Жоли өнгөт арьст охиныхоо ирээдүйд санаа зовнив

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 18

45 настай жүжигчин Анжелина Жоли АНУ-д үүссэн арьс өнгөний үзлийн эсрэг жагсаал, эмх замбараагүй байдалд ихэд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр өнгөт арьст Жорж Флойд цагдаа нарт баривчлагдах үеэрээ амиа алдсаны улмаас эхэлсэн жагсаал, арьс өнгөний үзэл болон цагдаагийн хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдсэн билээ.

Жүжигчний үрчилж авсан гурван хүүхэд нь цагаан арьстай биш учир Жоли хүүхдүүдийнхээ ирээдүйд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Ялангуяа Этиопоос үрчилж авсан Захара охиныхоо ирээдүйд ихэд санаа зовниж байгаа гэнэ.

Тэрбээр “Намайг хамгаалж байгаа систем өөр өнгийн арьстай миний охиныг, хэн нэгэн эрэгтэйг хамгаалж чадахгүй. Арьс өнгөөр ялгаварлах үзэл, шийтгэгддэггүй байдлын эсрэг бодлого бидэнд хэрэгтэй байна” гэжээ. Жолигийн үзэж байгаагаар цагдаагийн хүчирхийллийг дарах нь зөвхөн эхлэл гэнэ. Шинэчлэлийг дахин хийж, боловсрол, улс төр гээд бүх салбарт өөрчлөлт хэрэгтэй байна гэжээ.

Цар тахлын үеэр эмх замбараагүй байдал үүссэн нь түүний санааг илүү түгшээж байгаа ч хүүхдүүддээ айдсаа мэдэгдүүлэхгүй байхын тулд бүхий л чадлаараа хичээж байгаа хэмээн Жоли ярьсан талаар “Harper's Bazaar” сэтгүүлд бичжээ.

Анжелина Жоли, Брэд Питт нар Захара охиноо 2005 онд Африкаас үрчилж авсан юм. Нэг ой гаруйтай байсан түүнийг Жоли, Питт нар үхлээс аварсан гэхэд болно. Өлсгөлөнгөөс болж үхэлд хүрэхээр туйлдсан байсан охиныг Америкийн эмнэлэгт эмчилжээ. Охины ээж нь ДОХ-ын улмаас нас барсан гэгдэж, өнчинд тооцогдож байсан ч 2007 онд Захарагийн ээж амьд, эрүүл саруул байсан нь илэрч, заргалдсан билээ. Гэхдээ охин Жоли, Питт нартай үлдсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(87.66.142.201) 2020 оны 06 сарын 21

Aguu emegtei shu, od gej iim l huniig heleh yostoi, niigmiin tuluu delhiin tuluu huuhduudiin tuluu ih yum hiisen hun dee

2  |  0
Top