Ирэх жил Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага байгуулагдсаны 100 жил, Шинжлэх ухааны Академи байгуулагдсаны 60 жилийн ой тохионо. XX зууны Монголчуудын дэвшил хөгжлийн түүхийн томоохон амжилт нь тус оронд орчин үеийн шинжлэх ухааны байгууллагыг үүсгэн хөгжүүлсэн явдал юм.
Энэхүү түүхэн ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол улсын Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэж баталлаа.
Тус хурлаар Монгол улсад Шинжлэх ухааны байгууллага Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 100, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын орчин цагийн шинжлэх ухааны хөгжлийн асуудлыг судалж, нэгтгэн дүгнэх ажлыг Засгийн газрын түвшинд шийдвэр гарган, зохион байгуулж ажиллах хэрэгтэй гэдэг дээр гишүүд санал нэгдэв.
Мөн ойг тэмдэглэхдээ зөвхөн 100 жилд болсон түүхэн үйл явдлыг үнэлж дүгнэх бус Монголын эрдэм ухааны өв сан эрдэм шинжилгээний байгууллагын түүхэн уламжлалыг Эзэнт гүрний түүхээс эхлэн нарийвчлан судлах шаардлагатай гэдэг асуудлыг хөндөж ярилцсан юм.
Түүнчлэн ойн хүрээнд Монгол улсын Шинжлэх ухааны 100 жилийн түүхийг багтаасан 5 боть ном бүтээхээр төлөвлөжээ. “Энэхүү бүтээлд Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөн үйл явцыг голлон тусгах. Ингэхдээ үндэсний болон олон улсын түвшинд шинжлэх ухааны ямар салбаруудад тодорхой хувь нэмэр оруулсан, олон улсын түвшинд гүйцэтгэсэн үүрэг, эзэлж байгаа байр суурийг шинжлэн дүгнэж нэгтгэсэн томоохон хэмжээний бүтээл байх ёстой” хэмээн тэргүүлэгч гишүүд үзлээ.
Хурлын төгсгөлд ШУА-ийн харьяа зарим хүрээлэнгүүдийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах асуудлыг хэлэлцэж Хими, химийн технологийн хүрээлэн, Газарзүй, гео-экологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Философийн хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэнгүүдийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.
Сэтгэгдэл ( 0 )