БӨХИЙН ГАЛААР | Бөхчүүдийн бяр ханаж, сэтгэлзүйн бэлтгэлдээ орлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 06

-Байгалиасаа өгөгдөл сайтай бөхчүүд дээшээ барилдах боломжтой-

Дэлхий нийтийг цочирдуулсан цар тахлын үед монголчууд дотооддоо алдаагүй цорын ганцаар нэрлэгдэж Монгол төрийнхөө наадмыг сэтгэл догдлон хүлээж байна. Хэдийгээр төр засгаас үзэгчгүй хийхээр болсон ч гэлээ үндэстний дархлаа, ЮНЕСКО-гийн соёлын биет бус өв болсон наадмаа хийж байгаа нь сайхан хэрэг. Өвчин зовлонтой хэцүү цагт нэг жил наадмаа өнжөөд төсөв хөрөнгийг нь өөр ажилд зарцуулая гэсэн хүмүүс бий. Тэдний сэтгэл, санааг буруутгах аргагүй. Гэсэн хэдий ч Монгол төр эрийн гурван наадмаа дайны хүнд жилүүдэд ч өнжиж байгаагүй юм билээ. Эрийн гурван наадам бол ард түмний сэтгэл санаанд, үндэстний соёлынхоо гүйцэтгэх үүргээр ийм өндөр байр суурьтай аж.

Түүхэндээ анх удаа наадмаа үзэгчгүйгээр тэмдэглэхээр болж бөхчүүд, уяачид, харваачид тус тусын бэлтгэлийг бүрэн хангахаар богинохон хугацаанд шамдаж байна. Ард түмэн ч гэсэн дор бүрнээ түрүүлэх бөхөө сэтгэлдээ нэрлэж, цолоо ахиулах бөхчүүдээ битүүхэн харж сууна. Тиймээс бид бүхэн энэ удаагийн сурвалжилгаараа бөхчүүдийнхээ бэлтгэлийн явц, тэдний байдалтай танилцахаар хичээлээ. Бид бүхний хамгийн түрүүнд очсон бөхийн гал бол Өвөрхангай аймгийн Хужирт сумын бөхчүүдийн нэгдсэн гал байлаа. Алсаас харахад дөрвөн жижиг гэр зээглэн буусан нь хангай газрын зуслангийн айлууд шиг харагдах ч гэрүүдийн урдах тэгш талбайд Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэлтэйгээр мандуулсан нь бөхийн гал мөн гэдгийг илтгэх мэт сүртэй намирна. Баруун хойноосоо бүрхэж, үе үехэн салхи ширүүсэж байснаа биднийг очингуут зөөлөн шивэрч эхэллээ.

Гэрийнхээ үүдэнд гарч биднийг тоссон хүн бол Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Монгол Улсын начин Цэндзэсэмийн Чимэддорж байлаа. Ц.Чимэддорж Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд урамтай сайхан барилдаж харцага Ж.Амартүвшингээр дөрөв, заан Б.Сайнбаяраар тав даван шөвгөрч ард түмэн, уул усаа баясгасан нэгэн юм. Энэ жилийн хувьд цар тахалтай, дээрээс нь аймгийн хэмжээнд гал болон гарах бөхчүүдийн тоо эрс нэмэгдсэн учраас “Их Монголын хүчтэн” дэвжээнийхэнтэйгээ ярилцаж байгаад анх удаа бөхийн гал толгойлон ийнхүү гарчээ. “Их Монголын хүчтэн” дэвжээнийхэн энэ жил Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт Дэлхийн хошой аварга З.Ойдовын амралтанд гарч байгаа аж. Улсын начнаар толгойлуулсан эдний галынхан зургаадугаар сарын 25-наас эхлэн бэлтгэлдээ гарсан бөгөөд нийт 15 бөхтэй. Ер нь сонгуулийн жил бөхчүүдийн бэлтгэл оройтож гардаг ч энэ жилийн хувьд цар тахлаас болж бүр оройтсон гэдгийг тэрбээр хэлж байна лээ. Дандаа шинэ залуу бөхчүүд байгаа учраас ихэнх нь аймаг, сумандаа барилдахаар ийнхүү түүний удирдлага дор бэлтгэлээ чамбайруулж байна. Жил шахам хугацаанд заалны барилдаан болоогүй болохоор бөхчүүд барилдааны бэлтгэл дээрээ түлхүү анхаарч бэлдэж байгаа аж. “Энэ жилийн наадмын бөхийн барилдаан үзэгчгүй болно гэж байгаа. Сэтгэлд нэг л бууж өгөхгүй юм. Гэхдээ дайны жилүүдэд ч өнжиж байгаагүй төрийнхөө наадмыг өндөр зохион байгуулалтын дор хийж байгаа учраас засаг төрийнхөө шийдвэрийн дагуу л барилдана” хэмээн сэтгэлээ уудаллаа. Биднийг ийнхүү ойр зуурын юм ярилцаж байтал бөхчүүдийн хоол бэлэн боллоо. Анх удаагаа гал толгойлон гарч байгаа болохоор шавь нарынхаа бэлтгэлийг хангуулах, орон байрын асуудлыг шийдэхээс гадна, гал тогоо, хоол унд гээд бүгдэд анхаарал хандуулах шаардлагатай болж байгаа аж. Өмнө нь зөвхөн өөрийнхөө бэлтгэлийг базааж, багш нараасаа заавар зөвлөгөө аваад явдаг байсан бол энэ жил бусдад зааж зааварлаж байгаа учраас ялгаа их гарч, хувийн бэлтгэл нь орхигдож байгаа талаар ярьж байлаа. Бөх хүн үзэгч түмнийнхээ уухай, алга ташилтаас сэтгэлийн дэм авч, даваа өгсөх тусам тэднийхээ итгэлийг алдахгүй гэж хичээж барилддаг учраас энэ жилийн барилдаан их онцлог, сонин болох байх. Өвөрхангайхан өнгөрсөн жилийн наадмаар начин болсон Б.Цэдэнсодном, улсын харцага Х.Гантулга нараас гадна Ц.Чимэддорж начнаа өндөр даваанд харах нь дамжиггүй.

