Д.Алтантуяа: Бүжгийн урлагийн сургуулийн оюутан нэгдүгээр дамжаанаасаа уран бүтээлч болдог

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 22

Монголын нүүдэлчний соёл, урлаг, гоо сайхны сэтгэлгээг гойд шингээсэн ардын бий биелгээг дээд боловсролын сургалтын хөтөлбөрт оруулан бүжгийн шавь сургалтын монгол дэгийг бий болгож чадсан хамт олон бол СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль. Монгол орны болон дэлхийн мэргэжлийн урлагийн түвшинд хүрсэн урлагийн чадварлаг нарийн мэргэжилтэн бэлтгэж буй тус сургуулийн Найруулах урлагийн тэнхимийн эрхлэгч Д.Алтантуяатай ярилцлаа.


-Их, дээд сургуулиудын элсэлт эхэлж байгаатай холбогдуулан Бүжгийн урлагийн сургуулийн энэ жилийн элсэлтийн онцлогийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай сургууль Багш, урлагийн боловсрол хөтөлбөрөөр бүжгийн багш бэлтгэдэг. Бүжгийн урлаг хөтөлбөрөөр бүжигчин, бүжиг дэглээч найруулагчийг бэлтгэдэг. Ерөнхийдөө гурван мэргэжлээр элсэлтээ авдаг. Манай хөтөлбөрүүд БМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн гэдгээрээ давуу талтай. Энэ жилийн хувьд цаг үеийн онцлогоос шалтгаалаад элсэлтийнхээ бүртгэлийг цахимаар хийхээр болсон. Элсэгч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх, элсэлтийн ерөнхий шалгалтад орсон байх гэсэн ерөнхий шаардлага тавьж байгаа. БСШУСЯ-аас босго оноог 480 болгосон. Тэгэхээр элсэлтийн ерөнхий шалгалтдаа 480 оноо авсан хүүхдүүд манай сургуульд элсэх боломжтой. Мэдээж бид бүжгийн нарийн мэргэжлээр сургалт явуулдаг болохоор бие бялдрын болон ур чадварын шалгалт авах ёстой. Харин онцгой дэглэмийн үед элсэгчид биечлэн шалгалт өгч болохгүй учраас цахимаар шалгалтаа авахаар тусгайлан бэлтгээд байна. Бие бялдрын хөгжил, уян хатан чанар, сонсгол, хөгжмийн мэдрэмж, ой тогтоолт зэрэг нийтлэг үзүүлэлтийг харна. Мөн өөрийн дуртай бүжгээ сонгон бүжиглэж болно. Цахим бүртгэлийг www.elselt.mnuac.edu.mn цахим бүртгэлийн системээр 2020.05.04 - 07.07-ны өдөр хүртэл бүртгэж байна. Ур чадварын шалгалтыг 2020.06.04-ний 10:00 цагаас 2020.07.08-ны 10:00 хүртэл явуулах юм. Мэдээллийн технологи өндөр хөгжсөн болохоор элсэгчид маань цахимаар бүртгүүлэхэд асуудал гарахгүй гэж бодож байна. Харин ч элсэхийг хүссэн залууст сонирхолтой, хялбар аргаар ур чадвараа үзүүлэх боломж гэж үзэн сургуулийн зүгээс ихээхэн ач холбогдол өгч байгаа.  

-Бүжгийн урлагийн сургууль монгол дэг сургалтыг бүрдүүлж чадсаныг мэргэжилтнүүд хэлдэг. Сургалтын арга барил, давуу талыг танилцуулахгүй юу?

-Манай сургууль бодлогоор олон улсын их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг сургалтдаа тусгадаг. Бидний сургалтын өвөрмөц арга барил бол бий биелгээний дэг сургалт. Энэ дэг сургалтын үндсийг Монгол Улсын Ардын жүжигчин Д.Нанжид олон жилийн судалгаа, шинжилгээний үндсэн дээр бий болгосон байдаг. Дэлхий дахинд бүжгийн урлагийн сургуулиуд сонгодог, орчин үеийн зэрэг нийтлэг бүжгийг заадаг бол манай сургууль өөрийн гэсэн өвөрмөц тогтолцоотой. Үндэснийхээ бүжгийн намба төрхийг шингээсэн сургалтыг явуулдаг. Мэдээж дэлхийн сонгодог бүжиг, олон үндэстний бүжиг, цэнгээнт бүжиг, орчин үеийн бүжиг зэрэг дэлхий даяараа шимтэж буй бүжгийн төрлүүдийг хөтөлбөртөө багтаасан байдаг.

