Б.Орхонбаяр: Хөдөлмөрлөсөн хүнд аз ирдэг

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 01


Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван хан” дэвжээ, “Хос түрүү” компанийн бөх, Монгол Улсын начин Баярсайханы Орхонбаяртай ярилцлаа. 


-Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар урамтай сайхан барилдаж, улсын цолтны бүлд багтлаа. 21 насандаа улсын начин болсон нь үндэсний бөхийн түүхэнд шинэ амжилт биш ч тухайн насандаа ид хаваа гайхуулан барилдаж байсан таван хүний эхэнд эрэмбэлэгдэх бөх юм билээ. Наадам өнгөрөөд багагүй хугацааг үдээд байгаа ч наадмын хууч хуучрах биш дээ...

-Баярлалаа. Юуны өмнө Монголын ард түмэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье. Таны хэлсэнчлэн өнгөрөгч наадмаар улсын цолтны бүлд багтсан минь өндөр их хувь заяа гэж бодож явдаг. Цаашид багшийнхаа заавар, зөвлөгөөг чанд баримтлан бэлтгэлээ хийж барилдах болно. Спорт залуу насных тул богинохон энэ хугацаанд бэлтгэлээ сайн базааж, өөрийн хүрч болох тэр цолондоо хүрч барилдах бодолтой явдаг. 21 насандаа улсын цолонд хүрсэн бөхчүүдээс сараар нь тооцоод үзэхээр хамгийн бага нь би юм билээ. Өнгөрөгч улсын баяр наадмын талаарх хууч одоо ч яригдаж байгааг сонсдог. Наадмын талаарх бодол сайхан байдаг шүү. Хүмүүсийг ярих зүйлтэй байлгаж, ярианы сэдвийнх нь нэг болоод явж байгааг мэдрэх сайхан байдаг. 

-Баярсайханы Орхонбаяр гэж яг хэн бэ. Монголын ард түмэн уран барилдаантай нэг залуу гарч ирлээ гэдгээс өөрийг тэр бүр мэдэхгүй байна л даа. Хэзээнээс бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бэ?

-Б.Орхонбаяр гэж хэн бэ гэхээсээ өмнө аав, ээжийгээ танилцуулах нь зөв байх. Аав маань Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул. Ээж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын хүн. Миний төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Орхон сум хэдий ч Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат гэж явдаг. Учир нь аав Орхон суманд цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад намайг таван настай байхад гэр бүлээрээ Цагааннуур суманд нүүж ирсэн байдаг. Тиймээс хүүхэд насны дурсамжаас эхлээд бүхий л зүйл минь Цагааннууртай холбоотой. 

Манай сумын сургуулийн биеийн тамирын багшаар Гантөмөр гэж хүн ирдэг юм. 2014 онд анх багшийнхаа чөлөөт бөхийн секцэнд явснаар бөхийн спортоор хичээллэх сонирхол улам илүүтэй болсон гэхэд болно. Бөхийн спортыг сонирхох болсон шалтгаан маань 2008 оны Бээжингийн олимптой холбоотой. Н.Түвшинбаяр аварга Бээжингийн олимпод түрүүлж, Монгол Улс анх удаа олимпын аваргатай болж, бүх хүмүүс их баярласан. Тэгэхэд би найман настай дөнгөж сургуульд орж байсан ч анхны олимпын аваргатай болсон монголчуудын сэтгэлийн тэр хүчийг одоо ч тод санадаг юм. Тиймээс 2008 оноос хойш жүдо бөхөөр барилдах юм сан, Түвшээ аварга шиг бөх болох сон гэх хүсэл цээжин дотор минь эмнэг адуу шиг тонгочсоор байсан. Хэдий нас бага ч хүн өөртөө нэг зорилго тавьчихвал ухардаггүй юм шиг байна. Зорилгоо биелүүлэхийн тулд бусад хүүхдүүдийн адил хичээл, номдоо анхаарч өссөн. Мөрөөдөлдөө хүрэх гэж дөтөлж байгаа минь тэр. 

-Амжилтын анхны гараа хэрхэн эхэлж байсан бол?

