Ж.Цолмонгийн "Цагийн зурвас" номын цуврал | Хагас контейнер тавилга

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 18

“Булангийн” дайн үргэлжилсээр байв. НҮБ өөрийн гишүүн орнууддаа хэрэв Кувейтээс Иракийн цэрэг нэгдүгээр сарын арван тавны дотор гараагүй байх юм бол хүчээр тэдний цэргийг гаргах талаар бүрэн эрхийг олгож байлаа. АНУ-ын ерөнхийлөгч Ж.Буш НҮБ-ын “Аюулгүйн зөвлөлийн 678 дугаар тогтоолын хэрэгжилтийг биелүүлэхийн тулд цэргийн хүчийг ашиглах талаар конгрессийн дэмжлэгийг эрэлхийлж байв. Энэ талаар 2014 оны арван нэгдүгээр сарын хорины өдөр болсон Ливан Улсын хүлээн авалт дээр Кувейтийн элчин сайдтай уулзсаны дараа Очоос, НҮБ-д Монгол улсаа төлөөлөн суух Бүрэн Эрхэт Элчин Сайд, Байнгын Төлөөлөгчийнх нь хувьд тэрхүү тогтоолын талаар асууж, нэлээн зүйлийг дэлгэрүүлж мэдэв. Төлөөлөгчдийн танхимд демократуудын зуун далан ес нь эсрэг санал өгч наян зургаа нь дэмжсэн бол сенатад демократууд дөчин тав нь эсрэг, арав нь дэмжсэн санал өгсөн юм байна. Харин Бүгд найрамдахчуудын дийлэнх олонх нь дэмжсэн санал өгч уг асуудал чүүтэй дэмжигдсэн гэж хэлэв. Энгийн олон ард иргэдийг уй гашууд унагаж, эдийн засгийн өчнөөн хохиролд оруулан эцэст нь үхлийн муугаар үхэх тавилантай, цагтаа бүхнийг айлган сүрдүүлж, эрх ямбаа эдлэж байсан Саддам Хуссейн, ерөнхийлөгч хүний төгсгөл бас ийнхүү эмгэнэлтэй, гутамшигтай байж болох нэгэн тод жишээг дэлхийн түүхэнд үлдээсэн юм. Хоёрдугаар сарын хорин зургааны өдөр бүх цэргээ  Кувейтээс гаргах болсноо Саддам Хуссейн албан ёсоор зарлаж, бид цаашид яах бол гэж хүлээж байлаа.

Оч төгсөх курс учир нэлээд их хичээлтэй байлаа. Дипломын ажлаа бичих, материал цуглуулах, судалгаан дээр суух, багш нартайгаа уулзаж зөвлөгөө авах гээд. Би ч Очийн хичээлд тусалж байлаа. Тэр үед компьютер гэж байхгүй, бичгийн машин дээр бичнэ. Тэр болгоныг нь би таньдаг орос хүн дээр очиж өөрөө бичгийн машин дээр цохих үедээ цохиж, заримыг нь тэр хүн бичиж тусалдаг байв. Ингэх нь надад бас миний мэргэжлийн мэдлэгээс гадна өргөн хүрээтэй маш их мэдээлэл, мэдлэгийг өгч байсан юм. Магадгүй энэ үеэс ч улс төрийг сонирхдог болсон байж болох юм. Очийн нэгдүгээр хэл нь франц хэл, хоёрдугаар хэл нь англи хэл байсан юм. Би бага курсад байхад нь франц хэлнийх нь цээжлэх ёстой үгнүүдийг асууж шалгадаг байсан юм. Бүх үгээ цээжилчихсэн байдаг байсан нь урамтай гэж. Очийн курсийнхан анх есүүлээ ирж байсан бол өдгөө хоёр нь буцсан байлаа.

Оч төгсөх болоод байдаг, надад дахиад нэг жил дутуу байдаг. Би яавч дахиж нэг жил ганцаараа үлдэж чадахгүй юм шиг санагдаад байв. Улс төр, эдийн засгийн байдал ч орос оронд хүндэвтэр болж байлаа. Түүнийгээ дагаад гэмт хэрэг ихсэж байгаа талаар байнга түгшүүртэй мэдээ гарах болов. Бид хоёр гэр бүлийн шийдвэр гарган би Очтойгоо хамт буцахаар болов. Сургуулийнхаа удирдлагад явах болсноо хэлтэл, багш нар дуусгаад явах нь ямар ашигтай, хэрэгтэй талаар надад нэлээн ухуулж зөвлөж билээ. Би ч дотроо шийдчихсэн байсан болохоор сайхан хүлцэнгүй сонсчихоод л эсрэгээр төлөвлөж, хийж байлаа. Ээж маань аавыг дагаад л сургуулиасаа чөлөө аваад л явж байсан. Хаа ч байсан дагаж явж, хамт байсаар өдгөө тавин жил ханилан амьдарч байна. Ээжийгээ дуурайсан юм байна. Би түрүүнд нь тэгж бодож байсангүй, сая бичиж байхдаа л анзаарлаа. Бид хоёрын энэ шийдвэрийг манай Цогтоо, Болороо, Ерөөлт, Билгээ нар маань бас давтаж билээ. Би Монгол улсын АУИС-д шилжээд оччихсон, орой болгон сургуулиа тараад ГХЯ-аар дайран бид хоёр хамтдаа хөтлөлцөөд гэртээ харьдаг болов. Мөн ч олон жил тэгж явсандаа. ГХЯ өөрийнхөө ажилтан шиг л намайг хүлээж авч дураараа орж гардаг байж билээ. Хаанаасаа хаалгачин нь гэж ГХЯ-ны жижүүр, үйлчлэгч, төрийн хамгаалалтынхнаас авахуулаад надад маш сайн ханддаг байсан. Үе үеийн төрийн тусгай хамгаалалтын залуучууд ажлаа мэддэг, зарчимтай, ёс зүйтэй, сайхан залуучууд байсан шүү.  Нэг орой бид хоёр хамтдаа ГХЯ-аас гарч яваад Цогтоотой /Цогтбаатар, УИХ-ын гишүүн/ тааралдаж билээ  Цогтоо “Цолмон шилжээд ирчихсэн юм уу? Болороогоо бас аваад ирэх юм байна” гэж билээ. Тэгээд мөн удалгүй Болороо ирж АУИС-д шилжин төгссөн шиг санаж байна.