Үндсэндээ манай сургууль сургалт, эрдэм шинжилгээ, уран бүтээл гэсэн гуравласан холбоон дээр ажилладаг. Танхимын сургалтаас гадна онолоо практикт ашиглах, эрдэм шинжилгээгээр баяжуулан уран бүтээл туурвих боломжийг оюутнууддаа олгодог. Манай сургуулийн оюутан бүр авьяас чадвараа баяжуулж, улам бүр гүнзгийрүүлдэг. Бүжгийн найруулгаар суралцагч оюутнууд бэсрэг бүжгэн жүжиг найруулаад төгсдөг. Хэдийгээр бүжгийн урлаг нь биеэс биед сургадаг нарийн онцлогтой ч цар тахлын үед бид онлайнаар төгсөлтийнхөө шалгалтыг авсан юм. Оюутнууд маань анимейшн, богино хэмжээний видео ашиглах зэргээр орчин цагийн ололт амжилтыг бүжигтэй хослуулсан уран бүтээл туурвиж байгаа нь оюутнуудын сэтгэн бодох, хөрвөх чадвар нь сайн байгааг харуулж байна.

-Залуусыг бүжгийн урлагтай амьдралаа холбох сонголт хийхийг та зөвлөж байна. Эдгээр залууст хандаж хэлэхэд бүжгийн урлаг нь хэр үнэ цэнэтэй мэргэжил вэ?

-Өнөөдөр бүжгийн урлагийн ач холбогдлыг нийгмээрээ мэддэг, ойлгодог болсон. Бүжиг хүмүүсийн сонирхлын төвшинд байдаг байсан бол одоо гоо зүйн болон эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой болохыг хүн бүхэн хүлээн зөвшөөрч байна. Бүжгийн урлагаар суралцаад төгссөн  төгсөгчид маань нийслэл, орон нутгийн бүхий л театр, чуулга, соёлын төв, бүх шатны сургалтын байгууллага зэрэг ажлын олон талбарт ажилладаг. Бүжгийн урлаг нь залуу насны урлаг гэдгээрээ онцлог. Залуу насандаа бүжиглэж мэргэжлийнхээ оргилд хүрээд тэтгэвэрт гардаг. Энэ утгаараа шинэ залуу мэргэжилтний эрэлт хэрэгцээ их байдаг. Өөрөөр хэлбэл, бүжиглэж чадаж байгаа хэн бүхэн өөрийн дуртай мэргэжлээрээ амжилтад хүрэх боломж олгодгоороо онцлогтой. Мөн хөрвөх чадвар сайтай болохоор бүжгийн сургуульд сурснаараа өөрөө ажлын байр бий болгох өргөн боломж бий.

-Бүжгийн урлагаар хичээллэсний давуу тал юу вэ?

-Бүжгийн урлагаар хичээллэснээр оюуны чадавх өндөртэй болдог. Бие эрүүл байна. Үргэлж өөдрөг, эерэг зүйлийг мэдэрч, мэргэжлээсээ баяр бахдалыг мэдрэх болно. Тэр утгаараа жирийн хүмүүс ч бүжгийг ихэд сонирхдог. Би 10 настайгаасаа бүжгээр хичээллэсэн. Бүжиг гэдэг бүхий л зүйлээрээ намайг татдаг. Орчин цагт бүжгийн урлаг хүн төрөлхтөнд хамгийн чухал мэргэжлээр тооцогддог болсон.

-Бүжгийн урлагийн сургуулийн түүхэн хөгжил сонин байна?

-Монгол Улс 1993 оноос эхлэн дотооддоо дээд боловсролтой бүжгийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн түүхтэй. Өмнө нь дандаа ЗХУ, Герман зэрэг социалист орнуудад мэргэжилтнүүдээ бэлтгэдэг байлаа. 1993 онд СУИС-ийн Театр урлагийн факультетын дэргэд бүжгийн урлагийн тэнхимийг байгуулсан байдаг. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанцэцэг гэж бид бүхний хайрлаж хүндэлдэг багшийн маань нөр их хөдөлмөрийн үр дүнгээр энэ сургуулийн суурь тавигдсан. Цаашлаад Соёлын сургуулийн бүжгийн тэнхим болон СУИС-ийн бүжгийн тэнхим нэгдээд бүжгийн урлагийн нэгдсэн тэнхим болж өргөжсөн. Улмаар 2013 онд Бүжгийн урлагийн сургууль байгуулагдаж, СУИС-ийн бүрэлдэхүүнд хамгийн отгон сургууль болж байлаа. Манай сургуульд ОХУ, Герман, Франц, Солонгост суралцаж төгссөн чадварлаг багш нар багшилдаг. 2017 онд бид Монголдоо бүжгийн урлагийн салбарт анхны доктороо өлгийдөн авсан. Өнөөдөр олон багш докторантурт суралцаж байна. Манай хамт олон жилээс жилд сургалтынхаа хөтөлбөрийг сайжруулж ирсэн. 