-2015 онд Цагааннуур сумын Ерөнхий боловсролын сургуулиа төгсөх жилээ үндэсний бөх болон чөлөөт бөхөөр Сэлэнгэ аймгийн аварга болж байсан. Зун нь аймгийн наадмаар өсвөрийн бөхчүүдийн барилдаанд түрүүлж байлаа. Тэгэхэд томчуудын ангилалд өнгөрсөн жил хамт Улсын начин цол хүртсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Н.Баярбаатар ах түрүүлж, аймгийн арслан цол хүртэж байсан юм. Энэ нь надад маш том урам өгсөн гэж боддог. Тэр жилээ Дорноговь аймагт болсон Үндэсний бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан хүүхдүүдтэй барилдаж, 10 дугаар байрт шалгарсан. Хамт улсын аваргад орж байсан хүүхдүүдээс өнөөдөр Б.Лхагвадорж, Н.Өсөхбаяр нар маань аймгийн арслан, Э.Лхагвагэрэл, н.Жавхлан аймгийн заан, Ч.Алтангэрэл аймгийн харцага, Н.Батсуурь аймгийн начин цолонд хүрсэн байна. Нэгэн үеийн залуучууд ямартай ч цолонд хүрээд эхэлснийг бодохоор сайхан л санагддаг юм. Улсын аваргын үеэр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, Монгол Улсын харцага Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй багштай танилцаж, удирдлагад нь бэлтгэлээ хийж эхэлсэн. Өсөхөө багш дээр ирснээсээ хойш үндэсний бөхөөр тууштай бэлтгэл хийж байгаа. 2016 онд Цагааннуур сумынхаа наадамд түрүүлж, сумын заан цол хүртсэн бол тэр жил үндэсний бөхийн улсын аваргын тавдугаар байрт шалгарч, өмнөх жилийн амжилтаа ахиулж байсан юм байна. Чөлөөт бөхөөр Залуучуудын улсын аваргаас мөнгө, 2017 онд Жон Петерсоны олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. 2017 онд чөлөөтөөр барилдаж байгаад хөлөө бэртээсэн тул тэр жилийнхээ наадмыг өнжсөн. Харин дараа жил нь сумын заан цолтойдоо Сэлэнгэ аймгийн наадамд анх удаа зодоглохдоо наймын даваанд аймгийн харцага Н.Энхжаргал ахтай үлдэн түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. 2019 онд аймгийн арслан Н.Баярбаатар ахтай үзүүр түрүү булаалдан түрүүлснээр хурц чимэг нэмсэн юм. Сүүлд нь сонирхсон чинь Сэлэнгэ аймгийн наадамд хоёр жил дараалан түрүүлсэн гурав дахь бөх болсон юм билээ. Өмнө нь аймгийн хурц арслан Ж.Сундуй, улсын заан Н.Жаргалбаяр ах нар хоёр жил дараалан түрүүлж байсныг мэдсэн. Товчхондоо миний гаргасан амжилт ийм байна. 
 


-21 настай гэхээр одоо оюутан болж таарч байна уу?

-Тийм ээ, би “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан. Энэ хавар Бодибилдинг, фитнесийн багш дасгалжуулагч мэргэжлээр сургуулиа төгсөнө. 

-Чөлөөт бөхийн бэлтгэл хийж байгаа юу?

-Ер нь ховорхон шүү. Багшийг хий гэвэл хийнэ. Хослуулахыг хичээдэг. Гэхдээ сүүлийн үед чөлөөт бөх гэхээсээ илүү үндэсний бөхийн бэлтгэлдээ илүү анхаарал хандуулж байгаа. 

-Хамгийн анх улсын өндөр цолтой ямар бөхтэй барилдаж байсан бэ?

-Цагааннуур сумын 90 жилийн ойгоор Улсын аварга Г.Эрхэмбаяртай хоёрын даваанд таарч барилдаад унасан. Гэхдээ унасан ч гэсэн энэ цаг үеийн энгүй хүчтэн Г.Эрхэмбаяр аваргатай барилдсандаа баярлаад чавхны чулуу шиг нисэж явлаа шүү дээ. Нас бага байсан болоод ч тэр үү аваргатай барилдсандаа л их бэлгэшээсэн юм даг. 

-Таныг аймгийн наадмын өсвөрийн барилдаанд түрүүлж байхад Н.Баярбаатар аймгийн арслан болж байж. 2019 оны аймгийн баяр наадмаар үзүүр, түрүү булаалдсан. Тэр жилээ та хоёр улсын начин цолны босгыг хамтдаа алхсан гээд сайхан дурсамж байна?