Ээжийн том ах, Сүхбаатар, гэргий Бадамханд, хүү Хасбаатарын хамт БНСЧУлсад барилгын ТМС-ийн хүүхдүүдийг хариуцаж ажиллаж байгаад гэрээний хугацаа нь дуусч, нутаг буцах замдаа манайхаар дайрч хоёр хоноод явав. Бид хоёр тэр гурвыгаа ирсэнд баяртай байлаа. Жижигхэн өрөө маань дүүрээд л явчихлаа. Хоёр хоногт юу ч хийж амжих вэ дээ. Бид хэд Улаан талбай, манай тэр хавиар явав. “Юго Западный” дээр залуучууд гурван аяга хооронд нь хольж солиод порлонон хар шарик өнхрүүлж, аль аяганд байгааг таалган, бооцоо тавьж таахгүй бол мөнгийг нь авчихдаг байв. Монголд ч их дэлгэрч хүүхэд, залуучууд маш сурамгай эзэмшин “Мэргэжилтний хорь”-ийн өмнө одоогийн “Мөнгөн завьяа” дэлгүүрийн урд эгнээд суучихсан байдаг байж билээ. Харин саяхан Бельгийн зах дээр явж байтал яг тэр тоглоомыг тоглоод хүмүүсийн мөнгийг луйвардаж байна билээ. Маш их хууртагдаж мөнгөө алддаг байж билээ. Сүхбаатар ахыг чангааж зулгаасаар байгаад тоглуулаад мөнгийг нь авчихав. Гэтэл Сүхбаатар ах минь учрыг нь олохгүй мөнгөө алдсандаа гайхаад анхааралтай байвал таачихна байх гэж зөрсөөр байгаад дахиад алдчихав. Тэр үед янз бүрийн аргаар луйвар хийх, хууран мэхлэх, залилах бүхий л аргууд дэлгэрч байсан үе. Өөрийн авьяасаа буруу юманд ашиглаж болдог ойлголт тавигдаж байсан үе. Хөөрхий ах минь ертөнцийн мөнх бусыг үзүүлж одоо бидэнтэйгээ байхгүй байна. Сүхбаатар ах минь эмээгийн том хүү. Бага насанд нь Дагдан гэдэг нутгийн нэгэн тохитой томоотой үр хүүхэдгүй айл эмээгээс минь “Хүүгээ өгчих, бид өвөртөө хийж, алган дээрээ бөмбөрүүлж өсгөнө” гэж амлаж гуйсных нь дагуу өргүүлсэн гэдэг. Нутгийн нэртэй, юмтай хүний ганц эрх танхи өргөмөл хүү явж, дураараа, хайр халамжинд умбан өссөн юм билээ. Арван гурван насандаа МАХН-ын гишүүн болж, удирдах ажил хийж, МУИС-ын барилгын инженерийн ангийг төгсөж, Улаанбаатар хотын барилга трестийн даргаар олон жил ажиллаж, хамгийн сүүлд зургаадугаар бичил хорооллыг сүндэрлүүлж гавьяаныхаа амралтад гарсан. Дараа нь Пүжигийн барилга дээр ерөнхий инженерээр ажиллаж, мэргэжлийн зөвлөгөө өгч, олон барилгын компанид зөвлөхөөр ажиллаж байгаад 2008 онд  далан насандаа биднийгээ орхиж билээ. Сүхбаатар ах минь гарын таван хуруу шиг таван сайхан хүүхэдтэй. Дөрвөн сайхан хүү, Ганбаатар, Хатанбаатар, Хасбаатар, Отгонбаатар, ганц охин Оюунханд. Бүгд сайн сайхан явж, зарим нь ач, зээтэй болсон. Отгон хүү Отгонбаатар нь аав, ээжид минь тусалж, компанийг нь авч явж байгаа.

Тэр үед сургууль төгсөөд явж байгаа оюутнуудад хорин тоны контейнер үнэгүй өгдөг байсан юм. Оч өглөө болгон очиж оочерлон уралдаж контейнер авахаар явдаг байв. Арван хэдэн хоног явсны эцэст контейнераа авав. Их инээдтэй юм ярьдаг байж билээ. Өглөө болгон тав хагас гэхэд контейнер олгодог газар нэлээд хэдэн хүн цугларчихсан байж байна. Тэгж байтал тэндэхийн манаач юм уу, нэг хүн гарч ирээд уралдуулж байгаа юм шиг хаалгаа онгойлгон “гүйгээд” гээд команд өгнө. Тэгэхээр нь л бүгд хар хурдаараа гүйгээд тэр өдөр нэг юм уу, хоёр л хүн контейнер авна. Оч  хэдэн хоног Хавх гуайтай хамт уралдсан гэсэн. Хавх гуай тэр үед Москва дахь Элчин Сайдын Яаманд Оюутны асуудал хариуцсан консул байсан юм. Нэг ч мөнгө төлөхгүйгээр оюутнууд контейнер авдаг байсан байгаа юм. Бараг бид хоёр контейнер авсан хамгийн сүүлийн оюутнууд нь байсан байх шүү. Бид хоёрт тэр контейнерээ дүүргэх юм байдаггүй ээ. Гурван зуун доллартай. Тэр мөнгөөрөө унтлаганы өрөөний ком, гал тогооны өрөөний тавилга, дэлгээд ор болчихдог хоёр хүний диван худалдаж авч билээ. Гэтэл одоо гурван зуун доллараар юу худалдаж авах вэ. Хятадын нэг жижиг ширээ л худалдаж авна байх даа. Ингээд бодохоор мөнгө ямар үнэтэй байгаа вэ. Нэг зуун төгрөг нэг америк доллартай тэнцдэг байсан үе. (2016 оны арван хоёрдугаар сар, энэ номыг бичиж хэлж байх үед хоёр мянга арван хоёр төгрөг байсан байна). Харин өнөөдөр 2017 оны гуравдугаар сарын хорин наймны өдрийн долларын ханш 2470 төгрөг болсон байна. Харин ч буурчихаад байгаа нь энэ.  Хорин тав дахин монгол төгрөгийн ханш унасан байна. Авсан хэдэн юм маань контейнерийн талын талыг ч дүүргэсэнгүй. Хэдэн номоо хайрцагт хийгээд мөн буланд нь өрөөд тавив. Би Очид “Монголд картын бараатай, барааны саван, вок хэдийг хийгээд явуулъя” гэлээ. Оч зөвшөөрдөггүй. Хуулийн дагуу бүх юм нэг, нэг ширхэг байх ёстой. Хийвэл нэгийг хий гэлээ. Би ч үгэнд нь ороод огт байхгүй байснаас гээд нэгийг хийлээ. Энэ явдал чинь 1991 онд болж байгаа үйл явдал, одоогоос хорин зургаан жилийн өмнө, ардчилал, чөлөөт зах зээлийн тогтолцоо эхэлж байсан үе. Ингээд л хоосон шахуу контейнераа явуулж билээ. Павел, Ханна хоёр бид хоёрыг Прагад урьсан байсан боловч Оч контейнер авах, ачаагаа ачуулах гээд явж чадаагүй юм. Оч намайг гаргаж өгөөд би Павел, Ханнагийнх руу ганцаараа вагонд суугаад явав. Прага хотын галт тэрэгний буудал Ханна, Павел хоёр угтав. Оч хаана байна, нуугдсан юм уу гээд л асуугаад байлаа. Би “үгүй, ирж чадаагүй” гэж хэлээд итгэдэггүй. Гэртээ ирээд хоол унд идээд орой болсон хойно ирэхгүй байхаар нь итгэж билээ. Бид гурав долоо хоног сайхан байлаа. Би тэднийд гэртээ байгаа юм шиг л сайхан байсан. Прага хотын бүхий л газраар явж зөндөө юм үзсэн. Тэр хоёр маань ч намайг сайхан байлгаад явуулахыг хичээж байлаа. Тэр хоёр Прагаас Очид том шилтэй “Coco Сola, Fanta” бүтэн хайрцгийг өгч явуулав. Тэр үед тийм том шилтэй “Coco Сola, Fanta” Орост байгаагүй юм. Одоогийн манай “Түмний ундаа” юм уу даа. Тиймэрхүү төрлийн ундаа, барууны хүнсний зүйлс дөнгөж Чехэд орж ирж байсан. Монголд бол сураг нь ч байгаагүй, ийм л ертөнцөөс тасранги байсан үе. Иймэрхүү юм ярихаар одоогийн хүүхдүүд итгэхгүй, шоолж инээд нь хүрэх байх даа.