-Сургалтын орчин нөхцөлийн хувьд?

-Манай сургалтын орчин үнэхээр сайн. Анги танхимын хувьд Монголдоо хамгийн том бүжгийн заалтай. Оюутнууд хувцас солих, усанд орох зэрэг эрүүл ахуйн шаардлага хангасан өрөөтэй, бие даан ажиллах, уран бүтээл туурвих тав тухтай орчныг бүрдүүлж чадсан. Бүжгийн мэргэжил маань хамтач, нийтэч, багаар ажиллах чадварыг олгодог. Мөн хүнийг мэдрэх мэдрэмжийг өгдөг. Тиймээс сургуулийн зүгээс оюутнуудтайгаа чин сэтгэлээсээ хамтарч ажилладаг.

-Сургуулийн зүгээс оюутнуудаа гадаадад сургуульд сурах болон олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцох боломжийг хэр дэмждэг вэ?

-Мэдээж оюутнуудын өөрийнх нь идэвх зүтгэлээс шалтгаална. Манай сургууль оюутнууддаа 12 төрлийн тэтгэлэгт хамрагдах боломж олгодог. Гадаадын хамтын ажиллагаатай их, дээд сургуулиудад суралцах боломж нээлттэй байдаг. Мөн хамтын ажиллагаатай ОХУ, Герман, Солонгос, БНХАУ-ын сургуулиудаас багш солилцоо хийдэг. Мөн оюутнуудынхаа авьяас чадвар, уран бүтээлч сэтгэлгээг нээхийн тулд бүх төрлийн тэмцээн уралдаанд оролцуулдаг. ОХУ, Солонгос, Герман улсад зохиогддог олон улсын фестиваль, уралдаан, тэмцээнд манай оюутнууд амжилттай оролцож “Гран при”, тэргүүн дэд, байруудыг эзэлж, цэнгээнт бүжгийн дэлхийн аваргын тэмцээнд 10 гаруй оюутан оролцож хагас шигшээ багт шалгарч байсан. Энэ амжилтдаа тулгуурлан манай сургууль удахгүй цэнгээнт бүжгийн клубтэй болох зорилт тавиад байгаа. Ингэснээр манай оюутнууд дэлхийн аваргад илүү амжилт гаргана гэж үзэж байна. Энэ утгаараа манай сургуульд орсон оюутан нэгдүгээр дамжаанаасаа эхлээд уран бүтээлч болж хувирдаг.

Бид оюутнуудын суралцах идэвхийг өрнүүлэх, бие даан ажиллах чадварыг дээшлүүлэх, бусдаас суралцах, онолоор олж авсан мэдлэгээ хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанцэцэгийн нэрэмжит “Шилдэг бүжиг дэглээч, бүжигчин, бүжгийн хамтлаг” шалгаруулах уралдаан, Монгол улсын Ардын жүжигчин Д.Нанжидын нэрэмжит “Бий бийлгийн өв залгамж” уралдаан, цэнгээнт бүжгийн “Show dance” уралдааныг тус тус зохион байгуулдаг. Түүнээс гадна улсын чанартай болон олон улсын чанартай бүхий л тэмцээн уралдаанд манай оюутнууд оролцдог.

2018 онд БСШУСЯ-ны хөрөнгө оруулалтаар “Dance Pilates” бүжгийн лабораторийг ашиглалтад оруулсанаар тухайн оюутны бие физологийн онцлогийг танин мэдэх, богино хугацаанд үр дүн гаргах, бие махбод, булчин шөрмөсийг зөв ажиллуулах, зөв хөгжүүлэх зорилгоор дасгал сургуулилт хийх зориулалт бүхий аппарат тоног төхөөрөмж дээр ажиллах боломж бүрдсэн.

