М.Оюунбаатар: Сэрвээний өндрийг хүний оролцоогүй хэмжих ёстой

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 09

-Хурдан морь тайлбарлагч, "ETV" телевизийн сэтгүүлч М.Оюунбаатартай ярилцлаа-


-Өөрөө аль аймгийн хүн билээ. Хурдан морьтой ажил, амьдралаа хэрхэн холбосон бэ?

-Би бол Төв аймгийн Баянцагаан сумын харьяат хүн. Манай сум Улсын баяр наадмаас 50 гаруй түрүү 200 гаруй айраг авсан улсын зууны манлай хурдны сум. Дээр нь зууны манлай уяач Д.Даваахүү гуай манай нутгийн хүн. Төв аймгийн Баянцагаан сум бол Улаанбаатар хотоос өмнө зүгт 150-аад километрт байдаг, говь, хангай хосолсон нутаг. Морины их дэг сургуультай, манай нутагт очсон хүмүүс уяа нийлэц, уяа яаж зоосон байдаг, морины хүүхдийн эмээл, хазаар, ташуур ямар байдаг юм гээд яг морины өв соёлыг харна. Сүүлийн үед уяачид ерөнхийдөө тээвэр хөгжчихсөн. Гэсэн ч сайхан асар майхан алаглаад л байж байдаг дээр үеийн уламжлал нь байвал зүгээр гэж боддог. Үүнийг хадгалж яваа нутаг гэвэл Баянцагаан сум байна.

-Хэдийнээс монголчууддаа морь тайлбарлаж  эхэлсэн бэ. Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?

-Би бол анх инженер болно гэж мөрөөддөг байсан ч Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар гуай, Л.Цагаандалай ах нарыг хараад тэд нар шиг зурагтаар гардаг хүн болно гэж бодсон. Тэгээд л МУИС-ийн сэтгүүлчийн ангид орсон. 2009 онд сургуулиа төгсөөд үйлдвэрлэлийн дадлагаа "TV9" телевиз дээр хийгээд  “Дүнжингарав” наадмыг анх тайлбарласан. Одоогийн жүдо, чөлөөт бөх тайлбарлаад байгаа Шижирбат бид хоёр хамт тайлбарлаж байлаа. Тэгээд зун нь шууд Ардын хувьсгалын 88 жилийн наадмыг тайлбарласан. Үүнээс хойш 11 жил улсынхаа баяр наадмыг тайлбарлаж байна.

-Морь тайлбарлана гэдэг хүндтэй, хариуцлагатай ажил. Албан ёсоор энэ ажлыг хүлээж авсан хүн бий юу?

-Тод манлай уяач Д.Даваахүү гуай чи энэ Л.Цагаандалайтай цуг яваад ийм ажил хийж сур, болно гэсэн. Тэгээд урд өмнө нь Ш.Гүрбазар, Л.Цагаандалай нарын тайлбарыг сонсдог байсан болохоор Л.Цагаандалай багштай нэг удаа дадлага хийж хэд, хэдэн наадамд цуг явсан. Тэгсэн "TV9" телевизэд морь тайлбарладаг байсан Манлай уяач н.Батбадрах ах “Зун ажилтай болчихлоо чи нэг үзээд алд” гэсэн. Тэгээд л би 2009 онд анх тайлбарлаж байлаа. Ингэж л ажлын гараагаа "TV9" телевизээс эхлээд одоо "ETV" телевизэд ажиллаж байна.

-Хурдан морь тайлбарлана гэдэг нэлээдгүй судалгаа, цээж шаарддаг байх. Тайлбар хийхдээ яг юунд анхаарч өөрийгөө бэлддэг вэ?

-Одоо бол нэг үеэ бодвол юм хөгжчихсөн байна. Наад зах нь гэхэд морь дагахад орчин үеийн машин байна. Өмнө нь Буянт-Ухаад  69 машинаар нэг том камертай олон уул даваа давж бичлэг хийдэг байсан. Бүртгэл, цуваагаа гараар бичдэг байсан бол шивээд өгдөг болсон байна. Харьцангуй олон телевиз морь гаргадаг боллоо. Архангай аймгийн наадам гэхэд л аймгийнх нь телевиз шууд дамжуулчихдаг болсон. Тэгэхлээр мэдээллийн орчин хөгжсөн нь нөлөөлж байна. Дээрээс нь техник технологийн хөгжил нөлөөлж байна. Мэдээж энэ бол хэцүү ажил. Хүмүүс ч энэ ажлаа олон жил хийгээрэй гэж урам өгдөг. Тэгээд аль болох хүний итгэл алдахгүйн төлөө олныхоо дунд даруухан явахыг хичээдэг дээ.

-Хурдан морь тайлбарлахын тулд зураглаачтайгаа цуг машинд явдаг юм уу, эсвэл дэлгэцээр хараад тайлбарладаг уу?