Оч дипломаа амжилттай хамгааллаа. Тэр үед Монгол улсад гадаадын элементийг иргэний, худалдааны, хөдөлмөрийн зэрэг салбарт зохицуулсан эрх зүйн онол хөгжөөгүй байсан. Түүнийг “International private law” гэж нэрлэдэг. Гадаадын хөрөнгө оруулалтын талаарх орчин үеийн эрх зүйн зохицуулалтыг Монгол улсад яаралтай бий болгох шаардлага зүй ёсоор гарч байсан юм. Энэ салбарт мэргэжилтнүүдийг бэлдэх гэсэн санаагаар энэ сэдвээр диплом хамгаалах санааг тэр үеийн ГХЯ-ны орлогч сайд Х.Олзвой гуай Очид хэлж, санал болгож байсан юм. Оч “Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт” сэдвээр дипломаа бичиж хамгаалсан нь хамгийн анх энэ сэдвийг хөндсөн судалгааны ажил байсан юм. Дипломын хамгаалалт маш сонирхолтой байдлаар явагдаж, багш нар нь энэ сэдвээ цаашид хөгжүүлэн докторын сэдэв болгохыг санал болгож байсан. Очийн дипломын хамгаалалт миний хувьд хамгийн анхны эрдэм, шинжилгээ судлалын хамгаалалт байсан бөгөөд энэ хамгаалтад сууснаар эрдмийн, судалгааны ажил хийх ирмүүн хүсэл надад бий болсон юм. Тийм ч учраас би анагаах ухааны салбарт хамгийн анхны магистрын зэргийг хамгаалж, орчин үеийн анагаах ухааны шинэ салбарыг эх орондоо нэвтрүүлж байсан. Мөн энэ чиглэлээрээ анагаах ухааны докторын зэргийг хамгаалж, зөвхөн мэргэжлийн төдийгүй өргөн хүрээний мэдлэгээ баяжуулж монголын түүх, соёл, тэр дундаа нүүдлийн соёл иргэншлийг судалж гадаад дотоодын монголч  эрдэмтэдтэй хамтран гуч гаруй бүтээлийг хамтран бүтээлцсэн юм. Үүнийг 2005 онд үнэлж “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан нь төрийн одон, шагналуудаас илүү оюуныг минь үнэлсэн шагнал хэмээн бахархаж явдаг. Оч миний зөвхөн амьдралын хань төдийгүй, номын, улс төрийн хань байсан, байсаар байгаа. Би ханьдаа хайртай.

ЭХ ОРОН ЗҮГТЭЭ

Бид хоёр бүр мөсөн буцаж байгаа тул оюутан насаа дурсаж, бас замдаа аялал ч хийх, яг үнэнийг хэлэхэд хамаг мөнгөө дууссан байсан тул галт тэргээр буцахаар шийдэв. Москва-Улаанбаатарын олон улсын галт тэргээр “Люкс” купегээр явах билет худалдаж авлаа. Бас люкстэйгээ. Галт тэрэг хөдлөхөөс дөнгөж тавхан минутын өмнө купендээ орохыг зөвшөөрнө. Баахан хүмүүс бие биеээ гаргаж өгөөд бөөн ачаа энүүгээр тэрүүгээр хөглөрөн байна. Оюутнууд толь, шүүгээ зөөхгүй юм гэж байхгүй. Бид хоёр ч яахав, азтай, үнэгүй контейнер авчихсан, түүндээ авсан хэдэн юмаа хийчихсэн, ачаа гэж байхгүй. Чехээс Очид өгсөн  хэдэн ширхэг хоёр литрийн “Coca Cola, Fanta”-гаа торонд хийгээд барьсан, ихэнхийг нь байрныхаа найз нарт өгөөд,  өөрсдөө уучихсан юм. Түүнийгээ их нандигнаж байж билээ. Таван хоногийг сайхан амраад, унтаад явна, өөр бодож, төлөвлөсөн юм байхгүй байв. Тэгж бодож төлөвлөсөн байсан болоод ч тэр юм уу, бид хоёр купенээсээ огт гаралгүй унтсаар яваад Улаанбаатарт ирж билээ. Дунд нь нэг гарсан чинь юу вэ, гадаа халуун ч гэж жигтэйхэн, амьдрал ч хажуугаар нь өрнөж явдаг юм байна. Хамт галт тэргэнд сууж байсан хүүхдүүд маань хамаг энгэр заам нь задгай, нүүр ам нь борлочихсон харагдаж байв. Тэд халууцаад цонхоо онгойлгоод, цонхоороо наймаа хийгээд, цээжээ гаргаж яваад бүгд борлосон байв.

Төрөлх нийслэл Улаанбаатартаа бид хоёр буулаа. Гэрийнхэн бүгд тосч, бөөн баяр хөөр уулзалдав. Яг л таван жилийн өмнө энэ вокзал дээрээс явж байсан шиг яг тийм дүр зураг харагдав. Манай Жамул миний барьж явсан,  хайрлаж авчирсан ундааг минь барьж аваад задлаад өөрөө нэг амьсгаагаар уугаад, бусдыг нь тэнд байсан бараг танихгүй хүмүүст тараагаад өгчихөж билээ. Тэгээд “Халуун байна, уух гэж л авчирсан биз дээ, хүмүүст өгчихье” гэдэг байгаа. Одоо яахав дээ, нээрээн уух гэж л тэр холоос авчирсан юм чинь. Бид хоёр чинь өөрийн гэр оронтой хүн болохоор гэртээ шууд очив. Ээж, маам хоёр гэр орныг минь сайхан бэлдсэн байлаа. Маам, Цолмон ахынх арван гуравдугаар хороололд өөд өөдөөсөө харсан шинэ байранд орсон байв. Улсаас байр олгосон байлаа. Энэ бараг социализмын хамгийн сүүлийн байрны хуваарилалт байсан байх. Соёо \Соёнгийлт Очийн дээд талын ах\ маамтай хамт амьдрахаар явсан байв. Манай гэрийг сайхан цэвэрлээд, засвар хийгээд суллаад тавьсан байлаа. Хайртай хөөрхөн эмээ минь гарынхаа хоол, цайг хийж угтав. Эмээ минь одоо ханьтай боллоо. Бид хоёр одоо хаашаа ч явахгүй эмээтэйгээ байх болно гэж бодохоос сайхан санагдаж байлаа. Миний бяцхан охин, Маюушки нь зөндөө том болсон байв. Маяа ямарч хамаагүй сэтгүүл ном бариад л баруун гарынхаа долоовор хуруугаар нэг нэг эгнээгээр дарж, хуудсыг нь эргүүлээд монголоор биш гадаадаар бололтой худлаа уншдаг байж билээ. Заримдаа номоо буруу харуулаад барьчихсан байхаар нь “Буруу харуулчихсан байна шүү дээ” гэж хэлбэл, тэр дор нь засчихгүй, огт хүлээж авахгүй дүр үзүүлж байгаад сэмээрхэн хараагүй байхад эргүүлж харуулчихаад, юу ч болоогүй юм шиг үргэлжлүүлээд уншаад байдаг байж билээ. Маяа гурван нас хүрсэн байлаа. Хоёр настай байхад нь Оч бид хоёр хүүхдийн паркад аваачаад амьхандаа юм үзүүлж  зугаалж, завин дээр суулгаад аль болохоор удаан байх гэж сэлүүрдэхээ зогсоож аажуухан явсан чинь баруун гараараа занган “ажлаа хий, ажлаа хий” гэж билээ. Бид хоёр тэр даруйдаа хурдан хурдан сэлүүрдэн явсан юм. Хоёр настай байхдаа зарим нэгэн үгийг гүйцэд хэлэхгүй хагас дутуу хэлчихнэ. Гурван нас хүрсэн чинь буруу дөхүүлээд хэлдэг байсан үгнүүдээ өөрөө засаж хэлдэг болсон байв. Оч албаар “ямар гоё бясийл вэ” гэсэн чинь “үгүй бяслаг гээч” гэх жишээтэй. Нэг өдөр  аав, ээж хоёр Маяаг дагуулаад айлд очиж, нэг харсан чинь юм уух болгондоо л нэг гараараа хамраа чимхээд ундаанаас балгаад байна гэнэ. Тэгэхээр нь ээж яагаад байгаа юм бол гээд асуусан чинь аяганаас муухай үнэртээд байна гэж байгаа бололтой стаканаа үнэрт гээд хамарт нь хүргэсэн гэсэн. Тэгсэн үнэхээр стаканаас нь жихүүн үнэртэй өмхийрсөн алчуураар тэр айл арчсан бололтой үнэхээр муухай үнэр үнэртэж байсан гэсэн. Тийм жаахан байж айлыг эвгүй байдалд оруулахгүй гэж байдаг. Ер нь хэнд ч тээр болдоггүй, сонин хүүхэд шүү. Хоёрхон настай байхдаа өглөө эрт хол юманд явах бол эмээ, өвөөдөө “намайг хэзээ ч хамаагүй чанга сэрээгээрэй” гээд унтдаг гэсэн. Жаахан байхдаа ийм л охин байж.

