Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч S&P агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B, тогтвортой” хэвээр үлдээлээ. S&P Монгол Улсын эдийн засагт коронавируснээс үүдэн үүссэн асуудлыг түр зуурын цохилт гэж үзжээ. Түүнчлэн эдийн засгийн төлөв 12 сарын хугацаанд эргэн сэргэнэ, төсөв, санхүүгийн бодлого тууштай үргэлжлэх нөхцөл бүрдсэн гэж үзжээ.
S&P агентлагаас Монгол Улсын эдийн засгийг 2020 онд нэг хувиар буурна гэсэн таамаглажээ. 2021 оны эдийн засгийн төлөвт Хятадын эдийн засгийн сэргэлт чухал нөлөөлөхийг онцолсон байна.
Сануулахад, тавдугаар сард олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч ФИТЧ (Fitch) агентлаг манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээсэн. ФИТЧ-ийн мэдээлэлд түүхий эдийн экспортоос хамааралтай Монголын эдийн засаг коронавирусний улмаас агшиж, ДНБ нь огцом буурч, төсвийн санхүүжилт муудаж буйг тодотгосон. Гэхдээ урт хугацааны зээлжих зэрэглэлийн төлөвийг тогтвортой хэвээр үлдээсэн нь эдийн засагт үүсээд буй нөхцөл байдал түр зуурынх бөгөөд эргэн хүчтэй сэргэж магадгүй гэсэн таамаглалд суурилсан байсан юм.
Ирэх дөрвөн жилд нийт 11 тэрбум ам.долларын гадаад өрийн эргэн төлөлт хүлээгдэж байгаа Монгол Улс зээлжих зэрэглэлээ бууруулахгүй, тогтвортой барих шаардлагатай байгаа. Тэгэхээр үнэлгээ тогтоогч байгууллагууд манай зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээж байгаа нь сайн мэдээ юм.
Олон "том" өрийн эргэн төлөлт 2021 оноос эхэлж байгаа. 2019 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өрийн 18.2 тэрбум ам.доллар буюу 61.2 хувийг аж ахуйн нэгж, компаниудын зээл эзэлж байсан.
Эдийн засагч Д.Ган-Очир “Монгол Улсын гадаад өрийн үндсэн болон хүүний төлбөр нэг л эх үүсвэрээс буюу гадаад валютын албан нөөц (ГВАН)-өөс төлөгддөг. Иймд Засгийн газрын гадаад өр л засгийн газарт хамаатай, бусад аж ахуйн өр хамаагүй гэдэг бол “хэт өрөөсгөл” ойлголт” гэсэн байсан. Гадаад өрийн төлбөр бүр ГВАН-ийг дундруулж, төгрөгийн ханшийн сулрах дарамтыг нэмэгдүүлнэ. Монгол Улсын нийт гадаад өр 30.5 тэрбум ам.доллар (ДНБ-ий 220 хувь) байгаагийн 16 тэрбум ам.доллар (ДНБ-ий 115 хувь) нь Монголчуудад шууд хамааралтай. Бусад нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компаниудын гадаадаас авсан өр байна.
Засгийн газар өөрийн өрөөс гадна бусад дотоодын аж ахуйн нэгжийн гадаад өрийг дахин амжилттай, хямд хүүтэй дахин санхүүжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулах учиртай. Үүнд засаглалыг бэхжүүлэх, макро эдийн засгийн эрүүл бодлого хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг тууштай даллан дуудах, том төслүүдийг зоригтой хэрэгжүүлэх, гадаад худалдааг, тэр дундаа экспортыг хөнгөвчлөх, доноруудтай хамтын ажиллагааг бэхжүүлж, өргөжүүлэх, бүтцийн бодлого, реформыг салбар бүрт зөв эрэмбэтэй хийх зэрэг өргөн хүрээнд засгийн газраас хамаарах ажил олон. Энэ бүгд Монгол Улсын зээлжих зэрэглэл, ирээдүйн төлөвт итгэх донорууд, хөрөнгө оруулагчдын итгэлд нөлөөлөх замаар гадаад өрийн хугацааг амжилттай сунгах, хүүг бага байлгахад нөлөөлнө гэсэн байсныг сануулъя.
Сэтгэгдэл ( 0 )