Дэлхийн хөгжлийн сүүл мушгих уу, ЭСВЭЛ инновацийг хөгжүүлэх үү?

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

Өндөр хөгжилтэй орнуудын технологийн компаниуд цар тахлын энэ үед хиймэл оюун ухааныг ашиглан халдварын тархалтыг хязгаарлах цоо шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж, бизнесийн моделио өөрчлөхөд эрчимтэй ашиглаж байна. 

Тухайлбал, өндөр технологийн өлгий Япон гэхэд хүний оролцоотой хийгддэг байсан үйлчилгээ,оношилгоо эмчилгээнд роботууд ашигласнаар халдварын тархалтыг хянаж, АНУ-д өөрийгөө жолооддог машиныг хүргэлтийн үйлчилгээнд туршиж, Уэльст гэхэд гар оролцуулахгүйгээр хаалга онгойлгох ухаалаг төхөөрөмж хэрэглээнд нэвтрүүлж, Роботон нохой Сингапурын цэцэрлэгт хүрээлэн, олон нийтийн газраар явж хөл хорионы хэрэгжилтийг хянаж, apple болон google таны эргэн тойрны хүн халдвар авсан эсэхийг  илрүүлэх, халдвар авсан хүний зорчсон газрыг илрүүлэх апп зохион бүтээсэн талаар бид мэдээлж байсан.

Өндөр хөгжилтэй орны сурагчид хувь, улсын сургуулийнх гэж манайх шиг ялгаварлуулахгүйгээр цахим платформын тусламжтай багштайгаа шууд харилцаж, идэвхтэй хэлбэрээр суралцан, хөгжиж байна. 

Гагцхүү цар тахлын үе гэлтгүй хот хөдөөгүй хүн төрөлхтөн технологийн хөгжлийг ашиглан өдөр тутмын амьдралдаа бага зардлаар өндөр үр өгөөжийг авсаар буй. Австрали, Шинэ Зеландад малчид дроноор алдуул малаа хайж, зэрлэг амьтны аюулаас хамгаалж, ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үе шатыг автоматжуулсаар хөдөлмөрөө үлэмж хөнгөвчлөх болсон юм.

Гэтэл бид технологи, хиймэл оюун ухаан, роботын эринд уул уурхайгаа ухаж, мал аж ахуйн түүхий эд бүтээгдэхүүнийг үнэ хүргэж чадахгүй, дэлхийн хөгжлийн сүүлийг мушгих уу?

  • Яагаад гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх, энтрепренершипийн соёлыг нутагшуулах ёстой вэ?

Бид мэдээллийн технологи, чөлөөт зах зээлийн ачаар мэдээлэл хүлээн авах болон техник, технологийн хэрэглээгээрээ хоцроогүй ч, гагцхүү өөрсдөө инноваци бүтээж, дэлхийтэй өрсөлдөх бүтээлч хөгжлийн гадна үлджээ.

Монгол улс хиймэл оюун ухааны эрин үед нэгэн зууны дараа шавхагдаж дуусах уул уурхайгаа ухаж, гадны улс орны зээл тусламжаар хэдийг хүртэл амиа зогоох вэ?

Хөгжлийн шинэ гарцыг бий болгохын тулд оюуны уурхайгаа ухаж биш, дэлхийн улс оронтой ижил түвшинд өрсөлдөхөд боломж бүрдсэн энэ үед инноваци, гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх, энтрепренершипийн соёлд суралцах шаардлага нэн тэргүүнд тулгарч байна.

  • Тэгвэл Гарааны бизнес(стартап)-ийн экосистем гэж юу вэ?

Та хашаандаа жимс, ногоо тарих гэж байна гэж төсөөлье. Үржил шимтэй, сийрэг хөрстэй, таатай уур амьсгалтай орчинд жимс, ногоо тань сайн ургана. Хэрэв таатай орчин байхгүй ч хэрхэн ургуулах аргыг мэддэг бол та хүлэмж мэтийн зохиомол орчин үүсгэж хүссэн жимсээ тариална. 

Яг үүн шиг инновацийг бизнес болгох таатай орчин Монголд хараахан бүрдэж амжаагүй байна. Зохиомол орчинд жимсээ ургуулсны адил шинэ санаагаа “бойжуулж” бизнес болгохын тулд гарааны бизнес(startup)-ын экосистемийг бий болгох нэн чухал аж.  

Тиймээс энтрепренершипийн соёл, инноваци, гарааны бизнесийн эко системийн талаарх ойлголтыг олон нийтэд хүргэх, цаашлаад олон мянган залуусын мөрөөдлөө бодит болгох таатай орчинг Монголдоо бий болгохоор  хэсэг залуус #Dreamers  нэгдлийг байгуулжээ.  

“Залуучууд төрөөс хөрөнгө оруулалт гуйхаас илүүтэй, бизнесээ эрхлэх таатай орчинг хүсэж байна” хэмээн тус төслийн зохицуулагч Т.Мөнхбаяр онцолж байсан юм.

  • Гарааны бизнесийн экосистемийн бүрдүүлэх 5 хүчин зүйлд:

1.Ур чадвартай хүний нөөцийн хангамж

Техник технологийн нарийн мэдлэгтэй хүний нөөцийн хүртээмж, тэдгээрийг бэлтгэх тогтолцоо, ажиллах хүчний бодлого төлөвлөлт, зохьцуулалт.

