Газрын гэрчилгээгүйн улмаас гудамжинд гарахдаа тулжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 02

Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр Ногоон нуур хэмээх газарт одоогоос 15-20 жилийн өмнө айлууд хашаа хатгаж бууриа тамгалснаар бүхэл бүтэн гэр хороолол үүсжээ. Тухайн цагт газар олголтын ажил ид явагдаж, нүүлгэн шилжилт идэвхтэй өрнөж байсан үе. Танил талтай, бяр тэнхээтэй нь ахиухан хэмжээний газар тойруулж, өмчлөх бичгээ өвөртлөөд авсан бол хүн бүл муутай, хөгшин хөвөө, хүүхэд шуухад голдуу, өрх толгойлсон эмэгтэйчүүдтэй айл нь алгын чинээ газарт атгын чинээ гэр барьж амжсан аж. Тус хорооны Чингэлтэйн 19 дүгээр гудамжны 17 айл, 17, 18 дугаар гудамжны найман айл гээд нийт 25 айл өрх олон жил газрынхаа гэрчилгээг хөөцөлдөж улаа эргэтэл гүйсэн байна. Өнгөрсөн хугацаанд олон ч засгийн нүүр үзэж үе, үеийн Ерөнхийлөгч, хотын дарга нарт өргөдөл хүсэлт илгээж, өдий болтол горьдлого найдлага тээн хүлээжээ. 

Баруун тийш Цагаан байр, урагш Баянбүрд, хойш 32-ын тойрог хүртэл үргэлжилдэг тус газар нь олон жилийн өмнө хог новшинд дарагдаж, нохой шувууны сэг зэм хөглөрч, намаг шалбаагтаа баригдаж байжээ. Иргэд хур хогийг нь цэвэрлэж, хонхор газарт шороо асгаж, хотгорыг нь тэгшилж өөд нь татаж авсан аж. 2010-2013 онд Өмчлөх эрхээ авчихсан ойр орчмын айлууд газар чөлөөлөлтөд хамрагдаж газраа байраар солиод нүүсэн онуудад тэдгээр 25 айл үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л бужигнасан байна. Хэзээ биднийг нүү гэх бол гэсэн үргэлжийн айдас түгшүүртэй. Хажуу айлаасаа тог татсан боловч тог өгдөг айл нь дургүй нь хүрэхээр тасалж, дур нь хүрэхээр залгаж, 10 гаруй жил хүний эрхэнд амьдарчээ. Тогны мөнгө гэж айлд 50-60 мянган төгрөг төлнө. 2013 онд Сүхбаатар дүүргийн Газрын албанаас таван жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ олгож иргэдийн амыг нэг хэсэг таглажээ. Өөрсдийн гэсэн тогны шийдтэй ч болцгоосон байна. Хашаандаа байшин барья гэхээр хэзээ мөдгүй “нураа” гэвэл хайран хөрөнгө болчих гээд, хашаагаа тордож өөд нь татъя гэхээр хэн нэгэн дарга мяндагтан ирж “нүү” гэх болов уу гэсэн хүлээтэй, хүлээлттэй. Тэдгээр айл бүхэнд амьдрал буцалж буй. Өрхөө анх татсан шинэхэн хос өдгөө өнөр бүл болж, өлгийтэй үрс нь насанд хүрч, өтөл буурай нь тэнгэрт одсоор байгаа нь хамгийн харамсалтай тавилан гэлтэй. Үхэхдээ үр хүүхдэдээ алгын чинээ газраа аминчлан үлдээчих юм сан гэсэн ганцхан чинхүү хүсэлтэй хөгшид ч бий. Эдгээр айлын 150 гаруй иргэний хувь тавилан бүрхэг хэвээр. 

Тэдний дунд газрыг нь бүтээж өгнө хэмээн тухайн үеийн хорооны хэсгийн дарга, хорооны Засаг даргаас нь эхлээд мөнгө залилан авсан хэрэг ч гарчээ. Танил талгүйгээр нь элэг барьж "Чаддаг юм бол мөнгөө олоод аваарай" гэж басамжилсан аж. Мөн Газрын албан дээгүүр газрынх нь өргөдлийн нэрийг нь өөрийнхөө охины нэрээр солиод гүйж байсан хорооны Засаг дарга ч бий ажээ. Иргэд "Эрх мэдэлтэй дарга нар нь ард иргэдийнхээ нуруун дээр сандайлж, хамаг хөлс хөдөлмөр, хөрөнгө мөнгөө шавхаад гал голомтоо асаан амьдарч ирсэн газрыг нь дээрэмдэж болдог, гэрчилгээг нь өгөхгүй хааж боодог авлигад идэгдсэн, ардчилал нэртэй бохир төрийн алба хэзээ цэвэрших вэ" гэж асуув. 2018 онд эдгээр айлын эзэмших гэрчилгээний хугацаа дуусжээ. Нэг л өдөр бүтээн байгуулалт, дахин төлөвлөлт нэрийн дор хүч түрэн нүүлгэж, нутаг заах уу, эсвэл гудамжинд гаргах уу. 150 гаруй иргэд энэ л хороонд ээнэгшин дасаж, ижилдэн амьдарч, үр хүүхэд нь сургууль соёлд нь сурч төгсөн, эмнэлэг домлогт нь үзүүлж харуулж ирсэн. Тэдэнд өөр очих газар, оочлох эд хөрөнгө байхгүй. 