-Хүний амьдрал дээрх хувь тохиол бүр өөрийн зурагтай гэдэг. Н.Баярбаатар ах бид хоёр ийм л зурагтай хүмүүс бололтой. Ямар ч байсан бид хоёрын амжилт хөтөлгөө морь шиг хамтдаа яваад байгаа нь бас сонин шүү. Нэг сонин зүйл дуулгахад аймгийн наадмын үзүүр, түрүү булаалдсан бөхчүүд тэр жилдээ улсын цол хүртсэн анхны тохиолдол юм билээ. 

-Улсын наадамд анх удаа зодоглоод начин цол хүртсэн үү?

-Яг ч анхных биш юм аа. 2017 онд бэртэлттэй байсан тул ямар ч наадамд зодоглоогүй. Гэхдээ Улсын баяр наадамд зодоглож, хийморио сэргээе гээд анх удаа наадмын дэвжээнд 19 настайдаа гарч, нэгийн даваанд Төв аймгийн арслан Э.Ууганбаяр ахад өвдөг шороодож байсан. 2018 оны аймгийн наадам, Улсын баяр наадам яг давхцаж таарсан. Сумын заан цолтой залуу бөхийн хувьд улсын наадам гэхээсээ илүү аймгийн цол чухал байсан тул Сэлэнгэ аймгийнхаа баяр наадамд зодоглон, түрүүлж байсан юм. Харин 2019 онд хоёр дахь удаагаа Улсын баяр наадамд барилдаж, Монгол Улсын начин хэмээх өндөр цолонд хүрсэн. 

-Өнгөрөгч жил аймгийн наадамдаа хурц чимэг хүртсэн бөхийн бэлтгэл мэдээж сайн байсан байх. Бэлтгэлээ хаана базаасан бэ?

-“Алдар” спорт хорооны “Таван толгой” цэргийн баазад Т.Өсөх-Ирээдүй багшийн удирдлагад наадмын бэлтгэлд гарсан. Хоёр дахь жилдээ тэнд гарч, улсын цол хүртсэн. Эхний жилээ аймгийн наадамд түрүүлж байсан гэхээр ивээл хайраа өгсөн өгөөжтэй газар юм болов уу гэж боддог. 

-Бөхчүүд наадмын өмнө тийм мэдрэмж төрж байсан гэж ярьдаг даа. Начин болсон наадмын өглөө ямар мэдрэмж төрсөн бэ?

-Нэг их сүрхий догдолсон зүйл байгаагүй. Бэлтгэл сайтай байсан болохоор өөрийн чинээндээ тултал барилдъя гэсэн л бодолтой байлаа. Хамгийн гол нь өөрийгөө тайван байлгах хэрэгтэй гэж бодсон. Өөрийн санасандаа хүртэл барилдах зорилготой байсан. 

-Улсын начин цол хүртэлх барилдаанууд ямархуу байв. Аймгийн цолтой бөхчүүдэд хоёрын даваа л хүнд байдаг гэлцдэг?

-Аймгийн наадамд хурц цол нэмчихээд буцаж явахад Өсөхөө багш “Чиний улсын наадмын хоёрын давааны оноолт Д.Тогтохжаргал арслан байх шүү” гэж шууд хэлсэн. Багш нэлээд нухацтай тооцож байж тэр нэрийг хэлсэн үү, яасан бүү мэд. Ямар ч байсан тэгж хэлсэн юм. Улсын наадмын хоёрын даваанд үнэхээр аймгийн арслан Д.Тогтохжаргалтай оноолт таарсан. Наадмын нэгийн даваанд Завхан аймгийн харьяат, сумын заан Б.Доржсүрэнтэй таарч барилдаж давсан. Хоёрын даваанд Увс аймгийн харьяат, аймгийн арслан Д.Тогтохжаргалыг даваад, гурвын даваанд багш намайг амлаж авсан. Харин дөрвийн даваанд Хөвсгөл аймгийн харьяат, улсын начин Ч.Хөхчирэнгэртэй барилдсан. Ч.Хөхчирэнгэр начныг улсын начин цолондоо дүүрэн барилддаг тул цаашид өндөр амжилт гаргах бөх гэж ярьдаг. Нэгэнт л улсын цолны төлөө барилдаж байгаа юм чинь байгаа бүхнээ гаргаж барилдъя гэж бодсон. Санасандаа хүртэл барилдаж чадсан. Начны даваанд Хөвсгөл аймгийн харьяат, аймгийн арслан Ц.Сандагдоржтой тунан барилдаж, давснаар начин цол хүртсэн. Тухайн үед би яг өмнөх бөхтэйгөө тайван барилдах ёстой гэдэг бодолтой байснаас биш тавын даваа бодож барилдаагүй. Өмнөх учраагаа давахгүй бол юун тавын даваа манатай юм болно биз дээ. Өсөхөө багш “Элдэв юм бодолгүй маш тайван барилдах ёстой” гэдгийг үргэлж сануулж байсан. Хүмүүс тэр бөхтэй барилдахдаа тусгайлан бэлдсэн мэх байдаг уу гэж асуудаг. Бэлтгэл дээр янз бүрийн мэх давтдаг ч барилдааны үеийн агшин гэж юм бий. Тэр агшинд хийж болох мэхээ хийдэг. Нэг үгээр хэлбэл мэдрэмждээ илүү найддаг. 

