Өндөр хөгжилтэй орны үйлчилгээ дээд зэргийн, харилцаа хандлага дэндүү гэмээр эелдэг найрсаг байдаг. Ялангуяа япончууд үйлчилгээний соёлыг нэгдүгээрт тавьдаг улс. Үүднээсээ л өргүүлж хүндлүүлээд гаран гартал гайхалтай сайхнаар бөхөлздөг. Өөрийгөө хаан, хатан лугаа л төсөөлмөөр. Гэвч энэ хандлага нь зуршил гэх юм уу, нэг талдаа хуурмаг дүр төрх, байгууллагын тогтсон дэг журам, нүүр царай гэдгийн ард “хүчээр” зүүдэг “баг” юм л даа. Тэд олны дунд инээмсэглэсэн “баг”-аа үргэлж зүүж явдаг бөгөөд түүнийгээ “tatame” (бусдын өмнө гаргах хуурамч дүр) гэж нэрлэдэг. Ялангуяа жуулчдын өмнө тэрхүү дүр төрхөө хамгийн чадварлаг гаргаж халаасыг нь хэрхэн нимгэлэхээ тэд сайн мэднэ.
Үүний зэрэгцээ хувийн араншин, дотоод сэтгэл хөдлөлөө хэзээ ч ил гаргахгүй. Дотор нь гал гарч байсан ч инээмсэглэн, бөхөлзсөөр байх болно. Үүнийгээ тэд “honne” (үнэн төрх, жинхэнэ мэдрэмж)-ээ ил гаргахгүй нуух гэдэг. Тэд хэзээ ч гэртээ гарсан зөрчил маргаан, зовлон жаргалаа аман дээрээ аялаад ирэхгүй, нүүрэн дээрээ зураад гарахгүй. Хэчнээн шаналж, өвдсөн ч мөнөөх гэрэлт багаа зүүн инээмсэглэсээр байх болно. Гадаадад олон жил ажиллаж, амьдраад ирсэн ойр дотнын хүмүүсээсээ энэхүү сэтгэл хөдлөлгүй, үнэн сэтгэлийн бус зуршсан, албадмал инээмсэглэлийг олонтаа харж байсан. Энэ эелдэг дүр төрх сүүлийн үед манай үйлчилгээний байгууллагуудаар нэвтэрч эхэлжээ. Мөнөөх л авбал ав, боливол болино биз гэсэн үл тоосон үйлчилгээтэй худалдагч эгч нарын үе өнгөрч “tatame”-чууд олширч байгаа нь сайн хэрэг. Гэвч энэ давлагаа үйлчилгээний байгууллагаас хальж хаа сайгүй үзэгдэх боллоо шүү. Хачин эелдэг гоё бүсгүйтэй саяхан номын хурим дээр нь таарсан. Мөнөөх л багаа зүүчихэж. Ирж буй зочид нь ч тэр бүгд багтай. Орой унтахын өмнө нүүрний булчин цуцаж, завж, хацрын орчим чилчихсэн байхыг мэдэрч, мөнөөх гэрэлт баг миний ч нүүрэнд оршсоор байсныг мэдэхэд л хачин их ядарснаа ойлгов.
Сэтгэгдэл ( 0 )