Уншигч та бүхэнд Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонгийн 2017 онд гаргасан "Цагийн зурвас" номыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр цувралаар хүргэж байна.
Он гараад өвлийн шалгалтууд эхэллээ. Бид хоёр шалгалтуудаа урьдчилж өгөөд хурдхан охин руугаа явахын хүслэн болов. Анх удаагаа хамтдаа Энэтхэг, Шинэ Делид очно гэхээс сэтгэл хөөрөөд байлаа. Аав, ээж хоёр бид хоёрт ирэх очих билет явуулж, бид хоёр Жагар орныг ийнхүү зорив. Ид зүүн Германаас оросын хуучин машинуудыг манайхан хөлөөр нь оруулж ирж байсан үе эхлэж байлаа. МИАТ-ын төлөөлөгч Нэргүй ах маань ах бид хоёрыг онгоцны буудал хүргүүлэхээр нэг монгол залууг гуйсан байв. Тэр Германаас оросын “Жигули-9” машиныг оруулж ирсэн байсан бөгөөд тэр машинаараа бид хоёрыг онгоцны буудал хүргэж өгөхөөр болов. Гэтэл онгоцны буудал хүрэлгүй унтарчхав. Замдаа янз бүрийн наймааны талаар хичээл зааж, үзсэн харсан сонин зүйлээ ярьж, бид хоёрыг билетнийхээ мөнгөөр бизнес хийж, мөнгөө эргүүлж машин оруулж ирэх байсан юм гэж ярьж байж билээ. Бизнес сэтгэлгээгүй хоёр тэрийг нь ч сайн ойлгоогүй байх. Делигийн нисэх онгоцны буудал дээр буухад нэг л танил үнэр үнэртэн, цаанаа нэг гоё өнгө аяс, дурсамжийг өгүүлж байлаа. Хүүхэд нас минь энэ сайхан оронд өнгөрч, юу ч бодолгүй гүйж явсан үеэ бодохоор жаргалтай санагдана. Манайх Элчингийн ойрхон “Вест энд, Яшуант плейс” гэдэг газар амьдардаг байв. Ээжийн аав, Натар өвөө минь очсон байв. Бид өвөөдөө Энэтхэг орныг үзүүлэх, Дели хоттой танилцуулах гээд олон газруудаар явав. Оч анх удаа Энэтхэгт ирж байгаа учир бүх л юмыг их сонирхож байв. Бид өвөөгөө мөн л “Таж махал”, байгалийн үзэсгэлэнт газрууд, бурхан шашны газруудаар авч яван, Ганга мөрний “мөнхийн ус”-наас хүртээлгэв. Түрүүнд эдгээр газруудын талаар дурдсан болохоор давтаад яахав гэж бодлоо. Делид үзэх газар бас өчнөөн олон байдаг юм. Бид “Кутаб минар\Qutub Minar\” гэдэг газар очив. Би бол ч өчнөөн очиж байсан, дахиад очиход мөн л их сонирхолтой байв. “Кутаб минар” нь 1193 онд Делигийн хамгийн сүүлийн хаант засаглал ялагдал хүлээх үед Кутаб -уд-дин Хайбак\Qutb Ud-Din-Aibak\ гэдэг хүн далан гурван метр өндөр энэхүү цамхагийг босгосон юм. Жуулчид хүрч ирж тэнд байгаа долоон метр өндөр цул төмөр баганыг нуруугаараа тэвэрч, хоёр гараа хүргэхийг хичээнэ. Хэрэв хоёр гар тэврээд хүрэх юм бол азтайд тооцогддог байв. “Кутаб минар” ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн түүхэн бүтээл юм. Хамгийн сонин нь туранхай урт гартай “за энэ ч яг хүрэх байхдаа” гэсэн хүмүүсийн гар хүрэхгүй байх нь гайхалтай. Очийн гар хялбархан хүрчихэв. Өвөөгийнх ч бас хүрэв. Гар хүрнэ гэдэг бол нэг ажил юм. Хүрээгүй бол сэтгэл гонсгор буцна гэсэн үг. “Кутаб минар” цамхагийг бараг найман зууны өмнө бүтээсэн гэхэд сийлж, товойлгож хийсэн чулууных нь ирмэг хурц хэвээрээ байх нь чин сэтгэл тээсэн, эх орончид барьж босгосон гэдэг нь харагдаж байлаа. Гэтэл манай барилга байшингууд өнгө зүсээ хоёр гурван жил болов уу, үгүй юу алдаж, энд тэндээс шавар, будаг нь холцрон унана. Хамгийн их харамсалтай санагддаг юм бол “Энх тайвны гүүр” ийг засах гээд ёстой “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдэг л болсон юм шиг санагддаг юм.