-Начны даваанд тулж ирэхэд ямар бодол төрсөн бэ?

-Ямар ч бодол төрөөгүй гэвэл хүн итгэхгүй байх даа. Гэхдээ би цол бодож барилдаагүй. Багш миний уналт, сэргэлтээс эхлээд бэлтгэлийг маш сайн базаасныг мэдэж байсан болохоор бүх зүйл миний гарт ирсэн гэсэн үг. Бүх зүйл надаас шалтгаална гэдгийг мэдэж байсан. Багш урагшаа явж барилдаж, гол нь тайван байхыг зөвлөсөн. Багшийн хэлснээр л барилдсан. Хэн намайг амлах бол, тунах болов уу яах бол гэж ерөөсөө бодоогүй. Аав, ээж хоёр Цагааннуураас ирж, наадам үзсэн юм. Тавын давааны өмнө бөхчүүд ам авах үед наадам завсарладаг даа. Тэр хооронд аав, ээжийнхээ хийж ирсэн хоолыг идэж, цайгаа ууж аваад, их л тайван талбайд гарсан. 

-Өөрийн тань барилдааныг харж байхад шуурхай барилдаж байгаа харагддаг. Наадмаар ч мөн нэг их удалгүй учраа бөхчүүдээ давсан байх?

-Улсын наадмын нэгийн даваанаас зургаагийн даваа хүртэл нийт есөн минутад учраа бөхчүүдтэйгээ барилдсан байсан. Барилдаанууд ер нь их шуурхай болсон. 

-Тав давсны дараа хүмүүс олон шинэ цолтноос онцгойлж өөрт чинь баяр хүргэж, уухайлж байлаа. Тэр уур амьсгалыг мэдрэх сайхан санагдсан уу?

-Их л сайхан байсан. Олон хүн уухайлаад л... Гоё мэдрэмж авсан. 

-Тал нийлэхгүй бөхчүүд гэж байдаг даа. Бас барилдаан таарахгүй ч гэдэг. Дархан мэх тань юу бол?

-Хүмүүс дархан мэхийн талаар ер нь их асуудаг. Миний хувьд дархан мэх гэж хамгийн олон давтсан мэхийг хэлдэг болов уу гэж боддог. 

-Зургаагийн даваанд Улсын арслан Ц.Содномдоржтой барилдаж, тахим буулгасан. Давах боломж байсан уу?

-Нэгэнт унасан юм чинь одоо би юу ярих билээ. Хүмүүс Ц.Содномдорж арслантай барилдахад ямар мэдрэмж төрсөн бэ гэж сонирхдог. Би өөрийнхөөрөө тайван барилдсан гэж л хариулдаг. Ер нь би барилдааны өмнө ч тэр, хойно ч тэр их зүйл боддоггүй бололтой. Яг л тухайн үедээ мэдрэмжтэй, хурдтай барилдах нь л чухал байдаг. 
 


-Ямар бөхийн барилдааныг үзэх дуртай байв?

