Музейн хамгаалалтын бүсэд ХУВИЙН КОМПАНИ үйл ажиллагаа явуулах боломжгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 27

Өндөр барилгууд тал талаас нь хавчин хаасан Чойжин ламын сүм 112 жилийн түүхтэй. Монголын түүхийн үнэт бүтээлийн нэг тус музейн гаднах өнгө үзэмж, тохижилт үеэ элээжээ. Хот тохижилт, хэт төвлөрөл, бодлогогүй төлөвлөлт, хөрөнгө санхүүгийн гачигдлаас болж эрсдэлд ороод буй түүх соёлын дурсгалт газрын нэг бол яах аргагүй энэ музей. Хойд талд нь автомашины зогсоол түрэн орж, баруун, зүүн жигүүрийнх нь хашааг цөмлөх шахам машинууд овоордог. Сайн мэдээ гэвэл саяхнаас Чойжин ламын сүм музей газар ашиглалт, гаднах тохижилтын дахин төлөвлөлтийн дагуу өнгө төрхөө засаж эхэлжээ. Харин иргэдийн зүгээс ногоон байгууламжийн оронд машины зогсоол барилаа гэх хардлага гарах болсон тул энэ талаар бодит байдлыг тодрууллаа.


ТОХИЖИЛТЫН АЖЛЫГ “MCS” ХХК ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ДАГУУ САНХҮҮЖҮҮЛСЭН

Энэхүү цогцолборын бүсэд хамгаалалтын бүс нь нийтдээ хоёр га талбайтай бөгөөд уг бүсэд баригдсан 270 мкв талбай бүхий хоёр давхар барилгыг 2018 онд албадан буулгаж, нийт 3,600 мкв газрыг чөлөөлсөн. Тус талбай дээр Чойжин ламын сүм музейн зүгээс цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн. Музей нь зөвхөн урд талаасаа машин орох боломжтой тул урд хэсэгтээ автомашины зогсоол бүхий, ногоон байгууламжийг ийнхүү барьж эхэлжээ. Галын машин орох орцгүй байсан музей хоёр ч ослын гарцтай, явган хүний гурван гарцтай болохоор төлөвлөжээ. Ажлын явц ид өрнөж, зам талбай засаж, газрыг хашаалж, зүлэгжүүлж байлаа. Ажлын төлөвлөлт, явц, төсөв санхүүжилтын талаар Монголын урлагийн зөвлөлийн соёлын өвийн хөтөлбөрийн захирал Д.Баянмөнхөөс тодруулахад  “Олон түмний хардлагаар “MCS” ХХК тус газарт автомашины зогсоол бариад байгаа мэт сэтгэгдэл төрүүлээд байгаад харамсаж байна. Музейн хамгаалалтын бүсэд хувийн компани үйл ажиллагаа явуулах боломжгүй. Тиймээс ард түмэн “MCS” ХХК-ийг хардаж, сэрдэх шаардлагагүй гэдгийг албан ёсоор хэлье. Чойжин ламын сүм музейн гаднах тохижилтын төслийг өнгөрөгч онд хийж Монголын урлагийн зөвлөлөөс “MCS” ХХК-д хүсэлт тавьж санхүүжилт хүссэн. Учир нь тус компани “Өв эрдэнэ“ соёлын өвийн дурсгалт газрыг хамгаалах тэтгэлэгт хөтөлбөртэй. Тус хөтөлбөрийнхөө дагуу бидний хүсэлтийг хүлээж авч нэг тэрбум төгрөгийн санхүүжилт үзүүлсэн. Бид энэ санхүүжилтын буянаар өнгөрөгч оноос хойш 4800 мкв талбайд зүлэгжүүлэлт, ногоон байгууламжийн шинэчлэл, 700 мкв явган хүний замын засварын газар, ус зайлуулах  сувагчлал, гадна гэрэлтүүлгийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ онд 7323 мкв талбайд тохижилтын ажил хийж байна. Музейн газрын урд хэсгийн 4400 мкв талбайд ногоон зүлэг, бут сөөг, 930 мкв явган хүний зам засвар, 1400 мкв хэмжээтэй автозогсоол, 300 метр хашаа шинээр хийж байна. Энэ ажлыг долоодугаар сарын 1-ний өдөр гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.