Чингэлтэйн 19 дүгээр гудамжны оршин суугч Ө.Ж ”Манайх энд буугаад 20 жил болж байна. Эхнээсээ хүүхдүүд маань өрх тусгаарлаж, хаяа бараадан амьдарч байна. Үр хүүхэд, ач зээ, хүргэн бэр нийлээд гурван өрхийн 13 хүн энэ хашаанд амьдардаг. Хашаа бүрд 2-3 өрх айл бий. Хамгийн сүүлд өнгөрөгч дөрөвдүгээр сард нийслэлийн Газрын албанд хандсан боловч “Төрийн өмч” гээд халгаагаагүй. Манайх шиг долоо, найман айл хашаандаа байшин барьсан боловч одоо болтол үл хөдлөх хөрөнгөөр орж, үнэлгээ тогтоож чадахгүй байна. Үхмэл хөрөнгө сахиж, үжирсэн хашаанд насыг барж байгаадаа гутардаг. Би цэвэрлэгч, угаагчаас эхлээд хийж болох бүхий л ажлыг хийгээд хэдэн хүүхдээ тэжээж яваа. Миний хувьд өмчлөөд байх хөрөнгөгүй, алга дарам газрыг минь улс өмчлөөд өгвөл хэдэн хүүхдэд минь л хэрэгтэй юм болов уу. Төр засгаасаа эдгээр айлын газрын эзэмших гэрчилгээг сунгаж, цаашид өмчлөх гэрчилгээг гаргаж өгөөч гэж л хүсмээр байна. Өөр юу ч гуйхгүй” хэмээн учирлан ярилаа.

Сүүлийн таван жил тус хорооны нутаг дэвсгэрт барилга байшин олноор баригдаж байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Хаяанд нь тулсан шинэхэн барилгууд өдөр бүр ашиглалтад орж байна. Чингэлтэйн 18 дугаар гудамжыг нүүлгэн шилжүүлж 1080 айлын орон сууц барихаар төмөр улаан хашаа татчихсан, барилгын ажил эхэлсэн байлаа. Өмчлөх гэрчилгээтэй айлууд газраа үнэлүүлж байр эсвэл мөнгөөр сольж амьдрал ахуй, амьжиргаагаа дээшлүүлж байна. Улсаас нэг м.кв газрыг 240 мянган төгрөгт үнэлж авч байгаа бол барилгын компаниуд 250 мянган төгрөгөөр үнэлж авч байна гэж оршин суугчид шаагилдаж байв. Гэтэл замтайгаа ойрхон, өмчлөх эрхтэй айлууд нэг м.кв газраа 300-500 мянган төгрөгт өгнө гэж данайдаг гэх. Эдгээр 25 айлын тухайд энэ тухай саналтгүй. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй зохих түвшинд нь үнэлүүлээд улсдаа юм уу барилгын компанид өгөхөд бэлэн хэмээн ханцуйндаа залбирч суугаа. Дарга даамлууд нь Ногоон нуурын далан дагасан, аюултай бүс гээд зөвшөөрөл өгдөггүй гэх боловч адилхан далан дагасан олон айл өмчлөх гэрчилгээгээ авсан байдаг нь тэдэнд гомдолтой байгаа аж. Онцгой байдлын газраас 2013 онд дүгнэлт хийлгэхэд аюулгүй гэсэн бичиг өгчээ. Ус сувгийн удирдах газраас шинжээч томилж шилжлүүлэхэд үер усны аюулгүй гэдгийг баталсан аж. Хөрсний шинжилгээ хийдэг компаниар айл бүр 250 мянган төгрөг төлж шинжилгээ хийлгэхэд хөрсний бохирдолгүй гэжээ. Хэчнээн их зардал, чирэгдэл, цаг хугацаа зарцуулж байж тэд эзэмших гэрчилгээгээ гардав. Нэг хэсэг ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн барина гэж сүржин нэртэй даржин төслөөр далайлгасан боловч өдгөө өндөр барилгууд л нэмэгдээд байхаас биш ганц мод бут тарьсан түүх үгүй гэж оршин суугчид гомдоллож байв.

