Орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр эхэллээ. Түүхийн хичээлийн шалгалт 10.00 цагт нийслэлийн 43, орон нутгийн 42 шалгалтын байранд явагдаж, 14.00 цагт англи хэлний шалгалтаар үргэлжиллээ. Манай сурвалжлах баг элсэлтийн ерөнхий шалгалтын талаар сурвалжлахаар нийслэлийн Ататуркийн нэрэмжит тавдугаар сургуулийг 10.30 цагт зорин очиход шалгалт эхэлсэн учраас сургуулийн хаалга цоожтой байлаа. Сургуулийн гадна байрлуулсан гурван асарт хүн байсангүй. Тиймээс нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургуульд 11.00 цагийн үед очиход сургуулийн гаднах хашаа цоожтой. “Олон хүн бөөгнүүлэхгүй нэгдсэн байдлаар мэдээлэл өгнө” гэсэн хариулт өглөө. 11.30 минутын үед 80 минут үргэлжилсэн түүхийн шалгалтыг өгсөн шалгуулагчид эхнээсээ сургуулийн хойд хаалгаар гарч ирлээ.
И.Нямбаяр ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд ажиллангаа шалгалтад бэлдсэн. Энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалтад найман хичээлийн шалгалт өгөх гэнэ.
Б.Даваадорж бие даан шалгалтад бэлдэх ном, зөвлөмжүүдийг уншиж судалж шалгалтад бэлджээ. Түүхийн шалгалт хоёр хэсэгтэй. Нэгдүгээр хэсгийн асуулт 56, хоёрдугаар хэсэг дөрвөн асуулттай явагджээ. Шалгалтад оролцсон шалгуулагчид “Цар тахлын үеийн дэглэмийг сайн баримталж оролцлоо. Бэлдсэн учраас шалгалт гайгүй амархан санагдлаа” гэж хэлцгээж байна. Тус шалгалтын байрны түүхийн шалгалтад 45 шалгуулагч бүртгүүлснээс 40 шалгуулагч оролцсон байна. Англи хэлний шалгалтад 260 орчим шалгуулагч орж байгаа аж. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн Захиргааны хэлтсийн дарга Ш.Шижир-Эрдэнэ “Шалгалтад бүртгүүлчихээд ирэхгүй байх тохиолдол байдаг. Гэхдээ хоцорсон асуудал гараагүй. Шалгуулагч халуунаа хэмжүүлж бүртгүүлээд, гарыг ариутгаж, нэг удаагийн хамгаалах хэрэгсэл буюу амны хаалт зүүлгэж, бээлий өмсүүлээд, цааш бичиг баримтыг шалгаж оруулж байгаа. Металл илрүүлэгчээр шалгалтад авч орохыг хориглосон зүйлсийг шалгаж дотогш нэвтрүүлж байгаа. Ангиудад мэргэжлийн байгууллагуудаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэсэн” гэв.
Өнгөрсөн жил шалгалтын төвийн тоо 50 байсан бол энэ жил 85 болж нэмэгджээ. Учир нь нэг ангид ихдээ 12 шалгуулагч шалгалт өгч байгаа учраас шалгалтын байрны тоо бараг хоёр дахин нэмэгдсэн нь энэ. Мөн шалгуулагчдыг 1.5 метрийн зайтай байхаар зохицуулалтыг хийжээ.
23 дугаар сургуулийн эмч И.Соёлмаагийн хэлж буйгаар шалгуулагч халуурах гэнэтийн эрсдэл тохиолдвол тусгаарлах хоёр өрөөг ч бэлдсэн гэнэ. Шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхдөө гар утас, ном, ноорог цаас, тооны машин, чихэвч, ухаалаг цаг, үзэг, тосон бал, томьёоны хураангуй, дуу хураагуур зэргийг авч орохыг хориглодог. Харин бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичгийг заавал авч ирэх ёстой.