Манай сургууль нь “Ардын урлаг, бүжиг судлалын профессорын багтай. Багийн тэргүүлэх профессороор Ардын багш, шинжлэх ухааны доктор С.Дулам ажилладаг. С.Дулам багшийн судалгаанд суурилсан “Тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг” төслийн хүрээнд эртний хадны сүг зургийн дүрслэлээс сэдэвлэсэн гурамсан уран бүтээл туурвиж байна. Одоогоор “Хөмөргөн гурвалжин”, “Тамганы бүжигчин” бүтээлийг туурвиад байгаа. “Хөмөргөн гурвалжин” төсөл маань ЮНЕСКО-гийн тайзан дээр 2019 оны арванхоёрдугаар сард тоглосон нь манай сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, уран бүтээлийн ажлын чанар чансааг харуулах үзүүлэлт болсон. Энэ төслийн 3 дахь уран бүтээл “Босоо цагаан гурвалжин” бүжгэн жүжгийг энэ жилд бүтээх гэж байна. Манай сургуулийн багш нар монгол туургатан дотроо судалгаа хийж, судалгааны үр дүнг сургалтанд нэвтрүүлж байна. Энэ амжилтад манай сургуулийн анхны захирал Ш.Эрдэнэцэцэг докторын нөлөө их бий. Ер нь үе үеийн захирлуудын хичээл зүтгэлээр гадаад, дотоодын байгууллагын хамтын ажиллагаа өргөжиж ирсэн. Тиймээс сургуулийг удирдаж байсан МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, одоо удирдаж байгаа Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч Д.Баярбаатар нарт баярлаж байгаагаа илэрхийлье.

-Бүжгийн урлагийн сургуулийн цаашдын зорилтыг хэрхэн төлөвлөсөн байдаг вэ?

-Бид ирээдүйгээ маш сайхан гэгээтэйгээр харж байна. Манай сургалтын хөтөлбөр жилээс жилд чанаржиж, олон улсын жишигт нийцэхүйц болж, Азидаа шилдэг сургууль болох том зорилт тавьсан. Манай оюутнууд ажлын байран дээр гараад сайхан амжилт бүтээл үзүүлэх нь бидний ажлын үр дүн байх болно. Тиймээс оюутнууддаа үзүүлж буй сургалтын үйлчилгээгээ чанаржуулахыг хичээх болно. Өөрийн гэсэн онцлог чанараа хөгжүүлэх учиртай. Монголд олон шинэ сургууль байгуулагдаж байна. Энэ өрсөлдөөнөөс чанарын ахиц гарна. Хүчирхэг сургалтын баазтай, чадварлаг багш, эвсэг хамт олон маань оюутан бүрээ хүссэн үр дүнд хүргэхийг зорин ажиллаж байна.    

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hongorzul(202.179.27.178) 2020 оны 05 сарын 27

suis ter dunda bvjgiin urlagiin surguuld olon olon mundag bagsh nar bii odoogoor bi suisiin bvjgiin angiin 1r kurse togsood baina bvjgiin urlagiin surguuli bolon bagsh nar mini ymr gaihal bvjigchid baisan mon odoo olon olon shawi nar n delhiin dawtsand garj bvjgelj baina vvgeereij olon olon ulsaas oyutnuud irj mongol ulsiin soyl urlagiin ih surguuliin bvjgiig angiig zorin irj suraltsaj baina ymiig ongotshon haraad songuuli eder gej baigaa hvmvvs surguuli deer mini ireed harasai bilee

2  |  1
Зочин(103.212.116.31) 2020 оны 05 сарын 26

Odoo tsagt shuumjlegch hun eroosoo bhaa bolijee. Shuumj helj bgaa hun saijruulah setgeleer helj bdag. Uuniig oilgodggui bolovsrol dutuu gehuu dee humuus n shuumjiig- muulj bn, myalj bn geed oilgood teneg 2 ym bicheed bh ymaa!!!

1  |  0
Kane(150.129.143.149) 2020 оны 05 сарын 26

Zaaa end yuuc mdhgui yum bj hudla surug comment bicheed bga humuus bolimoor bgaa yumsht hudlaa surtchillaa l geh yum shuumjleed bga hun ta uuruu yuu hiij buteesen be?\n

0  |  2
Suvd(66.181.161.30) 2020 оны 05 сарын 26

Soyl Urlagiin Ih Surguuliin 6 bureldehuun surguuli baidag ym shuu. Tuunii neg ni Bujgiin Urlagiin Surguuli ymaa. Deer ni nemeed helehed Bujigchin bn gdg zaluu nasnii ajil ene hunii zaluudaa ymar bujigchin bsniig medehgui baij shuud dugnelt hii... zugeer duugui ungurch sur... \n

0  |  2
Зочин(103.212.116.31) 2020 оны 05 сарын 26

Ene hun bujig nairuulagchiin tenhmiin erhlegch geed lag2 ym bicheed bhiin. Ooriinh n bujig gej bdag bolvuu, bujig deglesen ym bujguud n baidag bol?

2  |  1
Zochin(103.212.116.31) 2020 оны 05 сарын 24

Ene surguuli haana bdag surguuli ve. Odoo tsagt hool iddeg hun n ih boljdee! Hool hiideg hun n hovordoj! Elselt ehleh geed oyutan tatgeed lag lag ym yriad l Songuuli shig kkkk. Shiniig setgej shine ym hiigeechee

0  |  2
Top