-Багаасаа А.Сүхбат, Д.Сумъяабазар аваргуудын барилдааныг үздэг байсан. Барилдааны хийц, мэх гээд уйдахгүй давтаж үздэг байлаа. Хоёр аварга хонгодно гэж маягтай гоё. Барилдааныг нь харах дуртай. Хүндлэлийн тухайд бол бүх бөхчүүдээ хүндэтгэдэг. Нутгийн бөхчүүдээ дээдэлнэ. Мэдээж үргэлж зааж, зөвлөж, дэргэд байдаг болохоор багшийгаа илүүтэй хүндэтгэх нь гарцаагүй /Харцага Т.Өсөх-Ирээдүйг хэлэв/. 

-Ямар тамирчнаас эрч хүч авдаг вэ?

-Мэдээж багш байна. Манай багш “Ливерпүүл”-ийн фэн, “Лэйкерс”-ийн фэн, Ц.Цэрэнпунцаг гардийн фэн, Олимпын гурав, дэлхийн болон Европын зургаан удаагийн аварга, алдарт бөх Бувайсар Сайтиевын фэн. Харин би Конорыг дэмждэг. Урам зориг авдаг. Ирландын холимог тулаанч Конор МакГрегорын тулааныг үзэх дуртай. Хөлбөмбөгчдөөс Криштиану Роналду. Сагсчдаас “Оклахама сити”-гийн Расселл Вестрүүк байна. Тэдний ур чадвар, спортын характер, тоглолтыг харах дуртай. Хурд, тэсрэлт нь үнэхээр гайхалтай. 

-Та өөрөө бас хурдтай барилддаг тамирчны нэгд нэрлэгдэнэ. Тийм бөхчүүд сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ арай өөр байдаг?

-Би давахаараа нэг мэдэхэд л их өндөрт үсэрчихсэн байдаг. Пүрштэй юм шиг л үсэрдэг. Эмоцио илэрхийлэх нь, спортын характертай байх нь сэтгэл зүйн нэг хүч болдог юм шиг санагддаг. Өөрийн мэдэлгүй л үсэрчихдэг /инээв/.

-Сэлэнгэ аймгаас ид сайхан барилдаж байгаа цолтой бөхчүүд нэг үеэ бодвол олон болсон байна. Нутаг усныхаа бөхчүүдтэй хамт тогтмол бэлтгэл хийх нь бие бялдар, барилдааны бэлтгэл болохоосоо гадна хувь хүний тал дээр үлгэрлэл болдог байх гэж бодогддог?

-Тэгнэ. Тэгэлгүй яахав. Архи уудаггүй, тамхи татдаггүй болохоор багш болон ах нар энэ тал дээр санаа зовоодоггүй байх. Барилдаан, олны дунд биеэ авч явах байдал, өөрийгөө хөгжүүлэх тал дээр суралцсаар яваа. Зөв явах хэрэгтэйг үргэлж сануулдаг. Нэгэнт бөхийн замд хөл тавьсан л бол нас залуу гэлтгүй энэ уламжлал, соёлын эрхэм гэсэн бүхнийг дагаж яваарай гэж захиж хэлдэг. 

-Начин болсон наадмыг аав, ээж хоёр нь Цэнгэлдэхэд ирж үзсэндээ их баяртай байсан болов уу? 

-Их баярласан. Аав, ээж хоёр тавын давааны дараа бүр нэг сэтгэл дүүрэн баяртай ирж үнссэн. 

-Айлын бага уу?

-Тийм. Нэг ахтай. Манайх хоёр хүүтэй.

-Ах нь барилддаг уу? Танайд бөхийн удам бий юу?

-Ээжийн маань талд Жамсран гэж сумын заан хүн байсан гэдэг. Ах барилдаагүй. Цагдаагийн албанд ажилладаг. Сэлэнгэ аймагтаа ажиллаж, амьдарч байгаа. Аав намайг бас Хууль сахиулахын их сургуульд орж, цагдаагийн хүн болох уу гэдэг байсан. Надад барилдах нь илүү чухал байсан болохоор “Аварга” дээд сургуульд сурахаар сонгосон. Тэр нь ч оножээ гэж боддог.

-Оюутан болж ирээд бие дааж амьдарч эхэлсэн үү?

-Ээжийнхээ төрсөн дүүгийнд, хүргэн ахындаа амьдардаг байсан. Тэд нар маань бөх болох гэж байгаа гээд хоол унд, бэлтгэл, амрах нөхцөл боломж гээд юугаар ч дутаалгүй, намайг дэмждэг байлаа. Хичээл, бэлтгэл зэргээ зохицуулж сурахад залуу хүнд хамт байсан ах, эгч нарын маань хандлага их нөлөө үзүүлсэн. 

