Бусад улс оронд төсвийг хараат бус институцүүд, академик эдийн засагчид хянаж байдаг

2020 оны 06 сарын 16

Коронавируснээс шалтгаалсан хямрал одоо л эхэлж байна гэсэн байр суурийг олон улсын тэргүүлэх судалгааны байгууллагууд, эдийн засагчдын зүгээс илэрхийлж байгаа.

Манай улсын тухайд сонгуулийн жилийн төсөв гээд өндөр зардалтай, алдагдалтай төсөвтэй байж байтал коронавирусний эрсдэл нэрвэсэн. Төсвөө тодотгох хэрэгтэй гэж эдийн засагчдын зүгээс мэдэгдэж байсан ч УИХ-аас Цар тахлын үеийн хууль баталж, Засгийн газар дараалсан шийдвэрүүд гаргасан.  Төв банкны зүгээс бодлогын бүхий л арга хэрэгслүүдээ авч хэрэгжүүлж байгаа гэх мэдээллийг өгч буй юм.

Уг нь Мөнгөний бодлогын шийдвэрүүдээс урьтаж төсвөө тодотгож,  зохицуулалт хийх ёстой байтал шийдвэрүүдээ буруу эрэмбэлж, улмаар төсвийн алдагдлыг улам бүр хөөсрүүлж байна гэж хэлэх эдийн засагчид цөөнгүй байгаа.

Эдийн засагч Б.Эрдэнэбат zindaa.mn сайтад өгсөн ярилцлагадаа төсвийн үрэлгэн байдлын талаар хэлэхдээ  “Төсвийн алдагдлын хэмжээ сонгуультай холбоотой байдаг болсон нь үнэн. Ялангуяа 2007 онд уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн хамгийн том салбар болсноос хойш энэ үзэгдэл байнга давтагдах болсон. Засгийн эрхийг ямар ч үнээр хамаагүй хадгалан авч үлдэх, алдсан ч өрсөлдөгчдөө хоосон сан хөмрөг үлдээх замаар дараагийн сонгуулиар эргэн сонгогдох магадлалаа нэмэгдүүлэх гэсэн намуудын стратегитай энэ нь холбоотой. Харин ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэн 2018, 2019 оны турш алдагдалгүй төсөв хэрэгжсэн. Энэ нь 2011 оны аравдугаар  сараас хойш анх удаа тохиолдсон билээ. Одоогоор харин төсвийн алдагдал 4.3 хувьд хүрээд байна. Төсвөөс гадуур зарцуулж буй мөнгийг оруулбал энэ тоо нэлээд өснө.

Бусад улсад үүнийг улс төрөөс хараат бус эдийн засгийн институцүүд, академик эдийн засагчид хянаж байдаг. Жишээ нь, Их Британий Төсвийн судалгааны институцийг (IFS) энд үлгэр жишээ болгох нь олонтаа. Харамсалтай нь манай улсын хувьд ийм тогтолцоог нэр төдий бус, жинхэнэ утгаар нь байлгах сонирхол улс төрийн аль ч хүчнийхэнд байхгүй.

Монголд хэрэгжиж буй мөнгөний болон сангийн бодлого, шийдвэрүүдийн нэр, санааг нь гаднаас хараад буруу гэж хэлэхийн аргагүй байдаг. Харин бодитоор яаж хэрэгжих вэ гэдэг нь, ялангуяа аалзны тор мэт авлигадаа баригдчихсан эдийн засагтаа хэрхэн дэмжлэг үзүүлэх нь маш том асуудал. Учир нь авлигын тогтолцооны үндэс, суурь нь төрөөс эдийн засагт оролцох оролцоон дээр тулгуурладаг. Үүнийг жишээ нь бид ажиллах хүч, хүн амын чамгүй хэсгийг ажил, орлогоор хангадаг жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор байгуулсан санг хэрхэн тоносноос нь бэлхнээ мэднэ. Баригдсан нь л энэ болохоос баригдаагүй нь, баригдсан ч олон нийтийн анхааралд тэгтлээ өртөөгүй нь мөн бий” гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top