Бөхчүүдийнхээ гарын хоолыг идэж сайхан яриа өрнүүлсэн бид шиврээ борооноор Хилчин спорт хорооны бөхчүүдийн гал дээр очлоо. Биднийг ирэхэд тус хорооны бөхчүүд өглөөнийхөө барилдааны бэлтгэлийг хийгээд амарч байлаа. Хилчин спорт хороо бол Монголын спортын бүхий л төрөлд тэргүүлдэг шилдэг спорт хороодын нэг. Энэхүү галыг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, өсөх идэр начин Наранцэцэгийн Бүрэнбаатар тэргүүлж, бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилтыг мөн л зургаадугаар сарын 25-наас хийлгэж байгаа юм. Тэрбээр Хилчин спорт хорооны ахлах дасгалжуулагч гэсэн албыг тавдугаар сард хүлээн авсан. Бугын сангийн аж ахуй дээр тус хороо 1998 оноос хойш тасралтгүйгээр наадмын бэлтгэлд гарч байгаа ажээ. Наадам дөхсөн энэ богино хугацаанд бөхчүүд нэг бүр дээрээ тулж, ямар сэргэлтийн, тактикийн гээд бүхий л бэлтгэлийг хийж байна.

Хилчин спорт хороо анх 1998 онд байгуулагдахад Н.Бүрэнбаатар начин анхны таван тамирчдын нэгээр ирж байжээ. Ингээд 1999 оноос хойш улсын баяр наадамд улсын цолтой бөх тасраагүй гэнэ. Энэ жилийн наадмын хувьд онцлогтой болж байгаа учраас байгалиасаа өгөгдөл сайтай тийм хүн дээшээ барилдах боломжтой. Начины таавраар бол үзэгчийн уухайн түрлэгээр урам авч барилддаг Хилчин спорт хорооны улсын заан М.Өсөхбаяр шиг хүмүүс барилдахад их хэцүү байх аж. Харин эсрэгээрээ сэтгэл хөдлөл багатай аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, арслан Ц.Содномдорж зэрэг бөхчүүд дээшээ барилдаж улмаар төрийн наадмын түрүү авах боломжтой гэнэ. Энэ бол зүгээр л таамаг төдий зүйл. Иймэрхүү зүйл ажиглагдаж байгаа учраас багш дасгалжуулагчид бөх нэг бүр дээрээ бэлтгэлийг өөрчилж, тулж ажиллахаас гадна сэтгэлзүйг нь ч бэлдэж байгаа. Улсын наадмаар хүчит 512 бөх барилдах учраас хоёрын давааны нугалаан дээр аймгийн арслангууд хүчээр таарч барилдана. Давлаа гэж бодоход гурвын даваа ч хүнд болно. Эдгээр хүнд барилдаануудад өөрийгөө сайн задлаад нээгээд өгсөн хүн бол цаашаа сайн барилдах боломжтой болно. Тийм ч учраас Н.Бүрэнбаатар начин туршлага дээрээ үндэслэн өөрийн шавь нараа хэдийн даваанд хэнтэй таарахыг нь урьдчилан тооцоолж, тухайн өрсөлдөгчид нь таарсан арга барил, мэхийг зааж, сургаж байна. Наадмуудыг нэг өдөр хийж байгаад дасгалжуулагч, багш хүний хувьд дэмжиж байгаа аж. Учир нь өөр, өөр өдрүүдэд хийхээр бөхчүүд маань янз бүрийн ярианд орж бөхийн нэр хүнд унаж байгаа гэнэ. Нэг өдөр хийхээр бөхчүүд яг л зорьсон, очихыг хүссэн, сэтгэлд нь багтсан газраа л очиж барилдах учраас чанартай цолтнууд төрнө. Хилчин спорт