2. Нягтрал, дэд бүтэц  

Шинэ санаагаа турших, хөгжүүлэх инкубатор төв, технологийн парк, хамтын оффис, судалгаа шинжилгээний хүрээлэн зэрэг хатуу болон зөөлөн дэд бүтцийг бүрдүүлсэн орчин нөхцөл, оролцогч талуудын хамтын ажиллагаа нягтралыг авч үзнэ.

3. Соёлын орчин

Орчин үеийн бизнесийн чиг хандлага хаашаа чиглэж байгааг, гарааны бизнес, энтрепренершипийн соёл гэж юу болохыг нийгмээрээ ойлгож байж таатай орчин бүрддэг байна. Энэ соёл сэтгэлгээг бий болгохын тулд эрсдэлийг даван туулах, аливаа асуудлаас шийдэл олж харах сэтгэлгээнд суралцах нь маш чухал.  

4. Хууль эрх зүйн орчин  

Бизнес хийхэд мөнгө байгаад бүх асуудал шийдэгдчихгүй. Орчин байхгүй учраас шинэ олон шинэ санаа, бизнес амжилтгүй болох нь цөөнгүй. Тиймээс бизнес эрхлэлтийг дэмжихэд хууль эрх зүй тэгш үйлчилдэг, татварын дарамтгүй орчинг бий болгох шаардлагатай.

5. Хөрөнгө оруулалтын таатай орчин

Инноваци, технологийн, шинэ санаагаа хэрэгжүүлэх гэж буй залуусыг дэмжих хөрөнгө оруулалтын таатай орчин, нөхцөлүүдийг бий болгож гадна дотны  хөрөнгө оруулагчдыг бий болгох.

6. Мэдээлэл технологийн орчин

Иргэд интернетийн хэрэглээнд холбогдсон эсэх  зэрэг хүчин зүйл бүрдүүлдэг байна

  • Яагаад та нэгдэх ёстой вэ?

Та мөрөөдлөө 10 жилийн дараа мөрөөдөл хэвээр биш харин биелүүлэхийг хүсвэл энэ нэгдэлд нэгдээрэй. Танд ямар боломж байгааг одооноос судалж, туршлага мэдээлэл солилцож, гарааны бизнесийн экосистемийг бий болгоход бодлого, шийдвэр гаргагчдад үзэл бодол, дуу хоолойгоо хүргэх, мөрөөдөлдөө нэг алхам ойртохыг хүсвэл энэ нэгдэл гарцаагүй таны орон зай.

Dreamers нэгдэлд үүсээд хоёр долоо хонож буй ч 110 аж ахуйн нэгж, 960 гаруй залуус нэгдсэн талаар төслийн багийнхөн онцолж байлаа.

Ингээд Dreamers нэгдлийн зохицуулагч Т.Мөнхбаяртай холбогдон тус төслийн одоогийн үйл ажиллагаа, цаашдын зорилго юу байх талаар тодруулсан юм.

Т.Мөнхбаяр: “Одоогоор бид мэргэжлийн байгууллагуудыг нэг дор цуглуулах, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, төрд хүргэх саналуудаа боловсруулах зэрэг ажил дээр төвлөрч байна. Бидний үйл ажиллагааг дэмжин салбарын 10 гаруй холбоод, төрийн бус байгууллагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зураад байна. Хууль эрх зүй, судалгаа, Харилцаа холбоо гэсэн ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна.  

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын засгийн газрууд аж үйлдвэрийн IV хувьсгалыг угтсан, бэлдсэн, ирээдүйн  хөгжилрүү чиглэсэн төрийн бодлого, зохицуулалт, бүтцийг бий болгон ажиллаж байна. Гэтэл манайд өндөр технологийг хариуцсан мэргэжлийн төрийн бүтэц, бодлого байдаггүй учраас энэ салбар дорвитой ажил хийгдэхгүй байна.  

Манай улс зөвхөн сошиал медиа сурталчилгаа буюу фэйсбүүк бүүстэд гэхэд жилд 30 сая ам.долларыг гадагшаа урсгадаг гэсэн тооцоо бий. Бид МАА, Уул уурхайгаа ярьсаар  30 жилийг үдлээ. Хиймэл оюун ухаан, технологийн хөгжлийг ХАА, Эрүүл мэнд, Боловсролын салбарт хэрхэн нэвтрүүлэх зэрэг бодлогыг хэрэгжүүлдэг инновацийг хариуцсан агентлаг, цаашлаад яамтай болсноор энэ салбар хөгжих боломжтой.

БСШУЯ-ны харьяанд шинжлэх ухаан технологийн газар гэж бий, түүн дотор инновацийн хэлтэс харьяалагддаг. Гэтэл инноваци нь улс орны хөгжлийн бүх салбарт хэрэгжих байж улс хөгжих учиртай. Төрийн бодлогын хэмжээнд технологийн хөгжлийг авч үзэх цаг болсон.” гэж байлаа.

  1. Эх орныхоо хөгжил, өөрийн ирээдүйг илүү гэрэлтэй болгохын тулд таны оролцоо юу байх вэ?

1. Сошиал сүлжээн дэх #Dreamers давлагаанд нэгдэж, өөрийн мөрөөдлөө бусадтай хуваалцаж, мэдээлэл түгээх

2. Судалгаанд оролцох, өөрт тулгамдаж буй асуудлаа тодорхойлох, хуваалцах

3. Онлайн хэлэлцүүлэгт оролцож, санал бодлоо илэрхийлэх, ажлын хэсгүүдэд оролцох боломжтой аж.

Та Dreamers нэгдэлд нэгдэхийг хүсвэл доорх сувгуудаар холбогдоорой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top