ЗХУ-д төрийн онцгой байдлын хороо /ГКЧП/ гэгч төрийн эргэлт хийж, тухайн үеийн Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Ерөнхийлөгч Б.Ельцин, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Ерөнхийлөгч М.Горбачевт дотроо хэчнээн дургүй байсан ч  өөрийн хариуцах нутаг дэвсгэр болох ЗСБНХОУ-д тус хороог хууль бус төрийн эргэлт хийсэн учир хэн ч тэдний тушаал, зааврыг биелүүлж болохгүй байхыг зарлан, Коммунист намын үйл ажиллагааг түр зогсоож, улмаар М.Горбачев Форосоос Москвад буцаж ирэх боломжтой болсон юм. М.Горбачев онгоцноос буухдаа Калашников автомат барьсан бие хамгаалагчтай хамт бууж ирж байсан нь түгшүүртэй  байсан бөгөөд бид бүгд зурагтаар харж байсан билээ. Дараа нь арван нэгдүгээр сард Коммунист намын /КПСС/ үйл ажиллагааг бүр зогсоон, ЗХУ-ын анхны бөгөөд сүүлчийн ерөнхийлөгч ажлаа өгсөн юм. Ийнхүү ЗХУ амиа хорлов. СССР, КПСС нь хэзээ ч сөнөхгүй, дэлхийн хамгийн баталгаатай хоёр зүйлд тооцогдож, манайхан хүртэл бэлэгшээн хүүхдүүддээ КПСС,  /СССР/ нэр өгч байсан мөнхийн хоёр ойлголт хоёрхон хоногийн дотор ор сураггүй устсан байлаа. Одоогийн Г.Зюгановын удирдаж буй КПРФ \Оросын Холбооны Улсын Коммунист нам\ нь КПСС-ийн үргэлжлэл биш юм. Өөрсдөө бол тэгж зарладаг юм билээ. Яагаад гэвэл КПСС нь ОХУ-ын арван таван улсыг нэгтгэж байсан улс төрийн байгууллага байсан юм. В.Путин энэ үйл явдлыг XX зууны хамгийн том “Геополитикийн сүйрэл” гэж хожим хэлсэн байдаг. Хойд хөршид болсон дээрх улс төрийн  мэдээ олны сонорыг хөндөж, сэртхийлгэж байлаа. Яах бол, яанаа гэсэн түгшүүр бас төрж байсан юм. Ийм эгзэгтэй, тогтворгүй үед “шилжээд ирдэг нь зөв болж” гэж гэрийнхэн намайг зөвтгөв. Оч “Зөв байгаа биз дээ, ирээгүй бол яана, үймээнтэй газар ганцаараа явах нь байна шүү дээ” гээд л зөв үйлдэл хийснээ батлах гэж оролдож байв. Яагаад гэвэл, багахан хугацаа үлдсэн байхад, диплом нь хэрэгтэй юм даа гэсэн яриа гэр бүл дотор гарсан юм.  Монголын анагаахын дипломноос Оросын диплом дээр гэж ч бас ярьж байсан юм. Миний хувьд бол мэдлэг нь л чухал байснаас цаас нь нэг их ач холбогдолтой санагдахгүй байсан нь өөрийнхөө шийдвэрийг өөрөө хамгаалж байсан хэрэг биз. Зунжин халуун ам бүлээрээ байж байгаад аав, ээж, Пүжи, Жамул, Маяа бүгд явахаар болов. Хөөрхөн бяцхан үр минь аав, ээжээ орхиод явлаа. Нэгэнт л гуравхан сартайгаас нь авч өсгөсөн юм чинь бид охиноо буцааж авч, хоорондоо дасч ээнэгшсэн хүмүүсийг салгаж, сэтгэлийн зовлонд унагахыг бодсонгүй. Балчир байхад ээж, ааваас илүү эмээ өвөөгийн хайр хүүхдэд илүү байдаг шүү дээ. Эмээ, маам, Оч бид дөрөв тэднийгээ онгоцонд нь суулгачихаад, “Буянт Ухаагийн” олон улсын нисэх онгоцны буудлын наад дэнж дээр гарч сүү өргөн, аян замыг нь мялааж, эргээд эрүүл энх, хурдан уулзах өлзийтэй ерөөлийг дэвшүүлэн онгоц тэнгэрт хөөрөн холдохыг харж зогсож байгаад явдаг байж билээ. Эмээ минь энэ үйлдлийг хорин найман жил хийсэн билээ. Ээжийг явахаас өмнө манай нөгөө контейнер хүрч ирээд ээж гэрийг минь сайхан янзалж өгөөд явав. Дөчин мянгатын жаран тавдугаар байрны голын орцны гурван давхарт хорин хоёр тоотод Очийнх гэдэг айл албан ёсоор гал голомтоо бадрааж билээ. Утасны маань дугаар 22322 байж билээ. Дараа нь урд нь гурав нэмэгдээд 322322 болсон.