-Улсын цолонд хүрсний дараа хүмүүс өмнөхөөс илүү хүндэтгэлтэй хандаж, энэ хандлага өөрт чинь их, бага ямар нэгэн байдлаар анзаарагдаж эхэлсэн байх. Залуу хүний хувьд хүндлэл гэх энэ харилцааг яаж хүлээж авсан бэ?

-Хүндлэл гэдэг цаашид чи сайн барилдах ёстой, хүнийхээ хувьд их зөв явах хэрэгтэй гэдгийг ойлгуулдаг зүйл юм болов уу. Өнгөрсөн хугацаанд танилын хүрээ нэмэгдсэн. Монголчууд маань нас залуу гэхгүйгээр бөх хүнд цаанаасаа нэг чин сэтгэлийн хүндэтгэлтэй ханддаг нь анзаарагдсан. Тэр бүхэнд эргүүлж мэнд мэдэх, хамт зургаа даруулах, хүндлэх зэрэгт хүмүүс бүр ч сайхан хүлээж авдаг, баярладаг. Бөх гэдэг холбоосоор дамжиж байгаа бие биеэ хүндэлсэн энэ харилцаа их эрхэм юм байна гэдгийг улсын цолонд хүрээд илүү ойлгож байгаа. Өөрсдөө улсын цолонд хүрсэн юм шиг бидний миний өмнөөс баярладаг хүмүүс олон юм билээ. 

-Танай үеийн залуус одоо хэр бөх үздэг юм бол. Үндэсний бөх ирээдүйд үзэгчгүй болно гэсэн байр суурьтай хүмүүс ч байдаг болж?

-Үзнэ ээ. Үзэлгүй яахав. Эрийн гурван наадам байгаа цагт монгол хүмүүс монгол соёлоо ямар ч үед үзэж, хүндэтгэсээр байх болов уу. Бөхчүүд, уяачид, харваачид үе үеэрээ төрдөг. Энэ уламжлал, соёлыг тээдэг хүмүүс, дэмжиж хүрээлдэг хүмүүс гээд бүгд л залгамжилж төрнө. Түүнээс ямар ч шинэ үе төрсөн байлаа гээд, хэчнээн цаг үе шинэ боллоо ч үндэсний бөх үзэгчгүй болох тийм үе ирэхгүй байлгүй дээ. Ёстой тэгж төсөөлж чадахгүй байна. 

-Өнгөрсөн жилийн наадмаас хойш заал танхимын хоёр ч том барилдаанд үзүүр­лэсэн. Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд Н.Батсуурь аваргыг шөвгийн дөрөвт хаяж, бас дахиад л үзэгчдийг шуугиулаад авлаа?

-Н.Батсуурь аваргатай анх удаа барилдсан. Өөрийнхөөрөө л барилдаад үзье гэж гарсан. 

-Анх том цолтой бөхтэй барилдахдаа эмээдэг байсан уу?

-Ер нь тамирчин хүн өрсөлдөгч бүрээ л үнэлж, хүндэлж барилдах хэрэгтэй гэж багш захидаг. 

-Одоо жин, өндөр хэдтэй байгаа вэ?

-Өндөр 183, жин 100 хавьцаа л байгаа.

-Жин нэмэх хэрэгтэй гэж боддог уу?

-Бага зэрэг жин нэмнэ. Булчингийн массаа нэмэх байдлаар жин дээрээ анхаарна. 

-Хүчний бэлтгэлийн багштай юу?

-Байхгүй. Өсөхөө багш бүх тал дээр зөвлөж, бэлтгэл хангадаг. 

-Өөрөө бодибилдингийн дасгалжуулагчаар суралцаж байгаа болохоор энэ нь дөхөм болдог уу?

-Яг харагдах байдал, биеэ ерөнхийд нь хөгжүүлэх бэлтгэл хийх, бөхийн хүчний бэлтгэл хийх хоёр их ялгаатай л даа. Барилдахад хэрэгтэй булчингийн хөгжилд илүү анхаарна. Татах, барилдах, мэхээ даацтай хийхэд хэрэгтэй жижиг булчингаа илүү хөгжүүлэх гэдэг ч юм уу бөхийн хүчний бэлтгэл миний судалж байгаа мэргэжлээс өөр. 