Бид өвөө, Оч хоёрт Шинэ Дели хотыг үзүүлж өдөр болгон нэг тийшээ явна. “Улаан хэрэм” дээр очих их сонирхолтой байж билээ. Энд тэндгүй сармагчингууд сууж байна. Харж байгаад л хэн анхааралгүй салан задгай байна түүний юмыг булаагаад бие биендээ дамжуулж шидээд аваад явчихна. Сармагчинд юмаа булаалгахгүй тулд сонор сэрэмжтэй байна. Тэднийг ажиглах их сонирхолтой байж билээ. Хэд гурваараа суучихаад бас амандаа юм зажлаад өөдөөс хараад л байна. Аль эсвэл ээж нь юм байлгүй хүү, нөхөр хоёрынхоо толгойг өвөр дээрээ тавьж байгаад л бөөсийг нь түүгээд идээд байна. Зарим нь хүүхэд сармагчингаа хөхүүлж байна. Зарим нь хүнээс булааж авсан юмаа идэж байна. Тэнд сармагчингийн оронд оччихсон юм шиг сэтгэгдэл төрнө. Заримдаа хараад хараад ханахгүй сонирхолтой байдагсан. Тэгж байтал гуйлга гуйсан хүүхдүүд, авгай, харчууд, хөгшчүүд хүрээд ирнэ. Тоохгүй хөөгөөд байвал бас гайгүй, нэгийг нь өрөвдөөд мөнгө өгчих юм бол нөгөө сармагчингуудаасаа долоон дор хаанаас гараад ирэв гэлтэй бүчээд, ээрээд зогсчихно. Энд тэнд гял цал болсон чимэглэсэн дугуй тэрэгнүүд зогсож есөн шидийн, сонин хачин юм зарна. Нэг л сонин гоё, нүд хужирлам байдаг байж билээ. Тэнд нэг эмэгтэй дуулж л байна, тээр тэнд нэг нь нугарч л байна, энд нэг нь могой тоглуулж байна. Том могой нь хөгжмийн аянд биеийг нь ороогоод хэлээ гозогнуулаад айдас төрүүлнэ. Нөгөө сармагчингуудаас арай өөр, хачин гоё хувцас өмсчихсөн сармагчингууд хонх дамар дуугарган бүжиглэнэ. Хамгийн сонирхолтой нь томоос том цагаан даавуун доор хүнийг байрлуулж бүтээгээд хэсэг хормын дараа нөгөө даавуу өөрөө газраас жигд хөндийрөхөд хүн нь алга болчихсон байдаг байж билээ. Их сонин, тэрний учрыг нь олох гээд огт чадаагүй, ухсан нүх, дээшээ татаж байгаа юм байна уу гээд л аминдаа ажиглана, ер харагдахгүй. Тиймэрхүү илбэ тэнд их үзүүлнэ. Хөөрхий минь төлбөрт нь хэдэн задгай зоос таваг руу нь шидээд л болоо. Хэрэм дотор маш том амьтны хүрээлэнтэй, байхгүй амьтан гэж байхгүй. Энэтхэг гайхамшигтай сайхан өвөрмөц орон, яагаад ч юм надад нэг л дотно гоё байдаг юм. Тэнд л хүн бүгдийг үзэж, харж, мэдэрч, бүхнийг ухаарч чадах юм шиг санагддаг юм. Долоон жилийн дараа эргэн ирж, ертөнцйин сонин хачныг гайхашран зогсох надад үлгэр шиг байлаа.
Зүүн европт өрнөсөн улс төрийн давалгаа оросын бүгд найрамдах улсууд руу салхинд туугдан очиж байв. Балтийн тэнгис хавьцаа далайн давалгаан ширүүсч эхлэв. Литвийн парламент ЗХУ-аас гарах санал хураалтыг явуулахаар төлөвлөж байв. Литвийн коммунист нам үүнийг нь дэмжиж байв. Манай сургуулийн Литваас ирсэн хүүхдүүд үүнийг далимдуулаад хичээлдээ ч явахаа болив. Хүмүүсийн зан авир ч өөрчлөгдөж байлаа. Эстони АНУ-руу хандаж тэдний тусгаар тогтнол, эрх чөлөөг сэргээж, буцааж өгөхийг хүсч, уриалж байв. Багш нар маань харин бидэнд хичээлээ заасан хэвээр, болж байгаа нөхцөл байдалд нэг их ач холбогдол өгөхгүй, харин ч биднийг хичээлдээ илүү анхаарч, хичээл зүтгэл гаргах тал дээр бидэнтэй ажиллаж байлаа. Багш нарт ая тал засах, гарын бэлэг өгөх зэрэг асуудал бид хоёрын амьдралд болж байсангүй. Хичээлийн явцад хичээл таслахгүй, багшийнхаа уурыг хүргэчихгүй байх юмсан л гэж хичээж байлаа. Харин хичээлдээ суугаагүй хүүхдүүд бол хичээлээ нөхөх гэж, мөн шүүлгэнд орох эрх авах гэж нэлээн юм болдог байсан. Хүүхдүүд л багшдаа тийм юм өгөөд тэгээд шүүлгээ тавиуллаа гээд л ярьдаг байсан. Тэр ч ортой шүү. Манай араб оюутнууд бол байнга багш нарт шалгалтын өмнө, мөн тааруухан дүн авбал юм өгдөг л байсан. Уг нь хамгийн хялбар бөгөөд хямд арга бол аль болохоор өөртөө дүгнэлт хийж, юуг чадах, юуг чадахгүй гэдгээ маш сайн ойлгож, дэнсэлж, алдаа гаргахгүйн төлөө урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй, хүчээл зүтгэлтэй байх юм л даа. Даан ч хүн болгон тэгж чаддагүй л болохоос. Хүн амьдралын явцад байнга шинэ юмтай тааралдаж, мэдэрч, мэдэж, сурч, засч, засагдаж явдаг. Миний багш “шулуун, спираль гэсэн хоёр төрлийн алдаа байдаг. “Шулуун алдаа” гэдэг нь янз бүрийн алдааг, давталтгүйгээр гаргахыг хэлнэ. “Спираль алдаа” нь нэг төрлийн алдаагаа буюу гаргасан алдаагаа гурваас дээш давтахыг хэлнэ. Жишээ нь, гурван удаа дараалаад хичээлээс хоцрох, өгсөн үүрэг даалгаврыг дахин дахин хийхгүй байх гэх мэтчилэн. Шулуун алдаа гаргаж байгаа хүнийг бол засч залруулж болно, харин спираль алдааг олон гаргаж байгаа хүн бол эсвэл ямарч чадваргүй, эсвэл санаатай үйлдэж байна, эсвэл тэнэг гэж ойлгон цаашид түүнтэй хамт том зорилгын төлөө явахаас татгалзах хэрэгтэй. Яагаад гэвэл, нэгэнт тэр чадваргүй бол түүнээс юу ч цаашдаа гарахгүй, хэрэв тийм үйлдэл санаатай гаргаж байгаа бол өөрт чинь хань болохгүй, тэнэг бол ямар ч найдвар байхгүй. Тэгэхээр ямар ч тохиолдолд тийм хүнээс салах ёстой. Цаг хугацаа, энерги хүчээ алдахын нэмэр” гэж хэлж сургаж байсныг маш сайн санаж байна. Орчин үед зарчмын шаардлага тавьсан хүнд муухай ааштай, харьцаа муутай нэр тохож, эсвэл эв нэгдлийг алдагдуулж байна ч гэдэг юм уу, аль болохоор хариуцлагаас бултах, хялбар арга зам хайх хэвийн үзэгдэл болж байна. Эрхээ эдлэхээсээ илүү үүрэг, хариуцлагаа мэдрэхийг огт хүсэхгүй, ажлын үр дүн гаргахгүйгээр хүнээс мөнгө авах гэсэн сэтгэлгээ газар авч байгаа нь харамсалтай санагдах юм. Эхлээд хүнд юу чаддагаа харуулаад, түүнийгээ бодитоор үнэлүүлэх нь хамгийн шударга юм. Өгсөн ямар ч ажлыг чадамгай хийж байгаа хүнд дараа нь боломж олгоход амжилтад хүрнэ гэж багш минь сургаж хэлж байсан. Өндөг шиг өөгүй хүн гэж хаа байхав, гэхдээ л хүнээс өөрөөс нь их юм шалтгаална.