Боловсролын үнэлгээний төвийн Шалгалт, судалгааны хэлтсийн дарга Л.Ганбат “Энэ жил улс оронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулаад Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас гаргаж байгаа заавар зөвлөмжийн дагуу элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулж байна. Шалгуулагчдыг шалгалтын байрны гадна бөөгнөрөл үүсгэхгүй байлгах үүднээс цагийн хуваарийн дагуу оруулж байгаа онцлогтой. Өөрөөр хэлбэл, 14.00 цагт эхлэх шалгалтад 13.05 минутаас эхлээд шалгалтын байрны гадна шалгуулагч ирэх ёстой. Нэг шалгалтын байранд гэхэд хамгийн олондоо 300 хүртэлх шалгуулагч шалгалт өгч байгаа” гэв.
Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын бас нэгэн онцлог гэвэл шалгуулагч шалгалт өгснөөс хойш 10-20 минутын дотор шалгалтын засалтыг www.live.eec.mn цахим хаягаар лайваар шууд болон нөхөж үзэх боломжтой юм.
Боловсролын үнэлгээний төвийн албан хаагчдын хэлж байгаагаар шалгуулагчийн бичиг баримт дутуу, хоцорсон гэх мэт асуудал өчигдрийн хувьд гараагүй байна. Гэсэн хэдий ч Боловсролын үнэлгээний төвийн лавлах утаснаас буруу мэдээлэл авсны улмаас элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох боломжгүй болсон охины ээжээс бид мэдээлэл авсан юм.
Охины ээж Л.Эрдэнэцэцэг “Хүүхэд маань коллежийн оюутан. Ирэх өвөл сургуулиа төгсөх ёстой боловч хоёр жил сурчихсан бараг төгссөн. Бид дөрөвдүгээр сард бүртгэл хийлгэхээсээ өмнө Боловсролын үнэлгээний төвийн лавлах утсанд холбогдож асуухад “Манай хүүхдийг элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ жил өгч болно, боломжтой” гэсэн хариултыг өгсөн. Улмаар Боловсролын үнэлгээний төвийн бүртгэлийн системд бүртгүүлэхэд шалгалтад орох боломжтой гэж ч гарч ирсэн, бүртгэж авсан. Тиймээс нийт гурван хичээлээр шалгалт өгөхөөр хураамж төлж, бичиг баримтуудаа бүрдүүлээд, хүүхэд ч шалгалтад идэвхтэй бэлдсэн. Гэтэл эхний буюу англи хэлний шалгалтад орох гээд ирсэн бүрэн дунд боловсролын гэрчилгээ гараагүй учраас шалгалтад оруулахгүй байна. Одоо ингээд бүртгүүлсэн бүх шалгалтдаа оролцож чадахгүй юм шиг байна. Анхнаасаа Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ тодорхой өгчихсөн бол ийм асуудалд орохгүй шүү дээ. Одоо нэгэнт бүртгүүлсэн учраас шалгалт өгөхөөр төлсөн хураамжаа ч эргүүлэн авах боломжгүй гэсэн. Манай хүүхдийн ангийн тав, зургаан хүүхэд мөн ингэж элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Өгч чадсан эсэхийг мэдэхгүй байна. Эхнээсээ Боловсролын үнэлгээний төвийн лавлахаас өгсөн хариултын дагуу бүртгүүлэхэд бүрэн дунд боловсролын гэрчилгээг шаардаагүй. Тэгсэн атлаа яг шалгалт өгөх гээд ирэхээр гэрчилгээ байхгүй учраас оролцуулсангүй. Төрийн албаны хариуцлагагүй байдлын улмаас энэ мэт хүүхдүүд хохирох вий гэж би санаа зовж байна. Тэгсэн хэрнээ сая манай хүүхэдтэй адилхан асуудалтай нэг шалгуулагч шалгалтад орчихсон” гэж санаа зовнингуй хэллээ.
Энэ жил улсын хэмжээнд 30.9 мянган шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа. Гэтэл зарим нэг албан хаагчийн анхааралгүй хариулт, мэдээллийг иргэдэд дутуу олгодог хариуцлагагүй байдлын улмаас дөнгөж ерөнхий боловсролын сургуулиа төгсөж амьдралд хөл тавих гэж хичээж буй хүүхдүүд хохирсоор байх уу. Ажлаа сэтгэлээсээ, хариуцлагатай хийх нь иргэний нэгэн үүрэг болоод байна.
Сэтгэгдэл ( 1 )
төрийн албанд дандаа чадваргүй юмнууд дүүрсэн