-Эхний 2009-2012 оны наадмуудыг дэлгэц харж тайлбарладаг байсан. 2013 оноос эхлээд одоог хүртэл цуг явж тайлбарладаг болсон. Ер нь цуг явж тайлбарлахад хэд, хэдэн давуу тал байдаг. Дэлгэцээр харахад унаач хүүхдийн номер үндсэндээ харагддаггүй. Машинтай цуг дагадаг болсноос хойш номер тод харагддаг боллоо. Дагаад явж байгаа хүний сэтгэл хөөрөл тэр зүйлийг бас арай өөр өнцөгөөс харуулдаг байх гэж боддог. Хурдан морь үзээд хүмүүс яагаад баярлаад байна гэхээр хурдан ритм гэдэг чинь арай өөр мэдрэмж төрүүлнэ. Зүгээр нэг суугаад ярих, яг дагаж яваад ярих хооронд зөрүү байдаг байх л гэж бодож байна.

-Та бас өөрөө морь уядаг. Хэдэн жил морь уяж байна. Ямар амжилтуудыг гаргасан бэ?

-Би өөрөө нэг их уяанд оролцдоггүй. Доороо гурван дүүтэй, тэд маань бүгд моринд дуртай. Хамгийн том нь М.Отгонбаатар гээд залуу бий. Өнгөрсөн жил аймгийнхаа баяр наадамд хязаалан дөрөвт оруулсан. Сумдын наадамд олон айраг түрүү авсан. Миний хувьд монгол адуугаараа наадаж байна. Аймаг сумдын наадамд айраг түрүүтэй сайхан л наадаж байна. Аав маань энэ жил аймгийн Алдарт уяач болсон. Төв аймгийнхаа баяр наадамд азарга, соёолон, хязаалан айрагдуулсан. Энэ жилийн хувьд морьд маань Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт уягдаж байна. Өнөөдөр шүдлэн, хязаалан хоёр маань Дундговь аймгийн нэг суманд уралдахаар явж байна. Азарга, их нас хоёроо аймагтаа уралдуулна. Манай өвөө 1972 оны улсын наадамд их насны морь гуравт оруулж байсан. Манай аав улс бүсийн наадамд хоёр ч морь зургаад хурдлуулсан.

-Өөрөө улсын баяр наадмыг тайлбарлаад цэнхэр  дэлгэцээр хүргээд явж байдаг. Морь чинь аймаг суманд уралдаж байдаг бас сонин мэдрэмж өгнө биз?

-Нэг нас тайлбарлаж ирээд л дүү нар руугаа залгаж асуудаг юм. Морь яасан бэ, юу болсон гээд. Энэ жил улс оронд болсон нөхцөл байдалтай холбоотойгоор манай мориныхон их завтай байлаа. Яахав бид төр засгийнхаа шийдвэрийг дагах хэрэгтэй. Энэ жил улсын баяр наадам болдгоороо болох байх. Сүүлийн үед Төв аймгийн телевиз аймгийнхаа наадмыг шууд дамжуулчихдаг болсон. Үүнд их баяртай байгаа.

-Энэ жил баяр наадмын хэчнээн сунгаа үзэж сонирхсон бэ. Аль галын морьд өнгөтэй байна вэ?

-Улсын баяр наадмын сунгаа зургаа, долоон газар боллоо. Төв аймгийн Баянхутаг сумын Цагаан усны хоолой гэдэг газар, Багахангай дүүргээс хойш Төв аймгийн Баян сумын нутаг Хадат гэдэг газар болсон. Мөн Налайхын цаана 61-ийн гарамны наана, Цагаан хөтөл гээд болсон. Энэ сунгаануудын хоёр гурваар нь очлоо. Бөхийг бол энэ жил тэр өнгөтэй байна гэж ярьдаг шиг морийг ингэж ярьж болдоггүй. Гэхдээ яг өнөөгийн байдлаар сэрвээг нь хэмжээд уралдах дүрэмтэй байгаа. Гэтэл улс оронд болсон нөхцөл байдалтай холбоотойгоор наадмыг хумигдмал хийж эрлийз гурван насыг тусад нь уралдуулалгүй, хольж уралдуулахвий гэсэн уяач нарын хардлага байгаа. Одоо бол энэ нь ийм, тэр нь тийм гэх тэмдэггүй болсон. Олон мянган залуу уяач нар морь уяж байна. Өнгөрсөн жил л гэхэд олон залуу уяач улс, бүсийн наадамд морьдоо түрүүлгэж, айрагдуулсан. Монголын морин спортод 90-ээд оныхон орж ирж байна. Эдгээрийн төлөөлөл болж Мягмарсүрэнгийн Алтан-Очир гэдэг залуу уясан морио улс, Их хурдад түрүүлгэлээ. Юм гэдэг үе, үеэрээ байдаг шиг уяачид ч ийм зүйл байна.

-Тэгэхээр энэ юутай холбоотой вэ?