Очийн дунд ах, Цолмон ах минь, Ленинград руу ажлаар явах замдаа бид хоёр дээр хоноод явав. Бид хоёр Цолмон ах дээрээ очих далимаар Ленинград үзэхээр явав. Ленинградыг бид хоёр Оросын агуу хаан Петрийн барьсан хот, оросын их зохиолч А.С.Пушкины хот, Октябрийн хувьсгалын өлгий нутаг, дэлхийн урлагийн төв гэж бага ангиасаа заалгаж, яруу сайхнаар магтан дуулсан шүлгийг нь цээжилж, ой тойндоо шингээж байсан юм. Ленинградын цагаан шөнө гэж олон сонсч байсан боловч үзээгүй байлаа. Ленинградад бид хоёр хөл тавьж үзээгүй мөртлөө амьдарч байсан юм шиг, хаана юу байдаг, ямар гудамжинд юу байрладаг гээд сайн мэдэж байлаа. Энэ бол нэг ёсны багшийн заасан хичээлийг сайн сонсч, цээжилж, ойлгож байсных юм. Тэр агуу түүхийг бүтээсэн, Ленинградын алдарт “блокада”-г даван туулсан оросын эрэлхэг ард түмний үр сад бид хоёрт хамгийн сонин, харахыг, мэдэхийг хүсч байсан зүйлийн нэг байлаа. “Ленинградын блокада-бүслэлт” 1941 оны есдүгээр сарын наймны өдөр эхэлж 1944 оны нэгдүгээр сарын хорин долооны өдөр бүслэлтийг цөмлөснөөр нийт найман зуун далан хоёр өдөр бүслэлтэд байсан Ленинградын иргэд тэвчээр хатуужил, эрэлхэг зориг, эх орончоор эх хотоо хамгаалж байсан тэмцэл дууссан юм. Гитлерийн төлөвлөснөөр хоёр сарын дотор өлсгөлөнд нэрвэгдэнэ гэж тооцоолж байсан бол хорин есөн сар Ленинградын ард түмэн өлсгөлөнд байж даван туулж чадсан юм. Тэр их зовлонг туулж чадсан ард түмэн илүү найрсаг, илүү хүнлэг, дөлгөөн байх гэж бодож байсан надад тийм сэтгэгдэл төрсөнгүй. Энэ нь нийгмийн нэг тогтолцооноос нөгөө тогтолцоо руу шилжиж байсан үед болоод ч тэр юм уу, хүмүүсийн амьдрал доройтож, уур уурцаартай, бухимдал ихтэй байсан мэт санагдаж билээ. Гудамжинд нь Москваг бодвол идэх юм ховор, тарчиг, бид хоёр өлсөөд юм хайгаад байснаа маш сайн санаж байна.
Эх оронд минь ардчилсан хувьсгал ид өрнөж байлаа. Бид өдөр болгон чих тавин, хэн ямар шинэ мэдээ бидэнд өгөх нь вэ гэж хүлээнэ. Тэр үед интернэт байхгүй болохоор одоогийн шиг мэдээллийг авах боломж байгаагүй юм. Элчин дээр очиж сонин олж уншина, ирсэн хүн амьтнаас сүүлийн мэдээ, сонин олж авахыг хичээнэ. Түүнийгээ хоорондоо дамжуулаад, заримдаа үг үсэг нь гаргагдахгүй, аль эсвэл нэг хэсэг нь алга болчихсон, үнгэгдсэн юм олдоно. Улс төрийн шинэ нам, холбоо, эвслүүд байгуулагдаж байна гэж дуулдаж байлаа. МоАХолбоо анхдугаар хурлаа хуралдуулж Монголын Ардчилсан Намыг байгууллаа гэж яригдаж байв. Мөн Монголын Социал демократ нам Баабар тэргүүнтэйгээр байгуулагдав гээд л дуулдав. Бид тэр үеэс улс төр их ярьдаг болов. Ялангуяа Очийн найз нар, Орос, Чех, Унгар, Польш, Болгар оюутнууд манайд их орж ирнэ. Манай байр олон улсын эрх зүйн ангид сурч байгаа оюутнууд байрладаг байр учир бүгд ирээдүйн дипломат, хуульчид, олон улсын эрх зүйчид юм. Тэд өөрийн улс оронд болж байгаа явдал, цаашдаа яах талаараа маргалдаж ярилцдаг байв. Гэхдээ энэ нь мэдээж оюутнуудын мэдлэг, бидний мэдээллийн хүрээнд л өрнөнө. МГИМО-гийн багш нарын дунд хуучин системээ авч үлдэх нь зүйтэй гэж ярьдаг нэг хэсэг, нөгөө нэг хэсэг нь шинэ нийгэм рүү тэмүүлэх нь бидний ирээдүй гэж бодсон залуу багш нарын хуваагдал гарч байв. МГИМО-ийн хувьд гадаадын судалгаа, гаднын эх сурвалжийг судалдаг байсан учир бусад сургуулиудаас илүү мэдээлэл сайтай байдаг байсан. Нээлттэй хэлэлцүүлэг, мэтгэлцээн байнга явагдана. Би заримдаа очиж сууна. Заримдаа би дипломыг нь аваагүй боловч тэр сургуулийг төгссөн юм шиг санагддаг юм. Монголд олон л үйл явдлууд болж, сураг нь гарч байв. Сталин Монголд гай болсон хэмээн үзэж хөшөөг нь харанхуй шөнөөр буулган зөөж, энэ үйлдлээ улсын хамгаалалтаас гаргав гэсэн тайлбар сонин дээр өгсөн байв. Хүмүүс бол янз бүрээр ярьж байсан. Миний хувьд Монгол улсын тусгаар тогтнолыг Ялтын хэлэлцээний үеэр нууц протоколоор хамгаалж үлдсэн гэдэг. Цаанаа мэдээж бодлого зорилготой л байсан байх. Гэхдээ Монгол улс хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар тогтносон улс болсон шүү дээ. Харанхуй шөнө хүний нүднээс далд, нууцаар зөөнө гэдэг бол ард түмнээс айж эмээж байгаагийн нэг хэлбэр, хийж байгаа үйлдэлдээ бүрэн төгс итгэлгүй байна гэж би тэр үед ойлгож байлаа. Коммунистуудыг устгах гэж байгаа мөртлөө өөрсдөө коммунист үйлдлийг хийж байлаа. Гэгээн цагаан өдөр ард түмэндээ үнэн зөв тайлбарыг нь өгөөд хийж болно шүү дээ. Ингээд бодохоор хуучин нийгмийг халж, шинээр гарч ирсэн хүчнүүд маань өөрсдийн шүүмжилж байсан системийнхээ яг тэр аргаар, харин ч дордуулсан хэлбэрээр хийсэн нь эд нар ч адилхан л юм байна даа гэсэн ойлголтыг анхнаасаа үлдээж байлаа. Эмээ минь харин Монголд ганцаараа энэ бүх байдлыг ажиглан бидэнд мэдээ хүргэж байлаа. Тэр үед эмээ минь далан нэгэн настай байж. Эмээ минь шинэчлэлийг дэмжиж, Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж байсан МоАХ-ны залуучууд дээр очиж, иргэн хүний хувьд тэдний үйл хэргийг дэмжиж байгаагаа илэрхийлэн, Эрх чөлөөний талбай дээр болсон цуглаан дээр очиж С.