хорооны тамирчдын хувьд ч ийм байна. Аймгийн арслан цолтой бөхчүүдийн ихэнх нь энэ жил аймагтаа очиж барилдана. Учир нь аймагтаа дахин түрүүлж чимэг нэмчихвэл ирэх жилийн Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ой дээр эрэмбийн хувьд дээшээ барилдана. Энэ мэтчилэн жижиг гэлтгүй бүхнийг тооцоолон бэлтгэл сургуулилтаа хийж байна. Монгол Улсынхаа дархан хилийг манаж байгаа хилчин эрсийн хийморь золбоо түшиж энэ жилийн наадмаар хилчин бөх түрүүлэх болтугай гэсэн ерөөл өргөснөөр бид бүхэн Дорноговь аймгийн “Хутагтын хүчтэн дэвжээ”-нд очлоо. Тус дэвжээний бөхчүүд энэ жил анх удаа тусдаа гал болон бэлтгэл сургуулилтаа хийж байна. Тус дэвжээнээс Эрдэнэ сумын уугуул улсын харцага А.Цацабшир, Мандах сумын харьяат улсын начин А.Хатансайхан нарын улсын цолтой бөхчүүд төрөн гарсан юм.

Дасгалжуулагч багшаар нь самбо, жүдобөхийн Олон улсын хэмжээний мастер О.Нарангэрэл ажиллаж байгаа аж. Биднийг очиход А.Цацабшир харцага, А.Хатансайхан начин нар эзгүй байлаа. “Хутагтын хүчтэн дэвжээ”-нд энэ жил 25-27 хүн хамрагдан наадмын бэлтгэл хийж байгаа бөгөөд аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал тэргүүтэй арслангуудаа улсын цолтон болгохоор “сойж” байна.

Ийнхүү бороо хуртай сайхан өдөр баяр наадмын бэлтгэлээ хичээнгүйлэн базааж байгаа бөхчүүдийн галын сонин сайхныг сонсож явлаа. Монголчууд хэзээнээсээ хүү төрвөл бөх болно хэмээн билэгшээж ирсэн ард түмэн. Тэр дундаа төрийнхөө наадамд шөвгөрч улсын цолтны эгнээнд бичигдэнэ гэдэг хэн дуртай аавын хүүд тохиогоод байхгүй хувь тавилан. Үүнийгээ дагаад улсын цолыг дааж явах, ард түмнийхээ итгэлийг алдахгүй байх гэсэн асар хүнд хариуцлага ч бөх хүнийг дагаж явдаг. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, олон түмнээ “хар аварга” хэмээн алдаршсан дархан аварга Д.Цэрэнтогтох 1972 оны улсын наадамд шинэ цэрэг байхдаа зургаа даван шөвгөрч Улсын начин болоход нь аав н.Дашдорж нь “Үүнээс хойш чамтай хамт Төрийн сүлд явах боллоо. Хүнтэй бүү муудалц, амьтны амь бүү тасал” хэмээн хэлж байсан гэдэг. Ингэж л төрөө, бөхөө хүндэлж ирсэн ард түмний хүндлэл хайрыг тээж яваа бөхчүүдийн маань наадмын бэлтгэл өнгөтэй байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тулга(202.126.89.78) 2020 оны 07 сарын 06

Бүрэнбаатарын туршлага гэж дуулахгүй байх.

0  |  0
Зочин(43.242.243.71) 2020 оны 07 сарын 06

Өмхий зовлогонууд

0  |  1
Бат(202.9.46.204) 2020 оны 07 сарын 06

Одоо нэг нэг алчуур авч засуулдаа өгөхсөн хүчний спорт хөлс ямар ямар мэхэнд нэмэр болдог бол өмнөөс нь ичих юм

0  |  0
Top