-Уяачдын хувьд 1958 оны нохой, 1962 оны бар 1950 оны Даваахүү манлайгаас хойш төрсөн уяачид гэж нэг үеийн уяач нар байсан. Мөн 70-аад оноос өмнөх уяачид, 70-аад оноос хойшхи уяачид 1980-аад оны уяачид гээд үе, үеээрээ гарч ирсэн. Одоо  тэгсэн чинь 1990-ээд оны уяачид хүч түрэн орж ирж байна. Тэгээд хар ухаанаар бодоход ийм үечлэл байдаг юм байна. Монгол наадам залуужиж байгаад баяртай байгаа. Хөдөө залуучуудыг аргамжиж байгаа ганц зүйл бол морь байна. Морь байхгүй л бол бүгд төв суурин газар бараадчих гээд байдаг. Үүнийг төр засгаас бодлогоор дэмжиж байх ёстой юм болов уу гэж боддог

-Энэ жилийн наадамд таамаг дэвшүүлээч?

-Энэ жил Монгол Улсын Манлай уяач Т.Ихбаяр, Тод манлай уяач О.Батбилэг, Аймгийн алдарт уяач н.Батхүү гэсэн хүмүүсийн морьд байна даа. Хурдан морины уралдаанд өрсөлдөөн гэдэг зүйл нэмэгдсэн нь харагдаж байна. Сүүлийн арван жилд улсын баяр наадамд хоёр түрүүлсэн их насны морь ганц л байна. Нэг түрүүлсэн морь дахиж айрагдах нь хэцүү болсон. Энэ бол хүн болгоны адуу сайжирсаны нотолгоо гэж болно. Тод манлай С.Ганхуягийн бор, Х.Бат-Эрдэнийн хүрэн мориос өөр улсад дараалж айрагдсан морь алга.

-Адууны чанарыг сайжруулах, албан ёсны бүртгэлжүүлэх гэж их ярьдаг болсон. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Сүүлд эрлийз, монголоор нь ялгаж уралдуулдаг болсоноос маш их маргаан гарсан. Миний хувьд ч эрлийз адуу үржүүлж байна. Мөн монгол адуугаа ч үржүүлж байна. Монгол улс бэлчээрийн мал аж ахуйтай орон гэдгээ л бодох хэрэгтэй. Морийг зөвхөн уралдах гэж хэрэглэдэггүй, уналага ачлагад хэрэглэнэ. Монгол орны эрс тэс уур амьсгалыг давж гардаг. Монгол адууны тэсвэр тэвчээр бол гайхамшигтай. Бид ганц уралдахаа бодоод адуугаа хаяж болохгүй. Одоо мөрдөгдөж байгаа дүрмээр бол сэрвээний өндөр хэмжиж байгаа. Гэхдээ яг үнэн хэмжиж байна уу гэдгийг ард түмэн харж байгаа. Тийм учраас хүний үйл ажиллагаа оролцохгүй төхөөрөмжтэй болох хэрэгтэй. Тэнцсэн нь цаашаа ногоон гэрлээр яваад, тэнцээгүй нь үлддэг. Ийм л юмтай болохгүй бол энэ морь явсангүй түүний морь явчихлаа гэдэг маргаан хэзээ ч тасрахгүй. Сэрвээний өндөр хэмжинэ гэдэг бол эцсийн эцэст хамгийн болхи арга. Тэгээд үүнийгээ яс хэмжээд уралддаг бол бас нэг өөр. Улс хувьсгалын 100-н жилийн ойд тас гэсэн шударга шийдвэртэй байгаасай. Хэн нэгний эрх мэдэл орохгүй тийм наадам болоосой гэж бодож байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.32) 2020 оны 07 сарын 11

Шинэ үйлдэрийн шинэ монгол адуу гаргаж авахгүй бол монгол адуу нэг л бишээ , жижигхэн давжаа том хүн унаад давхиж чадахааргүй л болоод байна шүү

0  |  0
Аа(202.55.188.93) 2020 оны 07 сарын 11

Тэгээд одой морь уралдуулсаар байх уу. Арабууд адуугаа монгол угсаатай гэж ярьж байна. Киргизүүд адуугаа жинхэнэ монгол адуу гэж байна. Эдгээр нь үнэний ортой. Эрт цагийн монгол адуу 150 орчим кг ачаа дааж 6000 км туулж чаддаг байсан байх. Гэтэл одоо ямар байна. Нэг бүдүүн эр мордоод 2 уул давтахгүй сөхөрч унаж байна. Гэтэл киргиз адуу 100 кг хүн мордоод 10 уул давахад цуцахгүй байна шүү дээ. Адууны цусыг холдуулах хэрэгтэй.

1  |  0
Иргэн(202.9.46.61) 2020 оны 07 сарын 11

Монгол морьд өндөр биерхүү болоосой. Өндрийг нь хэмжисээр байгаад давжаа илжиг шиг болгочих вий дээ. Өндөр биерхүү хүмүүсээ бас хэмжээд эрлийз гээд ажилд авахгүй байвал яасан юм

1  |  0
Hoorhiis(112.96.166.192) 2020 оны 07 сарын 09

Serveegee l yarisaar bnu kkkk chaavaas daa

0  |  0
Hoorhiis(112.96.166.192) 2020 оны 07 сарын 09

Serveegee l yarisaar bnu kkkk chaavaas daa

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 07 сарын 09

Ui olnoor ni ustgaj baij

0  |  0
Top