Зоригт зуун төгрөг, үйл хэрэгт нь хандивлаж байна хэмээн өгч маш гоё үг хэлж байсан юм. Энэ бичлэг нь одоо хүртэл Монголын үндэсний төв телевизийн алтан фондод хадгалаастай байдаг юм. Би эмээгээсээ “та юу гэж хэлсэн бэ” гэж асууж байхад “Засагт ноён......” надад хэлж байсан. Ой муутай ач охин, би тогтоож аваагүйдээ маш их харамсаж байна. Одоо ямар босож ирээд надад хэлэх биш. Хурган дотортой ногоон торгон дээлэн дээрээ булган лоовууз өмссөн эмээ минь үг хэлээд С.Зоригийг үнссэн гэдэг. Ардчилсан хувьсгалын ойгоор гарч байсан тэр бичлэгийг олж авна гэж боддог юм. Тэр их үйл явдлаас бид орон зайны хувьд хол байлаа. МАХН\МАН\, Улс төрийн товчоо МоАХ-оос тавьсан шаардлагыг харгалзан үзэж, дэлхий нийтэд өрнөж буй улс төрийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөн, өөрийн орны онцлогийг тодорхойлж, улс төрийн уян хатан мэдрэмжтэй бодлогыг явуулж, эв эеийг эрхэмлэн, их итгэлийг өгөн, энэ чинээгээрээ ирээдүйд хүлээх хариуцлагаа ухамсарлан бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох мэдэгдлээ хийж 1990 оны гуравдугаар сарын арван хоёрноос арван дөрвөнд хуралдсан МАХН\МАН\-ын төв Хорооны ээлжит бүгд хурлаар огцров. Гуравдугаар сард болсон өлсгөлөн, түүнээс үүдэлтэй урган гарч болзошгүй үйл явдлууд, улс төрийн буруу шийдвэр гаргавал нөхөж баршгүй хохиролд унах зэрэг байдлыг асар сайн тунгаан бодох үүрэг тэр үеийн улс төрчдөд ноогдож байлаа. Ш.Гунгаадорж “Улс төрийн товчоо өнгөрсөн түүхэндээ асар ихийг бүтээсэн, харин 1990 он гэхэд нөөцөө нэгэнт барсан байсан” гэж үзэж байсан нь нэгэнт цаг болсныг ч илчилж байв. Хүч хэрэглэх асуудал ч яригдаж байсан байна. Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн хүч хэрэглэхийн эсрэг байсан бөгөөд ямар ч тогтолцоо руу шилжиж орсон бай Монгол улс оршин тогтох учир гадаад бодлогод муугаар нөлөөлнө гэдгийг хэлж байсан байна. Энэ бол тэр үеийн удирдлагууд, МАХН/МАН/-ын удирдагчдын зүгээс гаргасан улс төрийн том зориг, нөхцөл байдлаа зөв харсан, зөв дүгнэлт өгсөн, зөв шийдвэр байсан юм.
1990 он улс төрийн үйл явдлаар дүүрэн, улс төрийн “бүүм” болсон жил байсан шиг санагдах юм. Дэлхийн өнцөг булан бүрт улс орон, ард иргэд тусгаар тогтнол эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж, зарим нь улс төрийн золиос, хэлмэгдэлд өртөж, зарим нь олон жилийн тэмцлийнхээ үр дүнг үзэж, зарим улс орон нь бусдын халдлагад өртөж байв.
Орос орон өгөөмөр хэвээрээ байлаа. Оюутан бид авдаг тэтгэлгээ авч, эдэлдэг эрхээ эдэлж, хавчигдаж, зүдэрсэн зүйлгүй оюутны амьдрал үргэлжилсээр л байлаа. Орой үдэш хүйтэн сэрүүнд явж байхад орос эмээ нар, эмэгтэйчүүд тааралдан “Миний охин малгайгаа өмс, толгой нь даарна, малгай байхгүй юу” гэж асууж халамжлана. Зарим тохиолдолд өөрсдийнхөө өмсөж байсан бээлий малгайгаа хүртэл тайлаад өгчихдөг байж билээ. Хүнд юм өргөөд явж байгаа эмээд туслахаар заавал гэртээ орж цай уу гэнэ. Сайхан амттай, халуун орос байхуу цай, гэрийн вареньтай өгдөгсөн. Мөн хэвсийж хөвсийсөн “блинчик” халуунаар шарж өгнө. Тийм сайхан сэтгэлтэй ард түмэн хэдхэн жилийн дараа ингэж дих өөрчлөгдсөн гэж хүмүүс ярихад би итгэдэггүй юм. Миний сэтгэлд хүнд хүчир бүхнийг туулсан оросын агуу ард түмэн. Мятрашгүй, цуцашгүй, чин зоригт, энэрэнгүй сэтгэлт энэ сайхан ард түмний үнэлж баршгүй хүчин зүтгэл өнөөгийн тусгаар тогтносон, ардчилсан Монгол орныг цогцлоон байгуулахад (хэдийгээр тухайн засаг төрийн бодлогын хүрээнд тушаал биелүүлж явсан ч, тэр ард түмний хэсэг алтан амь, бүлээн цус, залуу, халуун нас, мэдлэг оюун, эрч хүчээ зориулж, эх орон элгэн нутаг, хайрт хань, үр хүүхэд, эцэг эхээ орхин чин сэтгэлээр зүтгэж тухайн үед чухал байсан ялалтуудыг авчрахад ) оруулсан хувь нэмрийг бид үгүйсгэх гэж хэчнээн оролдоод ч, бид өөрсдөө ийм мундаг байсан юмаа гэж батлах гээд ч, хэчнээн бид энэ ард түмэн бидэнд тус нэмэргүй байсан гэж итгүүлэх гээд ч, хүлээн зөвшөөрнө үү байна уу, хэчнээн гашуун ч үнэн түүхээс бид зайлж чадахгүй нь үнэн юм. Тэдний зүгээс үйлдсэн арван хар нүгэл, өнчрөл хагацал, Төрийн тэргүүнийг минь хөнөөсөн, эх орончдыг минь харгисаар цөлөн, хүний нутагт ясыг нь хатаасан, олон сайхан мэргэд, эрдэмтэн, лам хуврагуудыг минь хоморголон алсан хар сүүдрийг мөн цайруулж бид чадахгүй билээ. Түүхийг шүүмжлэх биш, бузар булайг нь давтахгүй байхын төлөө ирээдүйн түүхээ бүтээх учиртай...
