Олон сайхан уран бүтээлчид насны хязгааргүй уран бүтээлээ туурвиж, 60, 70 насандаа ч галзуу дурлалын тухай уянгалуулж явжээ.
Өдгөөгөөс хэдэн жилийн өмнө 70 насны босго давсан Ардын уран зохиолч П.Бадарч “Болор цом”-ын тайзан дээрээс “Би чамд хайртай” хэмээн цоо шинэхэн шүлгээ дуудаж л байв. Жинхэнэ ясны уран бүтээлчид насны хязгаар хамаагүй гэдэг үнэн бололтой. Тэгвэл миний хувьд арван хэдтэй шүлэг бичиж эхэлж ахуй цагт “Хуйв дамжсан дуугаар хүлэг морин үүрсэж” хэмээн тэрхэн ахуйдаа бичиж байсан бол хорин хэдэн насандаа “Чамайг хүлээснээс үхлээ хүлээсэн дээр” хэмээн галзуу дурлалд шатаж үхэхээс буцахгүй бичиж явж. Энэ мэт дурлалд ноцсон шүлгүүд зонхилж байсан бол алдаа, оноо дүүрэн хорин хэдэн нас ард үлдэж, 30 насны босго давахад
“Ахин заяахгүй залуу насных болохоор
Алдаа бүхэндээ л хайртай билээ би” гэж тамтаггүй, дүрсгүй, задгай явснаа хаацайлж, хамгаалж байх юм. Эрх биш хорин хэдэн насныхаа алдааг шүүн тунгааж, буруугаа мэдэж байсан ч ийн өмөөрч суусан бололтой. Гэтэл 40 насны хаалга тогшин, хөл тавихад
“Омогт залуугийн араншин үрдээ сөгдөж
Олон нөхдөө замын дунд орхилоо
Авирт залуугийн бодол аяндаа хийсэж
Алдахаас айсан эр хүн боллоо...
...Асгартлаа уйлахад ажрахгүй хорвоогийн зайд
Амиа бөхөлж аав боллоо би” гэдэг л болж.
Энэ ертөнцөд ямар ч эцэг хүн үрийнхээ төлөө амьдарч, түүний төлөө амьд явах нь юу юунаас үнэ цэнтэй зүйл байх. Уран бүтээл, амьдрал хоёрын дундах тэр алтан агшинд олон ч аав уран бүтээлээ хийж, битүүхэн далд шатаж явсан байх даа хэмээн бодлоо.
Магадгүй аугаа их найрагчид үрээ харан нялхарч, амьдралд хэчнээн энгийн байх гээд ч ертөнцийн зарим учир шалтгаанд зүггүйтэж, шатаж явсан нь олон биз ээ гэж бодохоор өөрийгөө өчүүхэнд бодном.
Сэтгэгдэл ( 0 )