-Зорсон юм шиг биетэй юм аа гэж арслан Ц.Содномдорж та хоёрыг хэлэх юм билээ. Биеийн галбирын хувьд нээрэн төстэй ч юм шиг харагддаг?

-Мэдэхгүй /Инээв/. Арслан биеэ сайхан хөгжүүлсэн бөх. Би өөрийгөө тэгж хөгжүүлж хараахан болоогүй байна. Хүмүүс олон нийтийн сүлжээнд зураг эвлүүлж тавьсан байсныг харсан. 

-Дээлийн өнгө хүртэл ижил байсан болохоор их л адилхан харагдаад байсан. Дээлээ хаана хийлгэдэг вэ?

-Өнгөрсөн жил наадмын өмнөхөн “Торгоны зам”-аас дээлийн өнгөө сонгоод, оёулсан. Ер нь наадмын өмнө дээлээ сольдог. Тэрний өмнөх жил “Нарантуул” зах руу ороод л хамгийн эхэнд таалагдсан өнгөтэй дээлээ авчхаж байсан. 

-Начны залаа, тэмдгээ хэзээ хийлгэв?

-Малгайны залааг наадмын дараа “Саран зодог”-ийнхон оёж бэлэглэсэн. Тэмдгийг намайг дэмждэг ах нар бэлдэж, бэлэглэсэн. Ер нь зодог шуудгаа “Бөхийн өргөө”, “Саран зодог”-оос л зорьж авдаг даа. 

-Чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?

-Найзуудтайгаа уулзана. Хамт каток орно. “Скай ресорт” очно. Кино үзнэ. Ууланд алхана. Хааяа бас PC тоглоно. Ном уншина. Манай багш их ном уншдаг. Багшийг дагаад ер нь л зав гарвал ном бариад авдаг болсон. 

-Ямар төрлийн ном уншиж байна?

-Ерөнхийдөө хувь хүний хөгжлийн талаар унших дуртай. Нэг талын сэтгэл зүйн бэлтгэл болж өгдөг юм шиг санагддаг. “Ali Baba”-гийн Жек Ма, Tesla Motors, SpaceX-ын эзэн Элон Маск гэдэг ч юм уу.

-Багшаасаа их зүйл сурч, хичээдгээ хэлж ярьж байгаа нь сайхан санагдлаа?

-Хүн амжилтад хүрэхэд үргэлж бусад хүмүүсийн нөлөөлөл байдаг. Багш маань бүх зүйлээрээ бид нарын амьдралд, спортын амжилтад үлгэр жишээ болдог. 

-Бэлтгэлээр хэр шахдаг вэ?

-Бэлтгэл, бэлтгэл бас дахин бэлтгэл. Бэлтгэл сайн хийж байж л амжилтад хүрнэ. Ер нь амжилтын нууц гэж айхтар зүйл байхгүй дээ. Юуг ч байсан байнга, тогтмол, үнэнч шударгаар, тууштай л хийх хэрэгтэй гэж боддог. 

-Энэ жил сар шинийн барилдаан болсонгүй. Болсон бол шинэ цолтнуудыг үзэгчид онцолж харах байсан болов уу. Өмнө нь цагаан сарын барилдаанд гарч байсан уу?

-Үгүй ээ. Энэ жил анх удаа барилдана гээд бэлтгэлээ базааж байлаа. 

-Энэ хүрээд ярилцлагаа өндөрлөе. Төгсгөлд нь ийм залуудаа улсын начин цолны босгоор алхсан таны зорилгыг сонсохыг хүсэж байна. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум бол “Боохой” хэмээх Д.Данзан арслангийн нутаг. Өндөр цолтон төрж байсан нутгаас бас нэгэн сайхан бөх төрийн наадмын дээд цолонд хүрээсэй гэж нутаг усныхан нь хүлээж суугаа нь мэдээж?