Бороо хур, нартай тэгш сайхан зун болов. Бид очоод удаагүй байтал Монголын анхны ардчилсан сонгууль болов. Бид социализмын үед сонгууль өгөх гэж гоё хувцсаа өмсөөд, гэр бүлээрээ баярт явж байгаа юм шиг маш хүндэтгэлтэйгээр явдаг байсан. Тусгайлан зассан хөшигний цаана ороод нэг л нэр бичээтэй байдаг түүнийг дугуйлчихаад, маш сайн үүргээ биелүүлсэн хүмүүс шиг их бахархалтайгаар сонгуулиа өгчихлөө гээд гарч ирдэгсэн. Тэгвэл энэ удаад яах ёстой юм? Үйлдэл нь адилхан байв. Бүгдээрээ гоёчихоод саналаа өгч сонгуульдаа оролцохоор явав. Гэхдээ онцлог байлаа. Би гэхэд хоёр газар өгөхөөр байв. Надад хоёр сонгуулийн үнэмлэх ирсэн байлаа. Хоёр газар очоод л өгчихсөн. Уг нь хоёр газар өгмөөргүй, болдоггүй баймаар. Аль ч намын гишүүн бус хүний хувьд би хоёр газар хоёр өөр хэлбэрээр дугуйлж билээ. Нэг ёсны өрөвдөж, тэнцүүлсэн хэрэг. Энэ байдал ганцхан над дээр гараагүй юм. Харин чин үнэнийг хэлэхэд аливаа нэгэн намыг дугуйлахыг надад хэн ч хэлж, ухуулж, тулгаагүй. Аливаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгаанд ч суугаагүй, надад хүрээ ч үгүй. Оч болон гэрийнхэн маань яаж өгснийг би сонирхоогүй, тэд ч хэлээгүй юм байна.
Оч зуны амралтаараа ГХЯ дээр дуудсан үед нь очиж дайчлагддаг байв. Наймдугаар сарын эхээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бэйкер \James Addison Baker III\ Монгол улсад албан ёсны айлчлал хийж, Оч ирээдүйн тус яамны ажилтны хувьд дайчлагдаж байж билээ. Балхаажавын Бүүвэй, С.Мөнхбат, О.Оч нар “Их Тэнгэр” цогцолборт Ж.Бейкерийн багийн хүмүүстэй ажиллаж байсан. Наймдугаар сарын хоёронд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бейкер Монгол улсын Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга П.Очирбат, Гадаад явдлын яамны сайд Ц.Гомбосүрэн, Ерөнхий сайд, Сайд нарын зөвлөлийн дарга Ш.Гунгаадорж нарт бараалхан албан ёсны уулзалт хийсэн байв. Монгол улсын Ерөнхий сайд Ш.Гунгаадорж “Би Ж.Бейкертэй уулзахдаа зах зээлийн эдийн засагт шилжих түр хугацаанд Монгол улсад учирч байгаа бэрхшээлийг даван туулах, ялангуяа зах зээлийн механизмд шилжихэд хүн сургах, зарим санхүүгийн талын бэрхшээлийг давахад АНУ-ын Засгийн газраас хөнгөлөлттэй тусламжийг үзүүлэх боломж бололцооны талаар яриа өрнүүлсэн байна. Ж.Бейкер Монгол улс нь одоогийн шинэчлэлийн замаар цаашид тууштай замнавал, АНУ-ын Засгийн газар, АНУ-ын зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжтой бөгөөд, Азийн хөгжлийн банк \АХБ\ Олон улсын валютын фонд \ОУВФ\, Дэлхийн банк \ДБ\ зэрэг байгууллагад гишүүнээр элсэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн байв. Ийнхүү өнөөдөр салбар болгонд хэрэгжиж байгаа АХБ, ДБ- ны төслүүд хэрэгжиж эхлэх суурь нь тавигдсан юм. Монгол судлаач, нэрт эрдэмтэн Ю.Н.Кручкин “MONGOLOVED” номондоо Төрийн нарийн бичгийн дарга \ТНБД\ Ж.Бейкер 1990 оны наймдугаар сарын гуравны өдөр “Их Тэнгэр” цогцолборын дөрөвдүгээр байрны нэг давхрын зааланд монголын сөрөг хүчний удирдлагууд, монголоо өөрчлөе, хуучин нийгмийг халъя гэсэн чин хүслийг агуулсан тэр үеийн монголын шилдэг сэхээтнүүд гэгдэж байсан, шижигнэсэн залуучууд С.Зориг, З.Бат-Үүл, Д.Ганболд, Р.Гончигдорж, Б.Батбаяр, Д.Батсүх, Н.Маам, Г.Отгонбаяр, Л.Болд, С.Баянцагаан нартай нэг цаг дөчин минут хийсэн уулзалтын маш сонирхолтой ярианы тэмдэглэлийн талаар дурьдсан байдаг. Уулзалтын албан ёсны орчуулгыг ГХЯ-ны Р.Баасан эгч, манай шилдэг эмэгтэй дипломатч, АНУ-ын талаас К.Эдвуд нар хийсэн байна. Тэр уулзалтан дээр Ж.