-Компаниуд ирэх гурван сарын хугацаанд ажлын байр болон цалингийн зардлаа бууруулна-
Түүвэр судалгаанд оролцсон иргэдийн дунд үнийн өсөлт буюу инфляцын түвшин энэ онд хэвээр хадгалагдана гэсэн хүлээлт давамгайлсан талаар Монголбанкны “Инфляцын хүлээлтийн тайлан”-д дурджээ. Иргэдийн дийлэнх буюу 78 хувь нь ирэх улиралд инфляцын түвшинг төв банкны зорилт болох найман хувиас хэтрэхгүй гэж үзэж байгаа аж. Инфляцын хүлээлтэд нөлөөлсөн хүчин зүйлсийг тодруулахад, 32.6 хувь нь Ковид-19 цар тахал, 22.5 хувь нь эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаж тодорхойлсон гэж хариулжээ. Статистикийн хорооны мэдээллээр цар тахлаас хойш инфляц эрчимтэй буурч байгаа. Энэ нь эдийн засгийн идэвхжил буурсантай холбоотой юм. Иргэдийн зүгээс ч үүнийг баталсан хариулт өгсөн байна. Монголбанк ээлжит удаагийн судалгаагаа Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-тай хамтран гаргасан. Тиймээс судалгаанд уламжлалт асуулгуудаас гадна Ковид-19 цар тахлын иргэдийн санхүүгийн байдалд үзүүлж буй нөлөөлөл, цаашид шаардлагатай дэмжлэгийг тодруулсан байна. Өмнөх улирлын судалгаагаар иргэд эдийн засгийн нөхцөл болон санхүүгийн байдал ирээдүйд сайжирна гэсэн хүлээлттэй байсан.
Тэгвэл энэ удаад ирэх гурван сарын эдийн засгийн төлөв болон өрхийн санхүүгийн байдлын чиглэлийн индексүүд огцом буурна. Түүгээр зогсохгүй эдийн засгийн нөхцөл байдал, өрхийн санхүү муудна гэсэн сөрөг хүлээлт давамгайлжээ. Ийнхүү сөрөг дүн гарахад, Ковид-19 цар тахал гол нөлөө үзүүлсэн байх талтай аж. Улмаар энэ оны II улиралд төгрөгийн ханш суларна гэсэн хүлээлт нэмэгдэж эхэлжээ. Иргэдийн дунд төгрөгт итгэх итгэл буурсан гэсэн үг. Ерөнхийдөө 2017 оны III улирлаас эхлэн иргэдийн дунд төгрөгийн ханш суларна гэсэн хүлээлт тогтмол нэмэгдэж ирсэн бөгөөд өнгөрсөн улиралд төгрөгийн ханш чангарна гэсэн хүлээлт эрс өсөж, төгрөгт итгэх итгэл илт сэргэж байсан гэдгийг судалгааны багийнхан онцолсон байна.
Эдийн засгийн нөхцөл байдлыг илтгэх өөр нэг томоохон үзүүлэлт болох зээлийн хүүг буурна гэсэн хүлээлт иргэдийн дунд давамгайлжээ. Зээлийн хүү хадгаламжийн хүүнээс шууд хамааралтай байдаг. Тэгвэл иргэд 2017 оноос хойш хадгаламжийн хүү өснө гэсэн хүлээлттэй явж ирсэн бол энэ удаагийн түүвэр судалгаагаар ирэх улиралд хадгаламжийн хүү буурна гэсэн хүлээлт гарчээ. Энэ нь Монголбанкнаас бодлогын хүүг бууруулж, арилжааны банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулсан зэрэг арга хэмжээ нөлөөлсөн байх магадлалтай. Түүнчлэн шийдвэр гаргагчдын хамгийн гол анхаарал хандуулах ёстой асуудал болох өрхийн санхүүгийн байдалд өөрчлөлт орсон эсэхийг тус судалгаагаар хөнджээ.
Энэ асуулгад иргэдийн 68 хувь нь өрхийн санхүү муудсан, 31 хувь нь өөрчлөгдөөгүй, ердөө нэг хувь нь сайжирсан гэж хариулсан байна. Гэхдээ бага буюу 500 мянган төгрөг хүртэл орлоготой өрхүүдийн санхүүгийн байдал хамгийн их муудсан бол хоёр сая төгрөгөөс дээш орлоготой өрхүүдэд эдийн засгийн хүндрэл харьцангуй бага нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн хамгийн эмзэг бүлгийн амьжиргаа улам дордож, боломжит орлоготой өрхүүдэд цар тахлын нөлөөллийн улмаас үүссэн эдийн засгийн хүндрэл нөлөөлөөгүй дүн энэ удаад давтагдах хандлагатай болж ирлээ. Судалгаанд оролцсон иргэдийн 57 хувьд Ковид-19 цар тахлын нөлөөллийн улмаас цалинд өөрчлөлт ороогүй, 41 хувьд нь цалин буурч, хоёр хувийнх нь цалин өссөн байна. Орлого нь буурсан хэсгийнхний цалин 10-50 хувиар шууд буурсан байгаа юм. Үүнийг ажил эрхлэлтийн төрлөөр ангилан харвал хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийн цалин хамгийн их буурсан. Төрийн байгууллагад ажиллаж буй иргэдэд харьцангуй бага нөлөөлжээ. Эдгээр дүн МҮХАҮТ-аас энэ онд хийсэн түүвэр судалгааны үр дүнгүүдтэй нийцэж байгааг судалгаачид онцолж буй. Ийнхүү орлого буурснаар өрхүүдийн 53 хувийн хэрэглээ буурсан талаар судалгаанд оролцогчид өгүүлжээ.
Тус судалгаанд Ковид-19 цар тахал аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд үзүүлж буй нөлөөлөл болон цаашид шаардлагатай байгаа дэмжлэгийг мөн тодруулсан байгаа юм. Хувийн хэвшлийнхний зүгээс инфляц буурна гэсэн хүлээлттэй байна. Үйл ажиллагааны хувьд өнгөрсөн гурван сарын хугацаанд бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт буурсан учраас ирэх гурван сарын хугацаанд ч мөн адил хүнд байдал үргэлжилнэ гэж үзжээ. Энэ нь Ковид-19 цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч буйтай холбоотой. Тиймээс компаниуд ирэх гурван сарын хугацаанд ажлын байр, тэр дундаа цалингийн зардлыг бууруулах хүлээлттэй байгаа хамгийн муу мэдээ болж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )