дунд тарчилж байна шүү дээ. Өрөвдмөөр. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдээ цоожлоод гарах, цахим дэлгэцэд найдаад үлдээхээсээ илүүтэй амралтын өдрүүдээрээ агаар салхинд авч гарч бай. Хөөрхөн амьтан тэжээх гэхэд нь бүү цааргал. Гэр орон хашаа саравчаа мод буттай, тоглоомын талбайтай, зүлэг ногоотой, цэцэг жимстэй, ногоо тариатай, усан оргилууртай болгож тохижуул. Тэр бүхнийг хүүхдүүдтэйгээ хамтдаа бүтээ. Орчин үеийн эцэг, эхчүүдэд хүүхдүүдээ өөрөөрөө үлгэрлэж, хөдөлмөрт сургах чанар дутагдаад байна.

-Ярианыхаа төгсгөлд хүүхдийнхээ цахим хэрэглээг зөнгөөр нь орхиж, үр хүүхдээ ойлгоогүйгээс болж ямар үр дагавар гардаг талаар тоо баримт дээр тулгуурлаж хэлж өгнө үү?

-Хүүхэдтэйгээ тоглоё гэхэд үгүй гэж хэлдэг нэг ч хүүхэд байдаггүй. Судалгаагаар хүүхдийн 53 хувь нь аав, ээж хоёр минь намайг ойлгоосой гэж боддог гэсэн. Энэ хэрэгцээ хангагдахгүй болохоор 10 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох тухай аль хэдийн бодчихсон байдаг. Тэдний нэгээс хоёр хүүхэд амиа хорлох үйлдлийг хийхээр завдсан байдаг. Ойлголцож чадахгүй, сэтгэл гутралд ороод байгаа хүүхдэд гар утас л хань болж байдаг байх нь. Түүнээсээ сайн, муу мэдээг шүүлтүүргүйгээр авч байгаа. Тэндээс хүүхэд ямар ч буруу зуршилд автаж, ямар ч муу хүний золиос болж мэдэхээр байгаа шүү гэдгийг аав, ээжүүд маш сайн бодох хэрэгтэй. Хүүхдүүддээ яаж ийж байгаад л цаг гарга.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top