-Унгар улсын хөнгөлөлттэй зээлээр олгох 57 сая долларын төслийг эхлүүллээ-
Монгол Улс 90 сая малтай. Үндэсний баялаг болсон малаа эрүүлжүүлэх тал дээр учир дутагдалтай. Сонгино дахь “Биокомбинат” үйлдвэрт малын вакцин үйлдвэрлэдэг боловч дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаггүй. Тиймээс гадаадаас вакцин импортоор авдаг. Энэ хэрээр гадагшаа валют урсдаг гэсэн үг. Тухайлбал, манай улс сүүлийн гурван жилд шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин 19.7 сая/тун, бог малын мялзангаас сэргийлэх вакцин 32.3 сая/тун, хонийг цэцэг өвчнөөс сэргийлэх вакцин 23.6 сая/тун гадаадаас импортолж нийт 7.5 сая ам.доллар зарцуулжээ.
Тэгвэл “Биокомбинат”-ын шинэ үйлдвэр баригдсанаар энэ байдал дуусгавар болно. Монголчууд дотооддоо үйлдвэрлэсэн малын шүлхий, мялзан, цэцэг өвчнөөс сэргийлэх вакцинаар хэрэгцээгээ бүрэн хангах боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, 90 сая малаа бүрэн эрүүлжүүлэх вакциныг Монголдоо үйлдвэрлэж эхэлнэ гэсэн үг. Унгар улсын 57 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр өргөтгөл хийн шинэчлэгдэх энэ шинэ үйлдвэрийн шав тавих ёслолд оролцох үеэрээ Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ, “Уг төслийг амжилттай хэрэгжүүлж эхэлснээр Монгол, Унгарын эдийн засгийн харилцаанд шинэ хуудсыг нээж, Унгар улсын Засгийн газрын зээлийн санхүүжилтээр дараагийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээг эхлүүлэх боломж бүрдэж байгаа” гэв. Энэхүү төсөл нь хоёр улсын дипломат хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрсний нэг том илрэл юм. Анхны гэрээ хэлцэл эхэлснээс хойш 10 гаруй жил гацсан төслийг энэ Засгийн газрын үед эцэслэн шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаа нь Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, улам өргөжиж байгаагийн илрэл гэж болно.
Хоёр улсын хамтын ажиллагааны дараагийн төслүүдэд Унгар улсын Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгох, яриа хэлэлцээг эхлүүлэх сонирхолтой буйгаа “Биокомбинат”-ын шинэ үйлдвэрийн шав тавих ёслолд цахимаар оролцсон тус улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Иштван Юу илэрхийлсэн нь үүний нотолгоо ажээ.
Сэтгэгдэл ( 0 )