Коронавирусний эдийн засаг дахь нөлөөллийн талаар эдийн засагчдын илэрхийлж буй байр суурь чухал байгаа. Тэгвэл эдийн засагч Д.Ган-Очир “КОВИД & ГЛОБАЛ ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ”-ийн нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өгч байна.
“Алтнаас бусад түүхий эдийн үнүүд жилийн өмнөх түвшнээс уналттай байна. Цар тахлаас үүдэн алтны нийлүүлэлт буурч, эрэлт нэмэгдэж байгаагаас алтны үнэ өмнөх оны мөн үеэс 28.1 хувиар өсөөд байна. Харин газрын тосны үнэ 33.5 хувиар, металлын үнийн индекс 4.8 хувиар тус тус буураад байна.
Зургийн тайлбар: Түүхий эдийн үнийн индексүүд
2020 оны эхэнтэй харьцуулахад дэлхийн хөрөнгийн захууд бүгд унажээ. Бусад захууд (Европ, Ази, Латин Америк)-тай харьцуулахад АНУ болон Хятадын хөрөнгийн захын уналт харьцангуй сул байна.
Зургийн тайлбар: Хөрөнгийн зах зээлийн индексүүд
Хөгжингүй орнууд дахь төсөв, мөнгөний тэлэх бодлогын үр дүнд эдгээр зах зээлүүд сэргэж байгаа хэдий ч оны эхний түвшиндээ хүрч сэргээгүй байна.
2020 оны хувьд Хятад, Индонез, Египетийн эдийн засаг 1 очирм хувийн өсөлттэй. Харин бусад орнуудад эдийн засаг нь агшихаар байна. Турк, Аргентинаас бусад оронд инфляц маш бага түвшинд гарахаар төсөөлжээ. Ажилгүйдлийн түвшин АНУ, Канад, Грек, Испани, Турк, Энэтхэг, Филлипин, Бразил, Колумб, Өмнөд Априк зэрэг орнуудад ажилгүйдэл хэт өндөр түвшинд хүрчээ.
Зургийн тайлбар: Улс орнуудын эдийн засийн суурь үзүүлэлтүүд (ДНБ-ий жилийн өсөлт, жилийн инфляци болон ажилгүйдлийн түвшин)
Цар тахлын тахлын үр дагаварт дэлхийн худалдаа татарч, дийлэнх орнууд урсгал тэнцлийн алдагдалтай нүүр тулсны зэрэгцээ хувийн хэрэглээ, хөрөнгө оруулалтын бууралтын засгийн газрын зардлаар нөхөх гэсэн төсвийн тэлэлт нь бүх орныг төсвийн өндөр алдагдалтай болоход хүргээд байна.
Энэ нь цар тахлын дараа улс орнууд өрийн хүндрэлтэй нүүр тулсаар үлдэхэд хүрч байгааг ОУВС мэдэгдэлдээ онцолсон. Энэхүү урсгал тэнцэл болон төсвийн тэнцлийн хос алдагдал нь дотоод, гадаад өр огцом өсөх суурь нөхцөл бөгөөд ихэнх орнууд үндэсний валютын ханшаа сулруулах хариу арга хэмжээ авч байна.
Ялангуяа, эрдэс түүхий эд экспортлогч орнуудын үндэсний валютууд илүү хүчтэй суларч байна. Тухайлбал, Норвеги, ОХУ, Турк, Энэтхэг, Өмнөд Африк, Аргентин, Бразил, Чили, Колумб, Мексикт валютын ханш нь өмнөх оны мөн үеэс хүчтэй суларчээ.
Зургийн тайлбар: Улс орнуудын эдийн засийн суурь үзүүлэлтүүд (гадаад урсгал тэнцэл, төсвийн тэнцэл, засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын хүү болон валютын ханш)
Гадаад өр төлбөр харьцангуй багатай хөгжингүй орнуудын хувьд энэхүү сулралт нь гадаад сөрөг шокийг бодит үйлдвэрлэл, ажил эрхлэлтэд сөрөг нөлөө багатай байлгахаар ханш дээрээ шингээх, валютын нөөцийг шавхахгүй байх гэсэн бодлогын сонголт юм. Харин өрийн дефолт зарласан, гадаад валютын нөөцөө шавхаж буй Аргентин, Турк зэрэг орны хувьд бол гарцаагүй нүүр тулах үр дагавар, тохируулга юм.
2008 оны глобал хямрал Монголд бараг нэг жилийн дараа хүчтэй мэдрэгдэж, өсөлт сөрөг гарч, ханш суларч байв. Глобал эдийн засгийн нөхцөл байдлаас харахад манай эдийн засагт богино дунд хцгацаанд том сорилтууд (тоочиход даанч олон юм) хүлээгдэж байна. Эдгээр сорилтуудаа амжилттай даван туулах нь та бидний “даалгавар-эр зориг, ухаан”-наас хамаарна. Зөвшилцөл, ойлголцол, хамтын ажиллагаа, чин зориг байхад ажрахгүй даваад гарна” гэв.
Сэтгэгдэл ( 1 )
БУЯНГИЙН ЖАРГАЛСАЙХНЫ ОНОЖ ХЭЛСНЭЭР АРД ТҮМЭНД ”ХАНДИВ” БУЮУ ХАХУУЛЬ БОЛГОЖ ӨГСӨН 100МЯНГАН ТӨГРӨГИЙГ МАНЫГ ДЭМЖИГЧ АРД ОЛОН 4ЖИЛДЭЭ ХУУВААГААД ӨДӨРТ 68 ТӨГРӨГӨӨРӨӨ ГОЛОО ЗОГООХ БОЛЖ ДЭЭ.