Цементийн үнэ нэмэгдсэн нь жижиглэн худалдаа эрхлэгчдээс хамааралтай

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 28

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хэрэглэгчийн мэдээллийн төвийн 1984 дугаарын утсанд иргэд хэрэглэгчдээс удаа дараалан цементийн үнэ нэмэгдэж байгаа талаар гомдол иржээ.

Эдгээр гомдлыг үндэслэн ШӨХТГ-ын даргын удирдамжтай шалгалтыг энэ сарын 05-ны өдрөөс эхлүүлсэн байна. Шалгалтын явцад хэд хэдэн зөрчил илэрчээ.

Тухайлбал, дэлхий нийтээр тархаад байгаа Ковид-19 цар тахлын үеэр ЭМЯ, УОК-ийн шийдвэрийн дагуу тухайн цементийн үйлдвэр ажиллах хүчээ хэсэгчлэн зохион байгуулсантай холбогдуулан өмнөх жилүүдээс үйлдвэрлэл оройтож эхэлсэн байна.

Зарим үйлдвэрүүдийн хувьд,  
 

  • БНХАУ-ын 100% хөрөнгө оруулалттай “Мөнхийн баян тал”ХХК-ийн тухайд өдөрт 300 тн үйлдвэрлэх хүчин чадалтай ч хорио цээрийн дэглэмийн үед одоогоор үйлдвэрлэлээ эхлүүлээгүй байгаа юм. Энэ нь зах зээлд хомсдол бий болж, үнэ нэмэгдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхэд хүргэсэн байна.
     
  • “Мон цемент”, МАК компаниудын хувьд 2020.05.11-14-ний өдрийн хооронд гурван өдөр цахилгааны хязгаарлалтанд орсноор үйлдвэрлэлд доголдол үүссэн.
     
  • Цемент үйлдвэрлэгчид үнэ, нийлүүлэлтийн нөхцөл байдалд өөрчлөлт ороогүй талаар олон нийтэд нээлттэй мэдээллэх шаардлагатай. Учир нь цементийн гол томоохон үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт оруулаагүй байхад жижиглэн худалдаа эрхлэгчид, ААН-үүд, хувь иргэд зах зээл дээрх цементийн үнийг өсгөж байгаа аж. 

Өнөөдрийн байдлаар  Монгол Улсын зах зээл дээр цементийг иж бүрэн үйлдвэрлэж байгаа зургаан үйлдвэр, дөрвөн терм ажиллаж байна. Эдгээр газрууд жилдээ 3.6 сая тонн цемент үйлдвэрлэх чадалтай. Энэ нь дотоодын хэрэгцээг бүрэн хангаад экспортод хоёр сая тонн цемент гаргах хүчин чадал байгааг харуулж байгаа юм. Харин энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор үйлдвэрлэл оройтож эхэлсэн, хилийн хоригийн улмаас үйлдвэрүүдийн гадаад ажиллах хүч ирээгүй, эрчим хүч доголдсоноос үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжид эвдрэл үүссэн зэрэг шалтгаанаар хомсдол үүсэж, үнэ өссөн байх магадлалтай гэж ШӨХТГ-аас үзэж байна.

Барилгын компаниудын тухайд үйлдвэрүүдтэй гэрээ байгуулж, тогтвортой үнээр бүтээгдэхүүнээ худалдан авч байгаа учраас бүтээн байгуулалтад нөлөөлөхгүй гэж үзжээ. Мөн цементийн үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаанд тавьж байгаа хяналт, хариуцлагын тогтолцоо сул гэж дүгнэлээ. Цаашид ШӨХТГ-аас цементийн үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаанд хяналт хариуцлагын тогтолцоог сайжруулах, борлуулалтын шат дамжлагыг багасгах зэрэг арга хэмжээг авах зөвлөмжийг холбогдох яам, газруудад хүргүүлэхээр ажиллаж байна гэлээ. Мөн хяналт шалгалт үргэлжилж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top