Бямбасүрэн гээд 1990 оны “Монголын сайхан бүсгүй” тэмцээний “Оюу” эрдэнэ, “Бүлээн нурам” киноны Эсү охины дүрд тоглосон хөөрхөн охин манайхаар ирдэг болов. Аав, ээж хоёр маань нүүрний буянтай хөөрхөн, сайн охин байна, гээд л магтав. Зун нь Пүжи тэр хоёр танилцсан юм билээ. Оч бид хоёр Пүжигээ санаад, манай гэрт манай найз нар “партилахад” цугларахад байнга Бямбааг урина, дундаа хийгээд өвөртлөөд унтана. Тэгсээр байгаад бүүр дасчихаж билээ. Аав, ээж, Пүжид магтаж бичнэ. Бямбаа ч анхнаасаа л манай бэр болох ерөөлтэй юм шиг охин байж билээ. Түүнээс хойш хоёр хөөрхөн хүүгийн аав, ээж болж, хорин таван жил амьдарч байна. Бямбаа маань их махруун, юманд эвсэг, эмээ бид гуравт их хань болдог байсан. Намайг бодвол олон хүн таньдаг, тэрүүхэндээ харилцаа холбоо сайтай, хүний эв эеийг олно. Анхнаасаа манай гэр бүлийн нарийн ширийн чухал ажлуудыг зохицуулж би ч  их баяртай байдаг байж билээ. Ямар сайндаа л тэр үед анх гарч байсан хагас автомат угаалгын машин арын хаалгагүй болохоор авч чадахгүй байхад л аваад өгч билээ. Энэ бол тухайн үедээ бид хоёрт том  тус байсан. Цаашид ч манай гэр бүлийн  хөөцөлдөх, нарийн ширийн ажлыг хийж ирсэн. Би Бямбаад манай гэр бүлийн “Хөдөлмөрийн баатар” цол өгдөг юм билүү гэж хэлж байхав дээ. Аав ээж хоёр минь бид хоёр гурван хүү, гурван охинтой гэж ярьдаг юм. Хүмүүс бид хоёрыг их андуурдаг юм. Оч Пүжитэй их төстэй. Хүмүүс ер нь залуу, бага байхад нь ялгадаггүй байсан юм. Оч бид хоёрыг хуримаа хийж байхад “Охин нь хуримаа хийж байна гэсэн хүү нь хийж байгаа юм биш үү” гэж байсан гэсэн.  Бямбаа эмээ дээр минь байнга очно. Сургууль дээр хааяа тааралдахаараа хамт манайд ирнэ. Бямбаа  миний дүү, төрөөгүй л болохоос төрснөөс ялгаагүй миний хайртай охин дүү. Би хэзээ ч Бямбааг манай “бэр” гэж хэлдэггүй. Угаасаа миний нэг өөртөө бий болгосон зарчим бол “хадам аав, ээж” гэдэг үгийг хэлэхгүй байх, яг үүнтэй адилхан “бэр” гэж үгийг би хэрэглээгүй. Хүний ганц охин, аав ээжийн нандин үрийг авсан л бол авсан шиг авч, хайрласан шиг хайрлах ёстой л гэдэг манай гэр бүлийнхний зарчим юм даа.