 

Чингэлтэйн 17 дугаар гудамжны оршин суугч А.С “Энэ хороонд 15 жил амьдрахад нэг ч удаа үер усанд автаж байгаагүй. Байршлын хувьд хотын “А” зэрэгт оршдог болохоор хүмүүсийн нүдний хор их орсон газар. Манайх 2005 онд гэрчилгээгээ хөөцөлдөөд мунгинаж байх хойгуур урд талын айл манай газрын маань талыг булааж аваад өмчлөх гэрчилгээ гаргуулаад зарчихсан. Газрыг чинь бүтээж өгнө гэсэн олон ч хүнд мөнгө өгч хулхидуулж, тэр хэргээс болж хань ижил маань хэрүүл маргаан хийж, дарамталсаар, сүүлдээ нялх үр бид хоёрыг орхиод, салаад явсан. Энэ нь нэг хүний амьдрал боловч нийтээрээ бүгд өөр, өөрийн гэсэн хохиролтой, зовлонтой байгаа. Эдгээр айлуудын ихэнх нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг. Тогтсон ажилгүй, орлогогүй хар бор ажил хийдэг олон хүүхэдтэй, ганц бие аавууд ч бий. Өдөр бүр гадуур халуун савтай хоол зарж амь тариа залгуулдаг өвгөн буурай ч бий. Тэдний ард дор хаяж таван ам бий. Тэдний нийгмийн амьдрал нэн ядуу, ирээдүй нь тун бүрхэг байна. 2011 онд манай гудамжид инженерийн шугам сүлжээ гүйж, бүх айлыг нүүлгэсэн. Манайхыг хөөж, тууж үргэлж дарамталдаг байсан боловч очих газаргүйдээ аргагүйдэн шийр заасаар гудамжныхаа үзүүрт торойгоод хоцорсон. Эзэмших гэрчилгээгээ сунгуулах гэж нийслэл болоод Сүхбаатар дүүргийн дарга, Газрын албан дээр олонтаа очсон. Гэвч “Улсын өмч” гээд үл тоодог. Нийслэл нь дүүрэг рүү, дүүрэг нь нийслэл рүү явж асуу гээд чулуу хөөлгөж, бөмбөг өнхрүүлж байгаа юм шиг олон жилийг барлаа” гэж халаглалаа.

Иргэдийн олон жил төр засагт өргөсөн хүсэлт өргөдөл өдгөө зузаан, зузаан хавтаст хэрэг шиг хадгалаастай байна. Сансраас авсан зураг, кадастрын зураг, фото зураг, тог төлсөн баримт, хог ачуулсан дэвтэр, тэр ч бүү хэл үе, үеийн сонгууль өгсөн баримт нь хүртэл хураалттай байх. 2000 оноос эхэлж хашааны дугаараа хадаж, сонгуулиа дугуйлж, өрхийн эмнэлэгтээ харьяалагдаж, газрын татвараа төлөөд явж буй иргэдийг хүний тооноос хасчихсан төр засаг нь 2008 оноос хойш дахин төлөвлөлт нэрийн дор далайлгаж, дагжин чичрүүлсээр ирсэн аж. Үндсэн хуульд заасан эрхийн дагуу хүн хаана амьдрахаа өөрөө сонгох эрхтэй. Тэд тайван сайхан амьдрах хүн ёсны эрхээ олон жил эдэлж чадаагүй гэхэд хилсдэхгүй. Энэ цаг үед эрх ямба эдэлж буй Сүхбаатар дүүргийн Засаг даргатай нь иргэд уулзах гэж хэдэнтээ очиход нэг ч удаа гэгээн дүрээ харуулаагүй гэх. Өдгөө өм цөм нүүсэн Ногоон нуурын гэр хорооллын байшингийн нурсан балгас дунд гэр оронгүй архичид, болж бүтэхгүй хүмүүс үүрлэсэн. Буцаад хог новшиндоо дарагдаж, нохой шувууны сэг зэм хөглөрч эхэлсэн. Хотын төвд оршин буй хогийн цэг л болоод уджээ. Ийм л орчинд мөнөөх иргэд амьдарч, үр хүүхэд нь өсөж өндийж байна. Аргаа барсан иргэд эцсийн аргаа хэрэглэж Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлахад бэлэн гэдгээ илэрхийлэв. Хүний төлөө гэж сайхан амьдрал, том амлалт өгч гарч ирсэн дарга түшмэд ээ, ард иргэдээ туйлдтал нь битгий зовоогооч. Нийслэл, дүүргийн Газрын албаны дарга нар аа, мартагдсан хорооллын орхигдсон иргэдийнхээ хувь тавиланг яах гэж байна вэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top