-Их сүрдмээр том асуулт байна. Залуу хүн учир олон зорилго байна. Ойрын зорилго ч байна. Холын зорилго ч байна. Нутгийн олон, Монголын ард түмнийхээ хайр, хүндлэлийг дааж, бэлтгэл сургуулилтаа сайн хийж, цолоо ахиулж барилдахын төлөө хичээх болно. Бүх л сайхан бөхчүүд, үе тэнгийнхэн маань бэлтгэл сургуулилт, барилдааны ур чадвараараа эн тэнцүү өрсөлдөж яваа. Хэн ямар цолонд хүрч, ард түмнээ баярлуулах нь зөвхөн өөрөөс шалтгаална. Хүн бүр аварга болох албагүй. Гэхдээ үндэсний бөхийн спорт хүнд бүх төрлийн хүмүүжил өгдөг учир энэ замаар явж байгаадаа бие, сэтгэлийн хувьд дүүрэн байдаг. Ингэсэн бол, тэгсэн бол гэсэн эргэлзээ байхгүй. Ямартай ч би үндэсний бөхөөрөө тууштай барилдана. М.Даваажаргал аваргын хэлсэн нэг сайхан үг байдаг. Хөдөлмөрлөсөн хүнд аз ирдэг гэж. Энэ үгийг би их бодож явдаг. Хөдөлмөрлө, хөгжүүл, хэзээ ч зогсох ёсгүй мэт, өөрийгөө ямар ч амжилт үзүүлээгүй мэт хөдөлмөрлө гэж өөртөө хэлдэг. Бэлтгэлээ сайн хийж, биеэ зөв авч явахад олон наадам урд маань байна даа. 

Төрүүлж өсгөсөн аав, ээждээ, Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй багшдаа, бөхийн замд анх хөтөлсөн Л.Гантөмөр багшдаа, Одгарав, Батбаяр багш нартаа, мөн чөлөөт бөхийн багш нартаа, үргэлж дэмждэг “Алдар” спорт хороо, Б.Батбаяр захиралтай “Хос түрүү” компанийн хамт олон болон Б.Баярхүү даргадаа талархал илэрхийлье. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын бөхийн холбооны дарга Ө.Чимэддорж гээд үргэлж тусалж дэмждэг та бүхэндээ маш их баярлаж явдгаа уламжилж байна.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.89.190) 2023 оны 03 сарын 21

Аав ээжийн хүүгээс гадна ард түмний хүү болсон учир цолон баталж бие сайн авч яваарай. Ухаантай сайхан залуу байна. Амжилт хүсье

1  |  0
Ариунаа (88.132.251.133) 2023 оны 03 сарын 21

Монголын залуучуудад үлгэр дуурайл болсон залуу байна.

2  |  0
Зочин(66.181.182.118) 2023 оны 03 сарын 21

Маш зөв хандлагатай, эвдэрч сагаагүй, ухаантай сайхан хүү байна. Аав, ээж, ах нарт нь баярлалаа. Хичээгээрэй хүү минь.

3  |  0
Good(66.181.161.11) 2023 оны 03 сарын 21

Zuv handlagatai sain zaluu baina. Amjilt husie

5  |  0
Зочин(64.119.20.250) 2023 оны 03 сарын 21

Найз охинтой юу

1  |  0
zochin(103.212.118.64) 2024 оны 07 сарын 16

hvndlel eos judagtai mundag hvv.hangai Buhiin manlai noen orgil Baynmunh avargiig hvndelsengvi ergvv batsaan joohoon zvilees l ymr hvn bee gedeg chin haragdaj bna.baliar amandaa maani unshij munshiad harvaas zavaan gar ble

0  |  2
zochin(103.212.118.64) 2022 оны 07 сарын 15

eostoi mundag zaluu nas bna daraa daraagiin bvh avraga chi shv.hangai bish bsan shv

2  |  0
Д.Бас(37.173.138.205) 2023 оны 03 сарын 21

Дүү энэ жил цолоо ахиулаарай. Чамд ирээдүй их бий шүү. Даруухан гоё ярилцлага өгсөн ба. Баяр хүргэе

1  |  0
zochin(66.181.164.53) 2022 оны 07 сарын 15

Estoi mundag zuv zaluu bn amjilt husie. Uvaigui buhchuuded ene zaluugaas surah yum ih bn daa unshaasai

3  |  0
aagii.(192.82.64.247) 2020 оны 07 сарын 04

khuvsguliin bukhchuudeer tsolond hursen ni bas eejiin ni nutgiin devjee tusheed bsan bna shuu. saikhan barilddag arslan shuu. tsoloo ahiulaarai duu mini.

1  |  0
Top