Эмээ тэр зун Жигждэд жижигхэн зусангийн байшин худалдаж авав. Маам маань “Яргайтын богино” дахь анагаахын зусланд гардаг учир толгой даваад бид хоёр очдог байв. Намрын шинж орж, байгаль өнгөө хувирган үзэсгэлэн төгөлдөр дүр зураг бий болж байлаа. Гэхдээ харьж яваа цаг болохоор энэ байдал удаан үргэлжлэхгүй нь харамсалтай. Намрын налгар өдрүүд бас их сайхан шүү. Гэхдээ хуурамч. Хуурамч юм болгон өнгөц, хийсвэр, заримдаа гоёмсог мөртлөө, урт насгүй юм шиг санагддаг юм. Тийм учраас л уйтгартай байдаг байх. Бид гурав ч зуслангаас орж ирэв. Эмээ минь аавын, бидний өссөн байранд ганцаараа амьдарна. Бид хоёр өөрсдийнхөө гэрт амьдарна. Эмээ рүүгээ байнга утасдана. Эмээ утасдахад л утсаа авахгүй байх юм бол бид хоёр  их айж тэрүүгээр, ойр хавийн айл руу утасдаж хайдаг байж билээ. Тэгээд байхгүй байх юм бол, эмээгийн дүүгийн хүүхэд хоёр байрны цаана байна, тэднийх рүү утасдана. Тэр тарчиг үед эмээ байнга янжуур татна, татахдаа байнга “Danhil”, “Rothmans”, “More” татна. Эмээд ногоон /доллар/ ер нь тасрахгүй, тэрүүгээрээ дуртай тамхиа “валют”-ын дэлгүүрээс авч татна. Их чамин, тансаг эмээ байсан юм. Эмээг минь тэр хавийн хүмүүс бүгд андахгүй “Danhil эмээ” гэж дуудна. Бүгд л хаана хаашаа явж байсныг нь хэлж өгнө. Хүмүүс айл саахалтынхныгаа сайн мэддэг, бие биедээ санаа тавьдаг хүн чанартай үе байж. Оч мөн ч их өөрийнхөө гэр, эмээ хоёрын хооронд явдаг байж. Нэг удаа дөрвөн удаа явсан. Их дэлгүүрийн урдаас хүүхдийн зуугийн цаад хүртэл, тийм ч ойрхон биш юм. Бид хоёр сүүтэй будаа идмээр санагдаад хийх гэсэн чинь элсэн сахар байдаггүй, эмээгээс асуусан чинь эмээ “Миний хүү ирээд ав” гэв. Эмээд бүх юм бий. Эмээ бид хоёрын дэлгүүр байсан юм. Тэгээд элсэн сахараа аваад ирсэн чинь, эмээ үзэм хийвэл сайхан амттай болно гэж хэлэхээр нь Оч буцаад явав. Тэгээд үзмээ аваад орж иртэл би Очид “Масло аваад ир тэгэх үү, маслогүй бол муухай” гээд гуйлаа. Оч буцаад л явлаа. Маслоо авч орж ирээд яг будаагаа нэг юм идэх гэж байтал эмээ айлын утсаар утасдаад хаалга нь хаагдчихлаа, гэртээ орж чадахгүй байна гэв. Оч сандраад л буцаад манайд байсан нэг илүү түлхүүрээ аваад явав. Тэгээд нэг юм буцаж ирээд бид хоёр сүүтэй будаагаа идэв. Би ч тэгэх тоолонд нь цонхоор хараад л хүлээгээд байна. Оч цалингаа авахаараа маш баяртайгаар бүгдийг нь авчирч өгнө. Ялангуяа би тэрийг “Ямар мундаг юм бэ” гэж хэлээд авахад  их урам орж хурдан цалингаа авчирч өгөхийг боддог байсан байхаа. Гурван мянга орчим билүү төгрөг авдаг байсан байх аа. Би тэр мөнгийг нь нэг цаасан хайрцагт хийчихдэг байсан юм. Манайд түгжээтэй сав гэж байхгүй. Нөгөө авчирсан унтлаганы комны толины доор шүүгээнд хийчихнэ. Цалингаа аваад дээрээс нь нэмээд л байна. Ундааныхаа шилийг би цуглуулж тушаагаад мөнгөөрөө ундаа авчихна. Дэлгүүрт ямааны мах голдуу байж байхад нь би таарна. Туранхай, яс голдуу мах аваад, мах байгаад нь баярлаад л ирнэ. Ер нь бүх л болж байгаа юмандаа баярладаг байсан юм. Хүмүүс ястай муу мах өглөө гэж, өдөржин оочерлолоо гэж уурлаж хэрэлдэж байхад, би мах авсандаа л баярлаж байсан. Бас л адилхан оочерлож зогссон шүү дээ. Оочерлох ч сонирхолтой санагддаг байв. Очийг дэлгүүр явуулдаггүй байсан. Оч маханд оочерлож  үзээгүй. Би хичээлдээ яваад ирэхдээ оочерлоод л авчихна. Очоор хэдхэн юмыг л огт хийлгэж байгаагүй. Дэлгүүрт маханд оочерлуулж байгаагүй, хог асгуулж, шал угаалгаж байгаагүй юм байна. Бусдыг бол бүгдийг хийнэ, би л үнэхээр хийморь сүлдэд нь муу юм болов уу гэж хийлгэдэггүй байсан болохоос өөрөө бол хэзээ ч хийхээс татгалзаж байгаагүй. Харин манай цэрэгт явсан залуучууд бол мундаг юм билээ. Амьдралын арга ухаанд илүү суралцаж, угаалга цэвэрлэгээ бүгдийг хийж сурсан байдаг. Цэрэг ер нь агуу шүү. Эр хүн болгон цэрэгт явах ёстой гэж боддог юм. “Эр хүний хийморь лүндээ уначихна”өөрөө хий л гэж ээж нар сургадаг байсан. Нэг удаа оюутнуудтай ярилцлага хийж байтал нэг эмэгтэй оюутан “Аяга угааснаар хамаг лүндээ хийморь нь уначихдаг, яасан ч өчүүхэн лүндээ хийморь вэ монгол эрчүүдийн лүндээ хийморь чинь, юу вэ?” гэж хэлж билээ. Түүнийг сонсоод миний инээд хүрч билээ. Бидний хүмүүжил, орчин тийм байсан юм. Аан, тийм Очоор субботник хийлгэж байгаагүй юм байна. Байж байгаад л орцоо угаа, гадаах хогоо цэвэрлэ гэдэг байж билээ. Энэ бас их зөв байсан шүү. Гэхдээ дэндүү муухай юм цэвэрлүүлдэг байсан. Ядаж тэр үед цэвэрлэгээний резинэн бээлий,     нэг удаагийн бээлий гэж байхгүй  гараараа л хийнэ. “Би чамд хайртай” кинон дээр гардаг шиг улаан хоолойгоор зарлаад дуудаад байдаг шиг хагас, бүтэн сайн өдөр субботник хийхийг шаарддаг байсан. Гэхдээ улаан хоолойгоор биш хаалга тогшоод л хурдан гар гэж зар тараана. Яг тэр үед орцонд бие засах нь ихэсч, траншейний хүмүүс олширч, шөнө оройд орцондоо орохоос айдаг байж билээ. Ядаж орцонд чийдэн хийчихээр л хагалчихна, эсвэл хулгайлчихна. Тэгээд л харанхуйд айн айн, аяархан гишгэсээр орцонд орно. Шатны бариулаас барихаар шүлс, заваан юман дээрээс барьчихна. Барихгүй болохоор унах гээд. Заавал нэг хүн үхсэн амьд нь мэдэгдэхгүй унтаж байна. Айна. Хэвтэж байгаа нь бас гэмгүй, олуулаа архи уугаад сууж байгаа залуучууд аюултай байдаг байж билээ. Гэхдээ хажуу хөршүүд их сонор байдаг байсан юм. Чимээ л гарвал заавал хаалгаа онгойлгож гарч ирдэг нь их тус болдог байлаа. Одоо бол “Туслаарай, амь авар” гээд хашгирсан ч хаалгаа тайлж өгөхгүй болсон юм шиг байна билээ.  Нэг тийм цөвүүн үе байсан юм. Тэр болгонд би дуулгавартай гарч цэвэрлэдэг байсан юм. Бас эмээгийн оронд гарч цэвэрлэнэ. Хоёр газар очиж цэвэрлэнэ. Нэгэнт даалгавар өгч байна. Шаардлага тавьж, зар тарааж  байгаа хүн бас л ажлаа хийж байгаа шүү дээ. Тэр цэвэрлэгээг хийлгэснээр тэр хүний ажлын үр дүн гарна. Бид нар цэвэрлэхгүй бол хэн цэвэрлэх билээ. Уг нь социализмын үед орцны цэвэрлэгчтэй байсан юм. Тэр хүн л хөөрхий минь мэдэгдэхгүй бүгдийг хийдэг байсан юм билээ. Өглөө болгон эрт аль нэг айлын хаалгыг тогшиж наймын төмөр хувиндаа халуун ус дүүргэж аваад барааны савангаар мөлчийтөл нь мөлхөж савандаж угаадаг байсан юм. Нэг тийм эхүүн сонин шороо, хирний үнэр угаасных нь дараа үнэртдэг байсан. Гэхдээ л орц маань их цэвэрхэн байж, бид орцондоо нуугдаж тоглож, хувцас хунараараа тэр шалыг арчиж, ноцолдож тоглодог байсныг бодоход их цэвэрхэн байдаг байж. Тэгвэл тэр үе өнгөрч, шилжилтийн үе рүү орсон байлаа. Хүн өөрөө хийж байж л ямар их, ямар хэцүү, ямар муухай ажил бусад маань хийж байгааг мэдэрдэг байх. Тэр болтол хүний хийсэн хөдөлмөрийг үнэлж мэддэггүй гэж боддог. Манайд гурван давхрын шат, ханатайгаа угаах оногдоно. Мөн гадаа байшингийн булан, орцны хавь, хажуу садны, хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэнэ. Би аль ч ажлыг нэгэнт л хийх юм чинь хурдан хийчихэе л гэж боддог байсан. Эмээгийн минь хэлдэг “Зовлонгийн түргэн нь, жаргалын удаан нь” гэж. Нэгэнт хийх юм чинь хурдан хийх хэрэгтэй, нэгэнт хийж байгаа бол дуустал хийх хэрэгтэй. Дуустал хийж байгаа бол үнэлэгдэхээр сайн хийх хэрэгтэй. Биеийн, хүчний хөдөлмөрийг өөрт ашигтайгаар хийх хэрэгтэй. Яаж хийх вэ гээд л хөдөлж ядах биш, тэгвэл даарна, ядарна, цаг удаан өнгөрнө, гутарна. Харин “Би чинь биеийн тамир хийдэггүй шүү дээ, тэгэхээр аль болохоор хурдан хөдлөе, ингэвэл илүү энэ булчин чангарах юм байна, эрчтэй хурдтай хийвэл хурдан дуусна, бас хөлс гарна, биенд сайн” гэж эергээр бодвол урамтай, ямар ч ажлын муу сайныг мэдрэхгүй, ядрахгүй, сайн хийнэ. Тэгвэл турна гоё болно. “Энийг ийшээ зөөхдөө ингэж зам товчлох юм байна. Ингэж илүү хувинтай хог зөөх юм байна, ингэж хөдөлвөл гэдэсний булчин сайн ажиллана” гээд л бодоод өөртөө хэлээд түүндээ урам ороод хийгээд байна. Даарахгүй, ядрахгүй, харин бахархалтай, сэтгэл өөдрөг байна. Илүү гоё болсон юм шиг санагдана.  Ингэж бодсоор байгаад бүгдийг хийчихнэ. Тэр муухай баас, шээсийг гараараа л угаачихна. Өөр яах билээ дээ. Тэгээд л гараа дараа нь гарын саван эсвэл, барааны савангаар сайн угаачихна. Өөр төрлийн гар угаах саван, ариутгалын бодис гэж байгаагүй. Спиртээр арчиж болох юмдаа. Ер нь хүний арьс бол хамгийн сайн ариутгагддаг, угаагддаг материал шүү дээ. Сайн л ариутгаж угааж чадвал юу ч тогтохгүй. Аливаа ажлыг чадварлаг хийж сурах нь л асуудал болохоос ажил хийснээр муудна, хохирно гэж байдаггүй юм билээ.