АВТОМАШИНГҮЙ ГУДАМЖИЙГ ТОХИЖУУЛАХАД 200 САЯ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ

Тэгвэл энэ сарын 11-ний өдөр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Чойжин ламын сүм музейн хашааны гадна талбай буюу баруун болон зүүн талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, зөвхөн явган зорчигч, дугуйтай зорчих шийдвэр гаргасан.  Энэ ажлыг хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон. Нийслэлийн захирагчийн албаны хот тохижилт хариуцсан албаны мэргэжилтнүүдээс энэ ажлыг хэзээ хэрэгжүүлж эхлэх талаар тодруулахад хараахан тодорхой болоогүй байна гэсэн хариултыг өгсөн бол Монголын урлагийн зөвлөлийн соёлын өвийн хөтөлбөрийн захирал Д.Баянмөнх "Музейн хашааны гадна талбайд явган болон дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон зүлэгжүүлэлт хийх шаардлагатай байгаа. Учир нь машинууд хашааг нь мөргөх  шахам тулгаж тавьдаг. Дээр нь машины утаа тортог олон жилийн насжилттай шавар хашаа, барилгад сөрөг нөлөө үзүүлж байна. Манай зөвлөлийн гишүүд музейд эрсдэл учруулж болох байгалийн болон нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөллийн есөн төрлийн судалгааг явуулсан. Эдгээр судалгааны дүгнэлт зөвлөмжид үндэслэн дурсгалт барилгад учрах орчны нөлөөллийн эрсдэлийг бууруулах зорилгоор төсөл боловсруулсан. Бидний судалгаагаар хашааны гаднах тохижилтод 200 сая төгрөг шаардлагатай байгаа” гэв. Өнгөрөгч онд баталсан Чойжин ламын сүм музейн газар ашиглалт, гаднах тохижилтын дахин төлөвлөлтийг Монголын урлагийн зөвлөл, БСШУСЯ, Соёлын өвийн үндэсний төв болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын архитекторын ажлын албатай хамтран боловсруулсан. Чойжин ламын сүм нь жилдээ 30 мянган үзэгч хүлээн авч үйлчилдэг бөгөөд гадаадын жуулчид 70 хувийг эзэлдэг.

Дашрамд дурдахад тус музей нь дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр сонгогджээ. Дэлхийн өнцөг булан бүрээс 250 дурсгалт газрууд өрсөлдсөнөөс Монголын Урлагийн Зөвлөлөөс дэвшүүлсэн Чойжин ламын сүм музей 25 дурсгалт газрын нэгээр сонгогдсон юм.  “American Express болон Stavros Niarchos” сан, “Ford” сангаас олгох нийт 1.6 сая ам.долларын санхүүжилтээс соёлын өвийг хамгаалах төслүүдээ хэрэгжүүлэх аж. Энэ төслийн дагуу Чойжин ламын музейг сэргээн засварлах боломж бүрдэх ажээ.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.21.140) 2020 оны 05 сарын 28

Бүүр нэг жуулчдын сонирхол татах үйлчилгээ үзүүлээрэй ! Орчинд нь мод зүлэг тарь! Тэгээд л төлбөртэй зогсоол болгоод унав лаа . Наад зогмоол чинь Эрдэнээ тэргүүтэй АН- н луйварчдынх болчих вий дээ!!!! . Яг л зориулалтаар нь сүм музей нь л хэрэглээрэй!!!

0  |  0
Su ah(202.179.24.193) 2020 оны 05 сарын 27

Түүхэн дурсгалт газар. Түүнээс биш мухар сүсэгтнүүдийн мөргөл үылдэх газар биш. Харин жуулчдын нүдийг хужирлахаар сайхан тохижуулах хэрэгтэй. Гурилдаж болохгүй. Санхүүгийн хяналт хэн хийж байгаа вэ мөнгө идэж ашигласан асуудал гаргавал тэр хүмүүст харвалт ирнэ.

1  |  2
Top