Бейкер хэлэхдээ “Монгол Улсын гадаад бодлогын хувьд одоогийн Засгийн газрын бодлого нь бодит нөхцөл байдалд нийцсэн хэмээн санагдлаа. Энэ юу гэсэн үг вэ? Юуны өмнө, та нар өөрийн хоёр том хөрштэйгээ сайн харилцаатай байх ёстой гэсэн үг. Чингэхдээ, та нар бусад орнуудтай харилцах асуудлаа өмнөхийн адил анхаарлаасаа гадуур байлгаж болохгүй. Зах зээлийн эдийн засагт шилжихэд тодорхой зохицуулалт шаардагдах нь зайлшгүй. Ард түмэнд үүнийг хүлээж авахад хэцүү байж болно. Гол нь үндэсний соёл заншлаа сэргээх нь чухал. Танай улс өөрийн гэсэн үндэсний ёс заншилтай, тийм учир энэ асуудал нь маш чухал. Энэ асуудлыг улс төрийн ардчилалыг хөгжүүлэх, зах зээлийн эдийн засагт шилжихтэй хамт нэгэн зэрэг шийдвэрлэх ёстой. Бид Америкчууд, та нарын Монголыг ардчилал руу энхийн замаар шилжүүлэх талаар хийж байгаа үйлсийг тань бахархаж байна. Тийм учир өнөөдөр би та нартай хамт сууж байна. Хэчнээн хэцүү байсан ч Монгол улс нь өө\рийнхөө эдийн засгийг өөрчлөх, улс төрийн ардчилалыг бэхжүүлэхийн төлөө хүсэл эрмэлзэл дүүрэн байна. АНУ нь энэ үйлсэд оролцох бөгөөд туслахад бэлэн байгааг та бүхэнд илэрхийлье” гэж хэлсэн байна. Тэр үед “гуравдагч хөрш” гэх нэр томъёог АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга манай төр засгийн удирдлагуудтай хийсэн албан ёсны уулзалтан дээр хэлсэн үгэндээ оруулж хэлснээр мөнхийн хоёрхон хөрштэй Монгол орон дахиад хөрштэй байх гаргалгаа бий болсон гэж боддог юм. “Гуравдагч хөрш”-тэй болох санаа нь анх тэртээ 1911 онд тухайн үеийн Монгол улсын Ерөнхий сайд Цэрэнчимэдээс гаралтай ч гэж үздэг юм билээ. Оч энэхүү айлчлалын талаар бидэнд мэдсэн харснаа нөгөө л сурснаараа ярьж өгч билээ. Тэгэхэд хөрш биш байж хэрхэн хөрш байж болох талаар бид маргалдаж билээ. Оюутан байсан болохоор маргалдах дуртай байсныг ч хэлэх үү.
Оч төгсөх курст орж байгаа учир арван хоёрдугаар сар болтол Монголд дадлага хийж эмээтэй хамт байхаар болов. Ер нь тэдний сургууль төгсөх курсийн жилдээ дадлага хийдэг байсан юм. Оч дипломныхоо сэдвийг “Частное право”-гоор хийхээр болов. Дадлагаа Үйлдвэр Худалдааны Яаман дээр эхний сар хагас, дараагийн сар хагас ГЯЯ-н дээр хийхээр болов. Оч цагаа ашиглан “уйгаржин монгол” бичиг сурч эдийн засаг, хууль эрх зүйн шинэ “терминолог” хэллэгийг орчуулж, тэр чиглэлийн толь бичиг, нэвтэрхий толийг гаргах, гадаад харилцаа, хүний эрх, хууль эрх зүй, гадаад эдийн засгийн чиглэлийн хууль тогтоомж дээр шөнө дөл болтол сууж ажилладаг байв. Оч хуучин монголоор маш гоё бичиж сурч байлаа. Манай хэл бичгийн ухааны доктор, академич Х.Сампилдэндэв гуай Очийн бичгийн хэлбэрийг нь маш сайн гэж үнэлж билээ. Ерэн оныг Оч, эмээ хоёр эх орондоо улс төрийн ид өрнөл дунд ардчилсан ёс, шударга зарчмыг тогтооход залуу үеийн төлөөллийн хувьд, энэ орны түүхийг бүтээлцэж явсан ахмадын хувьд, мөн жирийн ард иргэний хувьд хувь нэмрээ оруулж байв. Аль ч нам, эвсэл холбоод нь адилхан ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд хувь нэмрээ ижил тэгш оруулж байсан юм. “Ардчилал” аль нэгэн нам, эвслийн өмч биш, “АРДЧИЛАЛ” ард түмний өмч юм.
Би ганцаараа Москва явлаа. Ирээд удаагүй байтал 1990 оны есдүгээр сарын дөрөвний өдөр Монгол улс төрт ёсныхоо түүхэнд анх удаа өөрийн Ерөнхийлөгчтэй болов. Миний аав, ээжийн багын анд П.Очирбат Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдов. П.Очирбат Ерөнхийлөгч “Улс төрийн хилс хэрэгт татагдаж, хэлмэгдэж байсан хүмүүсийн асуудлыг судлах” ажлыг өрнүүлж, өөрөө санаачлан комисс байгуулж олон гэр бүлийг хар манангаас гаргаж, үр хүүхэд, гэр бүлийнхэнд нь гэрэл гэгээ авчирсан гэж би үздэг. Энэ л үйл ажиллагаа, санаачлагын буянд бид өвөөгөө, Монгол Улсын найм дахь ерөнхий сайд асан Жигжиджавыгаа цагаатгуулан, үр хүүхэд бид бардам үүх түүх, хийсэн бүтээсэн гавьяагаар нь бахархаж, үр удам нь гэж хэлэх эрхтэй болсон юм. Манай Сүхбаатар ах, Цогтоо ах нар минь хичээл зүтгэл гаргасныг хэлэх юун.
