Монголын Засгийн газар ОУВС-гийн дэмжлэгээр гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн хөтөлбөр өнгөрсөн бямба гараг буюу 23-нд дуусгавар боллоо. Энэ бол 1990 оноос хойш ОУВС-гаас манайхтай хамтран хэрэгжүүлсэн зургаа дахь хөтөлбөр байв.
1991-1992 онд “Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд 54 сая ам.доллар
1993-1996 онд ECF буюу хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 29.7 сая ам.доллар
1997-2000 онд ECF буюу хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 45 сая ам.доллар
2001-2005 онд ECF буюу хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 37 сая ам.доллар
2009-2010 онд “Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд 229.2 сая ам.долларын санхүүжилт тус тус авч байв.
ОУВС-гийн зүгээс 2017 оноос манайд хэрэгжүүлсэн хөтөлбөрөө өөрийнхөө түүхэн дэх хамгийн том хөтөлбөрүүдийн нэг болж байна гэж мэдэгдэж байсан. Түүнчлэн түүхий эдийн үнэ унаж, бодлогын алдаа гаргасны улмаас эдийн засаг зогсонги байдалд орж, гадаад валютын нөөц огцом багасан, өрийн асуудал хүндэрч эхэлсэн байсан үед Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирсон. ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудаас олон улсын дэмжлэг, Хятад, Солонгос, Япон зэрэг улсуудаас хоёр талт дэмжлэгийг татан оролцуулж, нийтдээ 5.5 тэрбум ам. долларын санхүүжилт бүрдүүлж чадсан. Үр дүнтэй хэрэгжихэд улс төрийн бодлого тогтвортой байх нь чухал гэсэн зөвлөмжийг 2018 оны сүүлээр өгч байсан билээ.
Үүнийг ч тэд үйлдлээрээ харуулсан гэж харах үндэслэл бий. Учир нь ийм зөвлөгөөг бидэнд өгсөн тэр үед эрх баригч нам дотооддоо талцан, засаг ганхаж, улс төрд тогтворгүй дүр зураг ноёлж байсан. Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд 2018 онд 850 сая ам.доллар орж ирэх хүлээлттэй байсан ч, 300 гаруй сая ам.доллар орж ирсэн нь 2019 оны нэгдүгээр сард тодорхой болж байсан билээ. Энэ нь нэг талаас арилжааны банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхтэй холбон тайлбарлагддаг ч улс төрийн тогтворгүй байр байдал донор байгууллагуудаас ам.долларын тусламж гэхээсээ бодлогын зөвлөмж олон сонсоход хүргэсэн юм.
2019 оны сүүлийн хагаст ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх санхүүжилттэй холбоотой эерэг мэдээ дуулдаж байв. Дэлхийн банк долоодугаар сард Монгол Улсын бодлогын шинэчлэлийг үргэлжлүүлэн дэмжихээ мэдэгдэн, 100 сая ам.долларын санхүүжилтийг баталсан. Тэгвэл 2020 оны нэгдүгээр сарын 3, 6-нд Дэлхийн банкнаас 100 сая ам.доллар манай улсад орж ирсэн юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар шилжиж орж ирсэн байгаа юм.
Үнэндээ бол энэ удаагийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт баяртай гэж хэлж амжаагүй байтал дахин шинэ хөтөлбөрийн мэдээлэл наашилсан.
ОУВС-гийн Rapid Finance Instrument буюу “Шуурхай санхүүжилт” хөтөлбөрт Монгол Улс хамрагдах талаар талууд ярилцаж байгаа гэдгийг энэ сарын 14-нд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн юм.
Харин 19-ний өдөр ОУВС-гийн Ажлын хэсэг Монгол Улсад 99 сая ам.долларын шуурхай санхүүжилт олгох хэлэлцээрт хүрснийг Монголбанк мэдээлсэн юм. Энэ сарын 11-13-ны өдрүүдэд ОУВС-гийн Ажлын хэсэг Монгол Улсын эрх баригчидтай цахим уулзалт зохион байгуулсан. Тус уулзалтын үеэр Ковид-19 цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө, өрийн тогтвортой байдал болон бусад асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлснийг өмнө нь мэдээлсэн. Уулзалтын дараа Шуурхай санхүүжилтийн хэрэгсэлд Монгол Улсыг хамруулах хүсэлтийг хэлэлцэж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрүүдийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 72.3 сая зээлжих тусгай эрх буюу 99 сая ам.долларын санхүүжилт олгох ОУВС-гийн Ажлын хэсгийн түвшний хэлэлцээрт хүрээд буй.
ОУВС-гийн манай улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиб хэлэхдээ “Монгол Улсад ОУВС-гийн дэмжлэгтэй хэрэгжсэн хөтөлбөрийн хүрээнд улсын өрийг бууруулах, нөөц хуримтлуулах зэрэг чиглэлээр эдийн засгийн дархлааг бэхжүүлэхэд сүүлийн жилүүдэд томоохон ахиц гарлаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрсдэлээс хамгаалах бодлогыг бий болгосны үр дүнд эрх баригчдын зүгээс тахлын эсрэг тэмцэх яаралтай арга хэмжээг авах чадамжийг бүрдүүлжээ. Анхаарвал зохих нэн тэргүүний зорилт бол тахал өвчин болон түүний нөлөөнд хамгийн их хохирч болзошгүй эмзэг бүлэгт чиглэсэн Засгийн газрын үр ашигтай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх явдал юм. Түүнчлэн, цар тахлын макро эдийн засгийн тогтвортой байдалд учруулж буй дарамтыг бууруулахын тулд эрх баригчид зардлаа эрэмбэлэх замаар төсвийн сахилга батыг хангах, илүү уян хатан ханшийн системийг хүлээн зөвшөөрч ихээхэн хүчин чармайлт гаргаж хуримтлуулсан нөөцөө хадгалах шаардлагатай юм. Харин вирусний тархалт багассаны дараа дотоодын өрийг бууруулах, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, банкны өөрийн хөрөнгийг өсгөх чиглэлд арга хэмжээ авахыг зөвлөж байна. Ялангуяа, эрх баригчдын зүгээс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үргэлжлэл болгон банкны салбарын шинэчлэлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхтэй санал нэгдсэн. Ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлсэнд эрх баригчдад талархал илэрхийлье" гэж байр сууриа илэрхийлсэн.
Монголын Засгийн газрын зүгээс хөтөлбөрийн хэрэгжилт 80-85 хувьтай гэсэн дүгнэлтийг хийж буйг Сангийн сайд мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Олон улсын валютын сан эдийн засгын алуурчидтай хамтардаг