СУДАЛГАА: Иргэд ирэх гурван сарын хугацаанд эдийн засаг муудна гэсэн хүлээлттэй байна

2020 оны 06 сарын 16

МҮХАҮТ, Монголбанктай хамтран “Инфляцын хүлээлт” түүвэр судалгааг иргэд болон аж ахуйн нэгжүүдийн дунд зохион байгуулжээ. Энэ удаагийн түүвэр судалгаа нь уламжлалт асуулгуудаас гадна COVID-19 цар тахал аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд үзүүлж буй нөлөөлөл болон цаашид шаардлагатай байгаа дэмжлэгийг тодруулснаараа онцлогтой гэж танхимын зүгээс мэдэгдлээ.

Судалгааг Дэлхийн банкны “CAPI” системд суурилан анх удаа онлайн хэлбэрээр (Монголбанкны цахим хуудас болон гар утсаар) 2020 оны дөрөвдүгээр сарын 13-27-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Судалгаанд 694 иргэн оролцсон бөгөөд дараах гол үр дүнгүүд гарчээ.

Иргэд инфляцын түвшинг  чанарын хувьд 2020 оны III улиралд 5.5 хувь, 2021 оны II улиралд 10.8 хувь  байхаар;  тоон хариултын хувьд 2020 оны III улиралд 6.2 хувь, 2021 оны II улиралд 6.6 хувь  байхаар хүлээж байна. Үнийн өсөлтийг мэдэрч буй байдалд суурилсан инфляцын хүлээлтийн хувьд 2020 оны III улиралд 6.2 хувь, 2021 оны II улиралд мөн 7.5 хувь  байхаар тус тус хүлээж байна.

 Судалгаанд хамрагдсан иргэдийн дийлэнх буюу 78 хувь  нь ирэх улиралд инфляцын түвшинг зорилтот түвшин болох  найман  хувиас  хэтрэхгүй гэж хүлээж байна.

Иргэд зээлийн хүү болон хадгаламжийн хүүг ирэх гурван  сарын хугацаанд буурна гэсэн хүлээлттэй байгаа аж.

 Иргэдийн төгрөгт итгэх итгэл өмнөх улиралтай харьцуулахад суларчээ.

Валютын ханшийн хүлээлтийн чиглэлийн индексээс харахад 2017 оны III улирлаас эхлэн иргэдийн дунд төгрөгийн ханш суларна гэсэн хүлээлт тогтмол нэмэгдэж ирсэн бөгөөд 2020 оны I улиралд төгрөгийн ханш чангарна гэсэн хүлээлт эрс өсөж, төгрөгийн ханшид итгэх итгэл сайжирч эхэлсэн. Харин энэ улиралд төгрөгийн ханш суларна гэсэн хүлээлт дахин нэмэгдэж эхэлсэн буюу иргэдийн дунд төгрөгт итгэх итгэл бага зэрэг буурчээ.

Иргэдийн дунд ирэх гурван сарын хугацаанд эдийн засгийн өсөлт муудна гэсэн хүлээлт давамгайллаа.

Өмнөх улирлын түүвэр судалгааны үр дүнгээр иргэд эдийн засгийн нөхцөл болон санхүүгийн байдал ирээдүйд сайжирна гэсэн хүлээлттэй байсан бол энэ улиралд иргэдийн ирэх гурван  сарын эдийн засгийн төлөв болон өрхийн санхүүгийн байдлын чиглэлийн индексүүд огцом буурч, түүхэн хугацаан дахь хамгийн бага түвшинд гарсан буюу иргэдийн дунд эдийн засгийн нөхцөл байдал, өрхийн санхүүгийн байдал муудна гэсэн сөрөг хүлээлт давамгайллаа. Ийнхүү сөргөөр хүлээхэд COVID-19 цар тахал ихээр нөлөө үзүүлсэн байх талтай аж. 

COVID-19 цар тахал нь өрхийн санхүүгийн байдал, иргэд (тэр дундаа бага орлоготой болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд)-ийн цалинд сөргөөр нөлөөлжээ.

Иргэдэд цаашид шаардлагатай байгаа дэмжлэгийн хувьд  Засгийн газар, Монголбанк болон арилжааны банкууд COVID-19 цар тахлын эсрэг авч буй бодлогын арга хэмжээний уялдааг хангаж, олон нийтийн мэдээллийн тэгш бус байдлыг бууруулахад анхаарч ажиллах;

Монголбанкны зүгээс зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хүүг бууруулах, хугацааг сунгах арга хэмжээг шат дараатай авах, хэрэгжилтийг хангах;

Засгийн газрын зүгээс төсөвт тодотгол хийх, төсвийн сахилга батыг хангах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зэргийг онцолжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top