Манай ангийн уур амьсгал түрүүчийн шигээ халуун дотно биш юм шиг мэдрэмж төрөв. Энэ нь Кувейт руу Ирак улс дайрч дайн өдөөсөнтэй холбоотой байлаа. Манай ангийн Саад (ирак оюутан), хэдийгээр үзэл баримтлалын хувьд өөрийн удирдагчийн үйл ажиллагааг сайшаан дэмжихгүй байсан ч цаанаа тэр орны иргэн учир өөрийгөө хамгаалах хэлбэрт орсон байв. Энэ нь түүнийг ганцаардах, бусдаас болгоомжлох байдалд оруулсан нь ангийн уур амьсгалд, бидний хоорондын харилцаанд нөлөөлж байлаа. Бид тэр таагүй байдлыг бий болгохгүйн үүднээс хүн болгон хичээж бие биендээ элэгсэг хандаж, ялангуяа Саадад, Амальд туслахыг хичээж байлаа. Амаль гэдэг маань манай ангийн Кувейт охин. Хөөрхий Амаль, эх оронд нь бусдын халдлагат дайн гарч, аав, ээж, ах дүү нар нь эрүүл энх байна гэсэн баталгаа өдрөөс өдөрт эргэлзээтэй болж дуу нь ч гарахаа больж байв. Тэр хоёр битүүхэндээ бие биенээ үзэн ядаж байлаа. 1990 оны наймдугаар сарын хоёронд Ирак Кувейт руу дайрлаа. Наймдугаар сарын таванд АНУ-ын Ерөнхийлөгч Буш “үүнийг бид тэвчихгүй” (this will not stand) гэж зарлав. АНУ өөрийн цэргийн хүчээ Сауди Араб руу явуулан байршуулж, бусад улс орнуудыг нэмэлт хүч явуулахыг шамдуулан уриалж байлаа. Улс үндэстнүүдийн цэргийн хүч нэгдэн нэгэн том армийг бүрдүүлж эхлэв. Энэ нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаагаа ийм том эвслийн хүч бий болсон явдал юм. Ихэнх хүчийг АНУ, Сауди Араб, Их Британи, Египет бүрдүүлж байв. Сауди Араб нийт гарсан жаран тэрбум долларын гучин зургаан тэрбумыг гаргасан тухай олж уншиж байлаа. Тухайн үед энэхүү дайны талаар мэдээллийн бүхий л хэрэгслээр хангалттай мэдээллийг авч байлаа. Манай ангид ч хүртэл багахан тогтворгүй байдал үүссэн байсан юм. Хамгийн сонин нь Саад Амальд их дургүй, өөрсдөө тэдний орныг дайтсан байж дургүйцлээ илт илэрхийлдэг байв. Бусад араб эрэгтэй хүүхдүүд ч төвийг сахин Амалиас холдсон байв. Яг энэ мөчид би хүйсийн ялгаварлан гадуурхалт гэдэг энэ юм байх даа, хэрэв Саадын оронд Амаль, Амалийн оронд Саад байсан бол нөхцөл байдал хүмүүсийн хандлага шал эсрэг тал руугаа байх байсан гэж бодсон. Яагаад гэвэл дэлхий нийтээрээ Иракийн бусармаг явдлыг эсэргүүцэж, шударга биш гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байсан билээ. Саад эмэгтэй байсан бол хүмүүс бүүр үзэн ядах байсан байх гэж бодлоо. Бусад араб эрэгтэй хүүхдүүд Амалийн талд орох байсан байх. Амаль тэр бүгдийг тэвчиж байсан нь эмэгтэй хүн аль ч нөхцөлд ямар ч байдалд илүү хүлээцтэй, тэвчээртэй, хүлцэнгүй бөгөөд, энэрэнгүй ханддагийг нотлож байлаа. Амаль заримдаа намайг гэртээ хамт хичээл давтахаар урина. Гэр бүлтэй болохоор тэр болгон очоод байж чадахгүй. Оч бид хоёр “дайн дажинтай байгаа, сэтгэлээр дэмжих ёстой” гэж баахан ярилцаж байж би Амалийнд хонохоор болов. Амаль манай сургуулийн “Динамо” метроны буудлын тэнды байрладаг оюутны байранд байдаг байв. Бид хоёр хичээлээ тараад тэднийд ирлээ. Тэр үе яг тэдний “Рамадан”-ны үе байсан юм. Тэр үеэр лалын шашинтнууд өглөө нар гарахаас өмнө ус уугаад орой нар ортол юу ч иддэггүй юм билээ. “Рамадан” гэдэг нь Исламын шашинтны ес дэх сар бөгөөд энэ сард лалын шашинтнууд их хэмжээний мөргөлийг үйлдэж, хүмүүнлэгийн ажил хийж, хүмүүст өглөг өгч баярлуулж, хоол идэхгүй байдаг. “Рамадан” үг нь арабын “рамида, аррамад” гэсэн үгнээс гаралтай юм билээ. Энэ үг нь халуунаас болж хатах, хорчийх гэсэн утга бүхий юм байна билээ. Өндөр настан, өвчтэй хүн, жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдээс бусад нь өглөөний нар гарахаас орой нар бүрэн жаргаж харанхуй болтол хэлэн дээрээ юу ч тавих ёсгүй, ус ч уух ёсгүй байдаг. Амалийн “Fasting буюу хоол идэхгүй” байсан үе болохоор би бас хүндэтгээд, хоол идэхгүй хамт шөнө идэхээр болов. Шөнө Амаль маш амттай хоол хийлээ. Хоолоо хийгээд идсээр байтал шөнийн гурван цаг болов. Тэгээд бид хоёр шүдээ угаагаад унтахаар хэвтэв. Гэнэт сэрүүхэн оргиод, би сэрэв. Сэрээд хартал цонх тэр чигээрээ дэлгээстэй, хөшиг хийсээд гадаа харанхуй. Босоод хартал хэн ч байдаггүй, тэгэхээр нь цонхны тийшээ дөхтөл гэнэт юм хөдлөх шиг болохоор нь цочоод хартал нөгөө Амаль маань цав цагаан нөмрөг нөмөрчихсөн, малгайг нь өмсчихсөн зогсож байлаа. Золтой зүрх хаагдсангүй. Гэхдээ нэрэлхүү зандаа мөн тэдний ёс заншлыг хүндэтгэсэндээ арай л орилолгүй, зүрхээ дарж, өөрийгөө тайвшруулж юу ч болоогүй юм шиг зогсож билээ. Амаль