Олон улсын рейтингийн Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Тогтвортой” хэвээр үлдээсэн талаар баасан гарагт манай сайт мэдээлсэн. Тэгвэл Монголбанкнаас Фитч агентлагийн мэдэгдлийг тодотгон хүргэж байна.
Фитч агентлагаас 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гаргасан хэвлэлийн мэдээнд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үнэлсэн талаар дурджээ. Коронавирусний шокийн нөлөөллөөр, түүхий эдээс өндөр хамааралтай улмаас ДНБ болон экспортын өсөлт огцом саарч, төсвийн санхүүжилт тасалдаж, гадаад буфер муудсан нь Зээлжих зэрэглэлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлж байна. Гэсэн хэдий ч үүсээд буй шокоос хамааралтай нөхцөл байдал түр хугацаанд үргэлжлэх төдийгүй 2021 оноос эдийн засаг огцом сэргэж засгийн газрын өр/ДНБ-ий харьцаа буурах тул Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг хэвээр хадгалжээ.
Гаднын хөрөнгө оруулагч донор байгууллагуудаас орж ирэх санхүүжилтийн урсгал нэмэгдэх хүлээлттэй байгаа нь үнэлгээнд эергээр нөлөөлж байна. Гэсэн хэдий ч эрсдэл өндөртэй нөхцөл байдлаас шалтгаалан үнэлгээг “В” хэвээр үлдээсэн тухай Фитч агентлаг онцолжээ.
Фитч агентлаг Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг 2021 онд 7.1 хувийн өсөлттэй байх боловч 2020 онд эдийн засгийн өсөлт -2 хувьд хүрнэ гэж таамаглаж байна. Монгол улсын экспортын 90 орчим хувийг дангаар эзэлж буй БНХАУ-ын аж үйлдвэрийн салбар болон хөрөнгө оруулалт 2020 оны 4 дүгээр сараас эхлэн сэргэж түүхий эдийн эрэлт нэмэгдэхээр байгаа тул энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн Монгол Улсын экспортын өсөлт сайжирна гэсэн хүлээлттэй байна. Гэсэн хэдий ч дэлхий даяар тархсан вирусийн халдвар МУ-ын сэргэж буй эдийн засагт сөргөөр нөлөөлөгч томоохон эрсдэл болсоор байна.
Бодит ДНБ-ий өсөлт эхний улирлын байдлаар 10.7% хувиар буурсан нь коронавирусний халдварыг тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсэнтэй холбоотой байв. Энэхүү арга хэмжээнд 2 болон 3-р саруудад БНХАУ руу нүүрс экспортлохыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан бөгөөд хил хаасантай холбогдуулан олон улсын нислэг болон төмөр замын үйл ажиллагаанд хязгаарлалт тавих зэрэг хөл хориотой холбоотойгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд багтаж байна. Үүний зэрэгцээ Монгол Улсад коронавирусний халдвараар өвчилсөн 141 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд халдварыг эрт үед оношилж, эмчлэх үйл явц маш сайн байгаа тухай дурдав.
Фитч агентлаг төсвийн тэнцэл өнгөрсөн онд 1.4 хувийн ашигтай гарсан үзүүлэлттэй харьцуулахад энэ онд төсвийн алдагдлыг ДНБ-ий 7.1 хувьд хүрнэ гэж таамаглаж байна. 2020 оны гуравдугаар сард эрх баригчдын зүгээс цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэхээр хүлээгдэж буй ДНБ-ий 13 орчим хувьтай тэнцэхүйц багц арга хэмжээг зарласан юм. Үүнээс төсвийн алдагдлыг шууд өсгөх зардал нь ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцэнэ гэж тооцоолж байна. Төсвийн гол тэргүүлэх чиглэлүүдэд дэд бүтцийн зарим төслүүд, татварын хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ багтаж байна.
Төсвийн алдагдал нэмэгдэж, эдийн засгийн өсөлт хумигдсан нь 2019 оны эцэст нийт засгийн газрын өр ДНБ-ий харьцаа 2019 онд 65 хувьтай тэнцэж байсан бол 2020 оны эцэст 70 хувь болж өснө гэж таамаглаж байна. Фитчийн төсөөлж буйгаар засгийн газрын нийт өрийн хэмжээ 2021 онд буурах чиглэлд орж, 2024 онд ДНБ-ий 57 хувьд хүрэхээр байна. Энэ нь одоогийн “B” зэрэглэлийн медиан үзүүлэлт 60 хувиас доогуур байгаа юм. Сүүлийн жилүүдэд төсвийн орлого болон гадаад зах зээл дээрх түүхий эдийн үнэ нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт сэргэж 2016 онд ДНБ-ий 93 хувьтай тэнцэж байсан гадаад өрийн хэмжээг бууруулахад томоохон түлхэц болсон юм.
Фитч агентлагийн төсөөлж байгаагаар ГВАН-ийн хэмжээ 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар 4.1 тэрбум ам.доллароос буурч 2020 оны эцэст 3.1 тэрбум ам.доллар хүрэхээр байна. Энэ нь нэг сарын гадаад төлбөр тооцоог 4.1 дахин төлж барагдуулах түвшин юм. Засгийн газрын баталгаагаар хувийн секторын (ХХБ) гаргасан 500 сая ам.долларын эргэн төлөлт хийгдсэний дараа Монгол Улсын Засгийн газар 2021 оны дөрөвдүгээр сар хүртэл гадаад үнэт цаасны үндсэн төлбөрийн төлбөр тооцоог хийхээргүй байна. Фитч агентлагийн таамгаар урсгал дансны алдагдал 2020 онд ДНБ-ий 14.7 хувьд (буюу 645 сая ам.доллар), 2021 онд ДНБ-ий 11.9 хувьд хүрэхээр байна. 2021-2023 онуудад гадаад өрийг аажмаар төлж, дахин санхүүжүүлэх оролдлого гаргах боловч ГВАН-ийн хэмжээ бага байхаар төсөөлөгдөж буй нь зээлжих зэрэглэлийн сул тал болж байна.
ОУВС-гаас шуурхай санхүүжилтийн хэрэгслийн хүрээнд төсвийн алдагдал болон төлбөрийн тэнцлийг дэмжих зорилгоор Монгол Улсад 99 сая ам.долларын зээл олгох хэлэлцээрт хүрсэн ба ОУВС-гийн Захирлуудын зөвлөл зургаадугаар сард батлах хүлээлттэй байна. Тус хэлэлцээрийг дүгнэхдээ 2020 оны тавдугаар сарын 23-нд дуусгавар болж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс амжилттайгаар засгийн газрын өрийг бууруулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласан талаар ОУВС дурджээ. Мөн Азийн хөгжлийн банк төсвийн дэмжлэг үзүүлэх, төслийн санхүүжилт олгох зорилгоор 223 сая ам.долларын зээл, тусламжийн багцыг баталсан байна. Шуурхай санхүүжилтийн талаар мэдээлсэн ОУВС-гийн хэвлэлийн мэдэгдэлд Монгол Улсын эрх баригчид Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дараагаар дахин хөтөлбөрт хамрагдах тухай сонирхож буй талаар дурдсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Malaa mallaad nogoo budaagaa tariad amidarmaar koronotoi bhad