Миний хичээл эхэлчихсэн, төгсөх курс учраас их хичээлтэй байв. Бас шалгалтын зөрүү байсныгаа өгөв. Оросын багш нар агуу шүү дээ. Мэдлэгийг ултай суурьтай,  ой тойнд ортол олгоно. Манай анагаахын сургалт ч бас сайн хэвээр байсан үе. Шинэ хүүхдүүдтэй танилцаад, сонирхолтой л байлаа. Манай ангийн хүүхдүүд эвтэй найрамдалтай хүүхдүүд байсан. Бидэнтэй хамт сурч байснаас ангийн маань нэг залуу нас барсан байна лээ. Бид нийлж хичээлээ их давтана. Хүмүүсийн амьдрал ерөнхийдөө хүндэвтэр байв. Гэхдээ хүн болгон нэг тогтолцооноос нөгөө тогтолцоо руу орж байгаа үед ийм байлгүй яахав, бүгд л тэсэх хэрэгтэй, тэвчих ёстой гэсэн бодолтой байсан юм. Харин нэгэнт шилжилтийн үеэсээ гарсан, бас ч үгүй хорин долоон жил зах зэлийн тогтолцоогоор явчихаад сайжрах биш муудаад байгаад хүмүүс харин дүгнэлт хийж эхэлж байх шиг байна. Хажуугаар нь сатаарах янз бүрийн үйл явдлууд арвин болдог байв. Ид шидтэнгүүд их гарч байв. Хүмүүс их итгэнэ. Хэдэн жилийн дараа худлаа болж таарсан байдаг юм. Далдыг хардаг, гал гаргадаг л гэнэ. Харь гаригийнхантай уулздаг хүмүүс бүр их болов. Зайнаас хүмүүсийг эмчилдэг хүмүүс ч их гарав. Биднийг Москвад оюутан байхад Кашпировский гээд хүн бүгдийг зурагтаар эмчилчихдэг байж билээ. Тэр үедээ л хүн болгон итгэж оросын үндэсний телевизээр “Сеансы здоровья врача-психотерапевта Анатолия Кашпировского” гээд нэвтрүүлэг долоо хоногт хоёр удаа гаргадаг байсан. Манай сургууль дээр ирж лекц уншсан. Тэр ярихдаа “Хүний бие өөрөө маш том эмийн сан юм, бидний өвчин тусаад хэрэглэдэг бүх эм тэр чигээрээ байдаг. Аль нэг эмийн хэмжээ багасахаар бид өвчин мэдэрч, өвчилдөг. Хүний биед Менделеевийн таблиц тэр чигээрээ байдаг” гэж ярьж билээ. Тэрээр зөвхөн эрүүл тархитай хүнийг л эмчилдэг. Эрүүл тархийг удирдаж өвчинтэй тэмцэх программыг дамжуулж болно гэж хэлж байсан. Оч бид хоёр нэг өдөр нэвтрүүлгийг үзэж яаж үйлчилдгийг нь мэдэх гээд суув. Дөнгөж гарч эхэлтэл би унтаад, би юу болсныг мэдээгүй. Оч дараа нь “Чи шууд унтаад өгсөн, тэгээд намайг яагаад үзээд байгаа юм, битгий үз гээд байсан” гэж хэлж байсан. Би ер санахгүй байгаа юм даа. Тэр хүний онол, эмчилгээний аргыг буруутгасан, зөвтгөсөн эцсийн дүгнэлт байдаггүй юм билээ. Ямар ч байсан эмч хүн, сэтгэцийн эмч, эрдэмтэн хүн юм билээ. Манайд Дашцэрэн гээд хүн гарч ирээд харь гаригийнхантай холбоо тогтоосон гээд л, бид ч бас тэр бүгдийг сонсож, үнэмшихдээ үнэмшиж байсан л юм. Тэгээд бүүр ерөнхийлөгчийн үзмэрч болж байсан.  Иймэрхүү ороо бусгаа үед нөгөө “Дайны хажуугаар дажин” гэгчээр янз бүрийн юм их гарч хүмүүсийн сэтгэл санааг самууруулах, сатааруулах нь ч тухайн хэцүү хүнд үеийг мартагнуулахад тус дэм болж байсан байх. Хүмүүсийн амьдрал ихэнхдээ доройтож, ялангуяа олон хүүхэдтэй айлууд хэцүү байна гэж ярьж байлаа. Бас олон хүүхэдтэй айлууд олны хүчээр болж байна гэж ярьж байлаа. Хүүхдүүд нь хүчээ нэгтгээд наймаа арилжаа хийгээд зарим нь бүр амжилтад хүрч байна гэж байлаа. Хүмүүсийн хувь заяа, амьдрал янз бүрээр эргэж байлаа. Задарч байсан нь ядарч, ядарч байсан нь сэхэж, бүүр ядуурч доройтож ч байлаа. Эмээ, Оч бид гурав Ерөнхийлөгчийн шашны зөвлөх байсан, Чимэдрэгзэн гуай дээр их очно. Хөвсгөлийн хүн, их эрдэмтэй лам, хувилгаан, ёстой л бурхан номын хүн байсан даа. Бидний ах дүү шиг байсан юм. Эмээд минь их хайртай, хүндэтгэнэ. Эмээ үр хүүхдүүдээ даатгаж, жилийн нуруугаа үзүүлж, ном уншуулна. Чимэдрэгзэн гуайн маань гэрийн хүн их хүнд өвчтэй байсаар байгаад өнгөрсөндөө. Амьдралынх нь түүхийг сонсохоор их сонин түүхтэй хүн юм билээ. Тийм сайхан хүн тийм хувь заяатай байх гэж бодмоор. Хүний төлөө л төрсөн хүн юм билээ. Гүрдаваа римбүчи Монголын иргэн болоод суурьшчихсан байсан үе. Эмээ бид гурав бас Гүрдаваа римбүчигийнд их очно. Римбүчи эмээг минь “Ээж ирлээ” гээд л угтдаг байж билээ.

Гэнэт нэг өдөр Оч намайг хичээл дээр байхад ирээд орой шууд хамт явна шүү, би хүрээд  ирье гэлээ. Юу болсон юм бол ч гэж асуусангүй. Би хичээлээ давтаад орой болтол сургууль дээрээ өнжив. Оч хүрээд ирлээ. Замд явж байхдаа Оч надад “Гандорж ахын том хүү Бадрал \Баадай гэж дууддаг байсан\ өнгөрчихөж” гэж хэлэв. Маам маань эхээсээ миний мэдэхийн дөрвүүлээ. Хамгийн том нь Юүдэн эгч, удаах нь Гандорж ах, Бадамжав эгч. Ш.Гандорж ах НАХЯ-ны холбооны газрын дарга хийж байв. Түүний хүү Бадрал МАХН-ын ТХ-ны Улс төрийн Товчооны гишүүн, нарийн бичгийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн орлогч дарга Ц.Намсрай даргын туслах байсан юм. Ц.Намсрай дарга манай Хөвсгөлөөс гарсан нам, төр засгийн нэрт зүтгэлтэн байсан бөгөөд ирээдүйн Ерөнхий нарийн бичгийн дарга болно гэж хүн бүр ярьдаг байсан. Тэр үед намын боловсон хүчний бодлого бол Монгол улсын боловсон хүчний бодлогын цөм байсан үе. Бадрал ах чадварлаг, ухаантай, манай намын шилдэг боловсон хүчнүүдийн нэг бөгөөд намын бодлогоор бэлтгэгдэж байсан улстөрч байсан гэж ярьж байв. Тэрээр Их сургуулийн философийн ангийг төгсөхөд холбогдох бүх албууд судалж, ирээдүйг нь харгалзан  Ц.Намсрайн гуайн гол туслахаар \одооны туслахаас шал өөр ойлголт байсан юм\ шууд авч байсан гэсэн.