маань санаа зовсон бололтой намайг цочоосондоо уучлалт гуйв. Цаг хартал өглөөний таван цаг болж байлаа. Бид хоёр гурав өнгөрч байхад унтсан, гэтэл дөнгөж хоёр цагийн дараа Амаль боссон байв. Бид хоёр эрт боссоных хичээлээ жаахан харж, мөн янз бүрийн юм ярьж, инээж хөхрөлдөж байгаад хичээлдээ явж билээ. Би Амалийгаа санадагюм. Тэвчээртэй, хүлээцтэй, ухаантай, хүнлэг, сайн охин. Тааралдах юмсан гэж их хүсдэг. Би Эвелинаг хайлгаад бас олоогүй, Зо Ким Хиг хайлгуулаад бас олоогүй. Амалийг хайгаагүй л дээ. Амальтай хоносон шөнө, ялангуяа үүрээр харсан болгон надад нэг л мэдрэмжийг бататгаж өгч билээ. Тэр үүрээр төрсөн мэдрэмж бол Би, Монгол хүн Монгол орныхоо эзэн нь болж төрөөд ямар их сэтгэлийн, биеийн, оюун санааны эрх чөлөөг эдлэж байгааг мэдэрсэн мэдрэмж байв. Тэднийд байхад нөгөө “Мянга нэгэн шөнийн” үлгэр санаанд орох шиг. Улс, үндэстний ёс заншил гэж бичигдээгүй хууль юм даа. “Усыг нь уувал, ёсыг нь дага” гэж манай ардын зүйр үг үнэхээр сургамжтай үг. Түүнийг хүн төрөлхтөн ойлгож дагаж, хүндэтгэж чаддагсан бол шашин, үзэл суртлын дайн байхгүй байсан байж болох юм.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөл Иракийн эсрэг дэлхий дахины эдийн засгийн хориг тавих захирамж гаргаснаа дэлхий даяар зарлав. Амаль бидэнтэй хамт машинд сууж явахаа болив, өөрөө дэмий гэж шийдсэн юм шиг байна билээ. Тэрийг хэн ч бас хамт явъя ч гэж урихгүй байв. Манай Сири оюутнууд эр хүмүүсийн хоорондын харилцаагаа эрхэмлэсэн ч юм уу Саадыг дагаж байсан юм. Нэг ёсны эр хүмүүсийн “солидарность” бий болгож байсан юмуу даа. Бидэндээ л энэ байдал анги доторх улс төрийн жижигхэн зовлон болж байлаа.
Би ганцаараа тэр жил намаржиж, өвлийн амралт хүргэв. Манай орос хөрш афганд байлдаж байсан залуу, нэлээд ахимаг тэр үед бараг гуч гарсан байсан байх, өдөр болгон гэрээрээ дүүрэн хүмүүс цуглуулна. Орой ирэхэд л бөөн хүн, тэгээд ороод ир гээд л дуудаад байна. Нэг бодлын орой ирэхэд хоол ундтай, зугаатай боловч, хичээл давтах боломж олгохгүй, өдөр болгон тийм байх ч хүсэх юм биш юм билээ. Павел, Ханна, бид гурав бараг зугтдаг болов. Тэгж байтал тэр сургуулиа дийлэхээ болиод хоёрдугаар курсээсээ нутаг буцав. Уг нь төгсчихсөн бол гэж бид харамсан ярьж байлаа. Гэхдээ үнэхээр сурах хүсэл түүнд байгаагүй. Тэр үед Афганд байлдаж байсан залуучуудад шагнал маягаар дээд сургуульд оруулдаг байсан юм. Уг нь маш том боломж боловч зарим нь энэ боломж гэж ойлгож чадахгүй зовлон мэт хүлээж авч байгаад буцаж байсан нь цөөнгүй билээ. Манай дээд давхарт “Грек” гэж хочтой мөн афганд байлдаж байсан залуу байсан юм. Тэр бид хоёрт их сайн, тусална. Тэр надад яст мэлхий өгснийг нэг өдөр манай хажуу оросынд холын хамаатнууд нь ирээд хонох газар байхгүй намайг хонуулж тус болооч гээд гуйгаад байхаар нь хонуулаад өглөө орхиод явсан чинь орой ирэхэд “Яст мэлхий чинь алга болчихсон” гээд сууж байж билээ. Би хичнээн хайгаад ч олоогүй. Хулгайд хардаагүй ч нэг л гомдолтой “яагаад ингэж байгаа юм болоо, би тус болж байхад” гэсэн бодол салахгүй олон хонож билээ. Хүнд итгэж ийм байдалд орсон миний буруу учир өөртөө буруугаа өгөөд хайсаар л байж билээ. Гараад л ирэх юм шиг санагдаад байж билээ. Ингэж хөөрхөн яст мэлхийнээсээ салав. Би уг нь Очид яст мэлхийтэй болсон, хурдан ирээд хараарай гээд байсныг яана. Тэр л их харамсалтай байлаа. Тэр үед яст мэлхий ховор байсан болохоор би Очид л харуулмаар байсан юм. Монголд байдаггүй байсан. Ерээд оны дунд хавиас л хүмүүс зардаг болсон. Тэгэхэд бид тэр үед яст мэлхий худалдаж авч билээ. Хүмүүсийг нэгэнт хүмүүжүүлж чадахгүй, хүнийг дагаж муу хүн болж болохгүй, тэгэхээр аливаа асуудлаас урьдчилан сэргийлж байх л чухал гэдгийг ойлгож билээ.
Хүйтэн дайны уур амьсгал суларч Баруун, Зүүн Герман улс төрийн хувьд нэгдэн нэг бүтэн Герман улс бий болж байв. Энэ мөчид ОХУ-ын ирээдүйн Ерөнхийлөгч В.Путин, КГБ-ийн тагнуулч Зүүн Германаас эх орон руугаа буцаж байж. Тэр үед хэн ч жирийн нэгэн тагнуулчийг Оросын ерөнхийлөгч, Ерөнхий сайдын үүргийг хашиж Орос орныг хорин нэгдүгээр зууны босгон дээрээс эдүгээ арван есөн жил удирдах юм гэж төсөөлж байсангүй. М.С.Горбачев “Перестройка, гласность”-ийнхаа төлөө мөн хүйтэн дайны хурцадмал байдлыг өөрчилж чадсаныхаа төлөө “Нобелийн” шагнал хүртэв. Энэ нь нэг ёсондоо ЗХУ-ыг задалсных нь төлөө өгсөн урамшуулал юм уу даа гэж боддог юм.
Сэтгэгдэл ( 0 )