“Монголын ард түмний зориг ухаанд итгэдэг” гэж Ц.Намсрай гуай хэлсэн байдаг юм. Үүнийг С.Зориг хэлсэн гэж нэг үе ташаа ярьж байсныг санаж байна. Нэгэнт тэр хүнийг дурдсан учир, миний хүндэтгэж явдаг монгол улстөрчийн нэг учир хэлсэн зарим нэг үгийг нь санамаар, сануулмаар санагдчихлаа. Нэгэнт би өөрөө бичиж буй, миний ном учир юу бичих нь миний сонирхол гэж бодов. Тэрээр  эх оронч үзлийн талаар “Эх оронч үзэл бол хүрээлэн буй бодит ертөнцийг бүхэлд нь ухааран сэтгэхээс үүсч, улс орон, ард түмэн чиний төлөө  гэсэн сэтгэлээр илэрдэг өвөрмөц мэдрэмж” гэж томъёолсон байдаг. Тэрээр хуучин системд шүүмжлэлтэй хандан “Бие дааж ажиллах чадвартай, дайчин давшингуй, жинхэнэ Монгол бодолтой хүмүүс л удирдлагад орох нь зүйтэй “гэж хэлж байсан юм. Гэтэл хуучин системийн бурангуйг өөрчилж шинэ системийг бий болгосон гэж ярьж байгаа өнөө үеийн удирдлага ямар бодолтой байгааг оношлоход бэрх болжээ. Бидэнд жинхэнэ ЭХ ОРОНЧид хэрэгтэй байна. Монголын ард түмэн цангаж байна. Бид ангаж байсан бол одоо цангаж байна. Ангалт нь хэсгийн ус дутагдалт, цангалт нь ерөнхий ус дутагдалт юм.  Физиологийн үүднээс “хүн ангавал” бага зэргийн усыг хэсгийн эрхтэнүүд жишээ нь хоолой, залгиур зэрэг  эрхтэнүүдийг норгоход тэр мэдрэмж арилна. Харин  цангалтын үед хүний бие бүхэлдээ усны дутагдалд орж, цусан дахь усны хэмжээ багасна. Цангалт нь цаг хугацаа алдах тусам ихсэж, хүнд хэлбэр лүү орох бөгөөд  гэдэс (ходоод, шулуун гэдэс), судас, арьс руу усыг хийснээр цангалтыг тайлах боломжтой. Тийм учраас бид цангалтаас гаргаж чадахуйц ёс зүйтэй, ухамсартай, зөв удирдагчаа сонгох, ард түмний итгэлийг даахгүй байгаа тохиолдолд болиулж болдог тогтолцоог бий болгож эргэж буцалтгүй урвалтанд орохоос нь өмнө ард түмэн, эх орноо аврах хэрэгтэй байна. Г.Бадрал ах ЗХУ-ын намын дээд Сургуульд докторын зэрэг хамгаалж байгаад зуурдаар нас барсан байв. Энэ бол бидний гэр бүлд төдийгүй, МАХН-д том гарз болж байсан юм. Г.Бадрал ах минь МАХН-ын бодлогоор удирдлагад бэлтгэгдэж байсан ирээдүйтэй улстөрчдийн нэг байсан юм. Тэрээр нам, төрийн бодлогыг боловсруулах саналыг гаргах ажилд их татагдаж оролцож байсан, ялангуяа ЗХУ, ах дүү социалист орнуудтай  харилцах нарийн ширийн мэдээлэлтэй ажлыг эрхэлж байсан. Түүний зарим найз, таньдаг хүмүүс, тэр үеийн нам, төрийн хүмүүс “өөрийн үхэл” байгаагүй гэх юм ярьж байсныг санаж байна.

Шинэ жил болов. Бид хоёр ГХЯ-ны шинэ жилд оролцов. ГХЯ шинэ жилийг хамгийн сайхан тэмдэглэдгээрээ, төрийн гурван өндөрлөг заавал очдогоороо алдартай  байсан юм. Оч минь ГХЯ-ны ГЭТАХ (Гэрээ эрх түүх архивын газар)-т атташе-аар ажилд орсон байв. Угаасаа олон улсын хууль эрх зүйн ангийг, олон улсын хуульч, эрх зүйчээр төгсөж, төрийн түшээ карьер өгсөх замаар яаж хэрхэн карьер хийж, дэвшиж болдог тэр бүх шатаар нь хорин таван жил тогтвор суурьшилтай ажиллаж өнөөгийн зэрэг дэв, албан тушаалд хүрсэн хүн. Оч атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга, хоёрдугаар нарийн бичгийн дарга, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, Гэрээ эрх зүйн хэлтсийн дарга, Гэрээ эрх зүй консулын газрын дэд захирал, НҮБ-ын Дүрвэгсдийн дээд комиссариатын Монгол дахь төлөөлөгч, ГХЯ-ны тамгын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх, НҮБ-д Монгол Улсаас суух байнгын төлөөлөгч, Европын холбоо, Бельгийн Вант улс, Люксембургийн Их Вант Улс, Голландын  Вант Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдаар ажиллаж төрдөө, салбартаа тууштай, үнэнчээр зүтгэсэн. Замын дунд ашиг хонжоо хөөж, арилжаа наймаа хийж, амьдрал ахуйгаа дээшлүүлж яваад, эсвэл анхнаасаа энэ салбарт ажиллаж байгаагүй, улс төрийн нэрийдлээр албан тушаалд гэнэт томилогддогоос өөр зам, өөр хүч хөдөлмөр юм. ГХЯ-ны шинэ жил том зааландаа эргэн тойрон ширээ засч, урлагийн номер, аль ширээ илүү тансаг, протоколын дагуу байна гэсэн шалгууруудыг үндэслэн “Шилдэг ширээ, хамт олныг” шалгаруулдаг уламжлалтай. Тухайн үед Гэрээ эрх зүйн хэлтсийн даргаар Л.Идэр гуай байсан юм. Монголын дипломат албаны сор болсон сайхан эмэгтэй. Тэдний хэлтэст Оч, С.Ганболд, Ж.Од /MCS компанийн захирал/, Д.Билэгдорж гээд байсныг санаж байна. Бидний  ширээгээ засах ажилд гэргий нар нь бүгдээрээ оролцоно. Дараа нь нийтийн бүжиг, бүжгэн дундуур газар газраараа булагнаад алга болж өгнө. Газар газрууд өрөөндөө ширээ засчихсан бусдыгаа дайлна, заавал бүх газрыг тойрч, өглөө болтол үргэлжилдэг байж билээ. Оюутны тодотголтой бидний найз нөхдүүд гэр бүлээрээ цугларч манайд тэмдэглэж, түүнээс хойш нэг нэгнийдээ ээлжээр тэмдэглэж шинэ жилийг тэмдэглэдэг уламжлал тогтов. Шинэ он гарах мөчид бид хоёр эмээтэйгээ заавал байна. Эмээгээ унтуулчихаад бид хоёр “Цэнхэр дэлгэцээ” үздэг байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top